Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00808

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2023          04           17                                         210/МА2023/00808

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 184/ШШ2023/00368 дугаар шийдвэртэй

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Г” ХХК-д холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210,027,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. “А” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Г” ХХК-тай 01/ХХАГ2-350 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр 210,027,300 төгрөгийн техникийн үзүүлэлтийг бүрэн хангах, чанарын баталгаатай бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

1.2. “Г” ХХК нь авсан бараа бүтээгдэхүүний үнийн дүнд барьцаа болгон 1672 УБ САТ924Н маркийн авто ачигчийг “А” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн.

1.3.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцөлийн 2.2.2-т “Г” ХХК нь гэрээний дагуу нийлүүлэгдэх барааны төлбөрийг бараа бүтээгдэхүүнийг хүлээн авснаас 21 хоногийн хугацаанд төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч “Г” ХХК нь гэрээний дагуу худалдан авсан барааны төлбөрийг огт төлөхгүй байх тул гэрээний төлбөрт 210,027,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “А” ХХК-аас авсан бараа бүтээгдэхүүний үнийн дүнд 16-72 УБ САТ 924H загварын авто ачигч болон 93-86 УБЧ загварын өөрөө буулгагчийг тус компанийн нэр дээр шилжүүлсэн. Үүргийн гүйцэтгэлийн хүрээнд барьцаалбарт байгаа эд хөрөнгийг нийт үнийн дүнд дүйцүүлэн өгөх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Г” ХХК-иас 210,027,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,208,090 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ”Г” ХХК-иас 1,208,090 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ”А” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Гэтэл 2021 оны 09 сарын 15-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор авто ачигч болон өөрөө буулгагчийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн. Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээ нь барьцааны зүйлтэй тухайд маргаагүй тул барьцааны гэрээний харилцаа үүссэн эсэх, гэрээ хуульд заасан шаардлагад нийцсэн эсэх, барьцааны зүйлийг шүүхийн шийдвэр гарснаар хэрхэх талаар дүгнэлт өгөөгүй нь хуульд нийцээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй.

4.2. Хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, хэргийн материалтай танилцах зэрэг боломж олгохгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн. Шүүх хариуцагчийн хариу тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлэх, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхийг хангаж, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

5.1. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг гардуулснаас хойш удаа дараа хариуцагч талд хугацаа олгосон. Хариуцагч 2 удаа өмгөөлөгч авахаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Мөн талуудад хугацаа олгож, хангалттай эвлэрэн хэлэлцэхээр ярилцсан. Барьцааны зүйлийн талаар дүгнэлт хийгээгүй гэж гомдолд дурдсан. Нэхэмжлэгч тал анхнаасаа барьцаа хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн шаардлага гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлага бараа бүтээгдэхүүний үнэ болох 210,027,300 төгрөгийг гаргуулах юм. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 210,027,300 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн авто ачигч болон өөрөө буулгагчийг гэрээний үнийн дүнд дүйцүүлж өгөхөөр маргасан байна.

3. Талууд 2021 оны 9 сарын 15-ны өдөр “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” гэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч “А” ХХК нь тос тосолгооны материал /KIXX/, аккумулятор /AKUMA/, дугуй /ROADSTONE/, наклад /HI-Q/, авто хими /ABRO/, сэлбэг зэрэг бүтээгдэхүүнийг нийт 150,000,000 төгрөгөөс хэтрэхгүй үнээр нийлүүлэх, худалдан авагч “Г” ХХК нь барааны төлбөрийг бараа бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш 21 хоногийн хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хх 7-9/

 

4. Анхан шатны шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь буруу. Талууд гэрээгээр хүү тохиролцоогүй тул зээлээр худалдах, худалдан авах гэрээнд хамаарахгүй, харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр, худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй .

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2021 оны 09 сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 сарын 06-ны өдрийн хооронд бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгснөөр гэрээний үүргээ биелүүлсэн энэ талаар хариуцагч маргахгүй байна.

 

5.1. Харин хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй буруутай.

 

6. Зохигчид 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тооцоо нийлж 210,027,300 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үлдэгдэлтэй гэсэн тооцооны үлдэгдлийн баталгааны баримт үйлдэж, уг баримтад нэхэмжлэгч “А” ХХК-ийн нягтлан бодогч Б.Батбаяр, хариуцагч “Г” ХХК-ийн нягтлан бодогч Б.Насанжаргал нар гарын үсэг зурж баталгаажуулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд марагаангүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь бараа бүтээгдэхүүний үнэ 210,027,300 төгрөгийг гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч “А” ХХК-д хариуцагч “Г” ХХК-аас 210,027,300 төгрөгийг гаргуулан олгож шийдвэрлэсэн нь зөв боловч мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримталсныг хассан өөрчлөлт оруулна.

 

7. Хариуцагчийн гаргасан “барьцаа болох авто ачигч болон өөрөө буулгагчийг барьцаалсан хэлцэлд шүүх дүгнэлт хийгээгүй” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7.1. Бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотойгоор Beiben North Benz6 ND3253-B38 маркийн 93-86 УБЧ улсын дугаартай, өөрөө буулгагч болон САТ.924h маркийн 16-72 улсын дугаартай, авто ачигч техник тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэр дээр хариуцагч “Г” ХХК нь 2021 оны 10 сарын 05-ны шилжүүлсэн.

 

7.2. Хариуцагч нь дээрх 2 техник тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэнтэй холбоотойгоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, түүнчлэн татгалзал, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно. Иймд шүүхийг барьцааны зүйлийн талаар дүгнэлт хийгээгүйг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8. Хариуцагчийн “өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах боломж олгоогүй” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8.1. Учир нь 2022 оны 12 сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч “эвлэрэн хэлэлцэх” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 01 сарын 04-ний өдрийн 13 цаг 40 минут хүртэл, мөн 2023 оны 01 сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч “өмгөөлөгч авах” хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 13 цаг 40 минут хүртэл хугацаагаар тус тус хойшлуулсан. Өөрөөр хэлбэл шүүх хариуцагчийн хариу тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлэх, бусдаас хууль зүйн туслалцаа авах, хэргийн материалтай танилцах эрхийг хангалттай хугацаагаар олгосон байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 184/ШШ2023/00368 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...262 дугаар зүйлийн 262.1” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Г” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 3 сарын 27-ны өдөр төлсөн 1,208,086 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

                 

 

 

 

               

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЭНЭБИШ

 

                                        ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ