Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01481

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 28 210/МА2023/01481

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2023/01743 дугаар шийдвэртэй,

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ХХК-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 39,173,430 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ******* ХХК-нь ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай Түрээсийн гэрээ байгуулж барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн.

Түрээсийн төлбөр тооцооны хувьд баримтаар 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нийт 2,560 ширхэг бараа материалыг 30 хоногийн хугацаанд 1 хоногийн 160-330 төгрөгөөр түрээслүүлж, нийт 21,852,000 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр борлуулсан 11,000 ширхэг барааны үнэ 3,234,000 төгрөгийг нэмж, нийт 25,086,000 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан. Үүн дээр барьцаа 10,000,000 төгрөгийг нэмж, нийт 35,086,000 төгрөгийг төлөх тооцоо гарсныг ******* ******* ******* ХХК нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж 35,086,000 төгрөгийг төлсөн.

1.2. Түрээсийн авлага өглөгийн товчооны баримтаар /өмнөх тооцоог оруулж тооцов/ 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 2,080 ширхэг бараа материалыг 43-238 хоногийн хугацаанд 1 хоногийн 160-330 төгрөгөөр түрээслүүлж нийт 117,218,500 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр борлуулсан 11,000 ширхэг барааны үнэ 3,234,000 төгрөг, дутаасан 11,042 ширхэг барааны үнэ 2,714,800 төгрөг, эвдэрсэн 812 ширхэг барааны үнэ 5,772,000 төгрөгийг тус тус нэмж нийт 128,939,300 төгрөгийг төлүүлэх тооцоо гарснаас нийт төлсөн 92,603,680 төгрөгийг хасаж, нийт 36,335,620 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан.

Үүнээс барьцаанд төлсөн 10,000,000 төгрөгийг хасч нийт 26,335,620 төгрөгийг төлүүлэхээр байгаагаас илүү ирсэн барааны үнэ болох 220,000 төгрөгийг хасч 26,115,620 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан. Үүнийг ******* ******* ******* ХХК нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан.

Түрээсийн алдангийн хувьд 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх 128 хоногоор 1 хоногийн 0,5 хувиар бодоход 16,714,997 төгрөг гарсан боловч хуульд зааснаар 50 хувиар тооцож 13,057,810 төгрөгийг төлүүлэхээр байна.

Иймд ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-аас түрээсийн үлдэгдэл төлбөр 26,115,620 төгрөг, алданги 13,057,810 төгрөг, нийт 39,173,430 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

1.1 ******* ******* ******* ХХК нь ******* ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр t17 тоот Түрээсийн гэрээ байгуулан 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 5 сарын хугацаанд ******* барилгын ажилд шаардлагатай бараа материал /хэв хашмал, булан зэрэг/-ийг түрээслэн авсан.

Талууд дээр дурдсан түрээсийн гэрээний тооцоог гаргаж манай компанийн нийт төлбөл зохих тооцооны үлдэгдэл 26,115,620 төгрөг болохыг баталгаажуулан акт үйлдэж хоёр талын санхүүгийн хэлтсийн холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурж, тамга тэмдэг даран баталгаажуулсан байдаг.

1.2. Нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн акт үйлдэн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийг 26,115,620 төгрөг гэж гаргасан атлаа 39,173,430 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын 26,115,620 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алданги гэх 13,057,810 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ******* ХХК-аас 39,173,430/гучин есөн сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуун гучин/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 353,818 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 353,818 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ий өдрийн 181/ШЗ2023/02464 дугаар Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт заасан арга хэмжээг авсан болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нь алданги 13,057,810 төгрөгийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь ******* ******* ******* ХХК-ийн түрээсийн төлбөр 26,115,620 төгрөгийг 2022 оны 07 дугар сарын 27-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 02 хүртэлх өдөр 128 хоногоор 1 хоногийн 0,5 хувиар тооцоход 16,714,997 төгрөгийг төлүүлэх тооцоо гаргасан.

Хариуцагч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нь төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгчийн алданги тооцох эрхийг үгүйсгээгүй. Харин түрээсийн төлбөр төлөх үүрэг үүсээгүй байсан хугацаа болох 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс алданги тооцсон нь гэрээ болон хуульд нийцээгүй талаар маргасан. Тодруулбал, талуудын байгуулсан гэрээнд түрээсийн төлбөрийг сар бүр тогтмол төлөх тухай зохицуулалт байхгүй. Харин гэрээний 1.8-д "Түрээсийн төлбөр тооцоог түрээсийн эд хөрөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан орлого зарлагын баримтыг үндэслэн тооцоо нийлж санхүүгийн баримтаар баталгаажуулна" гэж заасан.

Хариуцагч нь түрээсийн зүйлийг хэсэгчлэн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус тус нэхэмжлэгчид хүлээлгэн өгч 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тооцоо нийлэн Авлага, өглөгийн товчоог үйлдсэн.

Гэрээний 1.8-д тус тус заасны дагуу түрээсийн төлбөрийг гэрээний хугацаа дуусаж, тооцоо нийлсний дараа төлөх үүрэгтэй. Тиймээс гэрээний дагуу 26,115,620 төгрөгийн төлбөр төлөх үүрэг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үүссэн гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс хойш түрээсийн төлбөрт алданги тооцох эрхгүй ба гэрээ дууссан өдөр болох 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл алданги тооцох эрхтэй юм. Тус 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх гэрээний алдангийг тооцож үзэхэд, 2,872,718.2 төгрөг болдог.

Шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Авлага, өглөгийн товчоог гаргаж өгсөн, талууд төлбөрийн үүрэг үүссэн хугацаа буюу хэзээнээс алданги тооцох ёстой талаар маргаж байхад шүүхээс тус үйл баримт дээр дүгнэлт хийгээгүй, орхигдуулсан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 13,057,810 төгрөгийн алдангийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нь манай байгууллагад хамгийн сүүлд 07 дугаар сарын 26-ны өдөр түрээс төлснөөс өөр төлбөр төлөөгүй. Түрээсийн гэрээний 2.2-т гэрээний дагуу түрээсийн төлбөрөө мөнгөн хэлбэрээр 1 сарын өмнө урьдчилан авах эрхтэй гэж тусгасан. Мөн хугацаа хожимдуулсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, хохирлоо гаргуулах эрхтэй гэж гэрээнд заасан байдаг. Өөрөөр хэлбэл, 07 дугаар сард хэв хашмалыг хэрэглэх тохиолдолд манай байгууллагын зүгээс 06 дугаар сарын 30-ны өдөр түрээсийн төлбөрийг гаргуулан авдаг гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* алтайн ******* ХХК-д холбогдуулан түрээсийн үлдэгдэл төлбөр 26,115,620 төгрөг, алданги 13,057,810 төгрөг, нийт 39,173,430 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 26,115,620 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алданги 13,057,810 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Талуудын хооронд 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр № ... дугаартай түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээ дуусгавар болсон үйл баримтын хувьд хэн аль нь маргаагүй.

2.б. Зохигч өглөг, авлагын тооцоог нийлэхэд 128,939,300 төгрөгийн тооцоо гарснаас хариуцагчийн төлсөн 92,603,680 төгрөг, барьцааны 10,000,000 төгрөг, илүү ирсэн барааны үнэ болох 220,000 төгрөгийг хасч, үлдэх 26,115,620 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан, уг 26,115,620 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдсон.

Хариуцагч 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс алдангийг тооцсон нь хууль болон гэрээнд нийцээгүй, алданги 13,057,810 төгрөгийг төлөхгүй гэж маргасан.

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

 

Зохигчийн гэрээний 2.2-т түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрөө мөнгөн хэлбэрээр нэг сарын өмнө урьдчилан авах эрхтэй. Хугацаа хожимдуулсан нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож авах, хохирлоо гаргуулах эрхтэй гэж, 3.5-д Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд зааснаар нэг сарын өмнө урьдчилан мөнгөн хэлбэрээр төлнө. Хугацаа хожимдуулсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө. гэж тохиролцсон.

 

Дээрх түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн алдангийг тооцож үзэхэд /2022.09.16-2022.12.02=76 хоног/, /26,115,620*0.5%*76=9,923,935 төгрөг болж байна.

 

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан.

 

Иймд дээрх гэрээний үүргийн дийлэнх хэсгийг хариуцагч хугацаандаа гүйцэтгэсэн, тооцоо нийлсэн актад анзын талаар тодорхой заагаагүй зэрэг хэргийн нөхцөл байдлыг үндэслэн алданги болох 9,923,935 төгрөгийг 50 хувиар бууруулж /9,923,935*50%=4,961,967/ төгрөг, үндсэн төлбөр 26,115,620 төгрөг, нийт 31,077,587 төгрөгийг хариуцагч ******* алтай ******* ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгуулахаар шийдвэрлэв.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч нь алданги 13,057,810 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах агуулгатай давж заалдах гомдол гаргасныг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2023/01743 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 гэснийг 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8 гэж, 39,173,430 /гучин есөн сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуун гучин гэснийг 31,077,587 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,095,843 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж

2 дахь заалтын хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 353,818 төгрөг гаргуулж гэснийг хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 313,338 гаргуулж гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353,817 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ш.ОЮУНХАНД