Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
Хэргийн индекс | 181/2022/00056/И |
Дугаар | 181/ШШ2023/00593 |
Огноо | 2023-02-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 181/ШШ2023/00593
2023 02 16 | 181/ШШ2023/00593 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ......................оршин суух, Боржигон овогт Гомбосүрэнгийн ******* /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............................ тоот хаягт оршин суух, Боржигон овогт Досмаагийн******* /РД:/,
Хариуцагч: ....................... тоот хаягт оршин суух, Монгол овогт Сандагийн******* /РД:/,
Хариуцагч: ....................... тоот хаягт оршин суух, Чингүүнжав овогт Шинэдамбын******* /РД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Д.Мөнхдаваагаас зээлийн гэрээний үүрэгт 210,000,000 төгрөг гаргуулах, гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан барьцаалуулагч С.Одгэрэл, Ш.Цэнгэлжаргал, О.Одбаяр нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007842 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, О.Алтанчулуу,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Д.Мөнхдаваа, С.Одгэрэл, Ш.Цэнгэлжаргал нарт холбогдуулан Д.Мөнхдаваагаас 210,000,000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд барьцаанд заасан барьцаалуулагч С.Одгэрэл, Ш.Цэнгэлжаргал, О.Одбаяр нарын өмчлөлийн бүртгэлийн Ү-2205007842 дугаартай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Д.Мөнхдаваа нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Г.*******тай Зээлийн гэрээ байгуулан 140,000,000 /нэг зуун дөчин сая/ төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэйгээр, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатайгаар зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 14 дүгээр байрны 07 тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-2205007842 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээгээр барьцаалуулсан.
Зээлийн гэрээний хугацаанд тооцогдох зээлийн хүүгийн төлбөрийн тухайд: 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны 8 сарын хүү 112,000.000 (14,000.000*8) төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны 13 хоногийн хүү 5,880,000 төгрөг, нийт 117,880,000 төгрөг болно.
Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дургаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэнгүй. Зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийг төлж барагдуулах хугацаа олгож, зээлийг удаа дараа шаардсаны эцэст зээлдэгч 2020 оны 10 дугаар сард зээлийн хүүний төлбөрт 15,000,000 төгрөг төлсөн. Одоо зээлдэгчийн төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр нийт 242,880,000 төгрөг болж байна.
Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 2.7-д хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр заасан. Алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 242,880,000 төгрөгөөс хэтэрч байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар хязгаарлан 121,440,000 төгрөгөөр тооцож нийт 364,320,000 төгрөг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар зээлдэгч 190,000,000 төгрөг төлөх, зээлдүүлэгч тал 210,000,000 төгрөг авах саналыг тус тус гаргаж талууд 210,000,000 төгрөгөөр зээлийн төлөгдөх дүнг тохиролцсон боловч барьцаалуулагч нар ажиллагаанд хүрэлцэн ирэхээс татгалзсан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 201 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болох тэмдэглэл үйлдэгдсэн.
Иймд эвлэрлийн гэрээ байгуулахаар зээлдэгчтэй тохиролцсон тохиролцооны дагуу зээлдүүлэгч тал алданги шаардах эрхээсээ татгалзаж үндсэн зээлийн төлбөрт 140,000,000 төгрөг, зээлийн хүүгийн хэмжээг багасгаж хүүнд 70,000,000 төгрөг, нийт 210,000,000 төгрөгийг гаргуулах, тус мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж шийдвэрлүүлэхээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 282 дугаар зүйл, 156 дугаар зүйл, Зээлийн гэрээний 1.1, Барьцааны гэрээний 1.1-д тус тус заасны дагуу шаардаж байна гэжээ.
2. Хариуцагч Д.Мөнхдаваа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Мөнхдаваа нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тайлбар гаргадаг. Нэхэмжлэгч Г.*******ын гаргасан зээлийн үндсэн төлбөр 210,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 190,000,000 төгрөгийг төлөхөөр байгаа гэж бодож байна гээд 190,000,000 төгрөгийг зөвшөөрч хариу тайлбараа гаргадаг. Хүүгээ хасаад 190,000,000 төгрөг төлөхөөр байна гэдэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өнөөдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй. Шүүхэд энэ талаар баримтаа гаргаж өгөөгүй. Итгэмжлэлээсээ татгалзсан хүсэлт байдаггүй. Холбогдохоор ажлаасаа гарсан гэдэг, өмгөөлөгчтэй холбогдсон. Зээлээс 190,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцъё, Ланд круизер авто машиныг өгч эвлэрье. Энэ машиныг өгснөөр зээлийн барьцаалбараа сольё гэдэг саналыг удаа дараа тавьдаг. Өнөөдрийн шүүх хуралд оролцож байгаа өмгөөлөгч Г.Бат-Эрдэнэд энэ саналаа хэлсэн боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө байхгүй байгаа учраас 1 удаа ирсэнг дахин холбогдоогүй гэдэг зүйлийг хэлээд байна. Нэхэмжлэгчэй өөртэй нь ярихаар итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэж байгаа гэдэг хариу хэлдэг. Өмгөөлөгч мэдэж байгаа учраас үүнд мэтгэлцэхгүй байх. Өөрөө 190,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг. Барьцаалбар дээр эвлэрэх саналаа удаа дараа гаргаж байсан гэв.
3.Хариуцагч Ж.Цэнгэлжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсэг буюу зээлийн үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд барьцаанд заасан барьцаалагч С.Одгэрэл, Ш.Цэнгэлжаргал, О.Одбаяр нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205007842 дугаартай эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулна гээд манайх хариуцагчаар татагдаж орж ирсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэвэл анхнаасаа зээлийг Д.Мөнхдаваа гэдэг хүн тусдаа авсан. Зөвхөн барьцаа хөрөнгөөр хангаж өгсөн. Энэ хугацаанд зээлийг төлөх үүрэг нь Д.Мөнхдаваад байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл төлж чадаагүй байсан гэдгийг мэдээд эдгээр хүмүүс ярилцаад Д.Мөнхдаваа нь С.Одгэрэлийг амьд байхад нэхэмжлэгчтэй ярьсан юм байна лээ. Өнөөдрийн хувьд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эд хөрөнгө барьцаалагч буюу, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч С.Одгэрэл нас барсан. Нас барснаас болж тусгай эрх үүрэг өөрчлөгдөх, зөрчигдөх үйл ажиллагаа явагдаад байна. Иргэний хуулийн 160 дугаар зүйлд Барьцааны эрх дуусгавар болохыг заасан нэгэнт барьцаалагч нас барсан, барьцааны эрх дуусгавар болсон, дуусгавар болсноос хойш барьцаа хөрөнгийг хэн яаж шийдвэрлэх талаар яригдана.
Ш.Цэнгэлжаргалын хувьд барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Үүнийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ Баянгол дүүрэг, 4-р хороо, 3-р хороолол, 14 байр, 7 тоотод байх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007842 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өвлөх эрх, залгамжлах эрх нээгдээгүй. Хэдийгээр барьцаа хөрөнгөөр хангуулах эрх нь байгаа боловч Иргэний хуульд заасан өв хүлээн авагч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээгээр хариуцах үүрэгтэй гэж заасан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдааны шатанд өв хүлээн авагч, өвлүүлэгчийн хариуцлагыг, эрх залгамжлах эрхээрээ хүлээж аваагүй. С.Одгэрэлд холбогдох хөрөнгийн хэдэн хувийг хэн хариуцаж, хүлээж авах ёстой юм бэ. Заавал өв хүлээн авагч л шийдэх ёстой. Насанд хүрээгүй өвлөгч буюу О.Одбаяр нь 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүүхэд. Энэ хүүхдийн эрх зөрчигдөх гээд байна. Барьцааны гэрээнд эцэг С.Одгэрэл нь өмчлөгчийг төлөөлж гарын үсэг зурсан. Өвлөгдөх эрх нээгдэхээр О.Одбаяр барьцааны хөрөнгийн хэдэн хувийг хариуцах талаар тогтоогдоогүй. Тийм учраас барьцаанд заасан хөрөнгийг Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан байгаа. Өв нээгдсэн газрын нотариатч өмчлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсоноор Нотариатын тухай хуулийн 43.1.1 дэх хэсэгт зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгогдож, энэ гэрчилгээ олгогдсон хүмүүс уг барьцааны үүргийг хариуцах эрх зүйн харилцаа үүсэх боломжтой.
Гэтэл өнөөдрийн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ өвийг хүлээн авсан ямар нэгэн этгээд алга. Өвийг хүлээн авсан гэдэг нь Нотариатын тухай хуулийн 43.1.1 дэх хэсэгт зааснаар гэрчилгээ олгогдсоноор үүсэх юм байна. Өв хүлээн авсан өмчлөгч тогтоогдоогүй байхад барьцааны хөрөнгийг өв залгамжлагчаар хүлээн авсан гэсэн нотлох баримт шүүхэд ирээгүй, байхгүй байна. Тийм учраас барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг Ш.Цэнгэлжаргал, О.Одбаяр нар хариуцах эрх зүйн зохицуулалт тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.
4.Хариуцагч С.Одгэрэлд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хариу тайлбар гаргах хуульд заасан хугацааг олгосон боловч хариу тайлбар, холбогдох баримт гаргаж өгөөгүй болно.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: А.Саулегульд олгосон итгэмжлэл, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Зээлийн болон Барьцааны гэрээнүүд, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 201 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Улсын тэмдэгтийн хураамжид 1,207,950 төгрөг болон 70,200 төгрөг тус тус төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн.
Хариуцагч Д.Мөнхдаваа нотлох баримтаар О.Алтанчулууд олгосон итгэмжлэлийг өгсөн.
Хариуцагч С.Одгэрэл, Ш.Цэнгэлжаргал нар нотлох баримтаар Ю.Сэвлэгмаад олгосон итгэмжлэл, С.Одгэрэл, Ш.Цэнгэлжаргал нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, С.Одгэрэлийн нас барсны гэрчилгээ,*******ийн Одбаярын төрсний гэрчилгээний хуулбар нотариатаар баталгаажигдсан баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.Мөнхдаваа, С.Одгэрэл, Ш.Цэнгэлжаргал нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 210,000,000 төгрөгийг Д.Мөнхдаваагаас гаргуулах, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан барьцаалуулагч С.Одгэрэл, Ш.Цэнгэлжаргал, О.Одбаяр нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007842 дугаартай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
1.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Эвлэрлийн гэрээ байгуулахаар зээлдэгчтэй тохиролцсон тохиролцооны дагуу зээлдүүлэгч тал алданги шаардах эрхээсээ татгалзаж үндсэн зээлийн төлбөрт 140,000,000 төгрөг, зээлийн хүүгийн хэмжээг багасгаж хүүнд 70,000,000 төгрөг, нийт 210,000,000 төгрөгийг гаргуулах, тус мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж шийдвэрлүүлэхээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 282 дугаар зүйл, 156 дугаар зүйл, Зээлийн гэрээний 1.1, Барьцааны гэрээний 1.1-д тус тус заасны дагуу шаардаж байна гэжээ.
2.Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
2.1.Хариуцагч Д.Мөнхдаваа, түүний төлөөлөгчийн зүгээс зээлийн гэрээний үүрэгт 190,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, Барьцаалбар дээр нэхэмжлэгчтэй эвлэрэх саналаа удаа дараа гаргаж байсан, эвлэрэх, барьцааны хөрөнгийг өөр хөрөнгөөр солих боломж байна. О.Одбаярын асуудалд хууль ёсны төлөөлөгчөөр С.Одгэрэл буюу аав нь байдаг. Өнөөдөр насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй хүүхдийн өвийн асуудал хөндөгдөж байгаа, энэ үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гүйцэтгэлийг хангах боломжгүй учраас 2 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах саналыг гаргаж байна гэсэн тайлбар гаргасан.
2.2.Хариуцагч Ш.Цэнгэлжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийг Д.Мөнхдаваа авсан, зөвхөн барьцаа хөрөнгөөр хангаж өгсөн, зээлийг төлөх үүрэг нь Д.Мөнхдаваад байсан. 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эд хөрөнгө барьцаалагч буюу, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч С.Одгэрэл нас барсан. Нас барснаас болж тусгай эрх үүрэг өөрчлөгдөх, зөрчигдөх үйл ажиллагаа явагдаад байна. Иргэний хуулийн 160 дугаар зүйлд зааснаар барьцаалагч нас барсан, барьцааны эрх дуусгавар болсон. Дуусгавар болсноос хойш барьцаа хөрөнгийг хэн яаж шийдвэрлэх талаар яригдана. Нас барсан өвлүүлэгчийн насанд хүрээгүй өвлөгчийн хувьд онцлог,
2.Ш.Цэнгэлжаргалын хувьд барьцааны гэрээнд гарын үсэг зурсан, хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ Баянгол дүүрэг, 4-р хороо, 3-р хороолол, 14 байр, 7 тоотод байх Ү-2205007842 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өвлөх эрх, залгамжлах эрх нээгдээгүй. Хэдийгээр барьцаа хөрөнгөөр хангуулах эрх нь байгаа боловч Иргэний хуульд заасан өв хүлээн авагч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээгээр хариуцах үүрэгтэй гэж заасан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдааны шатанд өв хүлээн авагч, өвлүүлэгчийн хариуцлагыг, эрх залгамжлах эрхээр хүлээж аваагүй. С.Одгэрэлд холбогдох хөрөнгийн хэдэн хувийг хэн хариуцаж, хүлээж авах ёстойг өв хүлээн авагч л шийднэ, насанд хүрээгүй өвлөгч О.Одбаяр нь 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүүхэд. Энэ хүүхдийн эрх зөрчигдөх гээд байна. Барьцааны гэрээнд эцэг С.Одгэрэл нь өмчлөгчийг төлөөлж гарын үсэг зурсан. Өвлөгдөх эрх нээгдэхээр О.Одбаярын барьцааны хөрөнгийн хэдэн хувийг хариуцах талаар тогтоогдоно. Тийм учраас барьцаанд заасан хөрөнгийг Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгоно. Өв хүлээн авагчийг тодорхойлсон нотлох баримт байхгүй учраас барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг Ш.Цэнгэлжаргал, О.Одбаяр нар хариуцах эрх зүйн зохицуулалт тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж маргав.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн
-2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Зээлийн болон Барьцааны гэрээнүүд,
-Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 201 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл,
-С.Одгэрэл, Ш.Цэнгэлжаргал нарын гэрлэлтийг бүртгэж олгогдсон 0104487 дугаартай гэрчилгээний хуулбар,
-С.Одгэрэлийг нас барсны бүртгэлд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6331 дугаарт бүртгэж олгогдсон 111643081819 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар,
-О.Одбаярын төрсний №69299 Г-961 дугаартай гэрчилгээний хуулбарууд тус тус нотариатаар баталгаажигдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Нэг талаас Г.*******, нөгөө талаас Д.Мөнхдаваа нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр 140,000,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 8 сар 13 хоногийн хугацаатайгаар, нэг сарын 10%-ийн хүүтэйгээр, хугацааны эцэст үндсэн зээлээ хүүгийн хамт төлж дуусгахаар харилцан тохиролцсон мөнгөн хөрөнгө болох 140,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.Мөнхдаваад шилжүүлэн өгсөн үйл баримттай хариуцагч тал маргаагүй.
4.1.Дээрх харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэсэнтэй нийцсэн байна.
4.2.Зохигч талууд зээлийн гэрээний 2.7-д Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж зааж тохиролцжээ.
4.3.Хариуцагч Д.Мөнхдаваа шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтанчулуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээний үүргээс 190,000,000 төгрөгийг төлөхөөр байгаа бусдыг нь төлөх үндэсгүй гэж эс зөвшөөрч маргасан.
4.4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зээлийн гэрээний 2.2-т зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан байтал мөн гэрээний 2.6-д заасан хугацааны эцэст үндсэн зээлээ хүүгийн хамт төлж дуусгах-аар харилцан тохиролцсон үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийг хүү, алдангийн хамтаар шаардах эрхтэй.
4.5.Зохигч талуудын гэрээгээр тохирсон хүүг тооцвол: 140,000,000 төгрөгийн 8 сарын хугацааны хүүг 10 хувиар (14,000,000 төг х 8 сар) 112,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 01-нийг хүртэл 13 хоног хүү 5,880,000 төгрөг, нийт 117,800,000 төгрөгийн хүүг хариуцагч С.Мөнхдаваа төлөх үүрэг хүлээсэн боловч хүүний төлбөрөөс 2020 оны 10 дугаар сард 15,000,000 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тайлбарласан, үүнтэй хариуцагч маргаагүй тул гэрээнд зааснаар хүүнд төлөх 117,800,000 төгрөгөөс төлсөн 15,000,000 төгрөгийг хасахад 102,000,000 төгрөгийн хүү төлөхөөр тооцоо гарч байна.
4.6.Мөн гэрээний 2.7-д Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж тохиролцсон боловч нэхэмжлэгч, хариуцагч талууд Эвлэрүүлэн зуучлалд хандаж, хуульд заасан журмын дагуу ажиллагаанд оролцоод, зээлдэгч тал 190,000,000 төгрөг төлөх, зээлдүүлэгч тал 210,000,000 төгрөг авах саналыг тус тус гаргасан хэдий ч тодорхой үнийн дүнд санал нэгдээгүй, улмаар барьцаалуулагч С.Одгэрэл, Ш.Цэнгэлжаргал нар эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ирээгүйгээс эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.
4.7.Иймээс, Г.*******, Д.Мөнхдаваа нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, хүү, анзын талаархи тохиролцоо нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлд 210,000,000 төгрөгийг хариуцагч Д.Мөнхдаваагаас шаардах эрхтэй байна гэж үзэв.
5.Нэхэмжлэгч Г.******* нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн барьцааны гэрээг Д.Мөнхдаваа, С.Одгэрэл, Ш.Цэнгэлжаргал, О.Одбаярын хууль ёсны төлөөлөгч аав С.Одгэрэл нар тус тус гарын үсэг зурж байгуулан, Баянгол дүүргийн 14 хороо, 3 хороолол, 14 байр 07 тоот хаягт орших, 29 мкв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан бөгөөд барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан Барьцааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигч талуудын маргаагүй тайлбараар нотлогдож байна.
5.1.Хариуцагч Ш.Цэнгэлжаргал талийгч С.Одгэрэл нар 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1251 дугаарт бүртгэж, 0104487 тоот гэрчилгээ олгогдсон байх бөгөөд тэдний дундаас 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүү О.Одбаяр төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэгчдийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогдсон.
5.2.Тус хэргийн хариуцагч С.Одгэрэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болох нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6331 дугаарт бүртгэж олгогдсон 111643081819 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, зохигчдийн тайлбараар тогтоогдож байна.
5.3.Энэхүү хэргийн хариуцагч С.Одгэрэл нь тухайн хэрэгт үндсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар баталгаа болгож С.Одгэрэл, Ш.Цэнгэлжаргал, О.Одбаяр нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007842 дугаарт бүртгэж, 000571921 дугаарын гэрчилгээ олгогдсон, Баянгол дүүргийн 14 хороо, 3 хороолол, 14 байр 07 тоот хаягт орших, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр барьцааны гэрээг барьцаалагч Г.*******, барьцаалуулагч Д.Мөнхдаваа, С.Одгэрэл, Ш.Цэнгэлжаргал, О.Одбаярын хууль ёсны төлөөлөгч аав С.Одгэрэл нар тус тус гарын үсэг зурж барьцаалуулсан байх бөгөөд энэхүү гэрээний талаар хариуцагч тал маргаагүй, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 156.4-т заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
5.4.Маргааны зүйл болсон дээрх барьцааны гэрээнд Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т 7-гоос 14 хүртэлх насны этгээдийн хийсэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хийнэ. гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох насанд хүрээгүй О.Одбаярын нэрийн өмнөөс түүний эцэг /талийгч/ С.Одгэрэл нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан нь хуульд нийцсэн байна.
5.5.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс ...барьцаа хөрөнгийг өвлөгчид шилжээгүй байгаа тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүх шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх тайлбарыг тус тус гаргаж маргасан.
5.6.Тус хэргийн хариуцагч (барьцаалуулагч) С.Одгэрэл нас барснаар түүний эрх, үүрэг дуусгавар болох боловч тухайн барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа, түүнчлэн барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч болох Ш.Цэнгэлжаргал энэ хэрэгт хамтран хариуцагчаар оролцож байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэхэд саад болохгүй гэж шүүх дүгнэсэн болно.
5.7.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй., 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана., 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй., 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч Д.Мөнхдаваа шүүхийн шийдвэрийн эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
5.8.Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбар, хүсэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.*******аас 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /1,207,950 төгрөг+70,200 төгрөг/ нийт 1,278,150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Мөнхдаваагаас /1,207,950+35,100/ нийт 1,243,050 төгрөг, хариуцагч Ш.Цэнгэлжаргалаас 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хууль 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Мөнхдаваагаас 210,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
2.Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд заасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007842 дугаарт бүртгэгдсэн, гэрчилгээний 000571921 дугаартай, О.Одбаяр, С.Одгэрэл, Ш.Цэнгэлжаргал нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол 14 дүгээр байрны 07 тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /1,207,950 төгрөг+70,200 төгрөг/ нийт 1,278,150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Мөнхдаваагаас /1,207,950+35,100/ нийт 1,243,050 төгрөг, хариуцагч Ш.Цэнгэлжаргалаас 35,100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ