Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00733

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00733

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2023/00767 дугаар шийдвэртэй,

*******ын нэхэмжлэлтэй, ************д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,478,550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч ************ нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: ******* нь 2012 оноос хойш Хархорин худалдааны төвийн комиссын бэлэн хувцасны тасагт худалдаа эрхэлдэг, таньж мэддэг хүмүүстээ мөнгөний шаардлага гарах үед нь өөрт нөөц байвал сараар нь бүхлээр авахаар тохиролцон зээл өгч тусалдаг юм.

************ 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дансаар шилжүүлэн зээлж авсан мөнгөний үлдэгдэл дээрээ дахин нэмээд мөнгө зээлүүлж туслаач гэж гуйсаар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,565,000 төгрөгийг нэмж аван нийт 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 10 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй төлөхөөр байгуулан хуулийн дагуу батлуулсан.

Хүүгээ 3,4 сард төлсөн байсны дараа 05 дугаар сарын 13-ны өдөр зээл дээрээ нэмээд тооцчих эмчилгээний төлбөр дутаад байна гээд 700,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан.************ нь сар бүрд хүүгээ төлөхдөө өөрөө шилжүүлдэггүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнх нь тэтгэмжийн мөнгө ордог дансны картыг надад өгсөн ба нууц дугаарыг нь хэлж өгсөн учир би өөрөө сар бүрийн 15-20-ны хооронд нууц кодыг хийгээд авдаг байсан. Ингэж 6 сарын 20 хүртэл тасралтгүй хүүгийн төлбөрөө авч явсан ба 7 сар болон 9 сард ************ банкнаас нь очиж өөрийн биеэр авсан байсан учир би 7 болон 9 сард хүүгийн төлбөрөө авч чадаагүй юм. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 28 болж гэрээний хугацаа дуусахад төлж дуусгахгүй бол гэрээгээ сунгалт хийе гэхэд чамд хангалттай хүү төлсөн одоо үндсэн зээлсэн мөнгөө боломжоороо хувааж төлнө гэсэн.

Гэрээний хугацаа дуусах хүртэлх төлбөр 4,478,550 төгрөг, алдангид 2,000,000 төгрөг, нийт 6,478,550 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн 118,700 төгрөгийг гаргуулан өгнө үү.

2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нийт зээл чинь 2,000,000 төгрөг. Тэрнээсээ төлж хасаад үлдэгдэл 1,441,000 төгрөг болсон байсан. 1,565,000 төгрөг нэмж зээлээд нийт зээл нь 3,000,000 төгрөг болгосон байна. Би өгсөн мөнгийг нь хасаад үлдсэн мөнгөн дээр нь хүү тооцож байсан. 700,000 төгрөгийг хариуцагчийн төлсөн мөнгөнөөс нь хассан гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2021 оны 09 дүгээр сарын 27-нд 1,565,000 төгрөг зээлж авсан. Тэр мөнгөндөө 10 уут өгсөн. Ингээд би сар болгон 470,000 төгрөг 5006259418 тоот *******ын дансанд шилжүүлсэн. Хамгийн багадаа 380,000 төгрөгийг 2022 оны 12 сард хийсэн.

******* нь бүтээгдэхүүнээ авч өгөхийн тулд хэд хэдэн удаа нотариатаар орохдоо миний данс руу 1,565,000 төгрөг 1 удаа, 09 дүгээр сарын 27-ны өдөр, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 700,000 төгрөг хийсэн.

2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ХААН банкны 5019948380 дансаар, Төрийн банкны 103500015574 дансаар 700,000 төгрөг, 380,000 төгрөг төлөөд байхад миний мөнгө дуусаагүй бол 4,000,000 төгрөгийг чинь хүүгүй 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дуусгая гэж хэлэхэд тэгж ярихгүй, 2023 оны 04 дүгээр сар гэхэд дуусгасан бай та үхчихвэл би яахын гэсэн. Миний нийт төлсөн мөнгөн дүн ХААН банкны дансаар 5,355,000 төгрөг, төрийн банкнаас 2,345,000 төгрөг, нийт 7,700,000 төгрөг төлсөн байтал надаас дахин 4,000,000 төгрөгийг нэхэж байгаад гомдолтой.

Би 2021 оны 09 дүгээр сарын 27-нд 1,600,000 төгрөг авсан дараа 700,000 төгрөг авсан нь үнэн. Бас энэ мөнгөндөө тооцож сүлжээний бүтээгдэхүүн ав гээд өгч байсан. Би сар болгон хүүхдийн халамжийн мөнгө болон асаргааны мөнгө ордог ХААН болон төрийн банкны картыг өгч энэ картаас хүү тооцсон мөнгөө авч бай гээд өгсөн. 4,5 сая төгрөг нэхээд байна. Яагаад тэр мөнгө нь хасагддаггүй юм гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг тус тус баримтлан хариуцагч ************ээс 2,184,400 /хоёр сая нэг зуун наян дөрвөн мянга, дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 4,294,150 /дөрвөн сая хоёр зуун ерэн дөрвөн мянга, нэг зуун тавь/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ************ээс 49,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ************ийн Хаан банкны данснаас *******ын 5006259418 тоот дансанд мөнгө шилжин орж байсан ба шилжүүлгийн он сарыг хянан үзэлгүй хуулбарлан өгсний дагуу 1 удаагийн гүйлгээний дүнг давтан тооцоолсон. Гэрээ хийснээс хойших дүнг 4,515,600 төгрөг гэж буруу тооцсон байх бөгөөд нийт 3,030,600 төгрөг болж байна. Нийт төлөгдсөн дүн 3,030,600 төгрөг гэж үзвэл 3,669,400 төгрөг гарч байна.

4.2. Алданги огт тооцохгүй гэж байгаа нь шударга бус байх бөгөөд шүүх хуралдаан 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр болж шийдвэрийг гардаж авах хүртэл 23 хоногийн хугацаа өнгөрсөн. 3,669,400 төгрөгийн дүн дээр хуулийн алданги тооцох дээд хэмжээ 50 хувь гэж үзэн 3,669,400*50%=1,834,700 төгрөгийн алданги, нийт 5,504,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан тооцоолол ямар ч зөрүүгүй. ******* нь 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг шилжүүлсэн байхад хасаж бодоогүй. Нийт 4,801,000 төгрөгийг *******д өгсөн бөгөөд дансны хуулгад ямар нэгэн он сарын зөрүү гарахгүй. Шүүхийн шийдвэрийг хэвээр өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 3,000,000 төгрөг, хүүд 1,478,550 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, нийт

6,475,550 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Талууд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан.

Дээрх гэрээгээр 3,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцжээ. /хх6/

 

2.б. Дээрх гэрээгээр нэхэмжлэгчийн 5006259418 тоот данснаас О.Тогтох гэсэн эзэмшигчтэй ХААН банк дахь 5087452712 тоот дансанд 1,565,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, мөн түүнээс өмнө 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 1,444,000 төгрөгийн шилжүүлэг, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 700,000 төгрөгийг шилжүүлэг хийгдсэн нь ХААН банкны шилжүүлгийн маягтаар /хх7-9/ тогтоогдсон.

Хариуцагч ************ дээрх мөнгөн хөрөнгийг хүлээн авсанд маргаагүй. Мөн дээрх 3,000,000 төгрөг дээр нэмж 700,000 төгрөгийг зээлсэн үйл баримтын талаар маргахгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах юм.

Дээрх бичгээр байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч хүү шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

2.в. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дууссан.

2.г. Хариуцагч ************ийн ХААН банкны 5019948380 тоот дансны хуулгаар нэхэмжлэгч *******ын 5006259418 тоот дансанд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 12 удаагийн гүйлгээгээр 4,515,600 төгрөгийг шилжүүлсэн баримт хэрэгт авагджээ.

 

3. Зохигч зээл, хүү, алданги төлөх эсэх, хэмжээний хувьд маргаантай байна.

Нэхэмжлэгч нь төлөгдөөгүй үлдсэн төлбөр болон хүүгээс тооцон алданги нэхэмжлэх эрхтэй гэж, хариуцагч бүрэн төлсөн гэж маргажээ.

Анхан шатны шүүхээс нотлох баримтыг зөв үнэлсэн.

Талууд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 700,000 төгрөгийг бичгийн гэрээгүйгээр шилжүүлсэн.

Мөн анхан шатны шүүхээс зээл 3,000,000 төгрөгийг зээлийн гэрээний хугацааны буюу 10 сарын хугацаанд нийт 3,000,000 төгрөгийн хүү төлж, гэрээний хугацаа дуусахад 6,000,000 төгрөг, нэмж зээлсэн 700,000 төгрөгийн хамтаар нийт 6,700,000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн гэж зөв дүгнэсэн. Хариуцагчийн гаргаж ирүүлсэн дансны хуулга болон талуудын тайлбараар хариуцагчаас нэхэмжлэгчид нийт 4,515,600 төгрөг төлөгдсөн гэж үзэн 6,700,000 төгрөгөөс хасч тооцоход хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 2,184,400 төгрөгийг төлөх үүрэгтэй талаар зөв дүгнэжээ.

 

4. Давж заалдах гомдлын талаар.

Нэхэмжлэгч нь төлбөрийг давхардуулан тооцсон, алданги гаргуулаагүй гэх үндэслэл заан гомдол гаргажээ.

4.а.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний гуравдугаар зүйлийн 3.7-д алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцохоор тохиролцсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан нь шүүхийн эрх хэмжээ юм.

Тус зохицуулалтаар алдангийг багасгах талаар зохицуулсан байх бөгөөд анхан шатны шүүхээс тус заалтыг үндэслэн алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буруу юм.

Иймд хариуцагч зээлийн гэрээ дуусах хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүү тогтмол төлж байсан, зээлийн хүү зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохиролтойгоор тогтоогдсон, хариуцагчийн эрүүл мэндийн байдал, зээлийн гэрээ байгуулах болсон нөхцөл шалтгаан зэрэг нөхцөл байдлыг харгалзан алдангид 100,000 төгрөгийг хариуцагч ************ээс гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 1,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин төлбөрийг давхардуулан тооцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан.дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2023/00767 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 2,184,400 /хоёр сая нэг зуун наян дөрвөн мянга, дөрвөн зуу/ гэснийг 2,284,400 гэж, 4,294,150 /дөрвөн сая хоёр зуун ерэн дөрвөн мянга, нэг зуу тавь/ гэснийг 4,194,150 гэж,

2 дахь заалтын 49,900 гэснийг 51,500 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,656 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД