| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2009000001487 |
| Дугаар | 2021/ДШМ/722 |
| Огноо | 2021-08-03 |
| Зүйл хэсэг | 10.1.2.8., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2021/ДШМ/722
С.Г-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Майбаяр,
шүүгдэгч С.Г-ын өмгөөлөгч П.Дэлгэр,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х даргалж, шүүгч Б.М, Н.Б нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/271 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Г-н өмгөөлөгч П.Дэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Г-д холбогдох 2009 00000 1487 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Бн овгийн С-н Г-д , .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхийн хамт ....дүүргийн .. дугаар хороо, ....н ...... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .../,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;
С.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 2-ны орой ... дүүргийн .... дугаар хороо, ..10 дугаар гудамжны 145 тоотод байрлах нийтийн байранд өөрийн төрсөн дүү .. настай, эмэгтэй С-н Г-тэй маргалдаж, улмаар 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 11 цагийн үед дүү С.Г-г гэрээс гарах үед нь араас нь хоолойг нь боож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн амь насыг нь хохироож, үүний дараагаар цогцсыг мөчлөн гэртээ нууж, 2020 оны 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд ... дүүргийн .. дугаар хороо, ....дугаар гудамжинд байрлах дутуу баригдсан ... өнгийн тоосгон байшингийн гадна талд болон ....дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин цэргийн ангийн үлдэгдэл балгас дунд цогцсыг зөөвөрлөн хаяж, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газар: С.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-н овгийн С-гийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, С.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад тусгаарлаж бүх насаар нь эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 175 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сидийг хэрэгт хавсарган үлдээж, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 13.5 см урт иштэй, 18.5 см урт ажлын хэсэгтэй, нийт 32 см урт /хөрөөний их мэт арзгар иртэй/ хутга, 11.5 см урт хар өнгийн иштэй, 14 см урт ажлын хэсэгтэй, нийт 25.5 см урт хутга, 11 см урт хар өнгийн иштэй, 17 см урт ажлын хэсэгтэй, нийт 28 см урт хутга, өнгөгүй тунгалаг хулдаас, нил ягаан өнгийн орны бүтээлэг, цагаан өнгийн шуудай, цагаан өнгийн гялгар уут, “Hikari” гэсэн бичигтэй, цагаан өнгийн шуудай, “KTIS” гэсэн бичигтэй, цагаан өнгийн шуудай тус бүр 1 ширхэг, урт түрийтэй цагаан өнгийн оймс 1 хос, хар өнгийн өмдний тасархай 2 ширхэг, богино түрийтэй оймс 1 хос, хар өнгийн ноосон өмдний тасархай 2 ширхэг, улбар шар өнгийн үдээстэй, хар өнгийн гутал 1 ширхэг, “50 kg” гэсэн бичигтэй, цагаан өнгийн шуудай 4 ширхэг, шар өнгийн гялгар уут, цэнхэр эрээн өнгийн гялгар уут, хар өнгийн бохирдолтой бөөгнөрсөн скочны хэсгүүд, цайвар саарал өнгийн гялгар уут 6 ширхэг, улаан өнгийн уяа, эмэгтэй хүний үүргэвч цүнх, үзэгний сав, түүн дотор үзэг, бал, харандаа зэрэг зүйл, хар өнгийн үсний хавчаар, үйлдвэрлэлийн дадлагын удирдамж гэсэн хаягтай дэвтэр, даавуун материалтай уут, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл 4 ширхэг, хичээлийн дэвтэр 6 ширхэг, мөнгөлөг өнгийн металл түлхүүр 1 ширхэг, гутал өнгөлөгч, модон иштэй сам, цэнхэр өнгийн жижиг цүнх, хар өнгийн маск, цагаан өнгийн үсний хавчаар, нүдний шилний арчуур, гар утасны чихэвч тус бүр 1 ширхэг, задалж хэрэглэсэн эм 2 таблетка, цагаан өнгийн майк, срочкан цамц, саарал өнгийн хөхний даруулга, шар өнгийн гялгар уут, цаасан хайрцаг, хэргийн газраас хураан авсан үс мэт зүйл, “Улаанбаатар смарт” гэсэн бичигтэй карт, “Хүүхдийн хамар хоолой чихний өвчин” гэсэн хаягтай, улаан өнгийн хавтастай ном, “Хөлийн ул, толгой, гар, чихэнд байрладаг био идэвхт цэгүүдийн иллэг” гэсэн хаягтай ном, А4 хэмжээтэй, бичвэртэй цагаан өнгийн цааснууд, сонин 1 ширхэг, нүдний шилний рам, №8, 9 гэж дугаарласан шар өнгийн гялгар уутнууд, скочны хэсэг, хэргийн газраас хураан авсан куртикний ханцуй, цагаан өнгийн цамцны ханцуй 2 ширхэг, хар өнгийн гялгар уут, хэргийн газраас хураан авсан ханцуй хэсгээрээ урагдсан хар өнгийн куртик, ягаан өнгийн цэцэгтэй хар өнгийн даашинз, улаан өнгийн цамц, ногоон, ягаан эрээн нимгэн арчуур, хар өнгийн амны хаалт, куртик, эрээн алаг сүлжмэл даавуу, янзаганы зураглалтай цагаан өнгийн даавууны хэсэг, хар өнгийн гялгар уут зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст даалгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Г-ын өмгөөлөгч П.Дэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Г-д нь анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан, хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Хохирогчоос хохирол нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж болохоор байна. Миний бие “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар С.Г-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын үндэслэлээ өөрчилж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Г-д хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Майбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хийсэн хууль зүйн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан үзээд бүх насаар нь хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
С.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 2-ны орой ....... дүүргийн дугаар хороо, ...... дугаар гудамжны .... тоотод байрлах нийтийн байранд өөрийн төрсөн дүү .. настай, эмэгтэй С.Г-тэй маргалдаж, 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 11 цагийн үед дүү С.Г-ийг гэрээс гарах үед нь араас нь хоолойг нь боож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн амь насыг нь хохироож, улмаар цогцсыг мөчлөн гэртээ нууж, 2020 оны 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд ......дүүргийн ....дугаар хороо..... дугаар гудамжинд байрлах дутуу баригдсан ...өнгийн тоосгон байшингийн гадна талд болон ....дүүргийн ...дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин цэргийн ангийн үлдэгдэл балгас дунд цогцсыг зөөвөрлөн хаяж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
гэрч Д.Ц-ийн “... Өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би гэрээсээ гараагүй. Тухайн үед манай нохой урд зүг рүү хараад хуцаад байхаар нь 21 цаг 30 минутын орчим бие засаад нохой хуцаж байсан зүг рүү очиж харсан. Гэтэл цаана нь олон нохойнууд цугларсан байдалтай балгасан байшингийн баруун талд байсан. Тэгээд би очиж харахад балгасан байшингийн баруун талд нь 2 ширхэг цагаан өнгийн ууттай зүйл байсан ба байшингийн ёроол руу цувуулаад тавьсан байсан. Тэгээд наад талын шуудайтай зүйлийг татаж үзэхэд хөнгөн байсан учраас задалж үзэхэд дотроос нь давхар шуудайтай зүйл гарч ирэхээр нь онгойлгож үзэхэд 4 хэсэг зүйл гарч ирсэн ба хоёр нь цагаан гялгар уутанд ороогоод битүү скочидсон хөлдүү мах маягийн зүйл байсан. ... тэр үед муудсан юм шиг муухай үнэр гараад байхаар нь би шууд цагдаад дуудлага өгсөн. ...” /1 хх 116-118/,
гэрч С.Г-ийн “... намайг ээжийн гэрт хонох гэж байхад ээжийн гэрийн хана дагуулан байрлуулсан бор шаргал өнгийн шкафны дээр тавьсан цаасан хайрцагнаас цус дусаж байсан тэгэхээр нь “энэ юу вэ, доош буулгаж харъя” гэсэн чинь Г царай нь сонин болоод наадах чинь нэлээд хүнд ээ, дараа тэгж байгаад буулгаад янзалъя гээд цусыг нь цэвэрлэж байсан. ... Ямар ч байсан их эвгүй үнэртээд байсан. Яг юунаас үнэртэж байгааг мэдээгүй, ээж муухай үнэртээд гээд цонх онгойлгож байсныг санаж байна. ... Г, Г нар нь хоорондоо нас ойролцоо болохоор их таарамжгүй байдаг. Багаасаа хоорондоо их хэрэлддэг байсан. Ингээд томрох тусмаа хэрүүл нь ихсээд бие биетэйгээ таарахаа больчихсон байсан. ...” /1 хх 179-180/,
гэрч С.Г-ийн “... Манай дүү С.Г надад “Г алга болсон, Г, ээж бид гурав нийлээд тасралтгүй 4 хоног хайгаад олсонгүй” гэж хэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр байх аа, дүү Г нь гэнэт алга болсон гэсэн. ...” /1 хх 129-131/,
гэрч Ц.С-ийн “... Г, Г нар нь бага байхын хоорондоо таардаггүй байсан. ... Хэдийгээр хоорондоо харилцаа муутай байсан ч ингэж ах нь дүүгийнхээ амь насыг хөнөөнө гэж төсөөлж байсангүй. ...” /1 хх 170-107/,
гэрч Ш.О “... Манай байрны 7 тоот өрөөнд 2020 оны 2 дугаар сараас эхлэн ээж, хүү, охины хамт амьдарч байгаа айл байдаг. ... Нэг удаа би охин, хүү хоёрыг нь хэрэлдэж байхыг сонссон. ...” /1 хх 195-198/,
гэрч Х.Ж-ийн “... Би 2020 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 11 цагийн орчим гэрээсээ гарч халтуур хийсэн. ... Тэр үед улаан куртик өмссөн 20 нас арай хүрээгүй болов уу гэмээр залуу гар өргөөд “Бэлх рүү явах уу” гэж асуусан. Тэгэхээр нь “ах нь хүнтэй явж байна” гэж хэлсэн. Удалгүй АТМ орсон эгч гарч ирээд хөдлөөд явах гэснээ цонхоо онгойлгоод “ах нь хүнтэй явж байна, 7 буудалд буух юм, дургүйцэхгүй бол суучих” гэсэн чинь тэгье гэхээр нь бууж багажаа онгойлгож өгөөд авч явсан цагаан шуудайтай эд зүйлийг нь өргөлцөж машиндаа тавиад цааш хөдөлсөн. Тэгээд ... нөгөөд залуутай Бэлх рүү явж задгай газар очоод овгор, товцогтой газар очоод нөгөө залуу энд бууя гээд шуудайтай эд зүйлээ аваад буугаад үлдсэн. ...” /1 хх 226-227/,
гэрч С.Г-ын “... Намайг жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад орой 23 цаг 30 минутын үед “Бэлхийн 52 дугаар гудамжны уул өгсөөд орой дээр нь хоёр шуудайтай юм байна хүн байж магадгүй” гэсэн дуудлага ирсэн. Би эргүүлийн офицер Э.З-ын хамт дуудлагын дагуу очиж шалгахад дуудлага өгсөн хүн уулан дээр бид хоёрыг хүлээж байсан. Уулзаад шуудай байсан газрыг шалгахад дутуу барьсан тоосгон байшингийн хажууд хоёр цагаан шуудайтай юм байсан. Нэг уутыг нь дуудлага өгсөн хүн гаргаад тавьсан байсан. Тухайн хүнээс асуухад “... 102-т дуудлага өгөхөд “та уутан дотор юу байгааг шалгаад өгөөч” гэж хэлсэн. Тэрнээс болоод шуудайг онгойлгож үзэхэд хүн байж магадгүй болохоор нь цагдаагаар шалгуулъя гээд буцаагаад 102-т дуудлага өгсөн. ...” гэж хэлсэн.
гэрч Э.З-ын “... дуудлагаар очиж шуудайнд юу байгаа талаар мэдэх зорилгоор онгойлгож үзэхэд хувцастай байсан учраас хүн байна гэж ойлгосон. ...” /1 хх 126/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Г-ын яллагдагчаар өгсөн “... ...” /2 хх 201-210/ гэх мэдүүлгүүд,
С.Г-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 137-139/,
гэрч Х.Ж-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 228-234/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл “.........барилгын баруун урд талын хана дагуу цагаан өнгийн гялгар ууттай, гадна талаар нь наалдамхай туузаар ороосон, хөлдсөн эд зүйл байсныг 10 гэж дугаарлан... түүний цаана залгаа цагаан өнгийн шуудайнд хөлдсөн хүний их биеийн хэсэг хийсэн байдалтай шуудайг голоор задалсан байдалтай хэсгийг 27 гэж дугаарлан эд мөрийн баримтаар хураан авч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ...” /1 хх 16-17/, уг хэргийн газрын үзлэгийг гэрэл зургаар бэхжүүлсэн үзүүлэлт /1 хх 18-24/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл “... Цогцосны хэсэгт үзлэг хийхэд ... хүзүүний доод хэсгээр бүрэн салсан, 2 гарны мөрний дээд хэсгээр бүрэн салсан, 2 хөл цавьны дээд хэсгээр бүрэн салсан, цээж, хэвлий, аарцаг бүхий эмэгтэй хүний биеийн хэсэг байна. ...” /1 хх 25-27/, уг ажиллагааг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн үзүүлэлт /1 хх 28-25/,
Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 36-39/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 40-51/, Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлт /2 хх 221/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 52-58/, “... бичлэгт ... автобусны буудлын хажуугийн гэрлийн шонгийн хажуу талд цагаан өнгийн шуудайтай эд зүйл тавьж байгаа ... замын цаад талаас улаан өнгийн куртиктэй эрэгтэй хүн, цагаан өнгийн шуудайтай эд зүйл үүрсэн байдалтай гарч ирэн замын баруун тал руу гарч байв. ... цайвар саарал өнгийн жижиг суудлын автомашинд сууж 18:30:18 цагт хөдлөөд явж байгаа бичлэг байв. ...” /1 хх 59-65/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр амьддаа үүсгэгдсэн хүзүүний цус хуралт, үүдэн дээд зүүн 1-р шүдний сулрал, нас барсны дараа үүсгэгдсэн биенээс толгой, мөчдийг салгаж, мөчилсөн шарх, шээсний сүв, давсагны ар ханын урагдал, нарийн гэдэсний гадагшлалт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Талийгаачид амьддаа үүссэн хүзүүний цус хуралт, үүдэн дээд зүүн 1-р шүдний сулрал гэмтэл нь шинэ, нас барсны дараа биенээс толгой, мөчдийг салгаж мөчилсөн шарх, шээсний сүв, давсагны ар ханын урагдал нь хуучин гэмтэл байна. Талийгаачийн цогцос ялзарсан тул үхэлд хүргэх архаг хууч өвчнийг тогтоох боломжгүй. ......................байна. Талийгаач нь ам, хамар, хүзүү хоолой гаднаас дарагдах хэлбэрийн амьсгал бүтэлтэнд орж нас баржээ. ...” гэх 2441 дугаартай дүгнэлт /1 хх 248-250, 2 хх 1-3/, уг шинжилгээг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 4-10/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн зүүн, баруун хөлийн хэсгийг хийсэн 2 ширхэг мяндсан уутны гадуур ороосон 10 хэсэг наалтуузнаас гарын мөр илэрсэн. Шинжилгээнд тэнцсэн 3, 4, 7, 8 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр санд MN000СБД01994 дугаарт бүртгэгдсэн С овогтой Г-ын зүүн гарын эрхий долоовор, ядам, баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн мөр байна. ...” гэх 4567 дугаартай дүгнэлт /2 хх 50-52/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн цамцны 2 ханцуй, 2 өмдний шуумгууд, цагаан майкны 205 мм гэмтэл, хөхний даруулганы 15х85 мм гэмтлийн 15 мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинээр зүсэгдэлт байна. Цамцад 7мм, 10мм, 12мм шинэ зүсэгдэлт хурц иртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна. ...” гэх 4564 дугаартай дүгнэлт /2 хх 117-120/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн хоёр ханцуйн хэсэг, хар өнгийн нэг ханцуйн хэсэгт тасралт гарсан байна. Уг тасралтууд шинээр гарсан, хурц иртэй зүйлийн үйлчлэлээр таслагдсан байна. ...” гэх 4581 дугаартай, “... шинжилгээнд ирүүлсэн 2 өмдний шуумгууд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр гарсныг тогтоох боломжгүй. ...” гэх 4582 дугаартай дүгнэлт /2 хх 130-131, 136-137/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн “... Хэргийн газраас хураан авсан гэх хувцас, эд зүйлст илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо амь хохирогч С.Г-гийн цогцосноос авсан гэх үс, арчдаст илэрсэн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” гэх 236, 237, 238 дугаартай дүгнэлтүүд /3 хх 129-137/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “... С.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.Г нь хэргийн улмаас сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл үгүй, харсан зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусад ойлгуулах чадвартай, хэрэг хариуцах чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. ...” гэсэн 1163 дугаартай дүгнэлт /2 хх 175-176/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч С.Г-ыг хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч болон шүүгдэгчийн тайлбар, улсын яллагчийн дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч С.Г-ыг гэр бүлийн хамаарал бүхий төрсөн дүү С.Г-гийн хоолойг боож амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Шүүгдэгч С.Г-ыг хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг хохирогчийн эсрэг үйлдэж хүнийг алсан үйлдлийнхээ үр дагаварт гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсаныг болон гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, хэргийн зүйлчлэл болон уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд анхан шатны шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс С.Г-д оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Д-ээс “... С.Г-д оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлын үндэслэлээ шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Г-д хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү. ...” хэмээн өөрчилсөн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг нь бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хугацаатай хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхээр эрх олгосон заалт юм.
Хэдийгээр С.Г-д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч тэрээр үйл явдал болох өдрийн өмнөх орой гэмт үйлдлийнхээ талаар урьдчилан төлөвлөж, улмаар гэмт санаагаа хэрэгжүүлэн амь хохирогчийг боож алаад, цогцосыг гэртээ 3-4 хоног нууж байгаад их биеэс толгой, гар, хөлийг мөчлөн шуудайнд хийж, өөр газарт аваачиж хаясан үйлдэл, мөн амь хохирогчийг нас барсны дараа биед олон тооны шарх гэмтэл буюу их биеэс толгой, гар, хөлийг мөчилж салгах зэрэг гэмт явдлын дараах харгис хэрцгий үйлдлийн шинж зэргээс үзэхэд түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ тохирсон, түүнд шүүхээс оногдуулсан бүх насаар хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хугацаатай хорих ял оногдуулах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч С.Г-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэхээр байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч С.Г-ын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл нийт 252 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/271 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Г-ын өмгөөлөгч П.Дэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл нийт 252 /хоёр зуун тавин хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР