Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/00666

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/00666

 

 

**********, ************ нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/00356 дугаар шийдвэртэй,

**********, ************ нарын нэхэмжлэлтэй, ***********д холбогдох,

Багш нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч **********, ************, нэхэмжлэгч ************ын өмгөөлөгч ***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, хариуцагчийн өмгөөлөгч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: МУИС-ийн Шинжлэх ухааны их сургуулийн Түүхийн тэнхимийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар Эрдэм шинжилгээний бодлого, Хүмүүнлэгийн Ухааны салбар хариуцсан дэд захирал П.Дэлгэржаргалын саналаар Б.Батсүрэнг Түүхийн тэнхимийн багш албан тушаалд урилгаар авч ажиллуулах тухай асуудлыг хэлэлцсэн.

Хуралдаанд оролцсон нийт 11 багшаас 9 багш буюу олонх энэ талаар хүлээн зөвшөөрсөн. Харин 2 багш буюу ************, ********** нар нь урилгаар авах болзол, шалгуурыг хангаж буй эсэхийг нягтлахыг хүссэн.

Улмаар **********, ************ нар хамтран МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Очирхуяг, ШУС-ийн захирал Д.Заяабаатар, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Мөнхбаяр нарт хандаж Б.Батсүрэн нь профессор багш ажиллуулах журмын 5.11-д эрдэм шинжилгээний бүтээлээрээ тухайн салбартаа олон улсын хэмжээнд өндрөөр үнэлэгдсэн эрдэмтэн гэж заасантай нийцэж буй эсэх, мөн ... журмын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх, олон улсын мэргэжлийн сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн байх зэрэг шаардлагуудыг хангаж буй эсэхийг нягтлахыг хүссэн өргөдлүүдийг зохих журмын дагуу гаргасан.

Гэтэл захирлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/284 дугаар тушаалаар ************, ********** нарыг багш Б.Батсүрэнгийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх ташаа мэдээллийг олон нийтэд түгээсэн гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн. Уг шийтгэлийг ногдуулах болсон үндэслэл нь журамд нийцэхгүй, Б.Батсүрэнгийн нэр хүндэд хэрхэн, яаж сөргөөр нөлөөсөн, ямар мэдээллийг олон нийтэд түгээсэн зэргийг тогтоож нотолсон зүйлгүй байна. Тиймээс Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/284 дугаартай багш нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: МУИС-ийн багшийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа МУИС-д профессор, багш ажиллуулах журмын дагуу явагддаг. Эрдэм шинжилгээний бүтээлээрээ тухайн салбартаа олон улсын хэмжээнд үнэлэгдсэн эрдэмтнийг /профессор эсхүл дэд профессор цолны шаардагдах оноог бүрэн хангасан/ сонгон шалгаруулалтгүйгээр дэд профессор, профессорын зэрэглэлд ажиллуулдаг.

Түүхийн тэнхимийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар МУИС-д профессор, багш ажиллуулах журмын 5.2, 5.11 дэх заалтын доктор Б.Батсүрэн нь цолны онооны шалгуурыг хангасан тул урилгаар ажиллуулахаар багш нарын 70 хувь нь дэмжсэн санал өгч шийдвэрлэсэн, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/353 дугаар тушаалаар үндсэн багш болсон.

Б.Батсүрэн нь биелүүлбэл зохих оноо 1960 байхаас 3660 оноог хангасан байна.

Багш **********, ************ нар Б.Батсүрэнг тус тэнхимд туршилтын болон үндсэн багшаар ажиллаж эхэлснээс хойш түүнтэй холбогдуулан тэнхимийн эрхлэгч надад албан ёсоор ямар нэг хүсэлт, өргөдөл гаргаж байгаагүй. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захиргаанд өргөдөл өгч хариу авсан.

**********, ************ нар нь Б.Батсүрэнгийн хувийн болон ажлын нэр хүндэд халдаж олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй, эрдэм шинжилгээний ажил нь шалгуурт заагдсан онооны дүнд хүрэхгүй, олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэлгүй, гадаад хэлгүй гэж илтэд худал мэдээллийг олон нийтэд тараасан байна. Энэхүү асуудлыг шалгаж холбогдох арга хэмжээг авах хүсэлтийг багш Б.Батсүрэн сургуулийн удирдлагад албан ёсоор гаргасан.

************, ********** нар 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр МУИС-ийн захиргаанд өргөдөл гаргахдаа багшийн эрдэм шинжилгээний оноог дүгнэх эрх бүхий албан тушаалтан биш атлаа дур мэдэн багшийн эрдэм шинжилгээний оноог 1627.5 гэж дүгнэж дэд профессорын 1,960 оноонд хүрэхгүй гэсэн байна. Гэвч захиргаанд гаргасан багш нарын өргөдлийн дагуу Б.Батсүрэн багшийн эрдэм шинжилгээний оноог дахин шалгах үүргийг тэнхимийн эрхлэгчид өгсний дагуу тэнхимийн бусад багш багшийн оноог бодож шалгуурт нийцэж буй эсэхийг магадалсан. ************, ********** нар оролцоогүй. Багш нарын тооцооллоор Б.Батсүрэн дэд профессорын онооны шалгуурыг бүрэн хангаж (3,956 оноо) байна.

МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.1, Хөдөлмөрийн гэрээний 3.1.1, 3.1.10, 3.1.13.2-д зааснаар багшид багшийн ёс зүйг эрхэмлэн ажиллаж, холбогдох хууль, МУИС-д мөрдөгдөж буй дүрэм, журам, заавар, гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж, багшийн нэр хүндэд хамаарах гүтгэлгийн чанартай мэдээллийг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх үйлдэл гаргахыг хориглосон. Мөн МУИС-ийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрэмд багш бусдыг хилсээр буруутгах, мэдээллийг гуйвуулах, худал мэдээлэх, бусдыг үл хүндэтгэх, бүдүүлэг авирлах, хувь хүний талаар сөрөг үнэлэлт, дүгнэлт гаргах, тараахыг хориглосон.

Иймд түүхийн тэнхимийн багш **********, ************ нь хөдөлмөрийн дотоод журам, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж багш Б.Батсүрэнгийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх ташаа мэдээллийг олон нийтэд тараасан тул сахилгын шийтгэл ногдуулах саналыг Түүхийн тэнхимд хэлэлцэж, улмаар ШУС-ийн захиргааны зөвлөлд санал оруулсан.

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/284 дүгээр тушаалаар **********, ************ нарт сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх Ухааны сургуулийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Багш нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай А/284 дугаар тушаалыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч **********аас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу дүгнэсэн.

Захирал Д.Заяабаатар нь хоёр талаас гаргасан өргөдлийг шалгасны үндсэн дээр тушаалаа гаргасан ба 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэлд "хуулийн зөвлөгөө авч, холбогдох баримт бичгүүд, гаргасан дүгнэлтүүд дээр үндэслэж арга хэмжээ авч байгаа" талаар тусгагдсан. Нэхэмжлэгч хоёр багшийн оноо дүгнэсэн байдал нь илт үндэслэлгүй болох нь тогтоогдсон, мөн Б.Батсүрэн багшийн нэр хүндэд халдсан мэдээллийг цахим орчинд бичсэн болох нь тогтоогдсон.

Цахим орчинд Б.Батсүрэн багшийн нэр хүндэд халдсан ямар агуулгатай бичвэр бичсэн талаар шүүхэд үзлэг хийлгэх замаар нотлох баримтын шаардлага хангуулж, бэхжүүлсэн.

4.2. Багш нарт сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан үзлэг хийлгэж хавтаст хэрэгт бэхжүүлсэн байдаг.

Уг нотлох баримтыг үнэлээгүй, дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх зөрчил гаргасан процессыг шалгаагүй гэх үндэслэлээр дүгнэсэн. Энэ тушаал гарахын өмнө ганцхан нотлох баримт байдаг. Энэ нь хэргийн 158 дугаар хуудсанд цохолт хийсэн тэмдэглэл байдаг.

Нэхэмжлэгч 2 багш хүсэлт гаргаж өгсөн. Б.Батсүрэн гэх хүн болзол шалгуур хангахгүй байна. Үүнийг шалгаж өгнө үү гэсэн агуулгатай хүсэлтийг удирдлагатаа гаргасан. Тэр хүсэлтийг Г.Мөнхбаяр захирал нь Д.Заяабаатар захирал руу шилжүүлэхдээ өргөдөл гомдол үндэслэлтэй эсэхийг шалга, үндэслэлгүй бол арга хэмжээ авах тухай цохолттой бичиг байдаг. Гэтэл үүнийг шалгаагүй байж, багш нарыг дуудаж хурал хийж, тухайн хуралд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг уншиж танилцуулсан.

Шүүхэд ирсэн хойноо цахим орчин болон фэйсбүүк дээр нэр хүндэд халдсан бичвэр, мэдээллийг түгээсэн гэдэг зүйлийг ярьдаг. Гэтэл маргаан бүхий сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг уншиж сонсгосон захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлд фэйсбүүк болон комменттой холбоотой нэг ч үйл баримт байдаггүй. Нэр хүндэд халдсан байна гэх захирлын зөвлөлийн хурал, тэнхимийн хурал хийгдсэн гэдэг боловч нэр төрд халдсан нэг ч мэдээллийг дурдаагүй, хэлэлцээгүй. Хариуцагч талаас шүүхэд буюу шийтгэлийн хуудас гарсны дараа шинээр ийм үндэслэлээр маргадаг. Үүнтэй холбоотой хариуцагч нотлох баримтаас татгалзах, ажиллагаа хийлгэх эрхийн хүрээнд үзлэг хийх хүсэлт гаргасныг хангаж, шүүх үзлэг хийсэн. Үзлэгээр Б.Батсүрэн гэх хүн рүү хандсан мэдээллийг энэ хоёр багш нийтлээгүй, өөр бусад этгээд буюу гуравдагч этгээд рүү чиглэсэн хүмүүсийн постын доор коммент бичсэн. Тухайн комментод нэр төрд халсан гэх Б.Батсүрэн рүү субьектив байдлаар чиглэсэн мэдээллийг тараасан үйл баримт байхгүй учраас анхан шатны шүүх зөрчигдсөн буюу нэр хүндэд халдаж, бусдад тараасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Дээрх бүх үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч **********, ************ нар нь хариуцагч ***********д холбогдуулан Багш нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. МУИС-ийн захирлын 2014 оны А/21 дүгээр тушаалаар ШУС-ийн захиралд тухайн сургуулийн багш, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, багш, ажилтанд ажлаас халахаас бусад сахилгын шийтгэл ногдуулах эрхийг тус тус шилжүүлжээ. /2хх-57/

ШУС-ийн захирал нь нэхэмжлэгч ************, ********** нартай хөдөлмөрийн гэрээ байгуулан, МУИС-ийн ШУС-ийн Түүхийн тэнхимийн дэд профессор багшаар тус тус ажиллуулж, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /1хх 64-73/

2.б. ШУС-ийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/284 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.1, 131.2 дахь хэсэг, МУИС-ийн дүрмийн 5.10.1, МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.1, 4.4.1, 4.4.4, 9.2.1, 9.2.2, Хөдөлмөрийн гэрээний 3.1.13.2 дахь заалт, ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, багш Б.Батсүрэнгийн өргөдлийг тус тус үндэслэн Түүхийн тэнхимийн багш Б.Батсүрэнгийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх ташаа мэдээллийг олон нийтэд түгээсэн зөрчил гаргасан гэх үндэслэлээр дэд профессор **********, ************ нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /1хх-5/

 

3. Нэхэмжлэгч **********, ************ нар нь зөрчил гаргасныг тогтоогоогүй, сахилгын шийтгэл үндэслэлгүйгээр ногдуулсан гэж маргасан. **********, ************ нар нь олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүк орчинд Б.Батсүрэнгийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх илтэд худал, ташаа мэдээллийг түгээсэн эсэх асуудлаар талууд маргаантай байна.

3.а. Ажил олгогч нь хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын хэм хэмжээг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг шалгаж, баримтаар тогтоосноор зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон сахилгын шийтгэлийг ногдуулдаг.

Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.1-д энэ журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл, МУИС-ийн багш, ажилтны ёс зүйн дүрэмд заасан зөрчлийг гаргасныг хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж үзэж, 9.2.4-д сахилгын шийтгэл хүлээлгэж буй албан тушаалтан нь ажилтны сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тогтоосон байхаар заажээ. /2хх120/

Анхан шатны шүүхээс Захиргааны зөвлөлийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаар тэмдэглэлээс үзэхэд **********, ************ нарын гаргасан гэх зөрчлийг шалгаж, ямар үйлдлийг сахилгын зөрчил гэж үзсэн, уг үйлдлийг тогтоогоогүй гэх агуулгаар дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

Тухайн зөрчил хэлэлцсэн үеийн тэмдэглэлээс үзэхэд **********, ************ нарын гаргасан гэх зөрчлийг эргэлзээгүй тогтоосон гэх баримтгүй байна.

3.б. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэлийг хариуцагч татгалзлын үндэслэлээ болгосон. Зүй нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө тэдгээрийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон, ажилтан өөрийгөө хамгаалж үндэслэл бүхий тайлбар баримт гаргах боломжоор хангагдсан байх учиртай юм. Иймд зөрчлийг шалган шийдвэрлэсэн гэх процесс ажиллагаа учир дутагдалтай гэх агуулгаар нэхэмжлэлийг хангасныг буруутгах үндэслэлгүй байна.

 

4. Давж заалдах гомдлын талаар.

Хариуцагч нь анхан шатны шүүх нотлох баримтыг зохих журмын дагуу үнэлээгүй талаар гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хурлын тэмдэглэл, зохигчийн тайлбар, үзлэгийн тэмдэглэл зэргийг харьцуулан үнэлсэн талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/00356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД