Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 417

 

Ж.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар                                                                                              

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар магадлалтай, Ж.Б-д холбогдох 1814000630042 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Ж-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан” гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Ж.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 640,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг хэрэглэхэд хэрхэн эргэлзээ төрсөн болон тухайн хэрэг учрал болсон үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь өрөөсгөл юм. Хохирогч С.Т шүүх хуралдаанд “…би хүргэн Б.Д болон Ж.Б нарыг гэр харж байгаарай гэж хэлээд хаалгаа онгорхой орхиод явсан, Ж.Б манай хөргөгчинд мах хийчихээд байнга орж авдаг, тухайн үед хаалгаа цоожлоогүй” гэж мэдүүлдэг. Энэ нь Ж.Б хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрээгүй, харин тухайн гэрт амьдралынхаа нэг хэсгийг өнгөрүүлж, харж хамгаалдаг болохыг нотолж байна. Энэхүү нөхцөл байдал, нотлох баримтыг давж заалдах шатны шүүх харгалзан үзэлгүйгээр үндэслэлгүй дүгнэлт хийж, Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж урьдчилан дүгнэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Хохирогч банкнаас 11,000,000 төгрөгийн цалингийн зээл аваад үлдэгдэл мөнгө болох 660,000 төгрөгийг авдартаа хийхийг хүргэн, охин, шүүгдэгч нар харсан байдаг. Хохирогч гэрт хууль бусаар нэвтрээгүй гэдгийг мэдүүлсэн бөгөөд цоож эвдрээгүй байсан нь хэргийн газрын үзлэгээр нотлогдсон. Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн 21 дүгээр гудамжны 2 тоот хашаанд оршин суух С.Т-ын гэрээс авдранд нь байсан 640,000 төгрөгийг нууцаар авсан, уг гэрт орохдоо хохирогчийн зөвшөөрлийн дагуу нэвтрэн орсон болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх Ж.Б-ийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, гэм буруутайд тооцон, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ Ж.Б-д ямар нэг үүрэг хүлээлгээгүй атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан арга хэмжээ авахыг мэдэгдэж шийдвэрлэсэн нь буруу байх тул энэхүү заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх Ж.Б-ийн хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн хүндрүүлэх шинжийг үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр үгүйсгэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзнэ.

Анхан шатны шүүх хохирогчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зөрүүтэй мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж, эргэлзээтэй нөхцөл байдлыг шүүгдэгчид ашигтайгаар буюу хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмыг баримталжээ.

Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмыг шууд тусгаж заагаагүй боловч хохирогчийн мэдүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг хүндрүүлэх, хөнгөрүүлэх харилцан бие биенээ үгүйсгэсэн шинж илэрсэн тул хөнгөрүүлсэн нөхцөл байдлын талаарх мэдүүлгийг үнэлж, хэргийн зүйлчлэлийг шүүгдэгчид ашигтайгаар хөнгөрүүлж тогтоосон гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаас “...4, ...хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,” гэсэн хэсгүүдийг хасаж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН