Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2023/01743

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 02

181/ШШ2023/01743

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .................. тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........... тоот хаягт оршин байрлах Өндөр алтайн зам ХХК /РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 39,173,430 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбаатар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жамиймаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгөлдөр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Өндөр алтайн зам ХХК-д холбогдуулан Түрээсийн гэрээний үүрэгт 39,173,430 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* ХХК-нь Өндөр алтайн зам ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай Түрээсийн гэрээ байгуулж барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн.

Түрээсийн төлбөр тооцооны талаар: Бараа материалын тооцоо-ны баримтаар 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нийт 2560 ширхэг бараа материалыг 30 хоногийн хугацаанд 1 хоногийн 160-330 төгрөгөөр түрээслүүлж нийт 21,852,000 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр борлуулсан 11,000 ширхэг барааны үнэ 3,234,000 төгрөгийг нэмж нийт 25,086,000 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр барьцаа 10,000,000 төгрөгийг нэмж нийт 35,086,000 төгрөгийг төлөх тооцоо гарсныг Өндөр алтайн зам ХХК нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж 35,086,000 төгрөгийг төлсөн.

Түрээсийн үргэлжлэл болох Авлага өглөгийн товчоо-ны баримтаар /өмнөх тооцоог оруулж тооцов/ 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх тооцоогоор 2080 ширхэг бараа материалыг 43-238 хоногийн хугацаанд 1 хоногийн 160-330 төгрөгөөр түрээслүүлж нийт 117,218,500 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр борлуулсан 11,000 ширхэг барааны үнэ 3,234,000 төгрөг, дутаасан 11,042 ширхэг барааны үнэ 2,714,800 төгрөг, эвдэрсэн 812 ширхэг барааны үнэ 5,772,000 төгрөгийг тус тус нэмж нийт 128,939,300 төгрөгийг төлүүлэх тооцоо гарснаас нийт төлсөн 92,603,680 төгрөгийг хасаж, нийт 36,335,620 төгрөгийг төлүүлэх тооцоо гарснаас барьцаанд төлсөн 10,000,000 төгрөгийг хасаж нийт 26,335,620 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан бөгөөд илүү ирсэн барааны үнэ болох 220,000 төгрөгийг хасаж 26,115,620 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсныг Өндөр алтайн зам ХХК нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан.

Түрээсийн алданги тооцоог 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх 128 хоногоор 1 хоногийн 0.5 хувиар тооцож үзэхэд 16,714,997 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан боловч хуульд зааснаар 50 хувиар тооцоход 13,057,810 төгрөгийг төлүүлэхээр байна.

Иймд ******* ХХК нь Өндөр алтайн зам ХХК-аас түрээсийн үлдэгдэл төлбөр 26,115,620 төгрөг дээр алданги 13,057,810 төгрөгийг нэмж нийт 39,173,430 /гучин есөн сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

2.Хариуцагч тал хариу тайлбартаа:

Өндөр Алтайн Зам ХХК нь ******* ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр t17 тоот Түрээсийн гэрээ байгуулан 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 5 сарын хугацаанд зам барилгын ажилд шаардлагатай бараа материал /хэв хашмал, булан зэрэг/-ыг түрээслэн авсан.

Талууд дээр дурдсан түрээсийн гэрээний тооцоог гаргаж манай компанийн нийт төлбөл зохих тооцооны үлдэгдэл 26,115,620 төгрөг болохыг баталгаажуулан акт үйлдэж хоёр талын санхүүгийн хэлтсийн холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурж, тамга тэмдэг даран баталгаажуулсан байдаг.

Нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн акт үйлдэн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийг 26,115,620 төгрөг гэж гаргасан атлаа 39,173,430 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын 26,115,620 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алданги гэх 13,057,810 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 353,818 төгрөг төлсөн баримт, Г.Эрдэнэбаатарт олгосон итгэмжлэл, Г.Жамиймааг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн t17 дугаартай Түрээсийн гэрээ, ******* ХХК-ийн эд хөрөнгө түрээслэх үнэ болон дутагдуулсан эд хөрөнгийн үнийг төлүүлэх жагсаалт, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Бараа материалын тооцоо, Авлага, өглөгийн тооцоо, 2022/07/27-аас 2022/12/02 хүртэлх түрээс болон алдангийн тооцооны нийт дүнг тооцсон баримт, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг өгсөн.

4.Хариуцагч талаас нотлох баримтаар: Н.Төгөлдөрт олгосон итгэмжлэл, Өндөр алтайн зам ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

******* ХХК нь Өндөр алтайн зам ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай Түрээсийн гэрээ байгуулж барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн. Авлага, өглөгийн товчоогоор нийт 128,939,300 төгрөгийг төлүүлэх тооцоо гарснаас төлсөн 92,603,680 төгрөгийг хасаж, үлдэх 36,335,620 төгрөгийг төлүүлэх тооцоо гарснаас барьцаанд төлсөн 10,000,000 төгрөгийг хасаж, нийт 26,335,620 төгрөгийг төлүүлэхээс илүү ирсэн барааны үнэ 220,000 төгрөгийг хасаж, 26,115,620 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсныг Өндөр алтайн зам ХХК нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Уг төлбөрийг төлөөгүй тул алдангийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх 128 хоногоор 1 хоногийн 0.5 хувиар тооцоход 16,714,997 төгрөг төлүүлэх тооцоо гарсан боловч хуульд зааснаар 50 хувиар тооцож 13,057,810 төгрөгийг алдангид, түрээсийн үлдэгдэл төлбөр 26,115,620 төгрөг, нийт 39,173,430 төгрөгийг гаргуулна гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Хариуцагч тал нь 03 дугаар сарын 16, 17-ны өдрүүдээс түрээсийн эд хөрөнгө болох хэв хашмалыг хүлээн авч 6, 7, 9 дүгээр сард хэсэгчлэн хүлээлгэж өгөөд хамгийн сүүлд 11 дүгээр сарын 10-ны өдөр бүх эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн. Гэрээг цуцлах санал гаргаагүй учраас хугацаагүйгээр сунгагдаж, 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрээ дуусгавар болсон, Гэрээний 1.8-д түрээсийн төлбөр тооцоог түрээсийн эд хөрөнгө хүлээлгэн өгсөн, хүлээж авсан орлого, зарлагын баримтыг үндэслэн тооцоог санхүүгийн баримтаар баталгаажуулна гэж заасан. Түрээсийн эд хөрөнгийг хүлээж авсан акт, баримт байхгүй. Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.1-д хөлслөгч нь гэрээний хугацаа дуусахад хөлсийг төлнө гэж заасан. Түрээсийн гэрээнд түрээсийн төлбөрийг төлөхтэй холбоотой зохицуулалт байхгүй учраас хариуцагчийн зүгээс түрээсийн гэрээг дууссаны дараа түрээсийн хөлсийг нэхэмжлэгчид төлнө гэж ойлгож байна, гэтэл 07 дугаар сарын 27-ны өдрөөс алдангийг тооцсон нь хууль буюу гэрээнд нийцээгүй анз нь илт их хэмжээтэй, үүргийн харилцаа үүсээгүй байхад түүнээс өмнө тооцсоныг зөвшөөрөхгүй гэж маргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн

-2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн t17 дугаартай Түрээсийн гэрээ,

-******* ХХК-ийн эд хөрөнгө түрээслэх үнэ болон дутагдуулсан эд хөрөнгийн үнийг төлүүлэх жагсаалт,

-2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Бараа материалын тооцоо,

-Авлага, өглөгийн товчооны баримт,

-2022/07/27-аас 2022/12/02 хүртэлх түрээс болон алдангийн тооцооны нийт дүнг тооцсон баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Зохигч талуудын хооронд 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр № t17 дугаартай Түрээсийн гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээ дуусгавар болсон үйл баримтын талаар хэн алин маргаагүй.

6.Талуудын маргааны зүйл нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс алдангийг тооцсон нь хууль буюу гэрээнд нийцээгүй гэсэн үндэслэлээр хариуцагч алданги 13,057,810 төгрөгийг төлөхгүй гэж маргасан. Гэрээний дагуу бараа материалыг түрээслэсэн, өглөг, авлагын тооцоог нийлсэн, нийт 128,939,300 төгрөгийн тооцоо гарснаас хариуцагч 92,603,680 төгрөгийг төлсөн, барьцааны 10,000,000 төгрөгийг хасаад, үлдэх 29,335,620 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй үйл баримттай маргаангүй байна.

7.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүсжээ.

8.Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс хойш гэрээний төлбөрийг төлөөгүй гэж энэ хугацаанаас хойш 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаагаар алдангийг тооцоход 16,713,997 төгрөг болсон гэж тооцсон хэдийч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасанд нийцүүлэн гэрээний төлөгдөөгүй төлбөр 26,115,620 төгрөгийн 50 хувиар тооцож 13,057,810 төгрөгийн алданги шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй, шаардах эрхтэй.

9.Талуудын хооронд байгуулсан гэрээний хоёрдугаар зүйлд Түрэслүүлэгчийн эрх, үүрэг, 2.2-т Түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрөө мөнгөн хэлбэрээр нэг сарын өмнө урьдчилан авах эрхтэй. Хугацаа хожимдуулсан нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-аар алданги тооцож авах, хохирлоо гаргуулах эрхтэй гэж, гуравдугаарт Түрээслэгчийн эрх, үүрэг, 3.5-д Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд зааснаар нэг сарын өмнө урьдчилан мөнгөн хэлбэрээр төлнө. Хугацаа хожимдуулсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-аар алданги төлнө. гэж, дөрөвдүгээрт Талуудын хүлээх хариуцлага, 4.2-т Түрээсийн төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд тооцож алданги төлнө гэж тус тус зааж тохиролцсон байх тул хариуцагчаас алдангийг зөвшөөрөхгүй гэж татгалзсан татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна.

10.Дээрх үндэслэлээр хариуцагч******* ХХК-иас нийт 39,173,430 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгуулахаар шийдвэрлэв.

11.Нэхэмжлэгч 39,173,430 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлдээ ногдох улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 353,818 төгрөгийг улсын орлого болгох бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 353,818 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хууль 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан Өндөр алтайн зам ХХК-аас 39,173,430/гучин есөн сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуун гучин/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 353,818 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Өндөр алтайн зам ХХК-аас 353,818 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ий өдрийн 181/ШЗ2023/02464 дугаар Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт заасан арга хэмжээг авсан болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ