Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2023/00434

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ******* байр ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 34 дүгээр хороо, Баянголын ам ******* дугаар хэсэг гудамж *******30 тоотод оршин суух, ******* овогт *******н /РД:/-т холбогдох

27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нарандэлгэр нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.******* би З.тай 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй амины орон сууц Найрамдал 2 хотхоны В-14 тоот 2 өрөө орон сууцыг 80,000,000 төгрөгөөр захиалж, урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн. З. нь Найрамдал 2 хотхоны гүйцэтгэгч компанийн захирал байсан бөгөөд надтай байгуулсан гэрээг хуулийн этгээдийнхээ нэрээр биш, өөрийнхөө нэрээр байгуулсан. Тус захиалсан орон сууцыг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулахаар гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт тохиролцсон боловч хугацаандаа ашиглалтанд ороогүй. Тиймээс би орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөгөө буцаан авах санал гаргасан. З. гуай саналыг хүлээн зөвшөөрч 20,000,000 төгрөгийг буцаан өгөхөө илэрхийлсэн. Миний захиалсан дээрх орон сууцыг ашиглалтанд орсоны дараа өөрийн багын найз М.т шилжүүлж өгсөн байсан. Ингээд З., М. бид 3 харилцан тохиролцож З.ийн надад буцаан төлөх 20,000,000 төгрөгийг М. хариуцан төлөхөөр болсон. М. нь 20,000,000 төгрөгийг төлөхгүй удсан бөгөөд би мөнгөө нэхэж, мөн гурван талын тохиролцоогоо бичгийн хэлбэрээр үйлдэж, нотариатчаар батлуулах санал гаргахад М. Нотариатч дээр очоод зээлийн гэрээ байгуульчихья, мөнгийг чинь 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дотор төлж барагдуулна, хугацаандаа төлөхгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлнө гээд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Ийнхүү М. нь З.т төлөх үүргийн гүйцэтгэлийн оронд З.ийн надад төлөх 20,000,000 төгрөгийг төлөхөөр миний өмнө үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү үүргийн харилцааг бид харилцан тохиролцож хүүгүй зээлийн гэрээний харилцаа болгон өөрчилсөн. Үүнээс хойш М. нь 2,000,000 төгрөг төлсөн бөгөөд 18,000,000 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд М.ээс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэл 18,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг нийт 27,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З. шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2014 онд Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт 63 айлын амины орон сууц болох Найрамдал 2 хотхоныг барьж эхэлсэн. 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн В1108/2014/ тоот амины орон сууц захиалан бариулах гэрээг ******* овогтой *******тай байгуулсан. Уг гэрээгээр В-14 тоот 2 өрөө амины орон сууцыг 80,000,000 төгрөгөөр худалдаж, 2015 оны 1 дүгээр улиралд барьж дуусгахаар гэрээ хийгдэж урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг авсан. 2015 онд С.******* нь гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөр болох 20,000,000 төгрөгийг буцаан авах саналыг гаргасан. Гэрээний 4.4-т захиалагч тал өөрийн захиалсан амины орон сууцнаасаа өөрийн саналаар татгалзах тохиолдолд захиалагч талын урьдчилгаа болон графикийн дагуу төлсөн төлбөрийг тухайн амины орон сууц зарагдсаны дараа төлбөрийг буцаан олгоно гэж заасан ба С.*******гийн урьдчилгаа мөнгийг байшин зарагдтал хүлээлгэж байсан. 2015 онд уг амины орон сууцыг М.т худалдан борлуулсан. Ингээд миний бие болон С.*******, М. бид гурав харилцан тохиролцож С.*******д буцаан олгох 20,000,000 төгрөгийг М. нь хариуцан төлөхөөр болсон. Тухайн үед байшин сантехник цахилгаан пасад, дээвэр хийгдсэн дотор засал нь 60 хувьтай гражийн ажил дутуу байсныг өөрөө хийж орохоор тохирч С.*******гийн төлбөрийг төлж хийгдсэн ажлынхаа зөрүүг тооцож үлдэгдэл мөнгөө өгөхөөр тохирсоны дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулж авч байсан. Миний хувьд М.т боломжоороо үлдэгдэл төлбөрөө төлөөрэй гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа. Иргэний хуулийн 124 зүйлийн 124.1-т зааснаар өөрийн төлөх өрийг М.т шилжүүлсэн. Хэдийгээр Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасан хэлбэрээр шилжүүлээгүй боловч С.*******, М. бид нар харилцан тохиролцсоныг 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 0054 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээ нь харуулж байна гэв.

 

Нэхэмжлэгчээс З., С.******* нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн В1108/2014/ дугаартай Амины орон сууц захиалан бариулах гэрээ, С.*******, М. нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримтууд, ХААН банк ХХК дахь С.*******гийн 5009026659 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн баримтаар гаргасан байна.

 

Шүүхийн журмаар Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс М.ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийн лавлагаа зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч М.т холбогдуулан 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хариуцагч М.ээс 27,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох З. тэдгээрийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч С.******* нь энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа З.тай 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Амины орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж, Сонгинохайрхан дүүрэг ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй амины орон сууц Найрамдал 2 хотхоны В-14 тоот 2 өрөө орон сууцыг 80,000,000 төгрөгөөр захиалж, урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн, уг захиалсан орон сууцыг 2015 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд оруулан хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ. №В1108/2014/ тоот гэрээгээр тохиролцсон хугацаандаа ашиглалтад оруулж хүлээлгэн өгөөгүй тул захиалагч буюу С.******* гэрээнээс татгалзаж урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөгөө буцаан авахаар санал гаргасныг гүйцэтгэгч буюу З. хүлээн зөвшөөрсөн байна.

Захиалагч тал гэрээнээс татгалзсан үндэслэлээр 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №В1108/2014/ тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т тохиролцсон байдлаар урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөгийн төлбөрийг тухайн амины орон сууц зарагдсаны дараа буцаан өгөхөөр харилцан тохиролцож зөвшөөрсөн байна.

Улмаар хариуцагч М. Сонгинохайрхан дүүрэг ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй амины орон сууц Найрамдал 2 хотхоны В-14 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авахаар З.тай тохиролцон гэрээ байгуулж үлдэх төлбөрийг бүрэн төлж дуусган өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан гэх тайлбарыг З. гаргадаг. Энэ талаар гаргасан түүний тайлбар Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэсээс ирүүлсэн М. /рд:/ нь Ү-*******0105400 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо, Баянголын ам ******* дугаар хэсэг гудамж, *******30 тоот хувийн сууц бүртгэлтэй байна гэсэн 20******* оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1894 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Хариуцагч М. нь З.т хувийн орон сууцны төлбөрөөс нэхэмжлэгч С.*******гийн өмнөх гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгийг С.*******д төлөх үүргийг шилжүүлэн авч өөрийн төлбөрөөс хасч тооцуулахаар тохиролцсон байна. Талууд 20,000,000 төгрөгийг төлөх баталгаа болгож, харилцан тохиролцож төлбөрийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төлж барагдуулах, заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги тооцохоор 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ-г гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн байна.

Талууд дээрх гэрээг Зээлийн гэрээ гэж нэрлэсэн боловч хэн аль нь уг гэрээгээр бодитоор мөнгө шилжлүүлэн өгч аваагүй, уг гэрээгээр өмнөх 20,000,000 төгрөгийг төлөх үүргийг М. хүлээж, З.ийн өрийг шилжүүлэн авсан байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.******* нь өөрийн байрны урьдчилгаа төлбөрт төлсөн урьдчилан төлсөн 20,000,000 төгрөгөөр хариуцагч М.ийн З.тай байгуулсан гэрээний үүргийг хариуцагчийн өмнөөс нь төлсөн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан бөгөөд зохигчид цаашид уг төлбөрийг хэрхэн төлж барагдуулах талаар харилцан тохиролцож бичгээр хэлцэл байгуулсан байна.

 

Хариуцагч М.ээс нэхэмжлэгч С.*******гийн ХААН банк дахь 5009026659 тоот дансанд 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийг зээл төлөв гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн ирүүлсэн ХААН банкны хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ, 124 дүгээр зүйлийн 124.1-д Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч, үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж тус тус хуульчилжээ.  

Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь өр шилжих тухай хуулийн дээрх зохицуулалттай хэлбэрийн хувьд нийцэхгүй байгаа ч талууд хэн аль нь өр, төлбөрийг шилжүүлэн авсан болохоо хүлээн зөвшөөрч уг гэрээг бичгийн хэлбэрээр байгуулсан байна.

Дээрх баримт болон талуудын тайлбараар хариуцагч М. 20,000,000 төгрөгийг төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон нь тогтоогдож байх бөгөөд талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан гэрээний гол нөхцлийн талаар тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл хүчин төгөлдөр, уг хэлцлийн дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч М. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирж тайлбар өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргасан тайлбар болон бичгийн бусад баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч М. нь 20,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээснээс 2,000,000 төгрөгийг төлж үлдэх 18,000,000 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч уг дүнгээс 0,5 хувиар тооцон алданги тооцохоор гэрээгээр тохиролцсоны дагуу 9,000,000 төгрөгийг тооцон нэхэмжилсэн Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.4-д анз буюу алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хэтэрч болохгүй гэж заасныг зөрчөөгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардагыг бүхэлд нь хангаж, хариуцагч М.ээс 27,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 293,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 496 дугаар зүйлийн 496.1, 2******* дугаар зүйлийн 2*******.4-т заасныг баримтлан хариуцагч М.ээс 27,000,000 /хорин долоон сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 293,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧШҮҮГЧ                              Ч.НЯМСҮРЭН