Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 142/шш2023/00814

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2023/00814

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О аймаг Б-Ө сум У багт байрлах Т б ХХК-ийн О салбарын Дулааны цахилгаан станц тооцооны төв /РД:*******, утас: *********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О аймаг Б-Ө сум Оюут баг 2А хороолол 1В байр 1102 тоотод тоотод оршин суух Х д овгийн М-ын Э /РД:************8, утас: **********/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 9,813,726.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Цэдэндамба, Г.Золбоо,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Э нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Т б-ны О салбарын Дулааны цахилгаан станц тооцооны төвөөс 130600118105 тоот зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийн кредит картын зээлийг жилийн бэлэн бус гүйлгээ 24%, бэлэн гүйлгээ 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар авсан. Зээлийн барьцаанд цалин барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 6.1.1 заалтыг зөрчиж, зээлээ сар бүр төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зээлийн үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, мөн 2022 оны 07 дугаар сарын 18 болон 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тус тус мэдэгдэл хүргүүлж гарын үсэг зуруулах гэсэн боловч олон удаа ажилтай завгүй гэх шалтгаанаар гарын үсэг зурж өгөөгүй. Зээлийн гэрээний дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгч М.Э нь 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс хойш зээл хүүгийн төлбөр төлөөгүй бөгөөд Т б-ны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 130600118105 тоот зээлийн гэрээний 6.1.1 дэх заалтыг зөрчсөн тул зээлийн гэрээг дуусгавар болгон гэрээг хугацаанаас өмнө цуцалж өгнө үү.

Мөн зээлдэгч М.Эаас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар байдлаар үндсэн зээл 4 402 207 төгрөг, зээлийн хүү 3 666 042 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 694 576 төгрөг, бусад шимтгэлийн авлага 50 900 төгрөг нийт 9 813 726 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэдэндамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч М.Э нь 2018 оны 12 сарын 06-ны өдөр Т б-ны О салбарын Дулааны цахилгаан станц тооцооны төвөөс 130600118105 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн кредит картын зээлийг жилийн бэлэн бус гүйлгээ 24%, бэлэн гүйлгээ 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар авсан. Зээлийн барьцаанд цалин барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 6.1.1 заалтыг зөрчиж, зээлээ сар бүр төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс зээлдэгчидтэй холбогдож мэдэгдэл хүргүүлж ажилласанн. Хүргүүлэх гэсэн боловч холбоо барьж уулзаж завгүй ажилтай байна гэх шалтгаанаар гарын үсэг зурж өгөөгүй байгаа. Зээлийн гэрээний дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар тасалбар болгоод үндсэн зээлийн үлдэгдэл 4,402,207 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3,666,042 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,694,576 төгрөг бусад шимтгэлийн авлага 50,900 төгрөг нийт 9,813,726 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: М.Э миний бие нь О аймгийн Төрийн банкнаас нэхэмжилж буй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэх санал дээр дурьдаж байснаар үндсэн мөнгө болох 4,402,207 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болон үндсэн хүүгийн төлбөрийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ гэхээр ер нь үйл баримтаас харахад хавтаст хэрэгт нотлох баримтаар 2-3 удаагийн албан бичиг хэвлээд хавсаргасан байдаг. Тэр маань зөвхөн нэг талаас гаргаж өгч байгаа нотлох баримт. Үнэлье гэхээр хариуцагчийн зүгээс энэ баримтан дээр ямар нэгэн байдлаар гарын үсэг зурсан, гарын үсэг зурахаас татгалзсан зүйл байхгүй. Үүнийг нотлох нотолгоо байхгүй, банкны зүгээс нэг ёсондоо гүжирдэх байдлаар М.Э гарын үсэг зураагүй, ажилтай гэсэн зүйлийг нэхэмжлэлийн утган дээрээ дурьдсан байдаг. Гэсэн хэдий ч тухайн хоорондоо байгуулсан зээлийн гэрээ байдаг. Зээлийн гэрээн дээр дурьдснаар нэг талаасаа зээлийн гэрээнээс татгалзах эрх нь нэхэмжлэгчид байсан. Нэхэмжлэгч энэ эрхийнхээ дагуу зээлийн гэрээнээсээ аль эрт татгалзах боломж байсан гэж хариуцагчийн зүгээс харж байгаа. Энэ талаар мөн давж заалдах шатны шүүх дурьдсан байдаг. Яагаад бэ гэхээр 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасны дагуу гэрээгээ хугацаанаасаа өмнө нэг талын санаачилгаар цуцлах боломжтой байсан гэж үзэж байна. Энэ хугацаагаараа энэ гэрээнийхээ заалтаар хэрвээ гэрээгээ цуцлах боломжтой байсан гэвч энэ эрх үүргээ хэрэгжүүлээгүй байгаа учраас ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийн гаргаж ирсэн үндсэн зээлийн хариуцагчийн зөвшөөрөөд байгаа зээлийн төлөлтийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэгт өөрчлөлт орох ёстой. Хамгийн анхны албан бичгийг нэхэмжлэлдээ дурьдснаар 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс зээлийн үүргээ биелүүлэх тухай мэдэгдэл өгсөн байдаг. Тэгэхээр тэр үед буюу түүнээс өмнөх хугацаанд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлийн хүүгийн төлбөр өөрсдийнхөө гэрээнд заасан заалтынхаа дагуу зогсож тэр хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр байдаг юм бол түүнийг мөн нэхэмжлэлдээ дурьдсан бусад шимтгэлийн авлага 50,900 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа. Зээлийн үндсэн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр маргаан дагуулж байна гэж үзэж байгаа гэв.

Нэхэмжлэгчээс: Т бХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, итгэмжлэл /хх-4-5/, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 130600118105 дугаартай кредит карт эзэмших гэрээ /хх-6-7/, барьцааны зүйлийн жагсаалт /хх-8/, Кредит дансны хуулга /хх-14/, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх-15-17/, М.Эын Төрийн банкинд гаргасан өргөдөл /хх-18/, кредит картын өргөдөлийн судалгааны маягт /хх-19/, М.Эын цалингийн тодорхойлолт /хх-20-22/, зээлдэгчийн талаарх мэдээлэл /хх-23/, Зээлдэгчийн анкет /хх-24/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т бХХК-ийн О салбарын Дулааны цахилгаан станц тооцооны төв нь М.Эад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 9 813 726.37 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч М.Э нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Т б-ны О салбарын Дулааны цахилгаан станц тооцооны төвөөс 130600118105 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн кредит картын зээлийг жилийн бэлэн бус гүйлгээ 24%, бэлэн гүйлгээ 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авч, зээлийн барьцаанд цалин барьцаалжээ.

 

Хариуцагч нь зээл авсан цагаас эхлэн зээлээ сар бүр төлөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй, нэхэмжлэгч хариуцагчаас үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан байна.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зээлийн үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, мөн 2022 оны 07 дугаар сарын 18 болон 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тус тус мэдэгдэл хүргүүлж гарын үсэг зуруулах гэсэн боловч хариуцагч ажилтай завгүй гэх шалтгаанаар гарын үсэг зураагүй гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаас үзэхэд талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2 жил буюу 24 сарын хугацаатай байгуулсан гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болсон байх ба банк карт эзэмшигчтэй картын хугацаа, бэлэн бус гүйлгээний хүү, бэлэн мөнгө авсаны хүү, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцон гэрээ байгуулж эргэн төлөх өдөр, хүү бодох өдрийг тохирсон боловч зээлдэгчээс гэрээний дээрх нөхцөл болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар төлөлтийг хугацаандаа төлөөгүй болох нь батлагдаж байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд үндсэн зээл 4,402,207 төгрөгийг төлнө, зээлийн хүү 3,666,042 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,694,576 төгрөг, бусад шимтгэлийн авлага 50,900 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэний улмаас хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх болсонд нэхэмжлэгч буруутай, нэхэмжлэгч өөрөө гэрээнээс татгалзах, мөн гэрээнээс татгалзах боломжийг хариуцагчид олгох, зээлээ төлөх талаар мэдэгдэх зэрэг үйлдэл хийх ёстой байсан гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 223.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэг үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэжээ.

 

Гэрээний дээрх зохицуулалт нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардах банкны эрхийг тодорхойлсон байх бөгөөд гэрээний энэ заалтаар банк үүрэг хүлээгээгүй тул зээлийн төлбөрийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлдүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 451.1, 453.1-д зааснаар зээлдэгч үндсэн зээл, гэрээнд заасан бол түүний хүүг, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Зээлдэгч М.Э нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээл хүүгийн төлбөр төлөөгүй бөгөөд Т б-ны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 130600118105 тоот зээлийн гэрээний 6.1.1 дэх заалтыг зөрчсөн тул зээлийн гэрээг дуусгавар болгон гэрээг хугацаанаас өмнө цуцалж өгнө үү гэсэн боловч 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2 жил буюу 24 сарын хугацаатай байгуулсан гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болсон байх тул зээлийн гэрээг дуусгавар болгох, гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагагүй.

 

Харин үндсэн зээл 4,402,207 төгрөг, зээлийн хүү 3,666,042 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,694,576 төгрөг, бусад шимтгэлийн авлага 50,900 төгрөг нийт 9,813,726 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.Эаас 9,813,726.37 төгрөг гаргуулан Т бХХК-ийн О салбар Дулааны цахилгаан станц тооцооны төвд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,969 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Эаас улсын тэмдэгтийн хураамжаар 171,969 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т бХХК-ийн О салбар Дулааны цахилгаан станц тооцооны төвд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН