Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01344

 

 

 

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01344

 

 

Ш.Б, Б.Д нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2023/01319 дугаар шийдвэртэй, Ш.Б, Б.Д нарын нэхэмжлэлтэй Н.Зод холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, орон сууцны хөлс 8,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Н.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Ш.Б нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Н.З-той зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг өөрийн эхнэр Г.Д-ийн данснаас хариуцагч Н.З-ын Хаанбанкны 511110**** тоот дансанд шилжүүлэн нотариатаар гэрчлүүлсэн. Талууд зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг хүүгүй, зээлдэгч нь өөрийн гэр бүлийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 55 дугаар байр 22 тоот 2 өрөө байрыг зээлийн гэрээний хугацаанд үнэгүй зээлдүүлэгчид эзэмшүүлэн ашиглуулна. Уг байрны ашиглалтын зардлыг зээлдүүлэгч хариуцана. Мөн хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд гэрээг дуусгавар болгохоор тус тус тохиролцсон. Зээлдүүлэгчид үнэгүй эзэмшүүлэхээр тохиролцсон орон сууцанд нэхэмжлэгч нар 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нүүж орсон. Тухайн үед хариуцагчид Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар байрыг өөрийн газар дээр бариулсан Д.Ц нь хариуцагч Н.З-ын эхнэр учир Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо ** дугаар байр 2 тоотыг эзэмшихэд асуудалгүй гэж тайлбарласан бөгөөд тус орон сууцны цахилгааны төлбөрийн дэвтэр Д.Ц-гийн нэрээр бичилт хийгдсэн байсан тул эргэлзээ төрөөгүй. Тус орон сууцыг 2018 оноос 2021 он хүртэл эзэмших хугацаанд ямар нэг асуудал гараагүй. Гэвч 2021 оны 01 дүгээр сард Ш.А гэх хүн уг орон сууцыг худалдаж авсан, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ миний нэр дээр шилжсэн тухай хэлээд байраа суллахыг шаардах болсон.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дууссан боловч хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар утсаар холбогдоход гэрээнд заасны дагуу төлбөрийг төлснөөр та нар байрыг суллах тул төлбөр төлөх хүртэл хугацаанд энэ байранд байж бай гэж хэлдэг байсан. Зээлийн гэрээний 3-т зааснаар алданги 7,500,000 төгрөгийг нэхэмжилнэ. Иймд хариуцагч Н.З нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, зөрчиж байх тул зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Ннэхэмжлэлийн шаардлага 22,500,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. 15,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн маргаагүй. Нэг жилийн хугацаанд энэ байранд зээлийн хүү өгөхгүй үнэгүй суулгана гэж гэрээ хийсэн. Би Ш.Б-д 1,650,000 төгрөгийг бэлнээр өгсөн. н.А, н.У, Ш.Б нарт 5,000,000 төгрөгийг дунд нь хуваагаад нэг хүний 1,650,000 төгрөг өгсөн. 500,000 төгрөгийг Ш.Б-гийн түрээсийн мөнгө гэж П.А-рт өгсөн. Ингээд 2,150,000 төгрөгийг хасах ёстой.

Нэгэнт хүний мөнгийг өгөөгүй, хугацаа хэтрүүлсэн учраас алдангийн 7,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 22,500,000 төгрөгөөс 2,150,000 төгрөгийг хасаад 20,350,000 төгрөгийг зөвшөөрч байна. 2,150,000 төгрөг нь анх 2013 онд Д.Ц-гийн газар дээр Ч ХХК хөрөнгө гаргаад 9 давхар байшин барина гэж хоорондоо тохирсон байдаг. Ч ХХК нь 2013 онд 9 давхар байрны карказыг босгосон. 4 жил гаруй хугацаанд хөрөнгө байхгүй барилгын ажил нь зогссон. 2017 онд Д.Ц надад Н.З чи үл хөдлөх хөрөнгийн зуучийн ажил явуулж байгаа учраас энэ байрыг босгоод өг гэж хүсэлт тавьсан. Би хөөцөлдөж байгаад хөрөнгө олоод, компани олоод 2 хүүхдийнхээ ирээдүйг нь бодоод Д.Ц болон Ч ХХК-иас мөнгө гаргахгүй байрыг босгосон. 2018 онд ашиглалтад оруулахад Ч ХХК-ийн захирал н.Б, Д.Ц нар надад хэлэхдээ чамд бид нар мөнгө өгч чадахгүй юм байна, гурван байрыг 3 жилийн хугацаатай хүнд түрээслээд эсвэл өөрөө суугаарай гэж хэлсэн. Ингээд би Ш.Б, н.А, н.У гурваас 50 гаруй сая төгрөг зээлж уг байрыг түрээслүүлсэн юм. Байр ашиглалтад орсны дараа дулааны шугам сүлжээ болохгүй байна, 40 гаруй сая төгрөг хэрэгтэй гэж контор нь надад хэлсэн. Иймд би энэ 3 хүнээс 50 сая төгрөг зээлж 40 гаруй сая төгрөгийг барилгын ажилд зориулаад ашиглалтанд оруулсан.

Ш.Б-тай 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл гэрээ хийж 15,000,000 төгрөгийг зээлж авсан. Энэ хооронд ямар нэгэн асуудал гараагүй. Д.Цгаас Ч ХХК нь каркасны мөнгө 1 тэрбум 500 сая төгрөгийг нэээд анхан шатны шүүх Д.Ц-гаас 1 тэрбум 500 сая төгрөг нэхэх нь үндэслэлтэй гэсэн шийдвэр гарсан. Анх хөрөнгө оруулсан хүнтэй тохирохдоо гурван давхрыг нь Д.Ц аваад, 6 давхрыг нь өөрсдөө авахаар болсон юм. Энэ хугацаанд Ч ХХК 1 тэрбум 500 сая төгрөгийг Д.Ц-гаас нэхэхэд нь Д.Ц буцаагаад байраа өгье гээд, эд нарын сууж байсан гурван байрыг, бас нэг давхрын байр, гурван давхар байрныхаа 2 давхрыг нь Ч ХХК-д өгөөд, өөрөө нэг давхрыг нь авч үлдсэн юм. Ингээд миний байр түрээслүүлсэн хүмүүс автоматаар Ч ХХК-ийн мэдэлд очиж байгаа юм.

Ш.Б-гийн сууж байгаа байр нь Ч ХХК-ийн захирал Ч.Б-гийн гэр бүлийн хүн Ш.А-д очсон юм. Ингээд Ч ХХК нь энэ хүмүүсийг байрнаас хөөж эхэлсэн. 2021 оны 01 дүгээр сард би Ш.Б, н.А, н.У гуравтай уулзаад та нарыг хөөгөөд байгаа учраас би та нарт гурван сарын байрны түрээсийн мөнгө өгье, энэ хооронд би мөнгө олоод та нарыг байрнаас гаргах арга хэмжээ авъя гээд 5,000,000 төгрөгийг дунд нь өгсөн. Бид нар Зайсанд уулзсан. Та нар сарын 500,000 төгрөгөөр бодоод байрны түрээсийн мөнгө өгөөрэй гэж хэлсэн. Энэ мөнгийг та нараас зээлсэн мөнгөнөөсөө хасаж тооцохгүй, миний буруугаас болоод та нарыг хөөгөөд байгаа учраас энэ мөнгийг өгч байгаа юм гэж хэлсэн. н.А, н.У нар байрны түрээсийн мөнгийг П.А-т өгсөн байдаг. Харин Ш.Б түрээсийн 1,650,000 төгрөгийг өгөөгүй байсан. н.У-хаас 20,000,000 төгрөг зээлээд өгсөн, н.А-ийн 15,000,000 төгрөгийг зээлсэн одоо өгөөгүй. Ш.Б-гаас зээлсэн 15,000,000 төгрөгөөсөө 2,150,000 төгрөгийг хасаж өгөхийг шүүхээс хүсэж байгаа тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Би Ш.Б-гаас 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 15,000,000 төгрөг зээлж аваад Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо ** дугаар байрны ** тоотод нэг жилийн хугацаанд үнэгүй суулгах гэрээ байгуулсан. Гэтэл Ш.Б гэрээний хугацаа дууссанаас хойш 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сар хүртэл түрээсийн төлбөр төлөөгүй. Намайг энэ байрыг ашиглалтад оруулсныг Ч ХХК гэрчийн мэдүүлэг өгсөн. Сарын түрээсийн мөнгө 330,000 гаруй төгрөг болж байсан, хамгийн багаар түрээсийг бодсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөнгөө аваагүй учраас энэ байранд суусан гэж хэлж байна.

Гэрээнд хугацаа, нөхцөлөө заасан байна. Би 13,000,000 төгрөгөө өгнө, мөн алдангиа өгөх үүрэгтэй. Иймд Ш.Б-гаас 2 жилийн түрээсийн төлбөрт 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: Талуудын хоорондох зээлийн гэрээ нь зээл өгөгчөөс зээл авагчид мөнгийг гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно. Талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд гэрээ дуусгавар болно гэж заасан. Хүлээсэн үүрэг гэж Н.З 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөнгөө аваад 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөнгөө өгөөд байрнаас гар гээд гарахгүй байхаар нь мөнгөө нэхэх юм. Түүнээс өөрөө мөнгөө өгөх үүргээ биелүүлээгүй байж тухайн үед мөнгөө өгөхгүйгээр байрандаа байлгах гээд байсан байгаа юм. Мөнгө өгсөн үеэс нэхэмжлэгч гарах эрх нь байсан. Нэхэмжлэгч нарыг шүүхийн шийдвэрээр албадан байрнаас гаргасан байдаг. Нэхэмжлэгч нар тухайн үед мөнгөө аваагүй байсан учраас түрээсийн төлбөр төлөх боломжгүй. Бид нар байрнаас гарсан өдрөөс хойш алданги тооцсон. Энэ байр Д.Ц-гийн нэр дээр гараад сүүлд Ш.А-ын нэр дээр шилжээд, тэрээр шүүхэд хандан албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байрыг чөлөөлүүлсэн байдаг. Түрээс нэхэмжилж байгаа бол Иргэний хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан байх ёстой. Түрээсээ сарын 333,000 төгрөг гэж юуг үндэслэн нэхэмжилж байгааг тогтоох ёстой.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, бүх зүйлээ нотолж чадахгүй байна. Хамгийн гол нь 15,000,000 төгрөгөө өгсөн бол нэхэмжлэгч нар байрнаасаа гарах байсан. 15,000,000 төгрөгөө өгөөгүй хугацаанд нэхэмжлэгч нар байрандаа байсан. Тийм учраас хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, З02 дугаар зүйлийн 302.1, 305 дугаар зүйлийн 305.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Зоос 20,850,000 төгрөг гаргуулж Ш.Б, Б.Д нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1,650,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Ш.Б гаас 6,350,000 төгрөг гаргуулж, Н.З-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 1,650,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,450 төгрөг, хариуцагчийн төлсөн 160,000 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Н.З-оос 262,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б, Б.Д нарт олгож, Ш.Б гаас 116,550 төгрөг гаргуулж Н.З-д олгож шийдвэрлэжээ.

 6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...Ш.Б-гаас 6,350,000 төгрөг гаргуулж Н.З-д олгож ... гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Н.З-той 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг өөрийн эхнэр Г.Д-ийн данснаас хариуцагч Н.З руу шилжүүлж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээнд зааснаар Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг үнэгүй зээлдүүлэгчид ашиглуулахаар тохирсон. 2021 оны 12 сар хүртэл тухайн орон сууцыг Ш.Б, Н.Д нар эзэмшиж, ашиглаж байсан. Тухайн орон сууц нь Ш.А гэх хүний өмч байсан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ШШ/2021/01381 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 сарын 27-ны өдрийн 210/МА2021/01466 дугаар магадлалаар Ш.Б-г орон сууцнаас албадан гаргуулах шүүхийн шийдвэр гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт орон сууцны өмчлөгч Ш.А болох нь тогтоогдсон бөгөөд уг орон сууцыг Н.З-д эзэмшүүлж, ашиглуулах эрхийг Ч ХХК-аас олгосон үйл баримт тогтоогдож байгаа нь Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.1 дэх хэсэгт заасанд хамаарна гэж дүгнэсэн.

6.1.Тухайн орон сууцны өмчлөгч Ш.А бөгөөд Ч ХХК болон Ш.А 2 өөр эрх зүйн субьект байхад Ч ХХК зөвшөөрсөн гэх үндэслэл заасан байна. Ш.Амаржаргалын өмнө шүүхэд гаргасан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлдээ Ш.Б болон Н.З нарын зээлийн гэрээний мөнгө болон тухайн гэрээтэй холбоотой ямар ч зүйл надад байхгүй талаар бичсэн нь Н.З дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хөлслөгч биш, өмчлөгч ч биш нь харагдана.

6.2. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа 2 жилийн түрээсийн 8 сая төгрөг гаргуулах гэж тодорхойлсон бөгөөд 8 сая төгрөгийг 2 жил буюу 24 сард хуваахад 1 сарын төлбөр 333.333 төгрөг болж байна. Өмнө тухайн хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаад нэхэмжлэлийг буцаасан хэрэгт 1 сарын түрээсийн төлбөр 500,000 төгрөг гэж нэхэмжилсэн.

Дээрхээс харахад хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус Ш.Б болон Н.З нар түрээсийн төлбөр төлөхөөр тохиролцож байгаагүй, түрээсийн үнийг ч тохиролцоогүй, зөвхөн зээлсэн мөнгөндөө буюу мөнгийг эргүүлж өгөх хүртэл хугацаанд суухаар тохиролцсон байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 1 жилийн хугацаатай байгуулагдсан хэдий ч Н.З гэрээг үргэлжлүүлэх зорилгоор Ш.Б-д цааш нь түрээс дамжуулж өгөөрэй гэж 1,650,000 төгрөг төлсөнөөс гэрээ үргэлжилсэн нь харагдана. Нэхэмжлэгч Ш.Б нэхэмжлэлийн шаардлага гаргаж алданги тооцоолохдоо тухайн байрнаас гарсан үе буюу 2021 оны 12 сараас хойш хугацааны алданги тооцож байгаа гэж тодорхойлсон.

Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан харилцаа бөгөөд Ш.Б, Б.Д нар 15,000,000 төгрөгийг хариуцагч Н.З-д зээлдүүлэх, мөнгө зээлсэн хугацаанд Н.З дээрх орон сууцыг зээлдүүлэгч нарт ашигуулах зорилготой байсан. Иргэний хуулиийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан бичгээр байгуулсан хугацааны хүүгээ шаардах эрхтэй байдаг. Гэвч Н.З нь хүлээн зөвшөөрч нэхэмжпэгч Ш.Б, Б.Д нарыг гэрээнд заасан байранд суулгаж байсан нь дээрх хуулийн заалт, гэрээний хугацаа дууссан ч байрнаас гарах шаардлага тавиагүй, гэрээгээ үргэлжпүүлэхийг зөвшөөрч байсан нь харагдана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 7. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Д.Цгийн гуйлтаар 2018 онд хөрөнгийн олж, 9 давхар барилгыг босгосон. Тухайн үед барилгыг барихад Д.Ц газрын эзэн, Ч ХХК нь хөрөнгө оруулан каркасыг босгосон. Ч ХХК, Д.Ц нар надтай уулзаж, 9 давхар орон сууцыг босгож өгсөн тохиолдолд 3 жилийн хугацаанд 3 орон сууцыг үнэгүй ашиглаж болно гэж хэлсэн. Миний бие хөрөнгө оруулж, тухайн 9 давхар орон сууцыг барьсан. Мөн нэхэмжлэгч нараас 15,000,000 төгрөгийг зээлж авсан боловч өөрийн буруутай үйлдлээс болж уг мөнгийг өгч чадаагүй байна. Тухайн 15,000,000 төгрөгийг хүү, алдангийн хамт 22,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстой.

Анх гэрээ байгуулахдаа 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 1 жилийн хугацаанд үнэгүй байлгахдаа тухайн 15,000,000 төгрөгт ямар нэгэн хүү төлөхгүй гэж тохиролцсон. Ш.Б, Б.Д нар 2019 онд орон сууцнаас гарах ёстой байсан боловч гарахгүйгээр 3 жилийн турш уг орон сууцанд үнэ төлбөргүй амьдарсан. Ш.А нь Ч ХХК-ийн захирлын гэр бүлийн гишүүн. Ч ХХК нь тухайн орон сууцны мөнгийг нэхэмжилж болно, орон сууцыг чи өөрөө бариулсан учраас нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарласан тул миний зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд ямар нэгэн байдлаар бичгээр гэрээ байгуулагдаагүй. Миний зүгээс Ш.Б д 1,650,000 төгрөгийг бэлнээр өгсөн учраас 15,000,000 төгрөгөөс 1,650,000 төгрөгийг хасах ёстой. Мөн 500,000 төгрөгийг Ш.Б-гийн өмнөөс Ч ХХК-ийн дансанд шилжүүлэн өгсөн. Уг төлбөрийг Ч ХХК нь Ш.Б-гийн өмнөөс 1 сарын түрээсийн төлбөрт 500,000 төгрөгийг Н.З төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага 15,000,000 төгрөгөөс 2,166,000 төгрөгийг хасаж, 12,834,000 төгрөгийг нэхэмжлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгчээс 15,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг эс зөвшөөрч байна.

Мөн 12,834,000 төгрөгийн алданги 6,417,000 төгрөг, нийт 19,251,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Миний зүгээс нэхэмжлэгчид 11,000,000 төгрөгийг төлөх ёстой боловч анхан шатны шүүх 14,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гэрээнд зааснаар тухайн орон сууцанд 1 жилийн хугацаанд үнэгүй амьдруулна гэж 15,000,000 төгрөгийг зээлсэн. Тухайн гэрээнд заасан үүргээ биелүүлж, 1 жилийн турш уг орон сууцанд амьдарсан боловч дахин 3 жилийн хугацаанд үнэгүй амьдарч байна.

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 2. Нэхэмжлэгч Ш.Б, Б.Д нар нь хариуцагч Н.З-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч орон сууцны хөлс 8,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 3. Нэхэмжлэгч Ш.Б , хариуцагч Н.З нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Ш.Б нь 15,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай хариуцагч Н.Зод зээлдүүлж, хариуцагч нь өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах 2 өрөө байрыг зээлийн гэрээний хугацаанд нэхэмжлэгчид үнэ төлбөргүй эзэмшүүлэх, байрны ашиглалтын зардлыг нэхэмжлэгч хариуцах үүрэг хүлээсэн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

5. Шүүхийн шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэсэгт зохигч хэн аль нь гомдол гаргаагүй тул давж заалдах шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 6. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч Ш.Б орон сууцыг буцаан өгсөн өдөр хүртэлх хугацааны орон сууцны хөлс 8,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нар хариуцагч зээлсэн мөнгөө төлөөгүй учраас орон сууцны хөлс төлөхгүй гэж маргасан байна.

Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дууссан боловч нэхэмжлэгч Ш.Б орон сууцыг буцаан өгөөгүй тул шүүхийн шийдвэрээр орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсөн /хх 110-111/, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ш.А улсын бүртгэлд бүртгүүлсэн /хх-107/ үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон.

Зээлийн гэрээний 7-д зээл авагч нь өөрийн эзэмшлийн орон сууцыг зээлийн гэрээний хугацаанд үнэгүй зээл өгөгчид эзэмшүүлэн ашиглуулна гэж, 3-т авсан зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зээл авагч нь гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алдангийг зээл өгөгчид төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Талуудын дээрх тохиролцооноос үзвэл нэхэмжлэгч Ш.Б хариуцагчийн эзэмшлийн орон сууцыг зээлийн гэрээний хугацаанд үнэ төлбөргүй эзэмших, гэрээний хугацаа дуусгавар болоход хариуцагч нь авсан зээлээ буцаан өгөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон байна. Иймд нэхэмжлэгч Ш.Б гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш хариуцагчийн эзэмшлийн орон сууцыг үнэ төлбөргүй эзэмших эрхгүй тул хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны орон сууцны хөлсийг шаардсан нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй тул Ш.А орон сууцны өмчлөгч болсон үеэс эхлэн түүнд тухайн орон сууцны үр шим нь мөн адил шилжинэ.

Хариуцагч орон сууцны хөлсийг 2 жилийн хугацаагаар тооцож нийт 8,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба үүнийг үгүйсгэсэн баримтыг нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс Ш.А орон сууцны өмчлөгч болсон 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны орон сууцны хөлсийг нэг сард 333,333 төгрөгөөр тооцон нийт 3,533,332 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Б-гаас гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ш.Б орон сууцны хөлс төлөөгүй нь хэргийн баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх хариуцагчийн зээлийн төлбөрт нэхэмжлэгч нарт төлсөн мөнгийг орон сууцны хөлснөөс хасч тооцсон нь үндэслэлгүй байна.

7. Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй, хариуцагчийн илүү төлсөн тэмдэгтийн хураамжийн зөрүүг буцааж олгоогүй алдааг залруулах нь зүйтэй.

 8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2023/01319 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад ...6,350,000... гэснийг 3,533,332 гэж, ...нэхэмжлэлийн шаардлагын 1,650,000... гэснийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,466,668 гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нарын төлсөн 270,450 төгрөг, хариуцагчийн төлсөн 160,000 төгрөгөөс 142,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 262,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч Ш.Б гаас 71,484 төгрөг, улсын орлогоос 17,050 төгрөг тус тус гаргуулж хариуцагчид тус тус олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Д.БЯМБАСҮРЭН