Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2023/00368

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, ажилчны гудамж ******* *******д байрлах ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, үйлдвэрчний эвлэл 4, ******* ХХК-ийн байр 6 давхар 602 тоотод оршин байрлах, ******* ******* ******* ХХК-д холбогдох

 

Зээлээр худалдах, худалдан гэрээний үүрэгт 210,027,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нарандэлгэр нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ******* ******* ******* ХХК-тай 01/ХХАГ2-350 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан нийт 210,027,300 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Манай компани нь худалдан авагчийн өмчлөлд техникийн үзүүлэлтийг бүрэн хангах, чанарын баталгаатай бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлж худалдан авагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. ******* ******* ******* ХХК нь авсан бараа бүтээгдэхүүний үнийн дүнд барьцаа болгон 1672 УБ САТ924Н маркийн авто ачигчийг ******* ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгч ******* ******* ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд нийт 210,027,300 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг тус компанид хүлээлгэн өгсөн билээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцөлийн 2.2.2-т ******* ******* ******* ХХК нь гэрээний дагуу нийлүүлэгдэх барааны төлбөрийг бараа бүтээгдэхүүнийг хүлээн авснаас 21 хоногийн хугацаанд төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон байна. Гэвч ******* ******* ******* ХХК нь гэрээний дагуу худалдан авсан барааны төлбөрийг огт төлөхгүй байгаа бөгөөд цаашид төлөх эсэх нь тодорхойгүй байна. Иймд зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 210,027,300 төгрөгийг гаргуулж ******* ******* ******* ХХК-д гаргуулж өгнө үү.

Бид хариуцагч талд эвлэрэн хэлэлцэх саналыг удаа дараа тавьж, уулзалт товлож, утсаар хэд хэдэн удаа холбогдсон боловч хариу өгөөгүй. Хариуцагч тал барьцаанд байгаа 2 техник хэрэгсэлийг үнийн дүнд дүйцүүлэн суутгуулах хүсэлтийг тавьсан нь манай нэхэмжлэлийн үнийн дүнд хүрэхгүй байгаа. Харин бид уг техникийг шалгаж үзээд боломжтой бол тодорхой үнийн дүнд нь төлбөрөөс хасч тооцох байдлаар эвлэрэх гэж ярилцсан боловч хариуцагч тал манайд хариугаа өгөөгүй. Манайхаас инженерүүдээ явуулаад техникийг асааж үзээд хариуцагчтай ярилцаж тохиолцож эвийн журмаар шийдвэрлэх боломжийг хайсан боловч хариуцагч тал техникээ бидэнд асааж үзүүлэх болон уулзаж ярилцах боломж олгохгүй байсаар өдийг хүрсэн. Бид өнөөдрийг хүртэл хугацаа олгосон.

Анх гэрээ хийхдээ нийт 150,0 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр 2 тал харилцан тохиролцсон боловч 2 талын удирдлагууд ярилцаад хариуцагчийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай бараа материалыг тэдний хүсэлтийн дагуу манайхаас нийтдээ олон удаагийн давтамжтайгаар тасралтгүй нийлүүлж байсан. Ингээд ******* ******* ******* ХХК-иас барьцаа өгч хүсэлт гаргасны үндсэн дээр гэрээний нийт дүнгээс давсан хэмжээний буюу 210,027,300 төгрөгийн тос тосолгоо, тос масло, авто дугуй гэх мэт бараа материалыг нийлүүлсэн байгаа. Нийт нийлүүлсэн хүлээн авсан бараа бүтээгдэхүүний тоо ширхэг үнэ дээр маргах зүйлгүй, талуудын нягтлан бодогч нар хамтдаа анхан шатны баримтыг тулгаж тооцоо нийлж үзээд тооцооны үлдэгдэлийн баталгаа гаргасан. Манайхаас нийт нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэхэмжилсэн байгаа, ямар нэгэн хүү, алданги тооцож нэхэмжилсэн зүйл байхгүй.

 

2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оныы 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл бараа бүтээгдэхүүн зээлээр авсан. ******* ******* ******* ХХК нь уул уурхайн чиглэлээр техник тоног төхөөрөмжийг уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад түрээсээр ашиглуулдаг юм шиг байсан. Цанхын уурхайд тоног төхөөрөмжөө ажиллуулж байгаа, тухайн уурхайтай байгуулсан гэрээний дагуу тасралтгүй үйл ажиллагаагаа явуулахад хэрэгцээтэй тос тосолгооны материал, дугуй сэлбэг хэрэгсэлээ авч байсан. Захирал, хуулийн зөвлөх гээд *******- гэж хүнтэй манай байгууллагын дарга удирдлага харьцаж байсан. Тэгээд мөнгөө өгөхийг манайхаас удаа дараа сануулж уулзаж шаардаж байсан. Манай зөвлөх менежер Батбаяр гээд хүн байнга хөөцөлдөж байсан. Анх гэрээ байгуулахдаа уг гэрээний дүнгээр хязгаарлахгүйгээр бараа материалыг урт хугацаатайгаар авна гээд цаашид тасралтгүй үргэжилэх тохиролцоотой байсан ч төлбөрөө төлөхгүй байсан учир энэ хүрээд зогссон. Тэгээд ч уурхайн ажил зогссон учир дахиж бараа өгч аваагүй байгаа. Нийт нэхэмжилсэн төлбөрөө гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай ******* ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-иас авсан бараа бүтээгдэхүүний үнийн дүнд 16-72 УБ САТ 924H загварын авто ачигч болон - загварын өөрөө буулгагчийг ******* ******* ХХК компанийн нэр дээр шилжүүлэн бараа бүтээгдэхүүн хүлээн авсан. Үүргийн гүйцэтгэлийн хүрээнд барьцаалбарт байгаа эд хөрөнгийг нийт үнийн дүнд дүйцүүлэн өгөх хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчээс ******* ******* ХХК-ийн 000180800 дугаартай гэрчилгээний хуулбар, ******* ******* ХХК, ******* ******* ******* ХХК-иудын хооронд байгуулагдсан 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2-350 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээний тусгай нөхцөл, түүний хавсралт, тооцооны үлдэгдэлийн баталгаа зэрэг бичгийн баримтаар гаргасан байна.

Хариуцагчаас ******* ******* ******* ХХК-ийн 00241334 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн дүрэм зэрэг баримтыг гаргасан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан гэрээний үүрэгт 210,027,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Талуудын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд тос тосолгооны материал /KIXX/, аккумулятор /AKUMA/, дугуй /ROADSTONE/, наклад /HI-Q/, авто хими /ABRO/, сэлбэг зэрэг бүтээгдэхүүнийг нийт 150,000,000 төгрөгийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр худалдах худалдан авахаар харилцан тохиролцсон байна.

Талууд зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулан талаас харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд гэрээ байгуулагдсан эсэх талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзлээ.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан байна.

Талууд энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээ үүргийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

Түүнчлэн хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн хүсэлтээр нэхэмжлэгч ******* ******* ХХК нь дээрх гэрээний дүн болох 150,000,000 төгрөгөөс давсан үнийн дүнгээс илүү буюу 210,027,300 төгрөгтэй тэнцэх хэмжээний бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд харилцан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд өгч авсан бараа бүтээгдэхүүний тоо ширхэг, үнийн дүнг хоёр талд хөтлөгдөж байгаа нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж 210,027,300 төгрөгийн төлбөртэй байгаа болохыг баталгаажуулан 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тооцооны үлдэгдэлийн баталгаа баримтыг үйлдэж талуудын нягтлан бодогч нар тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Хариуцагч нэхэмжлэлээр шаардаж буй төлбөрийн хэмжээний талаар маргадаггүй бөгөөд харин уг үнийн дүнд 16-72 УБ САТ 924загварын авто ачигч болон - загварын өөрөө буулгагчийг барьцаалсан тул уг хөрөнгийг нийт дүнд дүйцүүлэн өгөх хүсэлтийг гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч уг техник тоног төхөөрөмж нь төлбөрийн хэмжээнд хүрэхгүй, харин тодорхой үнийн дүнгээр хасч тооцох боломжтой гэсэн тайлбарыг гаргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд барьцааны гэрээ бичгээр байгуулагдаагүй, энэ талаар талууд хэн аль нь бичгийн баримт гарган ирүүлээгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд ...16-72 УБ САТ 924загварын авто ачигч болон - загварын өөрөө буулгагч 2 техник тоног төхөөрөмжийг асааж хэвийн ажиллагаатай байгаа тохиолдолд нэхэмжлэлийн тодорхой дүнд харилцан тооцож өгч авахаар ярилцаж байгаа... гэх тайлбарыг гарган эвлэрэн хэлэлцэн хүсэлтээ байгаагаа удаа дараалан илэрхийлэн шүүх хуралдааныг тэдний хүсэлтийг үндэслэн хойшлуулсан боловч энэ хугацаанд хариуцагч талаас ямар нэгэн арга хэмжээ аваагүйгээс нэхэмжлэгч тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг үзэж үнэлэх боломж олгоогүй гэсэн үндэслэл зааж эвлэрэн хэлэлцэхээс татгалзсан тайлбарыг гаргасан.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийн тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан байна.

Иймд хариуцагч тал гэрээний дагуу зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэгтэй тул дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 210,027,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирж тайлбар өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бичгийн бусад баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,208,090 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 1,208,090 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК олгож шийдвэрлэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 210,027,300 /хоёр зуун арван сая, хорин долоон мянга, гурван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,208,090 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 1,208,090 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.НЯМСҮРЭН