Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2023/01319

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 02

181/ШШ2023/01319

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .................. тоот хаягт оршин суух Боржигон овогт Шарын *******, /РД:/,

Нэхэмжлэгч: ................. тоотод оршин суух Боржигон овогт Банзрагчийн******* /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .................... тоот хаягт оршин суух Мэргэд овогт Наваандоржийн******* //-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 22,500,000 төгрөг гаргуулах үндсэн, 2 жилийн түрээсийн төлбөр 8,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль,

Хариуцагч Н.Зоригт,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ш.*******, Б.Дагдан нар нь хариуцагч З.Зоригтод холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт нийт 22,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ш.******* нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Н.Зоригттой зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 (арван таван сая) төгрөгийг өөрийн эхнэр Г.Дагдангийн данснаас хариуцагч Н.Зоригтын Хаанбанкны 5111101837 тоот дансанд шилжүүлэн нотариатаар гэрчлүүлсэн. Талууд зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд дараах нөхцөлийг харилцан тохиролцсон:

1.Зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг хүүгүй зээлдүүлнэ, зээлдэгч нь өөрийн гэр бүлийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 55 дугаар байр 22 тоот хаягт орших 2 өрөө байрыг зээлийн гэрээний хугацаанд үнэгүй зээлдүүлэгчид эзэмшүүлэн ашиглуулна. Уг байрны ашиглалтын зардлыг зээлдүүлэгч хариуцна.

2.Мөн хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд гэрээг дуусгавар болгохоор тус тус тохиролцсон.

Гэрээгээр зээлдүүлэгчид үнэгүй эзэмшүүлэхээр тохиролцсон орон сууцанд нэхэмжлэгч нар 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нүүж орсон. Тухайн үед хариуцагчид Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 55 дугаар байрыг өөрийн газар дээр бариулсан Д.Цэндмаа нь хариуцагч Н.Зоригтын эхнэр учир Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 55 дугаар байр 2 тоотыг эзэмшихэд асуудалгүй гэж тайлбарласан бөгөөд тус орон сууцны цахилгааны төлбөрийн дэвтэр Д.Цэндмаагийн нэрээр бичилт хийгдсэн байсан тул эргэлзээ төрөөгүй.

Тус орон сууцыг 2018 оноос 2021 он хүртэл эзэмших хугацаанд ямар нэг асуудал гараагүй. Гэвч 2021 оны 01 дүгээр сард Ш.Амаржаргал гэх хүн уг орон сууцыг худалдаж авсан, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ миний нэр дээр шилжсэн тухай хэлээд байраа суллахыг шаардах болсон.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дууссан боловч хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар утсаар холбогдоход гэрээнд заасны дагуу зээлийн гэрээний төлбөрийг төлснөөр та нар байрыг суллах тул төлбөр төлөх хүртэл хугацаанд энэ байранд байж бай гэж хэлдэг байсан.

Зээлийн гэрээний 3-т ...Зээл авагч нь гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алдангийг Зээл өгөгчид төлөх үүрэгтэй гэж зааснаар алданги 7.500.000 төгрөгийг нэхэмжилнэ.

Иймд хариуцагч Н.Зоригт нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, зөрчиж байх тул зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 (хорин хоёр сая таван зуун мянган) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлага 22,500,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. 15,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн учраас үүнд маргаан байхгүй. Нэг жилийн хугацаанд энэ байранд зээлийн хүү өгөхгүй үнэгүй суулгана гэж гэрээ хийсэн. Би Ш.*******д 1,650,000 төгрөгийг бэлнээр өгсөн. н.Ариунсэтгэл, н.Ундрах, Ш.******* нарт 5,000,000 төгрөгийг дунд нь хуваагаад нэг хүний 1,650,000 төгрөг өгсөн. 500,000 төгрөгийг Ш.*******гийн түрээсийн мөнгө гэж П.Аюурт өгсөн. Ингээд 2,150,000 төгрөгийг хасах ёстой гэж үзэж байгаа юм. Нэгэнт хүний мөнгийг өгөөгүй, хугацаа хэтрүүлсэн учраас алдангийн 7,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 22,500,000 төгрөгөөс 2,150,000 төгрөгийг хасаад 20,350,000 төгрөгийг би хүлээн зөвшөөрч байна. 2,150,000 төгрөг нь анх 2013 онд Д.Цэндмаагийн газар дээр Чимо ХХК хөрөнгө гаргаад 9 давхар байшин барина гэж хоорондоо тохирсон байдаг. Чимо ХХК нь 2013 онд 9 давхар байрны карказыг босгосон. 4 жил гаруй хугацаанд хөрөнгө байхгүй барилгын ажил нь зогссон. 2017 ондД.Цэндмаа надад Н.Зоригоо чи үл хөдлөх хөрөнгийн зуучийн ажил явуулж байгаа учраас энэ байрыг босгоод өг, Чимо ХХК мөнгө байхгүй, би мөнгө байхгүй зогссон гээд хүсэлт тавьсан. Би хөөцөлдөж байгаад хөрөнгө олоод, компани олоод 2 хүүхдийнхээ ирээдүйг нь бодоод Д.Цэндмаа болон Чимо ХХК-иас мөнгө гаргахгүй байрыг босгосон. 2018 онд ашиглалтад оруулахад Чимо ХХК-ийн захирал н.Батаа, Д.Цэндмаа нар надад хэлэхдээ чамд бид нар мөнгө өгч чадахгүй юм байна, гурван байрыг 3 жилийн хугацаатай хүнд түрээслээд эсвэл өөрөө суугаарай гэж хэлсэн. Ингээд би Ш.*******, н.Ариунсэтгэл, н.Ундрах гурваас 50 гаруй сая төгрөг зээлж аваад уг байрыг түрээслүүлсэн юм. Байр ашиглалтад орсны дараа дулааны шугам сүлжээ болохгүй байна, 40 гаруй сая төгрөг хэрэгтэй байна гэж контор нь надад хэлсэн. Иймээс би энэ гурван хүнээс 50 сая төгрөг зээлээд 40 гаруй сая төгрөгийг нь барилгын ажилд зориулаад ашиглалтанд оруулсан. Ш.*******тай 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл гэрээ хийж 15,000,000 төгрөгийг зээлж авсан. Энэ хооронд ямар нэгэн асуудал гараагүй байж байгаад 2021 онд асуудал гарсан. Д.Цэндмаагаас Чимо ХХК нь каркасны мөнгө болох 1 тэрбум 500 сая төгрөгийг нэхсэн. Шүүхээр ороод анхан шатны шүүх Д.Цэндмаагаас 1 тэрбум 500 сая төгрөг нэхэх нь үндэслэлтэй юм байна гэсэн шийдвэр гарсан. Анх хөрөнгө оруулсан хүнтэй тохирохдоо гурван давхрыг нь Д.Цэндмаа аваад, 6 давхрыг нь өөрсдөө авахаар болсон юм. Энэ хугацаанд Чимо ХХК 1 тэрбум 500 сая төгрөгийг Д.Цэндмаагаас нэхэхэд нь Д.Цэндмаа буцаагаад байраа өгье гээд, эд нарын сууж байсан гурван байрыг, бас нэг давхрын байр, гурван давхар байрныхаа 2 давхрыг нь Чимо ХХК-д өгөөд, өөрөө нэг давхрыг нь авч үлдсэн юм. Ингээд миний байр түрээслүүлсэн хүмүүс автоматаар Чимо ХХК-ийн мэдэлд очиж байгаа юм. Ш.*******гийн сууж байгаа байр нь Чимо ХХК-ийн захирал Ч.Батнасангийн гэр бүлийн хүн Ш.Амаржаргалд очсон юм. Ингээд Чимо ХХК нь энэ хүмүүсийг байрнаас хөөж эхэлсэн. 2021 оны 01 дүгээр сард би Ш.*******, н.Ариунсэтгэл, н.Ундрах гуравтай уулзаад та нарыг хөөгөөд байгаа учраас би та нарт гурван сарын байрны түрээсийн мөнгө өгье, энэ хооронд би мөнгө олоод та нарыг байрнаас гаргах арга хэмжээ авъя гээд 5,000,000 төгрөгийг дунд нь өгсөн юм. Бид нар Зайсанд уулзсан. Та нар сарын 500,000 төгрөгөөр бодоод байрны түрээсийн мөнгө өгөөрэй гэж хэлсэн. Энэ мөнгийг та нараас зээлсэн мөнгөнөөсөө хасаж тооцохгүй, миний буруугаас болоод та нарыг хөөгөөд байгаа учраас энэ мөнгийг өгч байгаа юм гэж хэлсэн. н.Ариунсэтгэл, н.Ундрах нар нь байрны түрээсийн мөнгийг П.Аюурт өгсөн байдаг. Харин Ш.******* түрээсийн 1,650,000 төгрөгийг өгөөгүй байсан. П.Аюур надад Н.Зоригоо нөгөө хоёр хүн мөнгөө өгсөн, Ш.******* мөнгө өгөхгүй байна гэхэд нь би П.Аюурт Ш.*******гийн түрээсийн 500,000 төгрөгийг өгсөн. Энэ талаараа Чимо ХХК албан бичигтээ бичсэн байгаа. Би нийт 2,150,000 төгрөгийг Ш.*******д өгсөн байгаа тул зээлийн 15,000,000 төгрөгөөс энэ мөнгө хасагдах ёстой гэж үзэж байна. Нөгөө хоёр хүнээс зээлсэн мөнгөнөөсөө хасаагүй. н.Ундрахаас 20,000,000 төгрөг зээлээд өгсөн, н.Ариунсэтгэлийн 15,000,000 төгрөгийг зээлсэн одоо өгөөгүй байгаа. 15,000,000 төгрөгөөсөө 2,150,000 төгрөгийг хасаж өгөөчээ гэж шүүхээс хүсэж байна. 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр П.Аюурт 500,000 төгрөгийг өгсөн. Ш.******* хэлэхдээ надаас мөнгө аваагүй гэж хэлээд байгаа юм. Би тэр үед хар буруу санаагүй учраас 5,000,000 төгрөгийг өгсөн гэсэн ямар ч бичиг аваагүй. Анхан шатны шүүх хурал дээр анхны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 1,650,000 төгрөг авсан гэж хэлсэн байдаг. Энэ шүүх хуралдааны тэмдэглэлэийг нотлох баримтаар хэрэгт авч нотолсон. Чимо ХХК хэлэхдээ н.Ариунсэтгэл, н.Ундрах нар мөнгө өгсөн, Ш.******* нэг ч төгрөг өгөөгүй гэж гэрчийн мэдүүлэг өгсөн нотлогдож байгаа тул үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэв.

3.Хариуцагч Н.Зоригт нь Ш.*******д холбогдуулан 2 жилийн түрээсийн төлбөр 8,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Би Ш.*******гаас 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 15,000,000 төгрөг зээлж авч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 55 дугаар байрны 22 тоотод нэг жилийн хугацаанд үнэгүй суулгах гэрээ байгуулсан. Гэтэл Ш.******* гэрээний хугацаа дууссанаас хойш 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сар хүртэл түрээсийн төлбөр төлөөгүй болно. Би мөнгөө өгч чадаагүй нь үнэн. Энэ хүмүүс намайг шүүхэд өгөх нь нээлттэй байсан. Намайг энэ байрыг ашиглалтад оруулсныг Чимо ХХК гэрчийн мэдүүлэг өгсөн, намайг мөнгө нэхэмжлэх эрхтэйг хэлж байна. Сарын түрээсийн мөнгө 330,000 гаруй төгрөг болж байсан. Би мөнгө зээлсэн учраас хамгийн багаар нь түрээсийг бодсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ мөнгөө аваагүй учраас энэ байранд суугаад байсан гэж хэлж байна. Гэрээнд хугацаа, нөхцөлөө заасан байна. Нэхэмжлэгч нь 3, 4 жилийн хугацаанд хүний байранд суучихаад дахиад алдангиа надаас бодож авах гээд байна. Би 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас нэхэмжлэх эрхтэй, энэ хүмүүс өгөх үүрэгтэй. Би 13,000,000 төгрөгөө өгнө, мөн алдангиа өгөх үүрэгтэй. Иймд Ш.*******гаас 2 жилийн түрээсийн төлбөр болох 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Талуудын хооронох зээлийн гэрээ хэзээ дуусгавар болох вэ гэхээр, гэрээний тавдугаар зүйлд энэхүү гэрээ нь зээл өгөгчөөс зээл авагчид мөнгийг гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно. Талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд гэрээ дуусгавар болно гэж заасан. Хүлээсэн үүрэг гэж Н.Зоригт гэдэг хүн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөнгөө аваад 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөнгөө өгөөд байрнаас гар гээд гарахгүй байхаар нь мөнгөө нэхэж болох юм. Түүнээс өөрөө мөнгөө өгөх үүргээ биелүүлээгүй байж тухайн үед мөнгөө өгөхгүйгээр байрандаа байлгах гээд байсан байгаа юм. Мөнгө өгсөн үеэс нэхэмжлэгч гарах эрх нь байсан. Нэхэмжлэгч нарыг шүүхийн шийдвэрээр албадан байрнаас гаргасан байдаг. Нэхэмжлэгч нар тухайн үед мөнгөө аваагүй байсан учраас түрээсийн төлбөр төлөх боломжгүй. Бид нар алдангиа тооцохдоо байрнаас гарсан өдрөөс хойш алданги тооцсон. Түрээсийн төлбөрийг хариуцагч Н.Зоригт нэхэмжлэх эрхтэй гэж яриад байна. Энэ байр нь миний ойлгож байгаагаар Д.Цэндмаа гэж хүний нэр дээр гараад сүүлд Ш.Амаржаргалын нэр дээр шилжээд, Ш.Амаржаргал шүүхэд хандаад албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаад байрыг чөлөөлүүлсэн байдаг. Түрээс нэхэмжилж байгаа бол Иргэний хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан байх ёстой. Энэ шаардлага хангагдсан юм уу? Түрээсээ сарын 333,000 төгрөг гэж нэхэмжилж байгаа нь юуг үндэслэн нэхэмжилж байгаа юм бэ? Миний бодож байгаагаар хийсвэр тоогоор шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хэцүү. Өмнө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буцсан хэрэг дээр хариуцагч талаас түрээсийн төлбөрөө 500,000 төгрөг гэж нэхэмжилж байгаад тэр хэрэг нь буцсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол тодорхой баримттай байх ёстой. Тухайн үеийн түрээсийн байр нь хэдэн төгрөг байсан гэдгийг үнэлгээний газраар ч юм уу тогтоох ёстой. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, бүх зүйлээ нотолж чадахгүй байна. Хамгийн гол нь 15,000,000 төгрөгөө өгсөн бол нэхэмжлэгч нар байрнаасаа гарах байсан. 15,000,000 төгрөгөө өгөөгүй хугацаанд нэхэмжлэгч нар байрандаа байсан. 15,000,000 төгрөгөө өгснөөр байрнаас гарах үүрэг нь эхлэх юм. Тийм учраас хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжгүй гэв.

5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 270,450 төгрөг төлсөн баримт, Ш.*******, Б.Дагдан нараас Б.Сонинбайгальд олгосон итгэмжлэл, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ, Ш.*******, Б.Дагдан нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, Б.Дагдангийн Хаан банк дахь 5166040663 тоот депозит дасны дэлгэрэнгүй хуулга, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2022/08701 дугаар захирамж зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагчаас нотлох баримтаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2021/02178 дугаар захирамж, Чимо ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 078 дугаар тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 160,000 төгрөг төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтаар: П.Аюур, Ш.Амаржаргал нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 7004 дугаар, мөн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлүүд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/01381 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 210/МА2021/01471 дүгээр магадлал зэрэг авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Ш.*******, Б.Дагдан нар хариуцагч Н.Зоригтоос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,000,000 төгрөг, гэрээнд заасан алданги 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шаардах эрхийн үндэслэлээ 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ш.*******, Н.Зоригттой зээлийн гэрээ байгуулж, 1 жилийн хугацаатай хүүгүй 15,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, авсан зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги төлөх, зээл авагч өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 4-р хороо, 55-р байр 22 тоот хаягт орших 2 өрөө байрыг зээлийн гэрээний хугацаанд үнэгүй зээл өгөгчид эзэмшүүлэн ашиглуулна. Уг байрны ашиглалтын зардлыг зээл өгөгч тал хариуцахаар гэрээгээр тохиролцсон байтал уг зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй тул 15,000,000 төгрөгөө, хуульд зааснаар алдангийг 50 хувиар тооцож 7,500,000 төгрөг, нийлээд 22,500,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж тайлбарласан.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...15,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн учраас маргахгүй. Нэг жилийн хугацаанд энэ байранд зээлийн хүү өгөхгүй үнэгүй суулгана гэж гэрээ хийсэн. Би Ш.*******д 1,650,000 төгрөгийг бэлнээр өгсөн. н.Ариунсэтгэл, н.Ундрах, Ш.******* нарт 5,000,000 төгрөгийг дунд нь өгөөд нэг хүний 1,650,000 төгрөг өгсөн. 500,000 төгрөгийг Ш.*******гийн түрээсийн мөнгө гэж П.Аюурт өгсөн тул эдгээр 2,150,000 төгрөгийг хасах ёстой гэж үзэж байна. Нэгэнт хүний мөнгийг өгөөгүй, хугацаа хэтрүүлсэн учраас алдангийн 7,500,000 төгрөгийг зөвшөөрнө. 22,500,000 төгрөгөөс 2,150,000 төгрөгийг хасаад 20,350,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэжээ.

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Зээлийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулж, 15,000,000 төгрөгийг хүүгүй 1 жилийн хугацаагаар зээлж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 55 дугаар байрны 22 тоотод нэг жилийн хугацаанд үнэгүй суулгах гэрээ байгуулсан. Гэтэл Ш.******* гэрээний хугацаа дууссанаас хойш 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сар хүртэл түрээсийн төлбөр төлөөгүй үнэ төлбөргүй уусан учир энэ хугацааны түрээсийн төлбөрийг хаана ч байхгүй хамгийн багаар сарын 333,000 төгрөгөөр тооцож, нийт 8,000,000 төгрөгийг Ш.*******гаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарласан.

5.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг Түрээс нэхэмжилж байгаа бол Иргэний хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан байх ёстой. Энэ шаардлага хангагдаагүй, Түрээсээ сарын 333,000 төгрөг гэж нэхэмжилж байгаа нь юуг үндэслэсэн нь тодорхойгүй, хийсвэр тоогоор шүүх нэхэмжлэлийг хангахгүй, урьд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буцаасан хэрэг дээр хариуцагч талаас түрээсийн төлбөрөө 500,000 төгрөг гэж нэхэмжилсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол тодорхой баримттай байх ёстой байтал нотлохгүй байх тул хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэв.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1.Нэг талаас Ш.*******, нөгөө талаас Н.Зоригт нар 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээгээр зээл өгөгч нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 15,000,000/арван таван сая/ төгрөгийг 1 жилийн хугацаатай хүүгүй зээлдүүлж, авсан зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги төлөх, зээл авагч өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 4-р хороо, 55-р байр 22 тоот хаягт орших 2 өрөө байрыг зээлийн гэрээний хугацаанд үнэгүй зээл өгөгчид эзэмшүүлэн ашиглуулна. Уг байрны ашиглалтын зардлыг зээл өгөгч тал хариуцахаар гэрээгээр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

6.2.Тухайн гэрээ нь хүчин төгөлдөр болсон, зохигчдын хэн алин уг гэрээний талаар маргаагүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

6.3.Нэхэмжлэгч Ш.******* нь зээлийн гэрээг хариуцагч Н.Зоригттой байгуулж, гэрээний 2-т Зээл авагч нь зээл өгөгчид 2018 оны 12 дугаар сарын 3-нд Хаан банкны 5111101837 Н.Зоригтийн данс руу шилжүүлнэ гэж заасны дагуу эхнэр Б.Дагдангийнхаа Хаан банкны 5166040663 тоот данснаас 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Н.Зоригтийн Хаан банкны 5111101837 тоот данс руу шилжүүлсэн болох нь дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасанд нийцсэн.

6.4.Хариуцагч Н.******* нь зээлийн 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг боловч уг мөнгөнөөс Ш.*******гийн өмнөөс түрээсийн төлбөрт Чимо ХХК-д 500,000 төгрөг төлсөн, мөн Ш.*******д 1,650,000 төгрөгийг түрээсийн төлбөртөө Чимо ХХК-д төлөөрэй гэж хэлээд өгсөн байтал түүнийг төлөөгүй учир энэ зээлийн мөнгөн дүнгээс нийт 2,150,000 төгрөгийг хасуулж, үлдэх 20,350,000 төгрөгийг төлнө гэж тайлбарлан маргасан.

6.4.Нэхэмжлэгчийн алдангид 7,500,000 төгрөг гаргуулах шаардлага нь Зээлийн гэрээний 3-т Авсан зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд Зээл авагч нь гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг Зээл өгөгчид төлөх үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасанд нийцсэн байна.

6.5.Хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Ш.*******д 1,650,000 төгрөгийг өгсөнтэй маргахгүй, харин Чимо ХХК-д Ш.*******гийн өмнөөс түрээсийн төлбөрт Н.Зоригтийн өгсөн гэх 500,000 төгрөг нотлогдоогүй тул зөвшөөрөхгүй гэх тайлбар, гэрч П.Аюурын мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Ш.*******д хариуцагч Н.Зоригтоос түрээсийн төлбөрт Чимо ХХК-д өгөөрэй гэж хэлж өгсөн 1,650,000 төгрөгийг өгсөн болох нь нотлогдож байх тул үндсэн зээлийн төлбөр 15,000,000 төгрөгөөс 1,650,000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 13,350,000 төгрөгийг болон алданги 7,500,000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн учир Н.Зоригтоос нийт 20,850,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлээс 1,650,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

6.6.Хариуцагч Н.Зоригт нь Ш.*******гийн түрээсийн төлбөрт 500,000 төгрөгийг Чимо ХХК-д төлсөн, Чимо ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 078 тоот тодорхойлолтоор тогтоогдож байгаа гэж тайлбарласан боловч энэ нь хэдэн оны, хэдэн сарын төлбөрт, хэдийд төлсөн болох нь бусад баримтаар давхар нотлогдохгүй байна гэж шүүх үзсэн болно.

7.Хариуцагч Н.Зоригтын нэхэмжлэгч Ш.*******гаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан түрээсийн төлбөр 8,000,000 төгрөгийн тухайд:

7.1.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 7-д Нэмэлт нөхцөл: Зээл авагч нь өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 4-р хороо, 55-р байр 22 тоот хаягт орших 2 өрөө байрыг дээрх зээлийн гэрээний хугацаанд үнэгүй Зээл өгөгчид эзэмшүүлэн ашиглуулна. Уг байрны ашиглалтын зардлыг зээл өгөгч тал хариуцна. гэж заасан нь тус зээлийн гэрээний хугацааг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан байх тул энэхүү нэг жилийн хугацаанд Ш.*******г уг орон сууцыг үнэ төлбөргүй эзэмшин ашиглахаар тохиролцсон байна гэж шүүх үзлээ.

7.2.Зохигчдын дээрх зээлийн гэрээнд зааж тохиролцсон тохироо 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болсон байхад Ш.******* нь тухайн орон сууцыг 2021 оны 12 сарыг дуустал эзэмшиж, ашигласан үйл баримт хариуцагч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, гэрч П.Аюурын мэдүүлэг, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ШШ/2021/01381 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2021/01466 дугаар магадлал зэрэг баримтаар тогтоогдож байна.

7.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул шүүх дээрх иргэний хэрэгтэй холбоотой үйл баримтыг дахин нотлохгүй юм.

7.4.Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалаар Хан-Уул дүүргийн 4-р хороо, 55-р байр 22 тоот хаягт орших 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Ш.Амаржаргал болох нь тогтоогдсон бөгөөд уг орон сууцыг Н.Зоригтод эзэмшүүлж, ашиглуулах эрхийг Чимо ХХК-аас олгосон үйл баримт тогтоогдож байгаа нь Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.1-д Хөлслөгч өөрийн хөлслөн авсан орон сууцыг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр бүхэлд нь буюу түүний хэсгийг гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлэх эрхтэй. гэж заасанд хамаарна.

7.5.Дээрхээс дүгнэхэд Ш.******* нь Н.Зоригттой хийсэн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш Хан-Уул дүүргийн 4-р хороо, 55-р байр 22 тоот хаягт орших 2 өрөө орон сууцанд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүссэн, шаардах эрхтэй байна.

7.6.Иймээс Н.Зоригт нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 2021 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны орон сууцны хөлс 8,000,000 төгрөгийг шаардах эрхтэй боловч үүнээс Н.Зоригтын Ш.*******д өгсөн 1,650,000 төгрөгийг хасаж, үлдэх 6,350,000 төгрөгийг Ш.*******гаас гаргуулж, Н.Зоригтод олгож шийдвэрлэв.

8.Нэхэмжлэгч Ш.*******, Б.Дагдан нарын 22,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,450 төгрөгийг улсын орлого болгох бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 262,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******, Б.Дагдан нарт олгож, хариуцагч Н.Зоригтын 8,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160,000 төгрөгийг улсын орлого болгож, Ш.*******гаас 116,550 төгрөг гаргуулж, Н.Зоригтод олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, З02 дугаар зүйлийн 302.1, 305 дугаар зүйлийн 305.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Зоригтоос 20,850,000 төгрөг гаргуулж Ш.*******, Б.Дагдан нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1,650,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Ш.*******гаас 6,350,000 төгрөг гаргуулж, Н.Зоригтод олгож, нэхэмжлэлийн шаардлагын 1,650,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,450 төгрөг, хариуцагчийн төлсөн 160,000 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Н.Зоригтоос 262,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******, Б.Дагдан нарт олгож, Ш.*******гаас 116,550 төгрөг гаргуулж Н.Зоригтод олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ