Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01002

 

 

 

Ц.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2023/00434 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Э-гийн хариуцагч Т.У-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Ц.Э- З.Батхуягтай 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй амины орон сууц Найрамдал 2 хотхоны В-14 тоот 2 өрөө орон сууцыг 80,000,000 төгрөгөөр захиалж, урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг төлсөн. Ц.Э- дээрх гэрээнээс татгалзаж амины орон сууцны төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгийг буцаан авах саналыг З.Батхуягт гаргасныг тэрээр зөвшөөрсөн. Ц.Э-гийн захиалсан амины орон сууцыг ашиглалтад орсны дараа Т.У-т шилжүүлж өгсөн. З.Батхуяг, Т.У-, Ц.Э- нар харилцан тохиролцож З.Батхуягийн Ц.Э-д төлөх 20,000,000 төгрөгийг Т.У- төлөхөөр гэрээ байгуулсан. Т.У- дээрх төлбөрийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дотор төлж барагдуулна, хугацаандаа төлөхгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Т.У- гэрээ байгуулснаас хойш 2,000,000 төгрөг төлсөн. Иймд Т.У-ээс зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 18,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

З.Батхуяг Ц.Э-тай 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн В1108/2014/ дугаар амины орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Ц.Э- урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг төлсөн. Ц.Э- гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөр болох 20,000,000 төгрөгийг буцаан авах саналыг гаргасан. Гэрээний 4.4-т Захиалагч тал өөрийн захиалсан амины орон сууцнаасаа өөрийн саналаар татгалзах тохиолдолд захиалагч талын урьдчилгаа болон графикийн дагуу төлсөн төлбөрийг тухайн амины орон сууц зарагдсаны дараа төлбөрийг буцаан олгоно гэж заасан. Т.У-т амины орон сууцыг худалдаж Ц.Э-гийн төлсөн 20,000,000 төгрөгийг тэрээр төлөхөөр тохиролцсон. Амины орон сууцыг 60 хувийн гүйцэтгэлтэй, гараашийн ажил дутуугаар Т.У- хүлээн авсан гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

4.1. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 496 дугаар зүйлийн 496.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Т.У-ээс 27,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э-д олгож,

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 293,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гаргасан гомдлын агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж шүүх дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Ц.Э- болон Т.У- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул шүүх уг гэрээг байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр бус зээлийн гэрээг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн атлаа мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг баримталж хууль буруу тайлбарлан хэрэглэсэн.

Мөн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн. Ц.Э- болон Т.У- нарын хооронд хуульд нийцсэн гэрээ байгуулагдаагүй тул алданги шаардах эрхгүй. Гэтэл шүүх бичгээр гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээ бодитоор байгуулагдсан нь нотлогдоогүй. Мөнгөн хөрөнгө авсан, өгсөн харилцаа үүсээгүй тул хүчин төгөлдөр бус гэрээнд үндэслэн алданги гаргуулсан нь үндэслэлгүй. Мөн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь нэг талыг баримталсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

Талуудын хоорондын үүссэн маргааныг зээлийн гэрээ гэж буруу дүгнэсэн гэх гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх хариуцагч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол алданги төлөхөөр тохиролцсон гэж дүгнэсэн. Хариуцагч үндсэн төлбөр 20,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг төлж, 18,000,000 төгрөгийг төлөөгүй. 18,000,000 төгрөгөөс 0,5 хувиар алданги тооцсон. Иймд хариуцагчийн гомдол үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч Ц.Э- нь хариуцагч Т.У-т холбогдуулан 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүхээс хариуцагч Т.У-т нэхэмжлэлийг гардуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, улмаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлт гаргасныг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд Ц.Э-, З.Батхуягтай 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй амины орон сууц Найрамдал 2 хотхоны В-14 тоот 2 өрөө амины орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн, Ц.Э- гэрээнээс татгалзаж урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөгөө буцаан авахаар санал гаргасныг гүйцэтгэгч буюу З.Батхуяг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч Т.У- уг амины орон сууцыг З.Батхуягтай тохиролцон худалдан авах гэрээ байгуулж үлдэх төлбөрийг бүрэн төлж дуусган өөрийн өмчлөлд шилжүүлэн авч өмчлөгчөөр улсын бүртгэл бүртгэгдсэн үйл баримтыг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоосон.

Хариуцагч эсэргүүцсэн тайлбар гаргаагүй тул Ц.Э-, З.Батхуягт урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг төлсөн нь тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.

 

2. Ц.Э-, З.Батхуяг нарын байгуулсан гэрээний 4.4-т захиалагч татгалзсан тохиолдолд тохиролцсон байдлаар урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөгийн төлбөрийг тухайн амины орон сууц зарагдсаны дараа буцаан өгөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч Ц.Э-гийн урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгийг түүнд буцаан төлөх гуравдагч этгээд З.Батхуягийн үүргийг хариуцагч Т.У- нь өөртөө шилжүүлэн авч өөрийн орон сууцны төлбөрөөс хасаж тооцуулахаар тохиролцсон болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар, зохигчдын хооронд хийгдсэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Үүрэг гүйцэтгэгчийн өрийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болохыг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан бөгөөд мөн хуулийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцож болохыг хуулиар зөвшөөрсөн байна.

 

Ийм учраас зохигчид гуравдагч этгээд З.Батхуягийн нэхэмжлэгч Ц.Э-гийн өмнө хүлээсэн 20,000,000 төгрөгийг төлөх үүргийг Т.У-т шилжүүлж, уг үүргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүргээр сольсон нь хуулиар зөвшөөрөгдсөн хэлцэл тул нэхэмжлэгч нь сүүлд байгуулагдсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Талууд дээрх зээлийн гэрээгээр харилцан тохиролцож 20 сая төгрөгийн төлбөрийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төлж барагдуулах, заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги тооцохоор 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн байна.

 

3. Анхан шатны шүүх талууд дээрх гэрээгээр 20,000,000 төгрөгийг төлөх үүргийг Т.У- хүлээж, З.Батхуягийн өрийг шилжүүлэн авсан гэж үйл баримтыг зөв дүгнэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь талуудын хоорондын маргаанд хамааралгүй бөгөөд зохигчдын хооронд гэрээний үүрэг үүссэн байхад гэрээний бус үүргийн харилцааны зохицуулалтыг шүүх хэрэглэсэн нь буруу болжээ.

 

4. Хариуцагч Т.У- нь 20,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг төлж, үлдэх 18,000,000 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч 9,000,000 төгрөгийн алданги тооцон нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4 дэх хэсэгт зааснаар үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Т.У-ээс 27,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээрх байдлаар талууд үүргийг сольсон гэж үзэх тул шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, алданги шаардах эрхгүй гэсэн хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2023/00434 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 124 дүгээр зүйлийн 124.1, 496 дугаар зүйлийн 496.1, гэснийг 281 дүгээр зүйлийн 281.1, гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 293,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ