Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2023/00781

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2023/00781

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

2023 03 14

181/ШШ2023/00781

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ........................Монгол Улс, Голомт банк ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................................ тоот хаягт оршин суух, Чонос овогт Жаргалын Бямбажаргал /РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээнүүдийн үүрэгт 46,368,611.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин нар оролцов.

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Голомт банк ХХК, хариуцагч Ж.Бямбажаргалд холбогдуулан зээлийн гэрээнүүдийн төлбөр 46,368,611.42 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Жаргал овогтой Бямбажаргал нь 2017 оны 09 дугаар сарын 26-ны өдөр Голомт банктай 317220704467 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 5,000,000.00 (таван сая) төгрөгийн эрхтэй, 50.00 (Тавин) ам.долларын эрхтэйгээр бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5(Гурав аравны тав) хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 (хоёр) хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 (хоёр) хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 (нэг) хувийн хүүтэй, 24 (хорин дөрөв) сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно.

Зээлдэгч Ж.Бямбажаргалтай байгуулсан ЗГ/220704467 тоот зээлийн гэрээний дагуу кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 44 сар хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд: Зээлийн үндсэн төлбөр 4,809,268.50 төгрөг, Зээлийн хүүний төлбөр 5,345,070.73 төгрөг, Зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 3,194,702.98 төгрөг, Зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 2,277,716.52 төгрөг, нийт 15,626,758.73 (арван таван сая зургаан зуун хорин зургаан мянга долоон зуун тавин есөн төгрөг далан гурван мөнгө) төгрөг төлөөгүй байна.

1.2. Мөн Ж.Бямбажаргал нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Голомт банктай ЗГ/КР/1700064836021 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 10,000,000.00 (арван сая) төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 (гурав аравны тав) хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 (хоёр) хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 (хоёр) хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 (нэг) хувийн хүүтэй, 24 (хорин дөрөв) сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан.

Зээлдэгч Ж.Бямбажаргалтай байгуулсан ЗГ/КР/1700064836021 тоот зээлийн гэрээний дагуу кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 43 сар хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд: Зээлийн үндсэн төлбөр 9,967,134.82 төгрөг, Зээлийн хүүний төлбөр 10,310,016.38 төгрөг, Зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 6,117,695.09 төгрөг, Зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 4,347,006.40 төгрөг, нийт 30,741.852.69 (гучин сая долоон зуун дөчин нэгэн мянга найман зуун тавин хоёр төгрөг жаран есөн мөнгө) төгрөг төлөөгүй байна.

Зээлдэгч Ж.Бямбажаргалаас Голомт банктай байгуулсан ЗГ/220704467, ЗГ/КР/1700064836021 тоог зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 46,368,611.42 (дөчин зургаан сая гурван зуун жаран найман мянга зургаан зуун арван нэгэн төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Голомт банкинд олгуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ж.Бямбажаргал 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Голомт банкны нэхэмжлэлтэй Ж.Бямбажаргалд холбогдох кредит картын зээлийн гэрээний үүрэгт 46,368,611,42 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлд дурьдсан 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан ЗГ220704467 дугаартай 5 сая төгрөгийн кредит карт, мөн 2019 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн ЗГ/КР/17000064836021 дугаартай 10,000,000 сая төгрөгийн кредит карт эзэмших гэрээ байгуулсан тал дээр маргах зүйлгүй болно.

Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу ашигласан зээл хүүний төлбөрийг төлж байх хугацаанд буюу 2019 оны 11 дүгээр сараас эхлэн Монгол улсад Ковид-19 цар тахал дэгдэж бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон ба Нийслэлд 9 удаа, улсын хэмжээнд 15 удаагийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн ба нэхэмжлэгч Голомт банк ХХК нь харилцагч Ж.Бямбажаргалд бусад арилжааны банкуудын харилцагч нартаа гаргасан цар тахлын үеийн хөнгөлөлт хүүнээс чөлөөлөх, нөхцөл өөрчлөх тухай Сангийн сайд, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээг аваагүй.

Иймээс нэхэмжлэлд дурьдсан зээлийн хугацаа хэтрүүлсэн төлбөр, зээлийн эрх хэтрүүлсэн төлбөр болох 15,937,123 төгрөгийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 2-т зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй гэж заасан байх тул төлөх боломжгүй байна.

Нэхэмжлэлээс үндсэн зээл, зээлийн хүү болох 30,431,492 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй байна гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Алтангэрэлд олгосон итгэмжлэл, Голомт банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 734 дүгээр тушаал, Голомт банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/КР/1700064836021 дугаартай кредит картын гэрээ, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ/220704467 дугаар кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 28л-2в/7261 тоот албан бичиг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/02249 дүгээр шийдвэр, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2020/01151 дүгээр шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШЗ2020/01341 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2020/09054 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэргийг гаргаж өгсөн.

4. Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Ж.Бямбажаргалд холбогдуулан

а/.2017 оны 09 дугаар сарын 26-ны өдөр Голомт банктай 317220704467 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 4,809,268.50 төгрөг, хүүний төлбөр 5,345,070.73 төгрөг, хугацаа хэтрүүлсний төлбөр 3,194,702.98 төгрөг, эрх хэтрүүлсний төлбөр 2,277,716.52 төгрөг, нийт 15,626,758.73 төгрөг,

б/.2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Голомт банктай ЗГ/КР/1700064836021 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 9,967,134.82 төгрөг, хүүний төлбөр 10,310,016.38 төгрөг, хугацаа хэтрүүлсний төлбөр 6,117,695.09 төгрөг, эрх хэтрүүлсний төлбөр 4,347,006.40 төгрөг, нийт 30,741.852.69 төгрөг буюу нийлээд 46,368,611.42 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

2.Хариуцагч Ж.Бямбажаргал нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу ашигласан зээл хүүний төлбөрийг төлж байх хугацаанд 2019 оны 11 дүгээр сараас эхлэн Монгол улсад Ковид-19 цар тахал дэгдэж бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон ба Нийслэлд 9 удаа, улсын хэмжээнд 15 удаагийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн, нэхэмжлэгч нь харилцагч Ж.Бямбажаргалд бусад арилжааны банкуудын харилцагч нартаа гаргасан цар тахлын үеийн хөнгөлөлт хүүнээс чөлөөлөх, нөхцөл өөрчлөх тухай Сангийн сайд, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээг аваагүй, зээлийн хугацаа хэтрүүлсэн төлбөр, зээлийн эрх хэтрүүлсэн төлбөр 15,937,123 төгрөгийг төлөх боломжгүй, үндсэн зээл, зээлийн хүүгийн 30,431,492 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэсэн тайлбар гаргасан.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн кредит картын эзэмшигчтэй байгуулах гэрээ, зээлийн картны тооцооллын хүснэгт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Зохигчдын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр кредит карт эзэмшигчтэй байгуулах ЗГ/220704467 дугаартай гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр 5,000,000 төгрөгийн эрхтэй, 50.00 ам.долларын эрхтэй бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй бэлэн гүйлгээгээр 1,390,900 төгрөг, бэлэн бус гүйлгээгээр 3,418,368.50 төгрөгийн үндсэн зээлийг авсан боловч уг зээлээ төлөлгүй 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 44 сарын хугацаа хэтрүүлсэн болох нь хэргийн баримт нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн маргаагүй тайлбараар тогтоогдож байна.

3.2.Мөн хариуцагч Ж.Бямбажаргал нь Голомт банктай 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/КР/1700064836021 тоот кредит картын гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан боловч уг зээлээ төлөөгүй 43 сарын хугацаа хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, гэрээ зэргээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй.

3.3.Зээлийн гэрээний 2-ын 2.1, 3-ын 3.3-т зааснаар нэхэмжлэгч нь 5,000,000/таван сая/ болон 10,000,000/арван сая/ төгрөгийг тус тус, 2/хоёр/ жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24/хорин дөрөв/ хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээний хүү нь гэрээнд заасан төлбөр эргэн төлөх өдрөөс эхлэн тооцогдож, тухайн төлбөрийг бүрэн төлсөн өдөр хүртэл бодогдохоор, бэлэн мөнгө авсны жилийн хүүг 42/дөчин хоёр/ хувиар тооцохоор хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээл, зээлийн хүүг гэрээнд заагдсан хугацаа, нөхцөлийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

3.4.Хариуцагч нь ЗГ/220704467 тоот гэрээгээр 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 9 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нэхэмжлэгчээс нийт 4,809,268.50 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Зээлийн картны тооцооллын хүснэгтээр,

ЗГ/КР/1700064836021 тоот зээлийн гэрээгээр 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нэхэмжлэгчээс 9,967,134.82 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Зээлийн картны тооцооллын хүснэгтээр тус тус тогтоогдож байна.

3.5.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

3.6.Зохигчийн байгуулсан зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний шинжтэй байна.

4.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

4.1.Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нь анх 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нэхэмжлэгчээс зээлд 4,809,268.50 төгрөгийг, мөн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нэхэмжлэгчээс 9,967,134.82 төгрөгийг, нийт 14,776,403.32 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Зээлийн картны тооцооллын хүснэгтүүдээр тогтоогдож байна.

4.2.Зээлийн гэрээнүүдийн 2-ын 2.1, 3-ын 3.4-т зааснаар хариуцагч нь тухайн сарын нийт зарцуулсан төлбөрийн /зээлийн/ эргэн төлөх доод хэмжээг дараа сарын 15-ны өдрөөс өмнө төлөх үүрэг хүлээсэн болох нь зээлийн гэрээний хуулбаруудаар нотлогдож байна.

4.3.Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс бэлнээр шилжүүлэн авсан зээлийн үлдэгдэл төлбөр /1,390,900+2,371,000/ 3,761,900 төгрөг, бэлэн бусаар шилжүүлэн авсан зээлийн үлдэгдэл төлбөр /3,418,368.50+7,596,134.82/ 11,014,503.32 төгрөг, нийтдээ 14,776,403.32 төгрөг болох нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн картны тооцооллын хүснэгтээр тогтоогдож байх ба хариуцагч нь энэ үйл баримтын талаар маргаагүй.

4.4.Хариуцагч нь нэхэмжлэгчид 2 гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт нийт 14,776,403.32 төгрөгийг төлөөгүй болох нь хариуцагчийн бэлэн болон бэлэн бус зээлийн үлдэгдэл дүнгийн талаарх тайлбар, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Зээлийн картны тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

4.5.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2 гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт нийт 14,776,403.32 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

5.ЗГ/220704467 тоот гэрээний үндсэн зээл 4,809,268.50 төгрөгийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх үндсэн хүү бэлэн гүйлгээний хүү 2,146,253.97 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 3,198,816.76 төгрөг нийлээд 5,345,070.73 төгрөг,

ЗГ/КР/1700064836021 тоот гэрээний үндсэн зээл 9,967,134.82 төгрөгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх үндсэн хүү бэлэн гүйлгээний хүү 3,574,038.90 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 6,735,977.48 төгрөг нийлээд 10,310,016.38 төгрөг болох нь 2022 оны 11 дугаар сарын 18-ны өдрийн Зээлийн картны тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

5.1.Хариуцагч нь үндсэн зээл, зээлийн хүү нийт 30,431,492 төгрөгийг төлнө, зээлийн хугацаа хэтрүүлсэн төлбөр, зээлийн эрх хэтрүүлсэн төлбөр 15,937,123 төгрөгийг төлөх боломжгүй гэх тайлбар гаргаж байх боловч 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тус тайлбараа баримтаар нотлоогүй болно.

5.2.Зээлийн гэрээний 2-ын 2.1-т зааснаар ЗГ/220704467 тоот гэрээний хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, ЗГ/КР/1700064836021 тоот гэрээний хугацаа 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус тус дуусгавар болсон байх боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн/1995 он/ 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл зээлийн үндсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

6.Зохигчид зээлийн гэрээнүүдийг байгуулахдаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг/1995 он/ үндэслэл болгосон байх тул тус хуулийг хэрэглэх үндэслэлтэй.

6.1.Хариуцагч нь нэхэмжлэгчид 2 гэрээний үндсэн зээлд /4,809,268.50 +9,967,134.82/ 14,776,403.32 төгрөгийг, түүний үндсэн хүүнд /5,345,070.73+10,310,016.38/ 15,655,080 төгрөг, нийт 30,431,483.32 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Зээлийн картны тооцооллын хүснэгтүүдээр тогтоогдож байна.

6.2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 он/ 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 2 зээлийн гэрээний үндсэн хүүний төлбөрт /5,345,070.73+10,310,016.38/ нийт 15,655,080 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

7.Нэхэмжлэгч нь хариуцагчаас хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч зээлийн гэрээнүүдийн 2-ын 2.1-т зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүүг 1/нэг/ хувь гэжээ.

7.1.Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна, 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч ... гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан.

7.2.Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсэгт зааснаар банк нь хуульд заасан үйл ажиллагааг явуулна.

7.3.Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулах ба Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээд, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар нэмэгдүүлсэн хүү гэж зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг ойлгохоор байна.

7.4.Зохигчид Зээлийн гэрээнүүдэд нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоогоогүй хэдий боловч гэрээний 2-ын 2.1-т хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1/нэг/ хувь гэж зааж тохиролцсон, тус гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгч нь хариуцагчаас эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар нэхэмжилжээ.

7.5.Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд зааснаар банк нь зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

8.Нэхэмжлэгч нь ...харилцагч өөрийн хүсэлтийн дагуу зээлийн хүүг зогсоогоод нөхцөлөө өөрчлөх боломжтой байсан атал хүсэлт гаргаагүй... гэж тайлбарласан ба энэ талаар хариуцагч Ж.Бямбажаргалаас банкинд хандаж хүүг зогсоохоор гаргасан хүсэлт хэрэгт баримтаар авагдаагүй,

хариуцагч нь ...нэхэмжлэгч нь харилцагч Ж.Бямбажаргалд бусад арилжааны банкуудын харилцагч нартаа гаргасан цар тахлын үеийн хөнгөлөлт хүүнээс чөлөөлөх, нөхцөл өөрчлөх тухай Сангийн сайд, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээг аваагүй... гэж татгалзлаа тайлбарласан боловч хэргийн 9-10, 14-16 дах хуудсанд авагдсан Зээлийн картын тооцооллын хүснэгтүүдэд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүү болон бусад төрлийн нэмэгдүүлсэн хүү бодоогүй зогсоосон болох нь тогтоогдож байгаа энэ нөхцөлд хариуцагчийн татгалзлыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

9.Зохигчийн байгуулсан ЗГ/220704467 тоот гэрээний хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, ЗГ/КР/1700064836021 тоот гэрээний хугацаа 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус тус дуусгавар болсон байх ба нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргахад тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШЗ2020/01341 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2020/01151 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасныг нь тус шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2020/09054 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг нь тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/02249 дүгээр шийдвэрээр Ж.Бямбажаргалыг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

10.Дээрхи нэгтгээд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Бямбажаргалаас 46,368,611.42 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 389,794 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 389,794 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Бямбажаргалаас 46,368,611.42 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 389,794 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Бямбажаргалаас 389,794 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ