Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2023/00476

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2023      02        02                                           181/ШШ2023/00476

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гудамж, 48а байр, 2 тоотод оршин суух Б овогт Н М /РД:ШУ90021137/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 2-р байр, 41 тоотод оршин суух Б овогт Г Г /РД:МЗ77121063/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 1,110,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.М,

Хариуцагч Г.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Г.Г холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 1,110,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “... би Г.Г 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр оёдлын машиныг худалдаж авахаар тохиролцож амаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан 1,110,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5926125127 данснаас Г.Г Хаан банкны 5026831554 дугаарын данс руу төлбөрийг шилжүүлсэн болно. 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус оёдлын машинаар юм оёх гэтэл хутга нь сэмлэж сөрдийлгөж зүсээд, оёсны дараа оёдол нь ангайж сул оёод байсан учир Г.Г 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэхэд “чи ажиллуулж чадахгүй байна аваад ир” гэсэн ингээд аваад очсон. Г.Г нь тус оёдлын машинаараа юм оёж үзэхэд үнэхээр миний хэлснээр хутга нь даахгүй сэмлэж зүсээд, оёдлоо сул оёж, ангайж байсан учир янзлах гэж оролдож байгаад пластикаа өөрийн гараар хугалсан юм. Ингээд бид 2 ярилцаж тохироод засварын газар очиж оношилгоо хийлгээд засуулах юм байвал засуулаад өг гэхэд тэгье гээд засварын газар явж засварчинд үзүүлэхэд хутга иргүй болсон байна, пластик хугарсан учир шинээр солих шаардлагатай тэгэхгүй бол юм оёж болохгүй гэсэн юм. Ингээд би өөрийн унаагаар Г.Г Улаанбаатар хотын бүх оёдлын машин засварын газраар явж хайсан боловч олдоогүй, захиалсан ч хэзээ ирэх нь тодорхойгүй гэсэн. Иймд намайг хохироосон хариуцагч Г.Г миний 1,110,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “... Г.Г миний бие 2022 оны 3 сард өөрийн ашиглаж байсан ахуйн хэрэглээний Singer маркийн олон үйлдэлт хэрээсний машиныг зарна гээд “Үнэгүй.мн” дээр зар оруулсан. Зарын дагуу маш олон хүн холбогдож байсан. Гэвч Н.М нь 3 дугаар сарын 15-нд 94995566 дугаарын утсаар яриад наад машиныг чинь нэлээд хэд хоног судалж үзлээ их гоё машин байна. Би наад оёдлын машиныг авах гээд мөнгө арай хүрэхгүй байна, жоохон хямдруулаач гэхэд би хямдруулмааргүй байна гэхэд "надад 1,100,000 төгрөг л байна та жоохон хямдруулаач" гэхээр нь би тэгвэл чи ядаж 1,150,000 төгрөгт ав гэсэн. Н.М нь мөнгө хүрэхгүй байна та 1,110,000 төгрөгт өгчих гэхээр нь за за тэгвэл чи ирээд шалгаад ав гэсэн. Тухайн өдрөө Н.М нь ирээд оёдлын машиныг шалгаад буюу би утас сүвлээд юм оёж үзүүлэхэд за болчихлоо гээд мөнгөө миний данс руу шилжүүлээд аваад явсан. Гэтэл 5 хоногийн дараа эгчээ би машиныг чинь ажиллуулж чадахгүй байна гэж ярьсан. Тэгэхээр нь за би тохиргоог нь заагаад өгье машинаа аваад ир гэсэн. Н.М нь тухайн үед миний ажил дээр оёдлын машиныг аваад хүрээд ирсэн. Тэгээд би үзсэн чинь буруу ажиллуулаад пластик буюу улны төмрийг нь мурийлгаад аваад ирсэн байхаар нь би тэгшилж өгөх гэж байгаад хугалсан. Н.М нь машинаа ажиллуулж чадахгүй улмаас машинд дагалдуулж өгсөн зүүнүүдийг хугалсан байсан. Би тухайн үед оёдлын машинаа шалгаад хэвийн ажиллагаатай оёдлын машин өгч явуулсан . Гэтэл Н.М нь ажиллуулж чадахгүй оёдлын машиныг эвдэлсэн. Энэ үйлдэлд миний буруу байхгүй тиймээс би нэхэмжлэлийн шаардлагаас пластик, хутганы мөнгө 200,000 төгрөгийг өгнө, бусад шаардлагыг бол хүлээн зөвшөөрөхгүй байна" гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 31,690 төгрөг төлсөн баримт, Н.М иргэний үнэмлэхийн хуулбар болон депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Шинэд” ХХК-ийн тэмдэг бүхий засварын бичиг, оёдолын машины фото зураг, хариуцагчаас мобикомын 99715535 дугаарын ярианы хуулгыг тус тус нотлох баримтаар өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Г.Г 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр оёдлын машин худалдан авсан боловч машинаар юм оёх гэтэл хутга нь сэмлэж сөрдийлгөж зүсээд, оёсны дараа оёдол нь ангайж сул оёод байсан. ... Г.Г нь тус оёдлын машинаараа юм оёж үзэхэд үнэхээр миний хэлснээр хутга нь даахгүй сэмлэж зүсээд, оёдлоо сул оёж, ангайж байсан учир янзлах гэж оролдож байгаад пластикаа өөрийн гараар хугалсан. Иймд Г.Г 1,110,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “... би үзсэн чинь буруу ажиллуулаад пластик буюу улны төмрийг нь мурийлгаад аваад ирсэн байхаар нь би тэгшилж өгөх гэж байгаад хугалсан. Н.М нь машинаа ажиллуулж чадахгүйн улмаас машинд дагалдуулж өгсөн зүүнүүдийг хугалсан байсан. Би тухайн үед оёдлын машинаа шалгаад хэвийн ажиллагаатай оёдлын машин өгч явуулсан. Энэ үйлдэлд миний буруу байхгүй, тиймээс би нэхэмжлэлийн шаардлагаас пластик, хутганы мөнгө 200,000 төгрөгийг өгнө, бусад шаардлагыг бол хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Г.Г 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Singer 14T967 загварын оёдлын машиныг худалдан авч, гэрээний үнэ болох 1,110,000 төгрөгийг мөн өдрөө Г.Г Хаанбанк дахь 5026831554 тоот дансанд шилжүүлжээ.

 

5. Талуудын маргааны зүйл нь эд хөрөнгө доголдолтой, эсхүл нэхэмжлэгч оёдлын машиныг эвдэлсэн эсэх байна.

 

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

 

7. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч Н.М худалдах, худалдах авах гэрээний үнэ 1,110,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, Singer 14T967 загварын оёдлын машиныг шилжүүлэн авсан боловч оёдлын машиныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон буюу хутга нь иргүй, пластик нь хугарсан болох нь хэрэгт авагдсан депозит дансны хуулга, хариуцагч Г.Г “... пластик буюу улны төмрийг нь мурийлгаад аваад ирсэн байхаар нь би тэгшилж өгөх гэж байгаад хугалсан” гэх тайлбар, “Шинэд” ХХК-ийн тэмдэг бүхий “Singer 14Т967 моделийн машин нь пластик нь гэмтсэн, хутга иргүй болсон. (дээд хутга, доод хутга) Тохиргоо хийнэ, пластик, хутга 2 солино” гэх бичгийн баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ”, 251.2-т “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж зааснаар оёдлын машин нь пластик буюу улны төмөргүйгээр ажиллах боломжгүй гэж талууд тайлбарлаж байх тул биет байдлын доголдолтой гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар худалдсан эд хөрөнгө доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчээс эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар шаардсан ч тухайн эвдрэлтэй сэлбэгийг хариуцагч сольж өгч чадаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Н.М нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаар гэрээнээс татгалзаж, худалдах, худалдах авах гэрээний дагуу төлсөн 1,110,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

8. Хариуцагчаас “тухайн үед оёдлын машинаа шалгаад хэвийн ажиллагаатай оёдлын машин өгч явуулсан. Гэтэл Н.М нь ажиллуулж чадахгүй оёдлын машиныг эвдэлсэн” гэж маргасан боловч энэхүү үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй.

 

9. Иймд хариуцагч Г.Г 1,110,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.М олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Н.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г 31,690 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Г 1,110,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.М олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Н.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г 31,690 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.М олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БАТХУЯГ