Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2023/01466

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 12

181/ШШ2023/01466

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ....................... тоотод оршин суух Гүржавын ******* /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..................... тоотод оршин суух Дэндэвийн******* /РД: /-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2012 оны 5 дугаар сарын 25, 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, эдгээр хөрөнгүүдийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах, гар сканер 1 ш 220,000 төгрөг, нөүтбүүк 1ш 1,050,000 төгрөг, ipad 1ш 1,220,000 төгрөг, агаарын бохирдол хэмжигч 3,800,000 төгрөг, зургийн аппарат 3,000,000 төгрөг, дуу хураагч 245,685 төгрөгийн эд хөрөнгө болон Метерлоги ХХК-ийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тусгай зөвшөөрөл, компанийн тамга, Топуна ХХК-ийн барилгын зураг, газрын гэрээ, гэрчилгээ бичиг баримтуудыг хариуцагчаас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Загдсүрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Туул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.******* нь анх хариуцагч Д.Хуланд холбогдуулан 2012 оны 5 дугаар сарын 25, 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, эдгээр хөрөнгүүдийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгахыг шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Г.******* миний бие 2009 оноос Д.Хулантай танилцаж бие биенээ мэддэг байсан. Анх газрын төлбөр төлөхөд мөнгөний хэрэгцээ гарч мөнгө зээлж байсан ба 2010 оноос хойш 2 жилийн хугацаанд цувуулж авсаар нийт 81.000 ам.доллар зээлж авсан. Тухайн үед мөнгө төгрөг зээлэхдээ бидний хооронд ямар нэг гэрээ хэлцэл байгуулж байгаагүй ба зөвхөн амаараа хэлэлцэж тохироод өгч авдаг байсан. Ингээд 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бид хоёр зээлж зээлдүүлсэн мөнгө, төлбөр тооцооны талаар хоёр талаасаа баталгаажуулж тооцоо нийлсэн. Мөн уг зээлийн барьцаа болгож зээлээ төлсөн тохиолдолд эргүүлж авах нөхцөлтэйгээр өөрийн өмчлөлийн Ү-2204020860 тоот бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Америк дэнж 44/1 байр 03 тоот хаягтай 4 өрөө орон сууц, мөн Баянзүрх дүүргийн 14-р хороо Намъяанжугийн гудамж 44 байр 115 м.кв талбайтай зоорийн давхар үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-ээр Д.Хуланд шилжүүлсэн юм.

Ийнхүү 2012 оны 03 сарын 26-ны өдөр 10.000 ам.доллар бэлнээр, 2014 оны 09 сарын 04 өдөр 25.000 мянган ам.доллар бэлнээр, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 3.000 ам.доллар, 2015 оны 06 сарын 29 өдөр 25.000 ам.доллар, мөн 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 30.000.000 сая төгрөгийг өгөх байдлаар зээлээ эргүүлэн төлж бидний хоорондын төлбөр тооцооны асуудал дууссан. Ингээд Д.Хулангаас баталгаа болгон шилжүүлсэн өөрийн хөрөнгүүдээ шаардахад өөрийг нь заналхийлж, залилсан гэж худал гомдол цагдаагийн байгууллагад гаргах, үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэх зэргээр шилжүүлсэн хөрөнгүүдийг минь өгөхгүй өнөөдрийг хүрсэн.

Уг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан 4 өрөө орон сууц болон зоорийн давхарын үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэхдээ өмчлөх эрхийг нь шилжүүлэх хууль зүйн үр дагаварыг хүсээгүй, тийм хүсэл сонирхол, зорилго Д.Хулан бид хоёрын хэн алинд нь байгаагүй, зөвхөн зээл төлөх баталгаа болгож шилжүүлсэн. Өөрөөр хэлвэл эдгээр хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийгдсэн. Хэрвээ миний бие үнэхээр өөрийн 4 өрөө орон сууцаа бусдад худалдсан бол хэнд ч хэзээ ч 5 сая төгрөгөөр үнэлж худалдахгүй байх байсан. Уг 4 өрөө орон сууцандаа 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна.

Мөн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Д.Хулан бид хоёрын хоорондын өгсөн авсан мөнгө төгрөг, тооцооны асуудал болон 4 өрөө орон сууц, зоорийн давхарыг шилжүүлэх болсон шалтгаан нөхцлийн талаар Д.Хулангийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдлөөс тодорхой харагдана.

Иймээс 2012 оны 05 сарын 25-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ мөн 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож хэлцлийн үр дагаврыг арилгаж эдгээр хөрөнгүүдийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

1.2.2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Г.******* миний бие Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байхдаа хэрэглэж байсан гар сканер 1 ш 220,000 төгрөг, нөүтбүүк 1ш 1,050,000 төгрөг, ipad 1ш 1,220,000 төгрөг, агаарын бохирдол хэмжигч 3,800,000 төгрөг, зургийн аппарат 3,000,000 төгрөг, дуу хураагч 245,685 төгрөгийн эд хэрэгсэл, хөрөнгийг байгууллагаасаа хүлээж авсан байсан. Гэтэл Д.Хулан манай гэрээс эдгээр эд хөрөнгүүдийг авсан байсан. Мөн Метерлоги компанийг ашиглаж ажил хийх үедээ хэрэглэж байгаад буцааж өгөөгүй Метерлоги ХХК-ийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тусгай зөвшөөрөл, компанийн тамга, Топуна ХХК-ийн барилгын зураг, газрын гэрээ, гэрчилгээ бичиг баримтууд зургийг хариуцагч Д.Хулангаас тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч хариу тайлбартаа: Д.Хулан миний бие Г.*******той 2008 оноос танилцаж 8 жил хамтран амьдарсан юм. Хамтын амьдралын явцад би түүнд бүрэн итгэж өөрийн зүгээс шалтгаалах бүхнийг хийж, ажил бизнест нь тусалж, хөрөнгө оруулж мэдлэг чадвар, танил тал, ах дүү найз нөхдийнхөө хөрөнгө, туслалцааг авч, миний нөхөр, миний амьдрал гэж хандаж зүтгэсээр ирсэн.

Тухайлбал: 2010.12.6-нд БГД, 2-р хороолол Замчдын 25-43 тоот 4 өрөө орон сууцыг 97.750.000 төгрөгөөр, 2011.03.09-нд ХУД, 10-р хороо, Морингийн 60/1 байрны V-16 тоот үйлчилгээний байрыг 55.000 ам.доллараар тус тус худалдаж мөнгийг *******ийн бизнес барилгын ажилд оруулсан. Хадгаламжийн мөнгө, хүүхдээ Германд сургуульд явуулахаар хадгалж байсан мөнгөө мөн зарцуулсан. Топуна ХХК болон бусад олон компаниудынх нь ажилд зүтгэж, бүх л зөвшөөрөл, бичиг баримтын ажил, бүтэхгүй болохгүй болгоныг нь хийж, бүтээсээр ирсэн. Энэ хүний ажилд яваад бэртэж, тархиндаа гэмтэл авч тал харвасан, зүрхний шигдээстэй болсон, мөн энэ хүн мэдэн будилж 3 метр нүхэнд унагаснаар группэд орсон зэрэг миний амьдралыг бүх талаар нь нарийн, далд аргаар сүйрүүлсэнд асар их гомдолтой байдаг.

Г.******* нь 2012 оны 10 сараас ааш нь хувирч, надаас авсан хөрөнгө мөнгө, хөдөлмөрийг үнэгүйдүүлж, үгүйсгэж, гүжирдэж, хүний мөсгүй зан гаргаж эхэлсэн тул аман хэлцэлээр тохиролцсон нөхцөлүүдээ баталгаажуулах гэхэд 6 сарын дараа бөөн юм болж байж, зөвшөөрч 2013.04.14-ний өдөр Хөрөнгө оруулалт ба зээлийн гэрээ-г хийсэн юм.

1.Гэрээний Хөрөнгө оруулалт гэсэн а заалтанд*******гаас Топуна ХХК болон Г.*******т 2010-2013 онд оруулсан хөрөнгө, зарцуулсан хөдөлмөрийг нэгтгэн дүгнэж БЗД, хороо, Топуна ХХК-ний оффис, үйлчилгээний зориулалттай барилгад хөрөнгө оруулсаныг тодорхойлоод, уг барилгын 1-р давхрыг*******гийн өмчлөлд өгөхөөр тохиролцож, өмчлөх эрхийн гэрчилгээ гартал газар эзэмших гэрээ, гэрчилгээг*******д хадгалуулахаар заасан.

2.Мөн гэрээний Зээлийн хөрөнгө гэсэн б заалтанд,*******гаас Г.*******т зээлдүүлсэн мөнгөний дүнг 81.000 ам.доллар, 23.022.000 төгрөг болохыг баталгаажуулж, гарын үсэг, тамгаа дарсан ба сарын хүүг 2%, алдангийг 0,2%, хугацааг 2016.12.31 гэж заасан. Мөн гэрээний 9-д валютын зээлийг валютаар нь төлөх, 15-д нь төлбөрийг Топуна ХХК болон *******оос хамтад нь эсвэл дангаар нь алинаас нь ч шаардах эрхтэйг дурьдсан байгаа.

3.Гэрээний а заалтын 5-д *******ийн нэхэмжлэлд дурьдсан надад Худалдах худалдан авах гэрээ-гээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн талаар уг хөрөнгийг ******* эзэмшиж байхыг, үүргээ биелүүлсэн тохиолдолд буцааж авах эрхтэйг заасан ба 6-д нь үүргээ зөрчвөл шилжүүлсэн хөрөнгийг борлуулж үүргийн гүйцэтгэлийн зарим хэсгийг хангуулна гэсэн.

Гэрээний хугацааг үүрэг биелэгдсэнээр дуусгавар болно гэсэн боловч зээл төлж дуусах 2016.12.31-нээр тасалбар болгон, алдангигүйгээр, зөвхөн хүүгээр тооцоход ам.долларын үндсэн зээл нь 71.930 ам.доллар, хүү 27.934 ам.доллар нийт 99.864 ам.доллар, төгрөгийн зээлийн үлдэгдэл 13.281.360 төгрөг байна.

Зээлийн хэмжээ: 81.000 ам.доллар, 23.022.000 төгрөг, Хугацаа 2014.04.14-нөөс 2016.12.31 хүртэл 3 жил 8 сар 15 хоног, Хүү сард 2%, сард оногдох хүү 1.620 ам.доллар, 460.440 төгрөг, 2015.06.29-нөөс хойш сард оногдох хүү 1.438 ам.доллар, 460.440 төгрөг,

Төлөгдсөн мөнгө: 2014.09.04-нд 25.000 ам.доллар, 2015.06.29-нд 25.000 ам.доллар, 2019.05.25-нд 30.000.000 төгрөг. Тооцоолол нь:

Ам.долларын хувьд:

1.2013.04.14-с 2014.09.04 хүртэл 1 жил 4 сар 20 хоногийн хүү 27.040 ам.доллар, 2014.09.04-нд төлсөн 25.000 ам.долларыг хасаад Үлдэгдэл: үндсэн зээл 81.000 ам.доллар, хүү 2.040 ам.доллар.

2.2014.09.04-өөс 2015.06.29 хүртэл 9 сар 25 хоногийн хүү 15.930 ам.доллар, төлсөн 25.000 ам. долларыг хасаад Үлдэгдэл: үндсэн зээл 71.930 ам.доллар, хүү 0 болно.

3.2015.06.29-өөс 2016.12.31 хүртэл 1 жил 6 сард оногдох хүү 25.894 ам.доллар. Энэ нь огт төлөгдөөгүй болно. Үлдэгдэл: үндсэн зээл 71.930 ам.доллар, хүү 27.934 ам.доллар, нийт 99.864 ам.доллар болно.

4.Төгрөгийн хувьд: 2013.04.14-өөс 2016.12.31 хүртэл 3 жил 8 сарын хугацаанд бодогдох хүү 20.259.360 төгрөг, 2019 онд төлөгдсөн 30.000.000 сая төгрөг Үлдэгдэл: 13.281.360 төгрөг болно.

Ам.долларын зээл 99.864$ х 2.848 = 284.412.672Т. (2021.07.19-ний ханш 1$ = 2.8487), Төгрөгийн зээл 13.281.360 төгрөг. Нийт: 297 сая төгрөг.

Г.******* нэхэмжлэлдээ дээрх гэрээг яагаад дурьдаагүйг ойлгохгүй байна. Энэхүү гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр байгаа бөгөөд гэрээгээр тохирсон үүргээ ******* биелүүлсэн тохиолдолд нэхэмжлэлд дурьдсан шилжүүлсэн хөрөнгүүдийг би буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй.

Хөрөнгө шилжүүлсэн 2 гэрээгээ хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжилжээ. Дээрхи гэрээнүүд хэлбэрийн хувьд Худалдах худалдан авах гэрээ боловч агуулгын хувьд надаас авсан Хөрөнгө оруулалт, зээлийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хохирлыг төлөх үүрэгтэй, биелүүлбэл буцааж авах эрхтэй гэдгийг давхар өөр гэрээнд тусгасан, нотариатаар баталгаажуулж бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн хүчин төгөлдөр байгаа гэрээ юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.2-т сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал Шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийднэ гэж заасан байхад сөрөг нэхэмжлэлийг авахаас татгалзаж, хуулиар захирамжинд гомдол гаргах эрхгүй гэснээр миний эрх хязгаарлагдаж байгаад гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

2.2.2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 6 төрлийн 9.535.685 төгрөгийн эд зүйлүүд, болон Топуна ХХК-ийн барилгын зураг, газрын гэрчилгээ, Метеорологи ХХК-ийн Байгал орчны нарийвчилсан үнэлгээ-ний тусгай зөвшөөрөл зэргийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Дээрх зүйлүүд нь олон жилийн өмнө компанийн үйл ажиллагаанд хэрэглэгдэж байсныг мэднэ. Эдгээрийг намайг зөвшөөрөлгүй авч явсан өөрөөр хэлбэл хулгайлсан гэх асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гарган шалгуулж байсан. Ийнхүү 9 сая гаруй төгрөгний үнэтэй их хэмжээний эд зүйлийг түүний гэрээс авч яваагүй болно.

Топуна ХХК-ийн газрын гэрээ, гэрчилгээний хувьд бидний хооронд байгуулсан 2013.4.14-ний өдрийн Хөрөнгө оруулалт ба зээл-ийн гэрээний үүрэг биелэгдтэл газрын гэрээ, гэрчилгээг эх хувиар нь надад хадгалуулахаар тохиролцсон тул боломжгүй.

Метерологи компаний Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ-ний тусгай
зөвшөөрлийг нь эргүүлж өгнө. Дээрх 6 төрлийн эд хөрөнгөөс би түүний компаний ажлыг хийж байхдаа ажилд нь хэрэглэж байсан нөүтбүүк, ipad, зургийн аппарат нь биетээрээ надад байгаа эдгээрийг буцааж өгнө. Гар скайнер, агаарын бохирдол хэмжигч, дуу хураагч, тамгыг би ажил дээрээс ч, гэрээс нь ч аваагүй. Иймд эдгээрийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэдмэгтийн хураамжид /245,150+167,600/ нийт 412,750 төгрөг төлсөн баримт, 2012 оны 05 сарын 25-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээний хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээний хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, Г.*******ийн ХХБ-ны долларын болон төгрөгийн дансны хуулга, Д.Хулангийн 2020 оны 08 сарын 03-ны өдрийн БЗД-ийн Иргэний анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдөл, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын 1582 дугаартай тогтоол, иргэний үнэмлэхийн хуулбар, Оршин суугаа хаягийн тодорхойлолт, Төлбөр тооцоо баталгаажуулсан баримт, С.Базарсад өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, үндсэн хөрөнгийн үлдэгдлийн тайлан, Г.*******ийн 2008-2020 оны хооронд ус, дулаан, тог, СӨХ-ны төлбөр төлсөн баримтууд, Д.*******той байгуулсан хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, М.Мөнхзулд олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч №263 дугаартай М.Алтанцэцэгийн 2022 оны 11 дүгээр сарыйн 11-ний өдрийн 05 дугаартай Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Доржийн *******т өгсөн хариу, Монголын нотариачдын танхимын 2019.06.24-ний өдрөөс 2019.07.22-ны өдрийн №11 хуулбарын бүртгэлийн дэвтрийн нүүр, 2019.06.26-ны өдрийн 4933 бүртгэлийн тэмдэглэл, 2020.10.01-ний өдрөөс 2020.10.19-ны өдрийн №15 хуулбарын бүртгэлийн дэвтрийн нүүр, 2020.10.06-ны өдрийн 8337 бүртгэлийн тэмдэглэл, Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 336 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, 7940 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн лавлагаа, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээ зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагчаас нотлох баримтаар: Т.Туулыг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, Т.Туултай байгуулсан хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Ц.Загдсүрэнд олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтаар: 01-19 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, хувийн хэргийн хуулбар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020860 дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 44/1 дүгээр байр, 3 тоотод байршилтай 124,95 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг болон хувийн хэрэгт авагдсан баримтууд, дэлгэрэнгүй лавлагаа, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204028911 дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Намкяанжугийн гудамж, 44 дүгээр байранд байршилтай 115 м.кв талбайтай зоорийн давхрын үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан баримтууд, дэлгэрэнгүй лавлагаа зэрэг авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

4 өрөө орон сууц болон зоорийн давхарын үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэхдээ өмчлөх эрхийг нь шилжүүлэх хууль зүйн үр дагаварыг хүсээгүй, тийм хүсэл сонирхол, зорилго Д.Хулан бид хоёрын хэн алинд нь байгаагүй, зөвхөн зээл төлөх баталгаа болгож шилжүүлсэн ба эдгээр хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийгдсэн. Хэрвээ миний бие үнэхээр өөрийн 4 өрөө орон сууцаа бусдад худалдсан бол хэнд ч хэзээ ч 5 сая төгрөгөөр үнэлж худалдахгүй байсан. Уг 4 өрөө орон сууцандаа 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа тул 2012 оны 5 дугаар сарын 25, 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, эдгээр хөрөнгүүдийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгахыг шаардах эрхтэй, мөн миний гар сканер 1 ш 220,000 төгрөг, нөүтбүүк 1ш 1,050,000 төгрөг, ipad 1ш 1,220,000 төгрөг, агаарын бохирдол хэмжигч 3,800,000 төгрөг, зургийн аппарат 3,000,000 төгрөг, дуу хураагч 245,685 төгрөгийн эд хөрөнгийг болон Метерлоги компанийг ашиглаж ажил хийх үедээ хэрэглэж байгаад буцааж өгөөгүй Метерлоги ХХК-ийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тусгай зөвшөөрөл, компанийн тамга, Топуна ХХК-ийн барилгын зураг, газрын гэрээ, гэрчилгээ бичиг баримтууд Б.Хулан авч явсан тул гаргуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

2008 оноос танилцаж 8 жил хамтран амьдарсан, түүнд бүрэн итгэж өөрийн зүгээс шалтгаалах ажил бизнест нь тусалж, хөрөнгө оруулж мэдлэг чадвар, танил тал, ах дүү найз нөхдийнхөө хөрөнгө, туслалцааг авч, миний нөхөр, миний амьдрал гэж хандаж зүтгэсэн. Г.******* нь 2012 оны 10 сараас ааш нь хувирч, надаас авсан хөрөнгө мөнгө, хөдөлмөрийг үнэгүйдүүлж, үгүйсгэж, гүжирдэж, хүний мөсгүй зан гаргаж эхэлсэн тул аман хэлцэлээр тохиролцсон нөхцөлүүдээ баталгаажуулах гэхэд 6 сарын дараа бөөн юм болж байж, зөвшөөрч 2013.04.14-ний өдөр Хөрөнгө оруулалт ба зээлийн гэрээ-г хийсэн. Гэрээгээр ам.долларын зээл 99.864$ х 2.848 = 284.412.672Т. (2021.07.19-ний ханш 1$ = 2.8487), төгрөгийн зээл 13.281.360Т, нийт 297,000,000 төгрөг буюу энэ гэрээг яагаад нэхэмжлэлдээ дурьдаагүйг ойлгохгүй байна. Энэ гэрээгээр тохирсон үүргээ биелүүлсэн тохиолдолд нэхэмжлэлд дурьдсан шилжүүлсэн хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй,

6 төрлийн эд хөрөнгөөс би түүний компаний ажлыг хийж байхдаа ажилд нь хэрэглэж байсан нөүтбүүк, ipad, зургийн аппарат нь биетээрээ байгааг, Метерологи компаний Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ-ний тусгай
зөвшөөрлийг нь эргүүлж Метерологи компаний Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ-ний тусгай зөвшөөрлийг нь тус тус эргүүлж өгнө. Гар скайнер, агаарын бохирдол хэмжигч, дуу хураагч, тамгыг би аваагүй тул зөвшөөрөхгүй, Топуна ХХК-ийн газрын гэрээ, гэрчилгээний хувьд бидний хооронд байгуулсан 2013.04.14-ний өдрийн Хөрөнгө оруулалт ба зээл-ийн гэрээний үүрэг биелэгдтэл эх хувиар нь надад хадгалуулахаар тохиролцсон тул өгөх боломжгүй гэж маргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэхэмжлэгчийн гаргасан 2012 оны 5 дугаар сарын 25, 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, эдгээр хөрөнгүүдийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

1.Нэг талаас Г.*******, нөгөө талаас Д.Хулан нарын хооронд 2012.05.25-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан ба уг гэрээгээр Худалдагч тал нь худалдан авагчийн өмчлөлд БЗД, 4-р хороо, Энх тайвны өргөн чөлөө 44/1-р байрны 3 тоот 124,9 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг шилжүүлнэ, ...5,000,000 төгрөгөөр худалдах ба төлбөрийг 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусгасан байна гэж зааж тохиролцжээ./хх-7/

2.Мөн нэг талаас Г.*******, нөгөө талаас Д.Хулан нарын хооронд 2012.09.04-ний өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ /Подвал/-г байгуулсан ба уг гэрээгээр Худалдагч тал нь худалдан авагчийн өмчлөлд БЗД, 4-р хороо, Жамьянжугийн 44 байрны зоорьд байрлах 115 мкв талбайтай подвалыг шилжүүлнэ, ...5,000,000 төгрөгөөр худалдах ба төлбөрийг 2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр төлж дуусгасан байна, тооцоогүй гэж зааж тохиролцсон байна./хх-5-6/

3.Дээрх гэрээнүүдийг байгуулсан үндэслэлээ нэхэмжлэгч талаас Анх газрын төлбөр төлөхөд мөнгөний хэрэгцээ гарч Д.Хулангаас гарч мөнгө зээлж байсан ба 2010 оноос хойш 2 жилийн хугацаанд цувуулж авсаар нийт 81.000 ам.доллар зээлж авсан. Тухайн үед мөнгө төгрөг зээлэхдээ ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй, амаараа хэлэлцэн тохироод өгч авсан, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлж зээлдүүлсэн мөнгө, төлбөр тооцооны талаар хоёр талаасаа баталгаажуулж тооцоо нийлсэн, Уг зээлийн барьцаа болгож зээлээ төлсөн тохиолдолд эргүүлж авах нөхцөлтэйгээр өөрийн өмчлөлийн Ү-2204020860 тоот бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Америк дэнж 44/1 байр 03 тоот хаягтай 4 өрөө орон сууц, мөн Баянзүрх дүүргийн 14-р хороо Намъяанжугийн гудамж 44 байр 115 м.кв талбайтай зоорийн давхарын үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-ээр Д.Хуланд шилжүүлсэн гэж тайлбарлан тодорхойлж байна.

4.Хариуцагч тал нь Г.*******той 2008 оноос танилцаж 8 жил хамтран амьдарсан, түүнд бүрэн итгэж өөрийн зүгээс шалтгаалах ажил бизнест нь тусалж, хөрөнгө оруулж мэдлэг чадвар, танил тал, ах дүү найз нөхдийнхөө хөрөнгө, туслалцааг авч, миний нөхөр, миний амьдрал гэж хандаж зүтгэсэн. Г.******* нь 2012 оны 10 сараас ааш нь хувирч, надаас авсан хөрөнгө мөнгө, хөдөлмөрийг үнэгүйдүүлж, үгүйсгэж, гүжирдэж, хүний мөсгүй зан гаргаж эхэлсэн тул аман хэлцэлээр тохиролцсон нөхцөлүүдээ баталгаажуулах гэхэд 6 сарын дараа бөөн юм болж байж, зөвшөөрч 2013.04.14-ний өдөр Хөрөнгө оруулалт ба зээлийн гэрээ-г хийсэн. Гэрээгээр ам.долларын зээл 99.864$ х 2.848 = 284.412.672 төгрөг, (2021.07.19-ний ханш 1$ = 2.8487), төгрөгийн зээл 13.281.360 төгрөг, нийт 297,000,000 төгрөг гэрээгээр тохирсон үүргээ биелүүлсэн тохиолдолд нэхэмжлэлд дурьдсан шилжүүлсэн хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй, гэтэл зээлсэн мөнгийг төлөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

5.Хариуцагч Д.Хулан нь тус нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах явцад Г.*******т холбогдуулан 2013.04.14-ний өдөр Хөрөнгө оруулалт ба зээлийн гэрээ-г хийсэн. Гэрээгээр ам.долларын зээл 99.864$ х 2.848 = 284.412.672 төгрөг, (2021.07.19-ний ханш 1$ = 2.8487), төгрөгийн зээл 13.281.360 төгрөг, нийт 297,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШЗ2021/07407 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна./хх-113-115/

5.1.Мөн Д.Хулан 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Г.*******т холбогдуулан 2013.04.14-ний өдрийн Хөрөнгө оруулалт ба зээлийн гэрээний үүрэгт зээл ба хүүгийн үлдэгдэл төлбөрт нийт 328,571,419 төгрөг гаргуулах, Топуна ХХК-аас Баянзүрх дүүргийн 3-р хороонд байрлах оффис үйлчилгээний зориулалттай 6 давхар барилгын 1-р давхарын 267,1 мкв талбайг 2013.04.14-ний өдрийн Хөрөнгө оруулалт ба зээлийн гэрээний а хэсэгт заасны дагуу Д.Хулангийн өмчлөлд шилжүүлэхийг хөрөнгө эзэмшигч Г.*******т даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШЗ2021/05921 дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсэгт заасан заалтад хамаарахгүй үндэслэлүүдээр уг нэхэмжлэлээ бие даасан шаардлагаар хоёр хариуцагчид холбогдуулан тусд нь гаргаж шийдвэрлүүлэх боломжтойг дурдаж хүлээн авахаас татгалзжээ./хх-165-171/

5.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн 2013 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Хөрөнгө оруулалт ба зээлийн гэрээ гэх баримтыг хүлээн зөвшөөрөхгүй тус гэрээг Г.*******, Д.Хулантай хийгээгүй, гэрээнд зурсан гарын үсэг Г.*******ийн гарын үсэг биш, гарын үсгийг дуурайлган зурж, манай компанийн тамга тэмдгийг ашигласан, хуурамчаар үйлдсэн гэж марган шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2021/11442 дугаар захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2021.10.18-ны өдрийн 10/5585 тоот албан бичгээр ...захирамжид дурдсан шинжлэгдэж буй баримт болон харьцуулах загваруудыг ирүүлээгүй байх тул шинжилгээ хийх боломжгүй гэжээ./хх-130-131, 133-137, 153-154/

5.3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч №263 дугаартай М.Алтанцэцэгийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Доржийн *******т өгсөн 2022.11.10-ны өдрийн өх/05 тоотын хариунд: ...Нотаритач Жас овогт Манлайн Алтанцээцг би 2013.04.14-ний өдрийн Гүржав овогтой ******* ба түүний 100% хөрөнгийг нь эзэмшдэг Топуна ХХК болон иргэн Д.Хулан нарын хооронд байгуулсан хөрөнгө оруулалт ба зээлийн гэрээний хуулбарыг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хуулбарын бүртгэлийн дэвтрийн 4933 дугаарт бүртгэж, мөн тус гэрээний хуулыарйг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулбарын бүртгэлийн дэвтрийн 8337 дугаарт тус тус бүртгэж гэрчилсн болно. хэрэв гэрээний үнэн зөвийг гэрчилсэн бол гэрээний оролцогч талуудыг байлцуулан, гэрээний бүртгэлийн дэвтэрт бүртгэн гэрээний үнэн зөвийг гэрчлэх гэх баталгааны тэмдгийн дардас дарж гэрчлэгдэнэ. Тухайн өдрүүдэд тус гэрээний эх хувийг хуулбарлан, баримт бичгийг дээрхи хуулбарын дэвтэрт бүртгэж хуулбар үнэн баталгааны тэмдгийн дардас дарсан болно. Тухайн гэрээний оролцогч тал Чонос овогт Дэндэвийн******* дээрх хуулбаруудыг 2 удаа гэрчлүүлэхэд өөрийн биеэр гэрээний эх хувьтай ирж гэрчлүүлсэн болно. Хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн энэхүү үйлдэл нь гэрээг баталгаажуулсан үйлдэл биш бөгөөд Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан гэрээ хэлцэл гэрчлэх төрөл биш бөгөөд тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9 дэх хэсэгт заасан баримт бичгийн хуулбарыг болон ...гэрчлэх төрөл юм гэжээ./хх-179-183/

6.Зохигч талуудын тайлбар, хэргийн үйл баримтаас дүгнэхэд, Г.*******, Д.Хулан нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ нь Д.Хулангаас Г.******* 81,000 ам.доллар болон 23,022,000 монгол төгрөг зээлж авсан, хоорондоо тооцоо нийлсэн гэж тайлбарлан нэхэмжлэгч талаас *******ийн авсан мөнгийг дараах жагсаалтаар гаргаж хоёр талаас баталгаажууллаа гэсэн гарчиг бүхий бичвэртэй хуулбар хувь хэргийн 21 дэх талд авагдсан нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй,

хариуцагч талаас гэрээний хавсралт 1, Топуна ХХК-ий хөрөнгө эзэмшигч, иргэн Гүржав овогтой *******ийн авсан мөнгийг дараах жагсаалтаар гаргаж хоёр талаас баталгаажууллаа гэсэн бичвэр бүхий гарчигтай баримт нь хуулбар үнэн нотариатын тэмдэг дарагдсанаар хэргийн 103 дах талд авагджээ.

6.1.Гэвч нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт нь хуулийн шаардлага хангаагүй хуулбар байх тул шүүх нотлох баримтаар үнэлэхгүй, харин хариуцагч талаас гаргасан баримтыг нотариатч хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан боловч уг баримттай нэхэмжлэгч тал маргаж үгүйсгэсэн тайлбарыг гаргасан боловч бусад баримтаар нотлоогүй боловч энэхүү 2 баримтыг тухайн хэрэгт нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж шүүх үзлээ.

6.2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зүйл болсон Орон сууц худалдах худалдан авах гэрээнүүдийг зохигч талууд байгуулсантай хэн алин маргаагүй харин энэхүү хоёр гэрээний дагуу тус хоёр үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авагч тал болох Д.Хуланд биет байдлаар түүний өмчлөлд шилжүүлэн өгөөгүй, нэхэмжлэгч Г.*******ийн эзэмшил, ашиглалтанд байгаа боловч Улсын бүртгэлийн ерөнхий газарт Д.Хулангийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн болох нь баримтаар тогтоогдсон, энэ үйл баримттай талууд маргаагүй.

Хариуцагч тал үүнийг үгүйсгээгүй ба зээлийн төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд Г.*******ийн өмчлөлд маргааны зүйл болсон 2 үл хөдлөх хөрөнгүүдийг буцаан шилжүүлж өгнө гэж тайлбарлаж байна.

6.3.Д.Хулан, Г.******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

6.4.Д.Хулан нь Г.*******ийг авсан зээлээс 3 удаагийн төлөлтийг хийсэн гэж тайлбарлан маргаагүй ба үүнд нь 2019.05.25-ны өдөр хамгийн сүүлд 30,000,000 төгрөгийг түүнийг төлсөн гэж хариу тайлбартаа болон шүүхэд сөрж гаргаж байсан нэхэмжлэлд хавсаргасан Зээлийн тооцоо гэсэн баримтуудад тус тус тодорхойлсноор нотлогдож байна.

7.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд Хөөн хэлэлцэх хугацаа хамаарах шаардах эрх, 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна., 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; байхаар заасан.

7.1.Иймээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Г.******* 30,000,000 төгрөгийг Д.Хуланд төлсөн үйл баримт тогтоогдсон тул энэ өдрөөс хойш 3 жилийн хугацаанд буюу 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.Хулангаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор баталгаа болгож байгуулсан гэх 2012 оны 5 дугаар сарын 25, 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрүүдийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардсан шаардлагыг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

7.2.Г.*******, Д.Хулан нарын хооронд 2012.05.25, 2012.09.04-ний өдрүүдэд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан уг гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл; 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл; хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж заасанд хамаарч байна.

7.3.Г.******* нь зээлийн гэрээний үүргийг төлж барагдуулах хүртэл хугацаанд өөрийн өмчлөлийн орон сууц, подвал зэрэг хоёр үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг Д.Хуланд шилжүүлсэн, гэрээнд зах зээлийн бодит бус үнийг тусгасан, Г.******* өнөөдрийг хүртэл тус үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд бодитоор хүлээлгэж өгөөгүй, хариуцагч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд 2 үл хөдлөх эд хөрөнгүүдийг түүний өмчлөлд буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тайлбар зэрэг эдгээр нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд Г.*******, Д.Хулан нарын хооронд байгуулагдсан 2012.05.25, 2012.09.04-ний өдрүүдийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан Дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлүүд байна.

7.4.Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасны дагуу Г.*******ийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Д.Хуланд Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны 44 дүгээр байрны зоорийн давхарт байршилтай подвалын зориулалттай 115 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 44/1 дүгээр байрны 3 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 124,95 мкв талбайтай, дөрвөн өрөө орон сууцыг хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг тус тус Г.*******т буцаан шилжүүлэхийг даалгах үндэслэлтэй байна.

8.Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагаас нэхэмжлэгч Нөүтбүк, Ipad, зургийн аппарат, Метерлоги ХХК-ийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тусгай зөвшөөрөл зэргийг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрсөн ба гар скайнер, агаарын бохирдол хэмжигч, дуу хураагч, Метерологи ХХК-ийн тамгыг аваагүй гэж маргаж, эс зөвшөөрсөн ба эдгээрийг Д.Хуланг авсан болохыг Г.******* бичгийн баримтаар нотлоогүй тул энэ хэсгийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

8.1.Мөн Топуна ХХК-ийн барилгын зураг, газрын гэрээ, гэрчилгээ зэргийг талуудын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалт ба зээлийн гэрээний үүрэг биелэгдтэл эх хувиар нь Д.Хуланд хадгалуулахаар тохиролцсон гэж хариуцагчийн татгалзсан татгалзлыг шүүх хүлээн авах үндэстэй байна. Өөрөөр хэлбэл тус гэрээний үүргийн биелэлтийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй энэ маргааныг шүүх шийдвэрлээгүй тул үүнийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай хамтад нь дүгнэлт хийж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

8.2.Хариуцагч Д.Хулан нь Хөрөнгө оруулалт ба зээлийн гэрээний маргааны талаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байх бөгөөд тус гэрээний талаар шүүхэд бие даасан нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхэд энэ шүүхийн шийдвэр саад болохгүй дурдах нь зүйтэй байна.

9.Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 412,750 төгрөгийг улсын орлого болгох бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид /245,150+99,270/ нийт 344,420 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.2. 56.1.3, 56.5-д заасныг баримтлан Г.*******, Д.Хулан нарын хооронд 2012 оны 5 дугаар сарын 25, 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрүүдэд тус тус байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хариуцагч Д.Хуланд Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны 44 дүгээр байрны зоорийн давхарт байршилтай подвалын зориулалттай 115 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 44/1 дүгээр байрны 3 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 124,95 мкв талбайтай, дөрвөн өрөө орон сууц зэргийг Г.*******од хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгаж,

Д.Хулангаас Нөүтбүк, Ipad, зургийн аппарат, Метерлоги ХХК-ийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тусгай зөвшөөрөл зэргийг гаргуулж, Г.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас гар скайнер, агаарын бохирдол хэмжигч, дуу хураагч, Метерологи ХХК-ийн тамга, Топуна ХХК-ийн барилгын зураг, газрын гэрээ, гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /245,150+167,600/ нийт 412,750 төгрөгийг улсын орлого болгож, Д.Хулангаас /245,150+99,270/ нийт 344,420 төгрөгийг гаргуулж, Г.*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ