Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 207/МА2023/00014

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 02 13 207/МА2023/00014

 

 

Т банк ХХК-ийн

нэхэмжлэлтэй хариуцагч М.Эад

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч С.У, шүүгч Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ................... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Эад холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 9.813.726,37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч М.Эын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.О оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч М овоггой Эт нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Т банкны О салбарын Дулааны цахилгаан станц тооцооны төвөөс ......................... тоот зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийн кредит картын зээлийг жилийн бэлэн бус гүйлгээ 24%, бэлэн гүйлгээ 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар авсан. Зээлийн барьцаанд цалин барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 6.1.1 заалтыг зөрчиж, зээлээ сар бүр төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зээлийн үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, мөн 2022 оны 07 дугаар сарын 18 болон 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тус тус мэдэгдэл хүргүүлж гарын үсэг зуруулах гэсэн боловч олон удаа ажилтай завгүй гэх шалтгаанаар гарын үсэг зурж өгөөгүй. Зээлийн гэрээний дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгч М.Э нь 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс хойш зээл хүүгийн төлбөр төлөөгүй бөгөөд Т банкны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ......................... тоот зээлийн гэрээний 6.1.1 дэх заалтыг зөрчсөн тул зээлийн гэрээг дуусгавар болгон гэрээг хугацаанаас өмнө цуцалж өгнө үү. Мөн зээлдэгч М.Эаас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар байдлаар үндсэн зээл 4 402 207 төгрөг, зээлийн хүү 3.666.042 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.694.576 төгрөг, бусад шимтгэлийн авлага 50.900 төгрөг нийт 9.813.726 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

М.Э миний бие нь О аймгийн Т банкнаас нэхэмжилж буй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ................... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.Эаас 9.813.726.37 төгрөг гаргуулан Т банк ХХК-ийн О салбар Дулааны цахилгаан станц тооцооны төвд олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Э шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний бие М овогтой Эт нь Т банкны нэхэмжлэлтэй надад холбогдох иргэний хэрэгт биеэр өмгөөлөгчийн хамтаар оролцох хүсэлтэй байсан боловч эрүүл мэндийн шалтгаанаар БОЭТ-ийн мэс заслын тасагт яаралтай хагалгаанд орох орох шаардлагатай болсон. Тухайн хуралдааны товын асуудлаар шүүгчээс болон шүүгчийн туслах надад мэдэгдээгүй, шүүх хуралдааныг намайг оролцуулалгүйгээр шийдвэрлэж О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ................... дугаартай шийдвэр гарсанд гомдолтой байна. Иймд миний биеийг оролцуулалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох, хууль зүйн туслалцаа авах, мэтгэлцэх, нотлох баримт гаргах, өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх зэрэг эрхийг минь ноцтойгоор зөрчсөн тул 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ................... дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж миний хууль ёсны эрхийг сэргээн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч М.Эын гаргасан давж заалдах гомдолд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Т банкны О салбарын Дулаан цахилгаан станц тооцооны төв нь шүүхэд ...гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөрт нийт 9.813.726 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.Э ...кредит картны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргажээ.

3.Хариуцагч М.Эад шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх үндэслэлээр 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хэрэг хэлэлцүүлэх шүүх хуралдааныг хойшлуулсан байх ба тэрээр 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн байна.

4. Шүүх хуралдаанд хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д ...хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зохицуулагдсан.

5. Нэхэмжлэгч ...зээлийн нийт төлбөр-9.813726 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж шүүхэд ирүүлсэн ...хариуцагч М.Эын эзэмшлийн Кредит дансны хуулга, Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцооллын хүснэгт зэрэг бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т ...Т болон Т бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна. гэж заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх уг баримтуудыг нотлох баримтанд үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

6. Түүнчлэн нэхэмжлэгч нь тус шүүхэд 2 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба ...2018 оны 12 сарын 06-ны өдрийн ......................... тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж өгнө үү гэх шаардлагын талаар иргэний хэрэг үүсгэх, хэрэг хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж болон шүүхийн шийдвэрт тодорхойлж бичээгүй орхигдуулсан, нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаасаа татгалзсан эсэх нь тодорхойгүй байна.

7. Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд байгуулсан Кредит карт эзэмших гэрээний 2 жилийн хугацаа дууссанаас хойш зээлийн хугацаа сунгагдсан эсэх, гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолборыг хэрхэн, хэдэн хувиар тооцсон эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасны дагуу гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцлах боломжтой байсан зэргийг шүүх тодруулаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Давж заалдах шатны шүүхээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоонд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

8. Дээрх байдлаас дүгнэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, хэрэгт авагдсан баримтуудыг хуульд заасны дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9. Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн хуулиар олгогдсон шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх, өмгөөлөгч авах зэрэг эрхийг ноцтой зөрчсөн эсхүл хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч М.Эын гаргасан ...шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж миний хууль ёсны эрхийг сэргээн хангаж шийдвэрлэж өгнө үү гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ................... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч М.Эын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 171.970 төгрөгийг Т сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧИД С.У

Б.О