Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2023/00356

 

 

 

 

 

 

 

 

 

  2023       01        23                                          181/ШШ2023/00356

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 42-8 тоот хаягт оршин суух, Л овогт Д Д /РД:ХВ67013062/,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр байр, 269 тоот хаягт оршин суух, Т овогт О О /РД:ХЖ76081401/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Залуучуудын өргөн чөлөө 1, М У И С Ш У И С холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Багш нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А,

Нэхэмжлэгч О.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, Н.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д, О.О нар нь  М У И С Ш У И С холбогдуулан тус сургуулийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/284 дугаар “Багш нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2020 оны 09 сарын 11-ний өдрийн М У И с /МУИС/-ийн Шинжлэх ухааны их сургуулийн /ШУС/ Түүхийн тэнхимийн хуралдаанаар Эрдэм шинжилгээний бодлого, Хүмүүнлэгийн Ухааны салбар хариуцсан дэд захирал П.Д саналаар Б.Б “Түүхийн тэнхимийн багш” албан тушаалд урилгаар авч ажиллуулах тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд тус хуралдаанд оролцсон нийт 11 багшаас 9 багш буюу олонх энэ талаар хүлээн зөвшөөрсөн. Харин 2 багш буюу О.О, Д.Д нар нь урилгаар авах болзол, шалгуурыг хангаж буй эсэхийг нягтлахыг хүссэн тул Б.Б урилгаар ажиллуулах талаар эсрэг санал гаргасан байдаг. Улмаар Д.Д, О.О нар хамтран МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.О, ШУС-ийн захирал Д.З, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.М нарт хандаж Б.Б нь МУИС-ийн профессор багш ажиллуулах журмын 5.11-д “эрдэм шинжилгээний бүтээлээрээ тухайн салбартаа олон улсын хэмжээнд өндрөөр үнэлэгдсэн эрдэмтэн” гэж заасантай нийцэж буй эсэх, мөн ... журмын “олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх”, “олон улсын мэргэжлийн сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн байх” зэрэг шаардлагуудыг хангаж буй эсэхийг нягтлахыг хүссэн өргөдлүүдийг зохих журмын дагуу гаргасан. Гэтэл Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Захирлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/284 дугаар тушаалаар О.О, Д.Д нарыг “Түүхийн тэнхимийн багш Б.Б нэр хүндэд сөргөөр нөлөөлөх ташаа мэдээллийг олон нийтэд түгээсэн” гэх үндэслэлээр Сануулах сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Уг Сахилгын шийтгэлийг оногдуулах болсон дээрх үндэслэл нь сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлүүдэд огтхон ч хамаарахгүй байхын зэрэгцээ биднийг Б.Б нэр хүндэд хэрхэн, яаж сөргөөр нөлөөсөн, ямар мэдээллийг олон нийтэд түгээсэн зэргийг тогтоож нотолсон зүйлгүй буюу эрх зүйн үндэслэлгүй шийдвэр юм. Тиймээс Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Захирлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/284 дугаартай “Багш нарт сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: МУИС-ийн багшийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа МУИС-д профессор, багш ажиллуулах журмын дагуу явагддаг. Энэхүү журамд заасны дагуу эрдэм шинжилгээний бүтээлээрээ тухайн салбартаа олон улсын хэмжээнд үнэлэгдсэн эрдэмтнийг /профессор эсхүл дэд профессор цолны шаардагдах оноог бүрэн хангасан/ сонгон шалгаруулалтгүйгээр дэд профессор, профессорын зэрэглэлд ажиллуулдаг.

Түүхийн тэнхимийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар “МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-ын 5.2, 5.11 дэх заалтын дагуу ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Б.Б нь монголын эртний түүх судлалаар хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэшсэн, цөөн судлаачдын нэг тул МУИС-ийн дэд профессор цолны онооны шалгуурыг хангасан тул урилгаар ажиллуулах талаар хэлэлцээд тэнхимийн багш нарын дийлэнх буюу 70 хувь нь дэмжсэн санал өгч шийдвэрлэсэн. Үүнийг эсрэг санал өгсөн багш нар ч хүлээн зөвшөөрч байсан.

ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 34 дүгээр хурлаар Түүхийн тэнхимийн саналыг дэмжиж шийдвэрлэсэн тул МУИС-ийн Захирлын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/47 дугаар тушаалаар Б.Б Түүхийн тэнхимийн дэд профессорын албан тушаалд туршилтын хугацаагаар ажиллуулж улмаар Захирлын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/353 дугаар тушаалаар үндсэн багшаар жинхэлсэн болно.

Б.Б багшийн эрдэм шинжилгээний оноог холбогдох эрх бүхий албан тушаалтан хянаж үзсэний үндсэн дээр МУИС-ийн дэд профессор цолны биелүүлбэл зохих оноо 1960 байхаас 3660 оноог хангасан байна.

Багш Д.Д, О.О нар Б.Б тус тэнхимд туршилтын болон үндсэн багшаар ажиллаж эхэлснээс хойш түүнтэй холбогдуулан тэнхимийн эрхлэгч надад албан ёсоор ямар нэг хүсэлт, өргөдөл гаргаж байгаагүй. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захиргаанд өргөдөл өгч хариу авсан.

Д.Д, О.О нар нь МУИС-д мөрдөгдөж буй дүрэм, журмын дагуу багшаар орж ажилласан дэд профессор Б.Б хувийн болон ажлын нэр хүндэд халдаж “олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй”, “эрдэм шинжилгээний ажил нь шалгуурт заагдсан онооны дүнд хүрэхгүй”, “олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэлгүй”, “гадаад хэлгүй” гэж илтэд худал мэдээллийг олон нийтэд тараасан байна. Энэхүү асуудлыг шалгаж холбогдох арга хэмжээг авах хүсэлтийг багш Б.Б сургуулийн удирдлагад албан ёсоор гаргасан.

Өөрөөр хэлбэл О.О, Д.Д нар 2021 оны 09 дүгээр сарын 21 -ний өдөр МУИС-ийн захиргаанд өргөдөл гаргахдаа багшийн эрдэм шинжилгээний оноог дүгнэх эрх бүхий албан тушаалтан биш атлаа дур мэдэн багшийн эрдэм шинжилгээний оноог 1627.5 гэж дүгнэж дэд профессорын 1960 оноонд хүрэхгүй гэсэн байна. Гэвч захиргаанд гаргасан багш нарын өргөдлийн дагуу Б.Б багшийн эрдэм шинжилгээний оноог дахин шалгах үүргийг тэнхимийн эрхлэгчид өгсний дагуу тэнхимийн бусад багш багшийн оноог бодож шалгуурт нийцэж буй эсэхийг магадалсан. Гэтэл багш О.О, Д.Д оролцоогүй. Багш нарын тооцооллоор Б.Б багш МУИС-ийн Профессор, багш ажиллуулах журамд заасан дэд профессорын онооны шалгуурыг бүрэн хангаж (3956 оноо) байна.

МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.1, Хөдөлмөрийн гэрээний 3.1.1, 3.1.10, 3.1.13.2-д зааснаар багшид багшийн ёс зүйг эрхэмлэн ажиллаж, холбогдох хууль, МУИС-д мөрдөгдөж буй дүрэм, журам, заавар, гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж, багшийн нэр хүндэд хамаарах гүтгэлгийн чанартай мэдээллийг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх үйлдэл гаргахыг хориглосон. Мөн МУИС-ийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрэмд багш бусдыг хилсээр буруутгах, мэдээллийг гуйвуулах, худал мэдээлэх, бусдыг үл хүндэтгэх, бүдүүлэг авирлах, хувь хүний талаар сөрөг үнэлэлт, дүгнэлт гаргах, тараахыг хориглосон.

Иймд Түүхийн тэнхимийн багш Д.Д, О.О нь МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж багш Б.Б нэр хүндэд сөргөөр нөлөөлөх ташаа мэдээллийг олон нийтэд тараасан тул сахилгын шийтгэл ногдуулах саналыг Түүхийн тэнхимд хэлэлцэж, улмаар ШУС-ийн захиргааны зөвлөлд санал оруулсан.

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Захирлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/284 дүгээр тушаалаар Түүхийн тэнхимийн дэд профессор Д.Д, О.О нарт сануулах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгчээс Багш нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай А/284 тушаал, О.О, Д.Д нарын ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбар, 05/04, 05/06 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны 109 тоот тодорхойлолт, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 03/21 дугаар зөвлөмж, ШУС-ийн захиргааны зөвлөлийн хурлын 38 дугаар тэмдэглэлийг,

Хариуцагчаас МУИС-ийн захирлын Б/57 дугаар Д.З ажилд томилох тухай тушаал, ШУС-ийн 7в/737, 6/2079 тоот албан бичиг, ШУС-ийн захирлын зөвлөлийн хурлын 26, 34, 36 дугаар тэмдэглэл, МУИС, Хүмүүнлэгийн ухааны салбарын түүхийн тэнхимийн хурлын 01, 06, 07 дугаар тэмдэглэл, ШУС-ийн захирлын Б/69 дугаар тушаал,  МУИС-ийн захирлын А/21 дугаар Эрх шилжүүлэх тухай тушаал, МУИС-ийн дүрэм, МУИС-д профессор, багш ажиллуулах журам, МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам, МУИС-ийн захирлын Б/47, Б/353 дугаар Б.Б ажиллуулах тухай тушаал, Б.Б МУИС-ийн захиралд гаргасан өргөдөл, Б.Б Дэд профессорын эрдэм шинжилгээний онооны шалгуур хангасан эсэхийг дахин нягталж тооцоолсон хүснэгт, МУИС-ийн Багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрэм, Б.Б бүтээлүүд МУИС-ийн дэд профессорын эрдэм шинжилгээний оноог биелүүлж байгаа эсэхийг магадалсан тайлбар, хүснэгтийг,

Шүүх хариуцагчийн хүсэлтээр Б.Б гэрчийн мэдүүлэг авч,  2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Facebook дэх “Монголчуудын түүх-History of the Mongols group” групп, “МУИС багш нар” гэсэн хаалттай групп, “МУИС-Асуудал, шийдэл” гэсэн хаалттай групп дэх мэдээлэлд үзлэг хийж нотлох баримт бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: МУИС-ийн ШУС-ийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/284 дугаар тушаалаар “О.О, Д.Д нарыг Түүхийн тэнхимийн багш Б.Б нэр хүндэд сөргөөр нөлөөлөх ташаа мэдээллийг олон нийтэд түгээсэн” гэх үндэслэлээр Сануулах сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Уг сахилгын шийтгэлийг оногдуулах болсон дээрх үндэслэл нь сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлүүдэд огтхон ч хамаарахгүй байхын зэрэгцээ биднийг Б.Б нэр хүндэд хэрхэн, яаж сөргөөр нөлөөсөн, ямар мэдээллийг олон нийтэд түгээсэн зэргийг тогтоож, нотолсон зүйлгүй буюу эрх зүйн үндэслэлгүй шийдвэр юм гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Д.Д, О.О нар нь МУИС-д мөрдөгдөж буй дүрэм, журмын дагуу багшаар орж ажилласан дэд профессор Б.Б хувийн болон ажил хэргийн нэр хүндэд халдаж “олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй”, “эрдэм шинжилгээний ажил нь шалгуурт заагдсан онооны дүнд хүрэхгүй”, “олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэлгүй”, “гадаад хэлгүй” гэж илтэд худал мэдээллийг олон нийтэд тарааж МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж багш Б.Б нэр хүндэд сөргөөр нөлөөлөх ташаа мэдээллийг олон нийтэд тараасан тул сануулах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

МУИС-ийн захирлын 2014 оны А/21 дүгээр тушаалаар ШУС-ийн захиралд “Тухайн сургуулийн багш, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах”, “Багш, ажилтанд ажлаас халахаас бусад сахилгын шийтгэл ногдуулах” эрхийг тус тус шилжүүлжээ. /2-р хх-57/

 

ШУС-ийн захирал шилжүүлж авсан эрхийн хүрээнд нэхэмжлэгч О.О, Д.Д нартай хөдөлмөрийн гэрээ байгуулан, МУИС-ийн ШУС-ийн Түүхийн тэнхимийн дэд профессор багшаар тус тус ажиллуулж, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1-р хх-н 64-73/

 

ШУС-ийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/284 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.1, 131.2 дахь хэсэг, МУИС-ийн дүрмийн 5.10.1, МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.1, 4.4.1, 4.4.4, 9.2.1, 9.2.2, Хөдөлмөрийн гэрээний 3.1.13.2 дахь заалт, ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, багш Б.Б өргөдлийг тус тус үндэслэн Түүхийн тэнхимийн багш Б.Б нэр хүндэд сөргөөр нөлөөлөх ташаа мэдээллийг олон нийтэд түгээсэн зөрчил гаргасан гэх үндэслэлээр Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Түүхийн тэнхимийн дэд профессор Д.Д, О.О нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /1-р хх-5/

 

5. Нэхэмжлэгч Д.Д, О.О нараас гаргасан “зөрчил гаргасныг тогтоогоогүй, сахилгын шийтгэл үндэслэлгүйгээр оногдуулсан” гэх гомдлыг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

6. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ “... Д.Д, О.О нар нь олон нийтийн цахим сүлжээ болох Facebook орчинд Б.Б талаар “олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй”, “эрдэм шинжилгээний ажил нь шалгуурт заагдсан онооны дүнд хүрэхгүй”, “олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэлгүй”, “гадаад хэлгүй” гэж бичиж багш Б.Б нэр хүндэд сөргөөр нөлөөлөх илтэд худал, ташаа мэдээллийг олон нийтэд түгээсэн зөрчил гаргасан нь МУИС-ийн ШУС-ийн Захиргааны зөвлөлийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаар тэмдэглэлээр тогтоогдсон тул захирал эрх хэмжээнийхээ хүрээнд сахилгын шийтгэл ногдуулсан” гэж тайлбарласан.

 

7. Ажил олгогч хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг шалгаж, баримтаар тогтоосноор ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон сахилгын шийтгэлийг ногдуулна.

 

8. Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.1.1-д “МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл, МУИС-ийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрэмд заасан зөрчлийг гаргасныг хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж үзнэ”, 9.2.4-д “Сахилгын шийтгэл хүлээлгэж буй албан тушаалтан нь ажилтны сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тогтоосон байна” гэж тус тус заажээ. /2-р хх-120/

 

9. Зөрчлийг тогтоосон гэх МУИС-ийн ШУС-ийн Захиргааны зөвлөлийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаар тэмдэглэлд ШУС-ийн захирал Д.З “... бид хуулийн зөвлөгөө авсан. Өргөдөлтэй холбоотой холбогдох О, Д, Б багш нар ирсэн. ШУС-ийн захирлын хувьд холбогдох баримт бичгүүд гаргасан дүгнэлтүүд дээр үндэслэж арга хэмжээний санал оруулах эрхтэй. Арга хэмжээтэй холбоотой ямар нэгэн асуудал мэтгэлцээний зарчмаар ШУС-ийн захиргааны зөвлөл дээр яригдах ёсгүй. Өөрөөр хэлбэл сонсгож протоколд тэмдэглэж явах ийм асуудал. Цаашдаа хүлээн зөвшөөрөх эс зөвшөөрөх асуудал нь өөр журмаар шийдэгдээд явах ёстой. ... тодорхой буруутай гэж үзэж байгаа хүмүүст арга хэмжээ авах асуудлыг оруулж ирж байгаа юм. Хүмүүс нь байлцаж байна. Тодруулах зүйл байхгүй бол арга хэмжээний төслийг уншиж танилцуулна. Дахин хэлье, арга хэмжээтэй холбоотой асуудал маргаан мэтгэлцээний журмаар явдаггүй, эсвэл энэ дээр санал хураах эсэх асуудал байхгүй цэвэр захиргааны асуудал, протоколд тэмдэглэж албажуулж байгаа асуудал. Орж ирсэн холбогдох материалуудтай танилцаад, өргөдөл гаргасан анхны хоёр багш, хоёр багшийн өргөдөл нь удаа гарч миний нэр хүндэд халдаж байна гэсэн Б багшийн өргөдөлтэй танилцаад, хоёр багшийн дутуу байна аа гэсэн онооны дүгнэлт, хангалттай байна аа гэсэн онооны дүгнэлт хоёрыг ШУС-ийн захирлын хувьд холбогдох дүрэм, журамтай нь харьцуулж хараад тэнхимийн 1627.5 оноотой байна буюу 1960 оноог яагаад ч хангахгүй байна аа гэж оруулж ирсэн хоёр багшийн тооцоо бол МУИС-ийн Профессор, багш ажиллуулах журмын онооны тооцох журмыг илэрхий зөрчсөн байна. Хувь хүний нэр хүндэд халдсан байна аа гэж үзэх үндэстэй байна гэсэн дүгнэлт хийсэн. Үүний дагуу мөн мэргэжлийн багш нарын гаргасан оноог өөрийн биеэр нягталж үзээд 3956 гэж тооцсон дүгнэлт үндэстэй байна гэсэн итгэл үнэмшил төрсөн. Тийм учраас Б багшийн өргөдөл хүсэлтийг тооцож үзэх, шийдэх ёстой үндэслэл зөрчлийг нэр бүхий багш нар гаргасан байна гэж үзээд Хөдөлмөрийн холбогдох хууль, журамд заасны дагуу арга хэмжээ авах санал, шийдвэрийг уншиж танилцуулъя. /Багшид арга хэмжээ авах тухай тушаалын төсөл уншиж танилцуулав/ Ийм сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг гаргана. Энэ дээр түрүүн би хэлсэн, гаргах эсэх дээр захиргааны зөвлөл дээр ямар нэгэн санал хураах процесс явагдахгүй. Захиргааны арга хэмжээ авах МУИС-ийн захирлын гаргасан эхний 2 шатны эрх Хөдөлмөрийн дотоод журмаар надад бий. Нэг нь сануулах, хоёр дахь нь 3 сар цалингийн 20% буруулах. Энэ эрхийн дагуу буруутай гэж үзэж байгаа 2 багшид сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарна...” гээд ШИЙДВЭРЛЭСЭН нь хэсгийн 1-д “ШУС-ийн захирлын эрхийн хүрээнд Түүхийн тэнхимийн багш Б.Б нэр хүндэд сөргөөр нөлөөлөх ташаа мэдээллийг олон нийтэд түгээсэн зөрчил гаргасан Түүхийн тэнхимийн дэд профессор Д.Д, О.О нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргахаар шийдвэрлэв” гэжээ.

 

Дээрх хурлын тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч Д.Д, О.О нарын гаргасан зөрчлийг шалгаж, түүнтэй холбоотой баримт, материал болон ажилтны гаргасан ямар үйлдлийг сахилгын зөрчил гэж үзэх эсэхийг хэлэлцэж тогтоогоогүй байх бөгөөд шийтгэл хүлээлгэж буй ажилтанд тайлбар гаргах боломжийг олголгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д нийцээгүй гэж үзнэ.

 

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэлийг хариуцагч татгалзлын үндэслэлээ болгосон хэдий ч шүүх түүнийг үндэслэн нэхэмжлэгч нарыг зөрчил гаргасан гэж дүгнэх боломжгүй бөгөөд ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө тэдгээрийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг холбогдох хууль, журмын дагуу шалган тогтоосны эцэст сахилгын шийтгэл ногдуулах учиртай.

 

11. Хариуцагчаас тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг шийтгэл оногдуулах үндэслэл буюу гаргасан зөрчлийг шалгаж тогтоосон талаарх баримтыг гаргаж өгөөгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй.

 

12. Иймд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэгч нарын гаргасан зөрчлийг шалгаж, тогтоосон нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул МУИС-ийн ШУС-ийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/284 дугаар “Багш нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх Ухааны сургуулийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Багш нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/284 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч Д.Д улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАТХУЯГ