Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00956

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00956

 

Г б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/00781 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Б-д холбогдох

Зээлийн гэрээнүүдийн үүрэгт 46,368,611.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл, Г.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ж.Б- нь 2017 оны 09 сарын 26-ны өдөр Г б-тай 317220704467 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 5,000,000 төгрөгийн эрхтэй, 50.00 ам.долларын эрхтэйгээр бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Зээлдэгч Ж.Б-тай байгуулсан ЗГ/220704467 тоот зээлийн гэрээний дагуу кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 44 сар хугацаа хэтрүүлсэн бөгөөд 2022 оны 11 сарын 18-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 4,809,268.50 төгрөг, хүүгийн төлбөр 5,345,070.73 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 3,194,702.98 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 2,277,716.52 төгрөг, нийт 15,626,758.73 төгрөг төлөөгүй байна.

Мөн Ж.Б- нь 2019 оны 02 сарын 02-ны өдөр ЗГ/КР/1700064836021 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 10,000,000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Зээлдэгч нь тус гэрээний дагуу кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 43 сар хугацаа хэтрүүлсэн бөгөөд 2022 оны 11 сарын 18-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 9,967,134.82 төгрөг, хүүгийн төлбөр 10,310,016.38 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 6,117,695.09 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 4,347,006.40 төгрөг, нийт 30,741.852.69 төгрөг төлөөгүй.

Иймд зээлдэгч Ж.Б-ын Г б-тай байгуулсан ЗГ/220704467, ЗГ/КР/1700064836021 тоог зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 46,368,611.42 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлд дурьдсан ЗГ220704467 тоот 5,000,000 төгрөгийн кредит карт, мөн ЗГ/КР/17000064836021 тоот 10,000,000 төгрөгийн кредит карт эзэмших гэрээг Г б-тай байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу ашигласан зээл хүүний төлбөрийг төлж байх хугацаанд буюу 2019 оны 11 сараас эхлэн Монгол Улсад Ковид-19 цар тахал дэгдэж бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж нийслэлд 9 удаа, улсын хэмжээнд 15 удаагийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Г б- ХХК нь Ж.Б-д бусад арилжааны банкуудын харилцагч нартаа гаргасан цар тахлын үеийн хөнгөлөлт хүүнээс чөлөөлөх, нөхцөл өөрчлөх тухай Сангийн сайд, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээг аваагүй.

Иймээс нэхэмжлэлд дурдсан зээлийн хугацаа хэтрүүлсэн төлбөр, зээлийн эрх хэтрүүлсэн төлбөр 15,937,123 төгрөгийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй гэж заасан байх тул төлөх боломжгүй. Нэхэмжлэлээс үндсэн зээл, зээлийн хүү болох 30,431,492 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ж.Б-аас 46,368,611.42 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г б- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 389,794 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Б-аас 389,794 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г б- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Г б-тай 2017 оны 09 сарын 26-ны өдөр байгуулсан 317220704467 тоот, 2019 оны 02 сарын 02-ны өдөр байгуулсан ЗГ/КР/1700064836021 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний төлбөр 46,368,611 төгрөгийг шүүх хангаж шийдвэрлэсэн. Шүүх хугацаа хэтрүүлсэн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь цар тахлын үед хэрэгжиж байсан тогтоол, шийдвэрийг Г б- дагаж мөрдөлгүй шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолын 8-д зааснаар Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлнэ. Шүүх 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс мөн оны 07 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүү болон бусад төрлийн нэмэгдүүлсэн хүү бодоогүй зогсоосон болох нь тогтоогдож байхад гэж дүгнэсэн. Гэтэл цар тахлын үеийн хүүгийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг 2021 онд бүхэлд нь тооцоогүй, улмаар тухайн үед нийт 6 сарын хугацаанд нэмэгдүүлсэн хүүг Г б- зогсоосон байгаа нь Засгийн газрын 8 тоот тогтоолд зээлдэгчийн хүсэлтийг харгалзан гэж заасны дагуу ийнхүү банк 6 сарын хугацаанд зогсоосон эрхзүйн үйл баримт байхад шүүх 2020-2021 оны хооронд бүхэлд нь нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөрийг хасаагүй шийдвэрлэсэн байна.

Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийг бүрэн хангахдаа нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээгээр хүү төлөхөөр гэрээнд зааснаар шийдээгүй. 3Г/КР/1700064836021 тоот гэрээний үндсэн хүүгийн телбер 5,345,070.73 төгрөгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү 1,069,017.146 төгрөг байхад хугацаа хэтрүүлсний төлбөр 3,194,702.98 төгрөг гэж буруу тооцсон байна.

Мөн ЗГ/КР/1700064836021 тоот гэрээний хугацаа хэтрүүлсний төлбер 6,117,695.09 төгрөгийн хүүгийн төлбөр 10,310,016.38 төгрөгийн 20 хувь нь 2,062,003.276 төгрөг байхад хуульд зааснаас хэт өндөр тооцсоныг шүүх анхааралгүй нэхэмжлэлийг бүрэн хангажээ. Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүг тооцох заалт байхгүй байхад шүүх 317220704467 тоот гэрээний эрх хэтрүүлсний төлбөр 2,277,716.52 төгрөг, ЗГ/КР/1700064836021 тоот гэрээний эрх хэтрүүлсний төлбөр 4,347,006.40 төгрөгийг тус тус хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү, эрх хэтрүүлсний төлбөр болох 31,592,208.1 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Засгийн газрын 183 дугаар тогтоолын 8-д хариуцагч өөрөө хүсэлтээ гаргавал тус хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль алдангийг хойшлуулж болно гэж заасан. Арилжааны банкнууд нь 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл бүх хариуцагч, зээлдэгч нараас нэмэгдүүлсэн хүүг 6 сарын хугацаагаар бодохгүйгээр хойшлуулсан. Түүнтэй холбоотойгоор хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн болон эрх хэтрүүлснийг хойшлуулах тухай хүсэлтийг харгалзаад хойшлуулаагүй. Зарим харилцагч нар нь ипотекийн зээлийн 8 хувийн буюу 6 хувийн зээлүүдтэй андуурсан байна. Г б- ХХК-аас тухайн хугацаатай холбоотой харилцагч өөрөө ямар нэгэн байдлаар бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хүсэлтийг өөрчлөх арга хэмжээ авч байсан. Гэтэл хариуцагчийн хувьд бичгээр хүсэлт гаргаагүй, зөвхөн нийтээр 6 сарын хугацаагаар хойшлуулсан арга хэмжээг авсан. Түүнийг хариуцагчийн хүсэлтээр 6 сарын хугацаагаар хойшлуулсан мэтээр тайлбарлаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг 7.4-т зохигчид зээлийн гэрээнүүдэд нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоогоогүй хэдий ч гэрээний 2.1-д хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэж зааж тохиролцсон, тус гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгч нь хариуцагчаас эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар нэхэмжилнэ гэж заасан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасан үндэслэл илэрсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Г б- ХХК нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан 2017 оны 09 сарын 26-ны өдрийн 17220704467 тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-ний үүрэгт 15,626,758.73 төгрөг, мөн 2019 оны 02 сарын 02-ны өдрийн ЗГ/КР/1700064836021 тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-ний үүрэгт 30,741.852.69 төгрөг, нийт 46,368,611.42 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт 30,431,492 төгрөг төлөхийг зөвшөөрч, зээлийн хугацаа болон эрх хэтрүүлсэн төлбөр 15,937,123 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчийн хооронд 2017 оны 09 сарын 26-ны өдөр болон 2019 оны 02 сарын 02-ны өдөр тус тус кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, банк нь кредит картыг 24 сарын хугацаанд ашиглуулах, уг хоёр картын зээлийн эрхийн хэмжээ нь 5,000,000 болон 10,000,000 төгрөгийн эрхтэй байхаар, бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувийн хүүтэйтэй байхаар харилцан тохиролцсон байна.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргасан ЗГ/КР/1700064836021 тоот кредит картны зээлийн тооцооллын хүснэгтээр хариуцагч нь 2019 оны 02 сарын 02-ны өдрөөс 2019 оны 03 сарын 18-ны өдрийн хугацаанд 9,967,134.82 төгрөгийн гүйлгээг, мөн ЗГ/220704467 тоот кредит картны зээлийн тооцооллын хүснэгтээр 2017 оны 09 сарын 21-ны өдрөөс 2019 оны 02 сарын 26-ны өдийн хугацаанд 4,809,268.50 төгрөгийн гүйлгээг, нийт 14,776,403 төгрөгийг шилжүүлэн авчээ.

Зээлийн гэрээнүүдийн 2.1, 3.4-т заасны дагуу хариуцагч нь тухайн сарын нийт зарцуулсан төлбөрийн /зээлийн/ эргэн төлөх доод хэмжээг дараа сарын 15-ны өдрөөс өмнө төлөх үүрэг хүлээсэн ч гэрээний төлбөрийг хугацаанд нь буцаан төлөөгүй, ийнхүү хугацаа хэтрүүлснээс гэрээнд зааснаар зээлийн эрхийн болон хугацаа хэтрүүлсний хүү тооцогдсон байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээнд заасан хугацаагаар ашигласан мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй тул хоёр гэрээний зээлийн үлдэгдэл төлбөрт 14,776,403 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

5. Хариуцагч кредит картыг ашиглан бэлэн болон бэлэн бус гүйлгээ хийсний хүү 15,655,087 төгрөгийг нэхэмжлэгч шаарджээ. Хэргийн баримтаас үзвэл хариуцагч нь ЗГ/220704467 тоот гэрээний дагуу 2017 оны 09 сарын 21-ны өдрөөс 2019 оны 02 сарын 26-ны өдрийг хүртэл 4,809,268.50 төгрөгийн бэлэн гүйлгээний хүү 2,146,253.97 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 3,198,816.76 төгрөг, нийт 5,345,070.73 төгрөг, мөн ЗГ/КР/1700064836021 тоот гэрээний дагуу 2019 оны 02 сарын 02-ны өдрөөс 2019 оны 03 сарын 18-ны өдрийг хүртэл 9,967,134.82 төгрөгийн бэлэн гүйлгээний хүү 3,574,038.90 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 6,735,977.48 төгрөг, нийт 10,310,016.38 төгрөгийн хүү тооцогджээ.

Нэхэмжлэгч дээрх тооцооллыг үндэслэн хүүгийн төлбөр шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. Учир нь кредит картын хэрэглээ нь ердийн зээлээс ялгаатай нь карт эзэмшигч өөрийн хэрэглээнд тохируулан бэлэн болон бэлэн бус гүйлгээ хийх замаар зээлийн эрхээ хэрэгжүүлэх, зээлийн гэрээний нийт дүнгээс бус хэрэглээнээс шалтгаалан хүү бодогдох онцлогтой байна. Иймд нэхэмжлэгч хоёр гэрээний бэлэн гүйлгээний хүүг сарын 3.5 хувиар, бэлэн бус гүйлгээний сарын хүүг 2 хувиар тус тус тооцон нийт 15,655,087 төгрөгийг хариуцагч Ж.Б-аас гаргуулахаар нэхэмжилсэн тооцооллыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, тооцоолол үндэслэлтэй байх тул хариуцагч зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

6. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт ЗГ/КР/1700064836021 тоот гэрээний хүү 3,194,702.98 төгрөг, ЗГ/220704467 гэрээний хүү 6,117,695.09 төгрөг, нийт 9,312,398.07 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцээгүй, нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг хуульд заасан хэмжээнээс хэтрүүлэн тооцсоныг шүүх анхаараагүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж, нэмэгдүүлсэн хүүг хуульд нийцүүлэн тооцож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. Нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан тул хоёр зээлийн гэрээний үндсэн хүү 15,655,087 төгрөгийн 20 хувиар тооцон (15,655,087/20) 3,131,017 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 6,181,381 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

7. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн зээлийн эрх хэтрүүлсний хүү 6,624,722.92 төгрөгийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй буюу хуулиар тогтоогоогүй хүүгийн шаардлагыг шүүх шийдвэрлэжээ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж, 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус хуульчилсан бөгөөд банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагаанд өөрөөр хүү тохиролцохыг хуулиар зөвшөөрөөгүй байна.

Иймд зохигчийн хооронд байгуулсан кредит картын гэрээний дагуу нэхэмжлэгчийн зүгээс ЗГ/КР/1700064836021 тоот гэрээний эрх хэтрүүлсний төлбөр 4,347,006.40 төгрөг, ЗГ/220704467 тоот гэрээний эрх хэтрүүлсний төлбөр 2,277,716.52 төгрөг, нийт 6,624,722.92 төгрөгийн шаардлагыг хуульд нийцэхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/00781 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Б-аас 33,562,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г б- ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,806,111 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, 389,794 төгрөг гэснийг 325,762 төгрөг гэж өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЭНЭБИШ