Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2023/00767

 

                        

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, орбит *******-8 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 35 дугаар хороо, *******-******* тоотод оршин суух, ******* ******* овогт /РД:ЙС*******071201/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,478,5******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нарандэлгэр нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* миний бие 2012 оноос хойш Хархорин худалдааны төвийн комиссын бэлэн хувцасны тасагт худалдаа эрхэлдэг болсон ба таньж мэддэг хүмүүстээ мөнгөний шаардлага гарах үед нь өөрт нөөц байвал сараар нь бүхлээр авахаар тохиролцон зээл өгч тусалдаг юм. Ингэж олон жилийн өмнөөс 1 дор ажиллаж биенээ таньдаг болсон эгч 2021 оны 09 сарын 27-ны өдөр дансаар шилжүүлэн зээлж авсан бэлэн мөнгөний үлдэгдэл дээрээ дахин нэмээд мөнгө зээлүүлж туслаач гэж гуйсаар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,565,000 төгрөгийг нэмж аван нийт 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 10 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй төлөхөөр байгуулан хуулийн дагуу батлуулсан юм. Ийнхүү зээлийн гэрээ байгуулан зээлийн хүүгээ 3,4 сард төлсөн байсны дараа 5 сарын 13-ны өдөр зээл дээрээ нэмээд тооцчих эмчилгээний төлбөр дутаад байна гээд 700,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан юм. нь сар бүрд хүүгээ төлөхдөө өөрөө шилжүүлдэггүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнх нь тэтгэмжийн мөнгө ордог дансны картыг надад өгсөн ба нууц дугаарыг нь хэлж өгсөн учир би өөрөө сар бүрийн 15-20-ны хооронд нууц кодыг хийгээд авдаг байсан. Ингэж 6 сарын 20 хүртэл тасралтгүй хүүгийн төлбөрөө авч явсан ба 7 сар болон 9 сард эгч банкнаас нь очиж өөрийн биеэр авсан байсан учир би 7 болон 9 сард хүүний төлбөрөө авч чадаагүй юм. Ингээд өвөл болж эхлэхэд та үндсэн мөнгөнөөсөө хасуулахгүй юм уу гэхэд удахгүй Гутал засварын ажил орлого сайжрахаар өрөө төлж дуусгана гэж хэлж явсаар 12 сарын 28 болж гэрээний хугацаа дуусахад төлж дуусгахгүй бол гэрээгээ сунгалт хийе гэхэд чамд хангалттай хүү төлсөн одоо үндсэн зээлсэн мөнгөө боломжоороо хувааж төлнө гэж дургүйлхэж байх юм. Тэгвэл би мөнгө хавар 5 сард байшин барихад хэрэглэх юм тэр болтол алданги тооцохгүй 4,000,000 төгрөгийг хуваан төлнө гэдгээ шүүхээр батлуулан эвлэрлийн гэрээ байгуулаад батлуулчихья гэхэд чадахгүй чи тэр шүүхээрээ өөрөө яв гэж хариулж байх юм. Энэ хүн хэрэгцээтэй үедээ өөрөө хүсэлт гаргаж гуйсаар байгаад л өмнөх өр дээрээ нэмж зээлийн гэрээ байгуулсан. 5 дугаар сарын 13-нд яаралтай хэрэгтэй байна удахгүй төлнө гэж гуйсаар нэмж 700,000 төгрөгийг авсан. Өөрөө төлнө гэж хүсэлтээрээ хүүгээ хэлж зээлж авчихаад чи надаас өчнөөн хүү авсан гэж хүнийг адалж байгаа нь хүний ёсонд нийцэхгүй. Дээр нь үлдсэн төлбөрт чинь хүү тооцохоо больё ян тан төлнө гэж байгаагаа хуулийн байгууллагаар батлуулья гэж байхад үгүй гэж дургүйлхэж байгаа нь миний төлбөрийг хэзээ төлж барагдуулах нь тодорхой бус байгаа учир гэрээний хугацаа дуусах өдрийн хүртэлх төлбөр 4,478,5******* төгрөг шүүхийн хянан хэлэлцэх хугацаа үргэлжлэн шийдвэр гарч төлбөр төлөгдөх хугацааны алдангид 2,000,000 төгрөг гээд нийтдээ 6,478,5******* төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн 118,700 төгрөгийг гаргуулан мөнгийг минь төлүүлж өгнө үү.

Би Г.ээс зээлийн төлбөрийг түүний картаас аваад өөрийн *******06259418 ХААН банкны дансаар мөнгөө шилжүүлэн авдаг. Нэг ч удаа бэлэн мөнгө аваагүй, би зөвхөн энэ дансаараа л орлого авч байсан.

Би түүний төрийн банкны картыг огт аваагүй. Хэрэв авсан бол би өөрөө төрийн банкны данстай учир дараа нь баримт болох юм даа гээд өөрийн данс руу шилжүүлэг хийж авах байсан. Би авсан мөнгөө бичиж тэмдэглэсэн. 2021 оны 09 дүгээр сарын 27-нд нийт зээл чинь 2,000,000 төгрөг. Тэрнээсээ төлж хасаад үлдэгдэл 1,441,000 төгрөг болсон байсан. 1,565,000 төгрөг нэмж зээлээд нийт зээл нь 3,000,000 төгрөг болгосон байна. Би өгсөн мөнгийг нь хасаад үлдсэн мөнгөн дээр нь хүү тооцож байсан. Би зээл хүү, алдангиа санхүүгийн дэлгэрэнгүй тооцооллоор бодож, төлбөр төлөх хоног хэтэрсэн хоногоор алданги тооцсон.

Би 700,000 төгрөгийг хариуцагчийн төлсөн мөнгөнөөс нь хассан. Г. өөрөө л надад хэлэхдээ манай хүүхдийн халамжийн мөнгө наад дансанд чинь ордог. Чи наад данснаасаа мөнгөө авч байгаарай гээд картаа өгсний дагуу сар бүр мөнгөө авч байсан. Харин 7 сард өөрөө авчихсан байсан. Түүний дансны хуулгаар 5,3*******,000 төлсөн гээд байгаа нь биднийг гэрээ байгуулахаас өмнөх хугацаанд өгч авч байсан мөнгөө оруулан тооцсон байна.

Миний хувьд төлбөрөө төлөх хугацаа сунгана гэвэл 4,000,000 төгрөг, 3 сардаа багтаан бэлнээр төлнө гэвэл 3,000,000 төгрөгт эвлэрэх саналыг хариуцагчид тавьсан. Энэ санал хэвээрэй байгаа гэв.

 

Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г. миний бие 2020 оноос гэнэт бие маань хүндээр өвдөж хөлний хорт хавдар туссан юм. Би эмчилгээ хийлгээд явж байхдаа Б.*******тай таарсан юм. Тэр бүсгүй надад сүлжээний Маямагс, Гэрийнмакс гэдэг 2 бүтээгдэхүүн авч уувал сайн, таны үхсэн эд эсийг сэргээдэг химийн хор тайлдаг. Манай нагац ах уугаад маш сайхан болж байгаа гээд ярьж эхэлсэн. Би үнэхээр сайн юм бол эгч нь авч ууя гэж хэлэхэд 1 уут нь 165,000 төгрөг, 3 уут нь 1 курс гэж тайлбарлаж өгсөн. Надад тийм их мөнгө байхгүй, нөхөр маань ганцаараа ажилладаг. Эгч нь 25 настай хөгжлийн бэрхшээлтэй хэвтэрийн охинтой сургуулийн хоёр хүүхэдтэй гэсэн чинь эгчээ та надаас мөнгө зээлээд авчих, дүү нь тэр бэлдмэлийг өөрийнхөө нэр дээр захиалаад өгье, та надад өөрийн группийн мөнгө 288,000 төгрөг, нэмээд охиныхаа асаргааны 88,400 төгрөгийг нийлүүлээд надад өгөөд аваад байхад болно гэж хэлэхэд нээрээ сайн юм бол тэгье гээд өөрөөс нь эхний удаа буюу 2021 оны 09 дүгээр сарын 27-нд 1,565,000 төгрөг зээлж авсан. Тэр мөнгөндөө 10 уут өгсөн. Ингээд би сар болгон 470,000 төгрөг *******06259418 гэсэн Б.*******ын данс руу шилжүүлсэн. Хамгийн багадаа 380,000 төгрөгийг 2022 оны 12 сард хийсэн байна. Гэхдээ зарим гүйлгээг миний картаар өөрийн данс руу болон бэлнээр авч байсан. ******* нь надад нөгөө бүтээгдэхүүнээ авч өгөхийн тулд хэд хэдэн удаа нотариатаар орохдоо миний данс руу 1,565,000 төгрөг 1 удаа 09 дүгээр сарын 27-нд, 2021 оны 5 сарын 13-нд 700,000 төгрөг хийсэн. Эгчээ ингэж хийхгүй бол би танаас юу ч олж авч чадахгүй гэсэн. Тэгээд би танд тус болж ийм их бүтээгдэхүүн авч өгч байгаа юм чинь бэлэн мөнгөө 10 хувь тооцоё гэсэн юм. Тэгэхээр нь би чи миний түрүүний мөнгийг сар болгон авахдаа үндсэн мөнгөнөөсөө хасаад байгаарай гэж итгээд картаа нууц код хамт өгсөн үнэн. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 12-нд миний группийн хугацаа дуусаад мөнгө нь ороогүй. Гэтэл ******* над руу утсаар ярьсан би яасан өөдгүй юм бэ, мөнгөө өөрөө аваад цусалчихсан юм уу таны мөнгө хүү өсөөд 4 сая төгрөг болчихсон гэж надад хэлэхэд маш их гайхаад маргалдаж миний бие дахиад нэг булчирхай үсэрхийлчихсэн, эгч нь чамд тийм их мөнгө өгч чадахгүй гэсэн. Гэтэл та намайг луйвардаж байна, та удахгүй үхэх юм байна. Таныг ч би шүүхэд өгнө гэж сүрдүүлсэн. Тэгэхлээр нь би айгаад за Зулаа минь эгч нь чамд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 20 хүртэл ХААН банкны *******19948380 дансаар, Төрийн банкны 103*******0015574 дансаар 700,000 төгрөг, 380,000 төгрөг төлөөд байхад миний мөнгө дуусаагүй байна уу, тэгвэл би тэр 4,000,000 төгрөгийг чинь хүүгүй 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дуусгая гэж хэлэхэд тэгж ярихгүй 2023 оны 04 сар гэхэд дуусгасан бай та үхчихвэл би яахын гэсэн. Надад тийм их мөнгө байхгүй, чиний хэлсэн чиний нэхсэн хүү олдохгүй гэж нэхээд байгаа мөнгийг чинь 7 сард дуусгая гэхэд үгүй би тэр мөнгийг чинь тэтгэвэр, банкны зээл төлөхөд хэд дахин нугалдаг гээд бархираад байсан. Та бүхэн үнэн зөвийг олж шийдэж өгнө үү.

Миний нийт төлсөн мөнгөн дүн ХААН банкны дансаар 5,355,000 төгрөг, төрийн банкнаас 2,345,000 төгрөг, нийт 7,700,000 төгрөг төлсөн байтал надаас дахин 4,000,000 төгрөгийг нэхэж байгаад гомдолтой байна.

Би 2021 оны 09 дүгээр сарын 27-нд 1,600,0000 төгрөг авсан дараа 700,000 төгрөг авсан нь үнэн. Бас энэ мөнгөндөө тооцож сүлжээний бүтээгдэхүүн ав гээд өгч байсан. Би сар болгон хүүхдийн халамжийн мөнгө болон асаргааны мөнгө ордог ХААН болон төрийн банкны картыг өгч энэ картаас хүү тооцсон мөнгөө авч бай миний дүү гээд өгсөн. Тэгээд энэ хүн надаас 4,5 сая төгрөг нэхээд байна. Яагаад тэр мөнгө нь хасагддаггүй юм. Би энэ мөнгийг хангалттай төлсөн гэж бодож байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Надаас хүү, алданги төлсөн мөнгө бодохгүйгээр 4,000,000 төлж барагдуул гэсэн шаардлага тавьсан. Би 7 сар хүртэл боломжоороо төлье гэсэн. Тэгсэн үгүй хууль гарч байна та нар ийм зальтай гэсэн юм яриад уурлаад намайг баахан загнасан. Нэгэнт авсан юм чинь уг нь 2,000,000 төгрөгийг 6 сар хүртэлх хугацаанд төлж барагуулж болно гэж хэлсэн ч зөвшөөрөхгүй байгаа учир би төлмөөргүй байна. Би эхлээд нэг карт өгсөн байсан. Сүүлд ХААН болон төрийн банкны 2 карт болгож өгсөн. Энэ мөнгөнөөс үндсэн зээлсэн мөнгөө хасаад яваарай гэж хэлж байсан гэв.

 

Нэхэмжлэгчээс Б.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б.*******, Г. нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, ХААН банк ХХК дахь Б.*******ын *******06259418 дугаартай дансны шилжүүлгийн мэдээлэл, төлөх төлбөрийн тооцоолол гэх баримт зэрэг бичгийн баримтаар гаргасан байна.

 

Хариуцагчаас ХААН банк ХХК дахь Г.ийн *******19948380 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Төрийн банк ХХК дахь О., О. нарын эзэмшдэг 103*******0015594 дугаартай харилцах дансны харилцагчийн хуулга зэрэг баримтыг гаргасан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.Отгонзулд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,478,5******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

 

Зохигч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэх цуглуулах талаар хэн аль нь ямарваа нэгэн хүсэлт санал гаргаагүй тул шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтууд талуудын тайлбарыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.ээс 6,478,5******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа түүнтэй байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Зээлийн гэрээ-г үндэслэл болгожээ.

 

Талууд дээрх Зээлийн гэрээ-ээр 3,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцжээ. /хх-ийн 6-р хуудас/

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Талууд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг бичгээр байгуулан гэрээний гол нөхцөл болон зээлийн гэрээний зүйл, гэрээний хугацаа, хариу үүрэг болох хүүгийн хэмжээ, алдангийг харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлэн зээлийн гэрээнд Б.*******, Г. нар гарын үсэг зурж баталгаажуулан улмаар нотариатаар гэрчлүүлсэн нь Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаас хүчин төгөлдөр болж, эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

Талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.*******, Г. нар нь Хархорин зах худалдааны төвд хамт ажилладаг байсан ба тэдний хооронд өр төлбөрийг асуудал үүсч улмаар талууд харилцан тохиролцож 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан ба уг гэрээний дагуу мөн өдөр нэхэмжлэгчийн *******06259418 тоот данснаас О.Тогтох гэсэн эзэмшигчтэй ХААН банк дахь *******87452712 тоот данс руу 1,565,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, мөн түүнээс өмнө 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр мөн дээрх дансны хооронд 1,444,000 төгрөгийн шилжүүлэг, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 700,000 төгрөгийг шилжүүлэг хийгдсэн болох нь ХААН банкны шилжүүлийн мэдээлэл маягтаар /хх-ийн 7-9/ тогтоогдож байна. Хариуцагч Г.д дээрх мөнгийг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг бөгөөд талууд хэн аль нь дээрх 3,000,000 төгрөг дээр нэмж 700,000 төгрөгийг зээлсэн үйл баримтын талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

 

Зээлдүүлэгч Б.******* нь зээлийн гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн өгсөн, Г. мөнгийг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрч энэ талаар маргадаггүй тул зээлийн гэрээний үүргээ зээлдүүлэгч биелүүлсэн буюу зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан ба талуудын байгуулсан зээлийн гэрээ хуулийн шаардлагад нийцэж байх тул нэхэмжлэгч Б.******* нь гэрээгээр тохирсон хугацааны хүү шаардах эрхтэй байна.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дууссан байна. Нэхэмжлэгч Б.******* нь зээлдэгч Г.ээс гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 3,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,478,5******* төгрөг, алданги 2,000,000 төгрөгөөр тооцон нийт 6,478,5******* төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг сар бүрийн 28-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн тул хугацаандаа төлөөгүй хоног тутам төлөгдөөгүй үлдсэн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрөөс тооцон алданги нэхэмжлэх эрхтэй, мөн хариуцагчийн зээлийн төлбөрт төлсөн түүний ХААН банкны картаар өөрийн *******06259418 тоот данс руу шилжүүлэн авсан, өөр төлбөр төлөлт хийгдээгүй, Төрийн банкны картыг авч ашиглаагүй гэж, хариуцагч тал нэхэмжлэгч Б.*******д ХААН банк болон Төрийн банкны картыг өгч, уг 2 картыг ашиглан нийт 7,700,000 төгрөгийг төлж зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргадаг.

Хариуцагч Г.ийн ХААН банкны *******19948380 тоот дансы хуулгаар нэхэмжлэгч Б.*******ын *******06259418 тоот данс руу 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 12 удаагийн гүйлгээгээр 4,515,600 төгрөгийг шилжүүлэн өгсөн нь баримтаар тогтоогдож байна.

 

Харин хариуцагч Г. өөрийн Төрийн банк дахь 103*******0015594 тоот дансны хуулгыг гарган ирүүлж уг дансаар нэхэмжлэгчид нийт 2,345,000 төгрөгийг төлсөн учир хасч тооцуулна гэсэн тайлбарыг гаргадаг бөгөөд уг дансны хуулгаас үзвэл 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 8 удаагийн гүйлгээгээр Зарлага, ЙС*******071201 у-80914177 гэсэн гүйлгээний утгатайгаар бэлнээр гүйлгээ хийж зарлага гаргаж авсан байгаа нь тогтоогдож байгаа боловч уг төлбөрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, дансаар шилжүүлсэн гэж үзэх боломжгүй, зээлийн төлбөрт төлсөн нь баримтаар тогтоогдохгүй байна. Иймд энэ мөнгийг зээлийн төлбөрөөс хасч тооцох боломжгүй байна.

Мөн талууд хэн аль нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлэн авсан 700,000 төгрөгийг зээлийн гэрээнээс гадуур өгсөн, авсан талаар маргадаггүй бөгөөд дээрх төлбөрт төлсөн мөнгөнөөс хасч тооцсон гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул энэ талаарх үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.

 

Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу үндсэн төлбөр 3,000,000 төгрөгийг зээлийн гэрээний хугацааны буюу 10 сарын хугацаанд нийт 3,000,000 төгрөгийн хүү төлж, нийт гэрээний хугацаа дуусахад 6,000,000 төгрөгийг нэмж зээлсэн 700,000 төгрөгийн хамт нийт 6,700,000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн байна.

Хариуцагчийн гаргаж ирүүлсэн дансны хуулга болон талуудын тайлбараар хариуцагчаас нэхэмжлэгчид нийт 4,515,600 төгрөг төлөгдсөн гэж үзэн 6,700,000 төгрөгөөс хасч тооцоход хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 2,184,400 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн ******* хувиас хэтэрч болохгүй гэж, мөн зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол шүүх түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж тус тус заасан байна.

Талууд зээлийн гэрээний Гуравдугаар зүйлийн 3.7-д алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцохоор тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бодож шаардах эрхтэй.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусч нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гарах хүртэл хугацааны буюу 15 хоногоор тооцон гүйцэтгээгүй үүргийн дүн болох 2,184,400 төгрөгөөс 0,5 хувиар алданги тооцон нэхэмжлэх эрхтэй боловч хариуцагч зээлийн гэрээ дуусах хүртэл хугацаанд зээл, зээлийн хүүг тогтмол төлж байсан, зээлийн хүү зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон, хариуцагчийн эрүүл мэндийг байдал, зээлийн гэрээ байгуулах болсон нөхцөл шалтгаан зэрэг талаар талуудын гаргасан тайлбар, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангид нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийг алдангиас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Г.ээс 2,184,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 4,294,1******* төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан бол нэхэмжлэгч, хариуцагч нар тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.ээс 49,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.ээс 2,184,400 /хоёр сая нэг зуун наян дөрвөн мянга, дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, үлдэх 4,294,1******* /дөрвөн сая хоёр зуун ерэн дөрвөн мянга, нэг зуун тавь/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.ээс 49,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.НЯМСҮРЭН