Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2023/00859

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 21

181/ШШ2023/00859

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ............ тоотод оршин суух, Боржигин овогт Болдын******* /РД:ЧР80120917/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................ тоотод оршин байрлах, ******* ХХК /РД:6102514/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 72,912,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярчимэг нар оролцов.

/Хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Сэргэлэн, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 72,912,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Б.Сэргэлэн би Ай энд Жи Инженеринг ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 13-р хороонд баригдах Баянзүрх хороолол-д орон сууц захиалгын гэрээ байгуулсан.

2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн С210706063/7 дугаартай гэрээний 1.2-д заасан Баянзүрх дүүргийн 13-р хороонд баригдах Баянзүрх хороолол 3-р ээлж С блокийн 9 давхрын 90 тоот хаягт байрлах 51,13 м.кв талбай бүхий 2 (хоёр) өрөө орон сууцыг нэг м.кв нь 1,250,000 (нэг сая хоёр зуун тавин мянган) төгрөгөөр тооцож, гэрээний нийт үнэ 63,912,500 (жаран гурван сая есөн зуун арван хоёр мянга таван зуун) төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон.

Захиалагч тал болох Б.Сэргэлэн би дээрх гэрээний 2.4-д заасны дагуу орон сууцны нийт төлбөр болох 63,912,500 төгрөгийг 2021 оны 07 сарын 08-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Гэрээний 1.3 дах хэсэгт заасны дагуу уг орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр байсан. Гэтэл гүйцэтгэгч тал нь 2022 оны 8 сар гэхэд газар шорооны ажлаа ч хийгээгүй, сууриа ч цутгаагүй байдалтай байсан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт зааснаар ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт байх тул нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал үүссэн болно. Иймд Б.Сэргэлэн миний зүгээс талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцлах тухай өргөдлийг 2022 оны 08 сарын 01-ний өдөр, 09 сарын 06-ны өдөр тус тус гүйцэтгэгч талд хандан гаргасан. Гүйцэтгэгч талаас 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 22/09-560 дугаартай тодорхойлолтоор Б.Сэргэлэн миний гэрээ цуцалсан төлбөрийн буцаалтыг 2022 оны 10-р сард багтаан олгоно гэсэн хариу өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг огт буцаан төлөөгүй байна.

Би дээрх орон сууцны төлбөрийг төлөхийн тулд бусдаас 50,000,000 төгрөгийг 15 сарын хугацаатай, 1 сарын 1,2 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд зээлийг эргүүлэн төлөх хугацаа нь 2022 оны 10 сарын 05-ны өдөр дууссан. Зээлдэгч талаас үндсэн зээл 50,000,000 төгрөгийг зээлийн хүү болох 9,000,000 төгрөгийн хамт даруй буцаан төлөхийг шаардаж, мэдэгдэл шаардах бичиг хүргүүлэн байнгын нэхэмжлээд байсан тул арга буюу өөр хүнээс дахин зээл авч хүүгийн төлбөр 9,000,000 төгрөгийг зээлдэгчид буцаан төлсөн.

Гүйцэтгэгчийн зүгээс гэрээний үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар биелүүлээгүйн улмаас нэмэлт зардал гарган бусдад зээлийн хүү 9,000,000 төгрөг төлж хохироод байна.

Иймд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн С210706063/7 дугаартай гэрээний төлбөр 63,912,500 төгрөг, гэрээнээс үүдэлтэй хохиролд 9,000,000 төгрөг нийт 72,912,500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 522,513 төгрөгийн хамт хариуцагч Ай энд Жи Инженеринг ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч ******* ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус Шүүхэд Б.Сэргэлэнгийн нэхэмжлэлтэй Ай энд Жи Инженеринг ХХК-д холбогдох гэрээний төлбөр 63,912.500 төгрөг, хохирол 9,000,000 төгрөг, нийт 72,912,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Ай энд Жи Инженеринг ХХК нь 2021 оны 07 сарын 06-ны өдөр захиалагч Б.Сэргэлэнтэй С210706063 тоот захиалгын гэрээ байгуулж, захиалгын гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 13-р хорооны нутаг дэвстэрт байрлах Баянзүрх хороолол орон сууцны төелийн 3-р ээжлийн С блок орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд барьж ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон болно. Гэвч гүйцэтгэгчийн зүгээс цаг үеийн нөхцөл байдал буюу ковидын дараах эдийн засгийн уналтаас шалтгаалж үйл ажиллагааных нь 70%-ийг бараа материалын үнэ тодорхойлж байдаг барилгын салбарын хувьд хүнд нөхцөл байдалд ороод байна. Ийнхүү дээрх орон сууц баригдахад анхны төсвөөсөө даруй 1 дахин нэмэгдсэн, туслан гүйцэтгэгчийн эрэлт муудсан зэрэг явдал нь өөрөө барилгыг ашиглалтад оруулах хугацааг хойшлуулаад байгаа билээ.

Ийнхүү дээрх нөхцөл байдлын талаар захиалагч нарт тухай бүрд мэдээлэл өгч. уулзалтуудыг зохион байгуулж байсан бөгөөд захиалагчдын зүгээс хугацаа хойшилж байгаа учир барилгыг ашиглалтад оруулахыг хүлээж чадахгүй тул гэрээгээ цуцалъя гэсэн хүсэлт гаргасан. Нэгэнт захиалагчийн зүгээс гэрээг цуцлахаар хүсэлт гаргасан тул бидний зүгээс захиалагчийн төлсөн төлбөр 63,912,500 төгрөгийг буцаан төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа болно.

Харин захиалагч буюу нэхэмжлэгчийн орон сууцны төлбөрт зориулан бусдаас зээлсэн зээлийн хүүгийн төлбөр болох 9,000,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь захиалгын гэрээний төлбөрийг хэрхэн төлөх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал бөгөөд хариуцагч тал зээлдүүлэгчийн өмнө захиалагчийн гүйцэтгэх үүргийг хүлээхгүй юм. Компанийн зүгээс гэрээний дагуу орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд, харин орон сууц хугацаандаа ороогүй талаар захиалагч орон сууцыг хүлээн авсны дараа гэрээний дагуу шаардлага гаргах эрх нь нээлттэй байсан. Гэтэл захиалагч өөрийн хүсэлтээр гэрээг цуцалсан явдалд хариуцагч талаас хохирол төлөх үндэслэлгүй байна.

Ийнхүү хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагаас 63,912,500 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх 9,000,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2-т заасны дагуу 9,000,000 төгрөгөнд ногдох шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Сэргэлэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн С210706063/7 тоот орон сууц захиалах гэрээ, ******* ХХК-ийн дансанд 63,912,500 төгрөг шилжүүлсэн банк хоорондын шилжүүлгийн баримт, Ай энд жи интернэшнл ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 22/09-560 тоот тодорхойлолт, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зээлдүүлэгч Д.Далайхүүгийн мэдэгдэл, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлдүүлэгч Д.Далайхүүгийн мэдэгдэлд гаргасан Б.Сэргэлэнгийн хариу, зээлдүүлэгч Д.Далайхүүгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шаардлага, Б.Сэргэлэнгийн Хаан банк дахь 5020292210 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, О.Оюун-Эрдэнэд олгосон итгэмжлэл, Л.Оюун-Эрдэнэ нь өмгөөлөгч Г.Энхцэцэгийг оролцуулах хүсэлт зэргийг гаргаж өгсөн байна.

4.Хариуцагч талаас нотлох баримтаар: ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эхлээд Г.Ганзулд олгосон итгэмжлэл, сүүлд С.Чингэст олгосон итгэмжлэлийг, хариуцагч талаас гаргасан хариу тайлбар зэргийг өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: Нэхэмжлэгч Б.Сэргэлэн нь хариуцагч ******* ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан С210706063/7 дугаартай орон сууц захиалгын гэрээний төлбөр 63,912,500 төгрөг, гэрээнээс үүдэлтэй хохиролд 9,000,000 төгрөг нийт 72,912,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

2.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ай энд Жи Инженеринг ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр захиалагч Б.Сэргэлэнтэй С210706063 тоот захиалгын гэрээ байгуулж, захиалгын гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 13-р хорооны нутаг дэвстэрт байрлах Баянзүрх хороолол орон сууцны төелийн 3-р ээжлийн С блок орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд барьж ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон боловч гүйцэтгэгчийн зүгээс цаг үеийн нөхцөл байдал, ковидын дараах эдийн засгийн уналтаас шалтгаалж үйл ажиллагааных нь 70%-ийг бараа материалын үнэ тодорхойлдог барилгын салбарын хувьд хүнд нөхцөл байдалд ороод, орон сууц баригдахад анхны төсвөөсөө даруй 1 дахин нэмэгдсэн, туслан гүйцэтгэгчийн эрэлт муудсан зэрэг явдал нь барилгыг ашиглалтад оруулах хугацааг хойшлуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 63,912,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 9,000,000 төгрөгийн хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

3.Шүүхээс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэст 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зуруулсан байтал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн төлөлөөгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Зохигчдийн хооронд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр С210706063/7 тоот орон сууц захиалах гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Баянзүрх хороолол 3-р ээлжийн С блок барилгын 9 давхарын 90 тоотын 2 өрөө, 51,13 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-тыг нь 1,250,000 төгрөгөөр нийт 63,912,500 төгрөгөөр захиалан бариулах, төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гүйцэтгэгч талд шилжүүлэх бөгөөд гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг 2022 оны 3-р улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ./хх-5-8 хуу/

6.Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар талуудын хэн алин маргаагүй.

7.Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4-т заасан үүргээ захиалагч Б.Сэргэлэн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 63,912,500 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

8.Гүйцэтгэгч тал болох Ай энд Жи Инженеринг ХХК нь гэрээний 1.3-т Гүйцэтгэгч нь орон сууцын барилгын 2022 оны 3-р удиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна гэж заасан үүрэг хүлээсэн боловч тус орон сууцны барилга өнөөдрийг хүртэл баригдаж эхлээгүй үйл баримт тогтоогдсон ба хариуцагч үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Б.Сэргэлэн гэрээг цуцалж, төлсөн мөнгөө буцаан авах хүсэлтийг гаргахад нь 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 22/09-560 тоот тодорхойлолтоор Баянзүрх хорооллын А3 блокийн захиалагч С210706063/7 гэрээний дугаартай Б.Сэргэлэнгийн гэрээ цуцалсан төлбөрийн буцаалтыг 2022 оны 10-р сард багтаан олгоно гэсэн хариуг өгчээ./хх-12 хуу/

9.Хэргийн үйл баримтаар зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч 63,912,500 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасантай нийцнэ.

10.Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Гүйцэтгэгч нь гэрээний 1.3-т заасан хугацаа дууссанаас хойш орон сууцны барилгыг ашиглалтад оруулах хугацааг 90 хоног, түүнээс дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 91 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,01%-иар тооцон алданги Захиалагч талд төлнө гэж зааж тохиролцсон байна.

11.Нэхэмжлэгч Б.Сэргэлэн нь 2021 оы 07 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.Далайхүүтэй зээлийн гэрээ байгуулж, 2021.07.05-ны өдрөөс 2022.10.05-ны өдрийг хүртэл 1 /нэг/ жилийн хугацаатай 50,000,000 төгрөгийг сарын 1,2 хувийн хүүтэй зээлж аваад энэхүү зээлсэн мөнгөө хариуцагч Ай энд Жи Инженеринг ХХК-тай байгуулсан С210706063/7 тоот орон сууц захиалах гэрээний үнэ 63,912,500 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төлсөн гэж тайлбарлан Д.Далайхүүтэй байгуулсан зээлийн гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг баримтаар гаргаж өгсөн.

12.Дээрх зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дууссан бөгөөд тус зээлийн 50,000,000 төгрөгийг хариуцагч компаниас буцаан авсан дариуд төлнө гэж зээлдүүлэгч Д.Далайхүүд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хариу хүргүүлсэн, мөн Д.Далайхүү нь зээлдэгч Б.Сэргэлэнд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн төлбөр 59,000,000 төгрөгийг яаралтай төлж барагдуулахыг анхааруулж шаардлага хүргүүлсэн ба Б.Сэргэлэн нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Д.Далайхүүгийн 5030730241 тоот дансанд зээлийн гэрээний хүү 9,000,000 төгрөгийг төлсөн болох нь деспозит дансны дэлгэрэнгүй хуулгын баримтаар тус тус тогтоогдож байна./хх-16, 18, 21 хуу/

13.Нэхэмжлэгч зээлийн гэрээний хүүнд төлсөн 9,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа боловч зохигчдын хооронд байгуулсан С210706063/7 тоот орон сууц захиалах гэрээний 1.3-т заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй энэ тохиолдолд тус гэрээний 4.2-т заасан алдангийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хэргийг хянан шийдвэрлэж буй 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацааныхыг нэхэмжлэгч шаардах эрхтэй болох нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасанд хамаарах тул нэхэмжлэгчийн хохиролд шаардсан 9,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

14.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хариуцагчаас гаргуулахаар шаардсан гэрээний төлбөр 63,912,500 төгрөг, гэрээнээс үүдэлтэй хохирол 9,000,000 төгрөг, нийт 72,912,500 төгрөгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

15.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Нэхэмжлэгч 72,912,500 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлдээ ногдох улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 522,513 төгрөгийг улсын орлого болгох бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 522,513 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хууль 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 219 дүгээр зүйлийн 219.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ай Энд жи инженеринг ХХК-аас 72,912,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Сэргэлэнд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522,513 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ай Энд жи инженеринг ХХК-аас 522,513 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Сэргэлэнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ