Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01294

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023  06  30  210/МА2023/01294

 

 

Г.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/01466 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.*******д холбогдох

2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн, 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгаж, нэр бүхий эд хөрөнгө, бичиг баримт гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Т.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Г.******* нь 2009 онд газрын төлбөр төлөх хэрэгцээ гарч Д.*******гаас мөнгө зээлж байсан ба 2010 оноос хойш 2 жилийн хугацаанд цувуулж нийт 81,000 ам.доллар зээлж авсан. Тухайн үед бид ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулж байгаагүй, зөвхөн амаараа хэлэлцэж тохирч байсан.

1.2. Бид 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлсэн, зээлдүүлсэн мөнгөний талаар хоёр талаасаа баталгаажуулж тооцоо нийлсэн. Мөн уг зээлийн барьцаа болгож Г.******* нь өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг, 4 дүгээр хороо, Америк дэнж 44/1 дүгээр байрны 03 тоот хаягтай, 4 өрөө орон сууц, мөн ******* дүүрэг, 14 дүгээр хороо, Намьяанжугийн гудамж 44 дүгээр байрны 115 м.кв талбайтай зоорийн давхар үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Д.*******д шилжүүлсэн.

1.3. Г.******* 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 10,000 ам.доллар бэлнээр, 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 25,000 ам.доллар бэлнээр, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 3,000 ам.доллар, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 25,000 ам.доллар, мөн 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөг тус тус өгч зээлээ эргүүлэн төлж бидний хоорондын төлбөр тооцооны асуудал дууссан.

Д.*******гаас баталгаа болгон шилжүүлсэн өөрийн хөрөнгүүдээ шаардахад цагдаагийн байгууллагад заналхийлж залилсан гэх худал гомдол гаргах, үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэх зэргээр буцаан өгөхгүй өнөөдрийг хүрсэн.

Нэхэмжлэлд дурдсан орон сууц болон зоорийн давхрын үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэх хууль зүйн үр дагаврыг хүсээгүй, тийм хүсэл сонирхол, зорилго бидний хэн алинд байгаагүй, зөвхөн зээл төлөх баталгаа болгож шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийгдсэн. Хэрвээ миний бие үнэхээр өөрийн 4 өрөө орон сууцаа бусдад худалдсан бол хэнд ч, хэзээ ч 5 сая төгрөгөөр үнэлж худалдахгүй байх байсан. Уг орон сууцандаа би 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна.

Иймээс 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож хэлцлийн үр дагаврыг арилгаж эдгээр хөрөнгүүдийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

1.4. Мөн хариуцагч Д.*******гаас гар сканер 1 ширхэг үнэ 220,000 төгрөг, нөүтбүүк 1 ширхэг үнэ 1,050,000 төгрөг, айпад 1 ширхэг үнэ 1,220,000 төгрөг, агаарын бохирдол хэмжигч 3,800,000 төгрөг, зургийн аппарат 3,000,000 төгрөг, дуу хураагч 245,685 төгрөгийн эд хэрэгсэл, мөн ******* ХХК-ийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тусгай зөвшөөрөл, компанийн тамга, ******* ХХК-ийн барилгын зураг, газрын гэрээ, гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Д.******* нь Г.*******той 2008 онд танилцаж 8 жил хамтран амьдарсан. Хамтын амьдралын явцад түүнд бүрэн итгэж өөрийн зүгээс шалтгаалах бүхнийг хийж, ажил бизнест нь тусалж, хөрөнгө оруулж мэдлэг чадвар, танил тал, ах дүү найз нөхдийнхөө хөрөнгө, туслалцааг авч, миний нөхөр, миний амьдрал гэж хандаж ирсэн.

Тодруулбал, Баянгол дүүрэгт байрлах 4 өрөө орон сууцыг 97,750,000 төгрөгөөр, Хан-Уул дүүрэгт байрлах үйлчилгээний байрыг 55,000 ам.доллараар тус тус худалдаж мөнгийг нь Г.*******ийн бизнес барилгын ажилд оруулсан. Хадгаламжийн мөнгөө мөн зарцуулсан. ******* ХХК болон бусад олон компанийнх нь ажилд зүтгэж, бүх л зөвшөөрөл, бичиг баримтыг хөөцөлдөж бүтээж ирсэн.

2.2. Г.******* нь 2012 оны 10 дугаар сараас ааш нь хувирч, надаас авсан хөрөнгө мөнгө, хөдөлмөрийг үнэгүйдүүлж, үгүйсгэж, гүжирдэж, хүний мөсгүй зан гаргаж эхэлсэн тул аман хэлцлээр тохиролцсон нөхцлүүдээ баталгаажуулж 2013 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хөрөнгө оруулалт ба зээлийн гэрээг байгуулсан.

Уг гэрээний Хөрөнгө оруулалт гэсэн а заалтад Д.*******гаас ******* ХХК болон Г.*******т 2010-2013 онд оруулсан хөрөнгө, зарцуулсан хөдөлмөрийг нэгтгэн дүгнэж ******* ХХК-ийн оффис, үйлчилгээний зориулалттай барилгад хөрөнгө оруулсныг тодорхойлоод, уг барилгын 1 дүгээр давхрыг Д.*******гийн өмчлөлд өгөхөөр тохиролцож, өмчлөх эрхийн гэрчилгээ гартал газар эзэмших гэрээ, гэрчилгээг Д.*******д хадгалуулахаар заасан.

Мөн гэрээний Зээлийн хөрөнгө гэсэн б заалтад, Д.*******гаас Г.*******т зээлдүүлсэн мөнгөний дүнг 81,000 ам.доллар, 23,022,000 төгрөг болохыг баталгаажуулж, гарын үсэг, тамгаа дарсан ба сарын хүүг 2%, алдангийг 0.2%, хугацааг 2016.12.31 гэж заасан. Мөн гэрээний 9-д валютын зээлийг валютаар нь төлөх, 15-ны өдөр төлбөрийг ******* ХХК болон Г.*******оос хамтад нь эсвэл дангаар нь алинаас нь ч шаардах эрхтэйг дурдсан.

Гэрээний а заалтын 5-д Г.*******ийн нэхэмжлэлд дурдсан надад Худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн талаар уг хөрөнгийг Г.******* эзэмшиж байхыг, үүргээ биелүүлсэн тохиолдолд буцааж авах эрхтэйг заасан ба 6-д нь үүргээ зөрчвөл шилжүүлсэн хөрөнгийг борлуулж үүргийн гүйцэтгэлийн зарим хэсгийг хангуулна гэсэн.

Г.******* нэхэмжлэлдээ дээрх гэрээг яагаад дурдаагүйг ойлгохгүй байна. Энэхүү гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр байгаа бөгөөд гэрээгээр тохирсон үүргээ Г.******* биелүүлсэн тохиолдолд нэхэмжлэлд дурдсан шилжүүлсэн хөрөнгүүдийг би буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй.

2.3. Хөрөнгө шилжүүлсэн 2 гэрээ хэлбэрийн хувьд худалдах худалдан авах гэрээ боловч агуулгын хувьд надаас авсан хөрөнгө оруулалт, зээлийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хохирлыг төлөх үүрэгтэй, биелүүлбэл буцааж авах эрхтэй гэдгийг давхар өөр гэрээнд тусгасан, нотариатаар баталгаажуулж бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн хүчин төгөлдөр байгаа гэрээ юм.

2.4. Нэхэмжлэлийн шаардлагад 6 төрлийн 9,535,685 төгрөгийн эд зүйл болон ******* ХХК-ийн барилгын зураг, газрын гэрчилгээ, ******* ХХК-ийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тусгай зөвшөөрөл зэргийг гаргуулахаар нэхэмжилснийг эс зөвшөөрч байна. Учир нь дээрх зүйлүүд олон жилийн өмнө компанийн үйл ажиллагаанд хэрэглэгдэж байсныг мэднэ. Эдгээрийг намайг зөвшөөрөлгүй авч явсан, хулгайлсан гэх асуудлаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гарган шалгуулж байсан. 9 сая гаруй төгрөгийн үнэтэй их хэмжээний эд зүйлийг түүний гэрээс авч яваагүй болно.

******* ХХК-ийн газрын гэрээ, гэрчилгээний хувьд бидний хооронд байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Хөрөнгө оруулалт ба зээлийн гэрээний үүрэг биелэгдтэл газрын гэрээ, гэрчилгээг эх хувиар нь надад хадгалуулахаар тохиролцсон тул боломжгүй. ******* ХХК-ийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тусгай зөвшөөрлийг нь эргүүлж өгнө. Дээрх 6 төрлийн эд хөрөнгөөс би түүний компанийн ажлыг хийж байхдаа ажилд нь хэрэглэж байсан нөүтбүүк, айпад, зургийн аппарат нь биетээрээ байгааг буцааж өгнө. Гар скайнер, агаарын бохирдол хэмжигч, дуу хураагч, тамгыг би ажил дээрээс ч, гэрээс нь ч аваагүй. Иймд эдгээрийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5-д заасныг баримтлан Г.*******, Д.******* нарын хооронд 2012 оны 5 дугаар сарын 25, 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрүүдэд тус тус байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хариуцагч Д.*******д ******* дүүрэг, 14 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны 44 дүгээр байрны зоорийн давхарт байршилтай подвалын зориулалттай 115 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон ******* дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 44/1 дүгээр байрны 3 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 124,95 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууц зэргийг Г.*******т хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгаж,

Д.*******гаас Нөүтбүк, айпад, зургийн аппарат, ******* ХХК-ийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тусгай зөвшөөрөл зэргийг гаргуулж, Г.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас гар скайнер, агаарын бохирдол хэмжигч, дуу хураагч, ******* ХХК-ийн тамга, ******* ХХК-ийн барилгын зураг, газрын гэрээ, гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /245,150+167,600/ нийт 412,750 төгрөгийг улсын орлого болгож, Д.*******гаас /245,150+99,270/ нийт 344,420 төгрөгийг гаргуулж, Г.*******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1. Шүүх талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, болон хөрөнгө оруулалт ба зээлийн гэрээг хоорондоо холбоогүй харилцан тооцогдохгүй, тусад нь нэхэмжлэх эрхтэй гэсэнтэй санал нийлэхгүй байна. Хөрөнгө оруулалт ба зээлийн гэрээний хөрөнгө оруулалт гэсэн "а" хэсгийн 5-д Д.*******гийн өмчлөлд баталгаа болгож шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний хугацаанд Г.******* эзэмших, үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд Д.******* буцааж өгөх нөхцөлтэй гэж тодорхойлсон нь энэ 2 гэрээ хоорондоо салшгүй холбоотой харилцан тооцогдох байтал төлбөр бүрэн төлөөгүй байхад 2 үл хөдлөх эд хөрөнгийг Г.*******т буцаан өгсөн нь үндэслэлгүй. Мөн гэрээнд Г.*******ийн нэхэмжлэлдээ дурдсан 81,000 ам.доллар, 23,022,000 төгрөгийн асуудал тусгагдсан 2 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа болгож Д.*******д өмчлүүлсэн болохоо дурдсан байгааг хоорондоо холбоотой болохыг анхаараагүй. Г.******* үүргээ бүрэн гүйцэтгээгүй тул хөрөнгөө буцааж авахаар шаардах эрхгүй байсан.

4.2. Шийдвэрийн 6.1-д Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт хуулийн шаардлага хангаагүй, хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг нотариатч хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан боловч уг баримттай нэхэмжлэгч тал маргаж үгүйсгэсэн тайлбарыг гаргасан боловч бусад нотлох баримтаар нотлоогүй боловч энэхүү 2 баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэнийг эс зөвшөөрч байна.

Тухайн 2 баримт буюу хөрөнгө оруулалт ба зээлийн гэрээ, зээлсэн мөнгөний жагсаалтын хуулбарыг баталгаажуулсан нотариатчийн үйлдэл хүчин төгөлдөр байхад зөвхөн нэхэмжлэгчийн амаар гаргасан тайлбараа баримтаар нотлоогүй байхад уг баримтыг үнэлэхгүй байгаа нь өрөөсгөл бөгөөд хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

4.3. Мөн шийдвэрийн 6.2-т дүгнэхдээ нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулсантай талууд маргаагүй, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг Д.*******д биет байдлаар нь түүний өмчлөлд шилжүүлэн өгөөгүй нэхэмжлэгч Г.*******ийн эзэмшил ашиглалтад байгаа, улсын бүртгэлд Д.*******гийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн энэ үйл баримттай хариуцагч тал үүнийг үгүйсгээгүй ба зээлийн төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд Г.*******ийн өмчлөлд буцаан шилжүүлж өгнө гэсэн тайлбарыг дурдсан атлаа Г.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлбөрөө бүрэн төлсөн байхад Д.******* 2 үл хөдлөх эд хөрөнгийг буцааж өгөхгүй байна гэж тодорхой хэлсэн байхад бүрэн төлсөн эсэхийг шалгаж үзээгүй, маргаангүй зүйл үндэслэж маргаантай холбоотой нотлох баримтыг үнэлэхгүйгээр нэхэмжлэгчийн амаар гаргасан тайлбарыг үндэслэн шаардлагыг хангасан. Гэрээний хугацаанд уг 2 үл хөдлөх эд хөрөнгийг Г.*******ийн эзэмшилд байх талаар талууд гэрээндээ тусгасан бөгөөд тэр дагуу л байсан. Энэхүү худалдах худалдан авах гэрээний хувьд талууд огт маргаагүй.

4.4. Талуудын хооронд хийгдсэн орон сууц худалдах худалдан авах гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлүүд байна гэсэн нь үндэслэлгүй.

Талууд эрх үүрэг хүлээгээд нэхэмжлэгч тал зарим үүргээ биелүүлээд гэрээ нь хэрэгжээд явж байсан. Хоёр тал хүсч тохирч хийсэн ямар ч маргаангүй гэрээ юм. Хэлбэрийн хувьд худалдах худалдан авах гэрээ боловч агуулгаараа өөр харилцан үүрэг хүлээсэн байж болох хэлцэл атал зөвхөн хэлбэр талаас нь харж шийдвэрлэлээ. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг хэлцэл хийснээсээ хойш мэдсэн байхыг шаарддаг. Гэтэл Д.*******, Г.******* нар нь анхнаасаа худалдаагүй гэдгээ мэдэж зөвшөөрч хүсч хийсэн байгаа, тийм ч учраас гэрээний хувьд маргаагүй. Мөнгөө бүрэн төлөөд буцаан авах боломжтой.

4.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн онцгой харьяаллын асуудал учир үл хөдлөх хөрөнгө байгаа ******* дүүргийн шүүхэд харьяалах юм. Хариуцагч энэ талаар хүсэлт гаргасан боловч шүүх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ч гэрээний маргаан гэж үзсэн. Энэ хэрэгт гэрээний маргаан байхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, харьяаллын дагуу ******* дүүргийн шүүхэд нэгтгэн хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан тайлбарын агуулга:

5.1. Д.*******гаас 81,000 ам.долларыг авсан нь үнэн, баталгаажуулсан нотлох баримт бий. Д.*******д тохирсон хугацаанд мөнгийг буцаан төлөөгүй учраас намайг цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулсан, энэ хугацаанд Д.*******д 30,000,000 төгрөгийг өгснөөр өр төлбөр дууссан. Гэтэл талууд хүү, алданги төлөхөөр тохиролцоогүй байтал Д.******* хүү, алданги шаардан үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхгүй байна. Иймд зээлсэн мөнгөө бүрэн төлсөн тул барьцаалсан үл хөдлөх хөрөнгөө буцаан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5.2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг зөв шийдвэрлэсэн. Хариуцагч 2013 оны хөрөнгө оруулалтын зээлийн гэрээг үндэслэн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан ба үндэслэлгүй тул шүүх хүлээн аваагүй. Нэхэмжлэгч тус гэрээг байгуулаагүй, гарын үсэг зураагүй, нотариатч гэрээг баталгаажуулаагүй. Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний үүргийг шаардаж буй бол тусдаа шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй.

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана гэж заасан. Нэхэмжлэгч эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай шаардлага гаргаагүй тул харьяалал зөрчөөгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн болон 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах, мөн гар сканер, нөүтбүүк, айпад, агаарын бохирдол хэмжигч, зургийн аппарат, дуу хураагч, ******* ХХК-ийн тамга, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тусгай зөвшөөрөл, ******* ХХК-ийн барилгын зураг, газрын гэрээ, гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим эд хөрөнгө, бичиг баримтыг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй маргажээ.

 

3. Зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч Г.******* нь ******* дүүрэг, 4 дүгээр хороо, Энх тайваны өргөн чөлөө 44/1 байрны 3 тоот хаягт байрлах, 124.9 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Д.******* 5,000,000 төгрөг төлөхөөр,

мөн 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээгээр худалдагч Г.******* нь ******* дүүрэг, 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамж 44 байрны зоорийн давхарт байрлах, 115 м.кв талбайтай подвалыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Д.******* 5,000,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. (хэргийн 5, 7 дахь тал)

Дээрх 2 гэрээг үндэслэн хариуцагч Д.******* орон сууцны өмчлөгчөөр 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, подвалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тус тус бүртгэгдэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ. (хэргийн 230 дахь тал, 2 дахь хавтасны 51 дэх тал)

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, зээл төлөх барьцаа болгож шилжүүлсэн тул худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарласан бол хариуцагч нь нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, биелүүлсэн нөхцөлд үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх боломжтой гэж маргасан.

4.1. Зохигчдын тайлбараар 2010-2012 онд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь нотлогдож байх ба уг үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан талаар зохигч маргаагүй.

Худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээ нь өөр өөр төрлийн эрх зүйн харилцаа тул худалдах, худалдан авах гэрээгээр барьцааны эрх үүсэх хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь, худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлж, эд хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг бол барьцааны гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь барьцаагаар хангагдсан үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй нөхцөлд барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхийг эдэлдэг. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог ба талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй.

Гэтэл зохигчид худалдах, худалдан авах хэлцэл хийх хүсэл зориггүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байна.

Иймээс маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээ нь барьцааны гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийн энэ хэсэг үндэслэлтэй. Харин гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжиж үр дагавар үүсгэсэн байхад дээрх хуулийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэсэн нь алдаатай болсныг залруулах нь зүйтэй.

4.2. Нэхэмжлэгч нь 2012-2019 онд зээлийн гэрээний үүрэгт нийт 63,000 ам.доллар, 30,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж төлбөр тооцоо дууссан гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийн төлсөн 50,000 ам.доллар, 30,000,000 төгрөгийг зээл, зээлийн хүүнд тооцсон, одоо 89,410 ам.доллар буюу 328,571,419 төгрөг төлөөгүй гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, үр дагаврыг арилгуулахтай холбоотой бөгөөд зохигчдын тайлбарлаж буй зээлийн гэрээний харилцаа нь энэ маргааны зүйл биш юм.

Иймээс шүүх зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлээгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар тус нэхэмжлэлийн хүрээнд дүгнэлт өгөхгүй болно.

4.3. Хариуцагч нь 2013 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Хөрөнгө оруулалт ба зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчээс гадна ******* ХХК-д холбогдуулан гаргасныг шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШЗ2021/07407 дугаар захирамж, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШЗ2023/05921 дугаар захирамжаар тус тус хүлээн авахаас татгалзжээ. ******* ХХК нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй тул ийнхүү шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг зөрчөөгүй. Хариуцагч энэ талаарх маргаанаа тусад нь шийдвэрлүүлэх эрхтэй талаар шүүхийн шийдвэрт тусгагдсан байна.

Харин Хөрөнгө оруулалт ба зээлийн гэрээ, түүний хавсралтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт нийцээгүйг дурдах нь зүйтэй.

4.4. Мөн тус маргаан нь худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэл-д хамаарахгүй тул шүүхийн онцгой харьяалал зөрчигдөөгүй. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай хариуцагч талын хүсэлтийг хангахаас татгалзсан нь зөв болжээ.

Хариуцагчийн гаргасан шүүх худалдах, худалдан авах гэрээ болон хөрөнгө оруулалт болон зээлийн гэрээг хоорондоо холбоогүй, харилцан тооцогдохгүй, тусад нь нэхэмжлэх нь зүйтэй гэснийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч төлбөрөө бүрэн төлсөн эсэхийг огт магадлаж үзээгүй, шүүхийн онцгой харьяаллыг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Хэдийгээр зээлийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээнүүд өөр хоорондоо холбоотой байж болох ч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх учиртай.

 

5. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид орон сууц, зоорийн давхрын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэр бүхий эд хөрөнгө, бичиг баримт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүх хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу нөүтбүк, айпад, зургийн аппарат, ******* ХХК-ийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөхгүй орхив.

Харин шүүх тухайн маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсгийг тус тус шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан, нэхэмжлэгчийн шаардах эрхийг хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгээр дүгнэсэн хууль хэрэглээний алдааг залруулах нь зүйтэй.

 

6. Дээр дурдсанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/01466 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...281 дүгээр зүйлийн 281.1, 106 дугаар зүйлийн 106.1,..., ...56.1.2, 56.1.3,... гэснийг тус тус хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД  Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА