Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00872

 

Н.М-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2023/00476 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.М-гийн хариуцагч Г.Г-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, 1,110,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Г.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би Г.Г-тай 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр оёдлын машиныг худалдаж авахаар тохиролцож, амаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан 1,110,000 төгрөгийг өөрийн Хаан банкны данснаас Г.Г-гийн Хаан банкны данс руу төлбөрийг шилжүүлсэн болно. 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус оёдлын машинаар юм оёх гэтэл хутга нь сэмлэж сөрдийлгөж зүсээд, оёсны дараа оёдол нь ангайж сул оёод байсан учир Г.Г-д 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэхэд чи ажиллуулж чадахгүй байна аваад ир гэсэн. Г.Г- нь тус оёдлын машинаар юм оёж үзэхэд үнэхээр миний хэлснээр хутга нь даахгүй сэмлэж зүсээд, оёдлоо сул оёж, ангайж байсан учир янзлах гэж оролдож байгаад пластикаа өөрийн гараар хугалсан юм. Ингээд бид 2 ярилцаж тохироод засварын газар очиж оношилгоо хийлгээд засуулах юм байвал засуулаад өг гэхэд тэгье гээд засварын газар явж засварчинд үзүүлэхэд хутга иргүй болсон байна, пластик хугарсан учир шинээр солих шаардлагатай тэгэхгүй бол юм оёж болохгүй гэсэн юм. Ингээд би өөрийн унаагаар Г.Г-тай Улаанбаатар хотын бүх оёдлын машин засварын газраар явж хайсан боловч олдоогүй, захиалсан ч хэзээ ирэх нь тодорхойгүй гэсэн. Иймд намайг хохироосон хариуцагч Г.Г-гаас миний 1,110,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2022 оны 3 сард өөрийн ашиглаж байсан ахуйн хэрэглээний Singer маркийн олон үйлдэлт хэрээсний машиныг Н.М-д 1,110,000 төгрөгөөр зарсан. Тухайн өдрөө Н.М- нь ирээд оёдлын машиныг шалгаад авсан. Гэтэл 5 хоногийн дараа ажиллуулж чадахгүй байна гэж ярьсан. Тэгэхээр нь за би тохиргоог нь заагаад өгье машинаа аваад ир гэсэн. Н.М- нь тухайн үед миний ажил дээр оёдлын машиныг авч ирсэн. Тэгээд би үзсэн чинь буруу ажиллуулаад пластик буюу улны төмрийг нь мурийлгаад аваад ирсэн байхаар нь би тэгшилж өгөх гэж байгаад хугалсан. Н.М- нь машинаа ажиллуулж чадахгүйн улмаас машинд дагалдуулж өгсөн зүүнүүдийг хугалсан байсан. Би тухайн үед оёдлын машинаа шалгаад хэвийн ажиллагаатай оёдлын машин өгч явуулсан . Гэтэл Н.М- нь ажиллуулж чадахгүй оёдлын машиныг эвдэлсэн. Энэ үйлдэлд миний буруу байхгүй тиймээс би нэхэмжлэлийн шаардлагаас пластик, хутганы мөнгө 200,000 төгрөгийг өгнө, бусад шаардлагыг бол хүлээн зөвшөөрөхгүй байна" гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Г-гаас 1,110,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.М-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Н.М-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-гаас 31,690 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.М-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Н.М- нь надаас 1,110,000 төгрөгөөр оёдлын машин худалдан авахдаа хуучин машин гэдгийг мэдэж авсан. Хоёрдугаарт худалдан авсан машиныг ажиллуулахдаа буруу ажиллуулсны улмаас эвдсэн болох талаар миний хариу тайлбарыг үгүйсгээгүй байдаг. Түүнчлэн би тухайн оёдлын машиныг засуулах мөнгийг өгнө, харин нэгэнт тухайн үед гэрээ хийгээд мөнгө төгрөгөө өгсөн. Оёдлын машиныг засуулахаар сэлбэгийг нь захиалсан байсан бөгөөд тухайн сэлбэг нь хэрэг хянан шийдвэрлэсний дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ирсэн. Анхан шатны шүүхээс миний гаргасан тайлбар нотлох баримтыг үнэлэн үзсэн бол бидний хувьд шүүхийн шийдвэр болон бусад асуудлаар маргах шаардлагагүй, ирсэн сэлбэгээр тухайн машиныг засварлаж өгөөд асуудал дуусгавар болох байсан. Оёдлын машины тус сэлбэг нь бэлэн байдаггүй, зөвхөн захиалгаар ирдэг гэдгийг дурдах нь зүйтэй байна. Би сэлбэгийг 2022 оны 04 дүгээр сард захиалсан болохыг шүүх үнэлж үзэх шаардлагатай байсан. Тиймээс анхан шатны шүүх хэргийг бодитой, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэн үзэх үүргээ биелүүлэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Н.М- нь хариуцагч Г.Г-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 1,110,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

4.Зохигчид 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр худалдах, худалдах авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Г.Г- нь Singer 14T967 загварын оёдлын машиныг 1,110,000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч Н.М- нь барааг хүлээн авч, үнийг төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь мөн өдөр 1,110,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, оёдлын машиныг хүлээн авсан болох нь талуудын тайлбар, Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогджээ. /хх-ийн 7-р тал/

 

4.а.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж зөв дүгнэсэн байна.

 

4.б.Нэхэмжлэгч Н.М- нь гэрээний дагуу төлбөрийг төлж, оёдлын машиныг авсан боловч тус оёдлын машины хутганы ир мохсоны улмаас ажиллаагүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 1,110,000 төгрөгийг буцаан гаргуулна гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч Н.М- нь анх оёдлын машиныг шалгаж үзээд авч явсан, дараа нь пластик буюу улны төмрийг нь муруйлгаж, 5 хоногийн дараа авч ирсэн, би засах гэж байгаад пластикийг хугалсан, пластикийн үнэ 200,000 төгрөгийг төлнө гэж тайлбарлажээ.

 

4.в.Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох оёдлын машиныг хүлээлцэх үед тус оёдлын машины хутганы ир муу байсан, улмаар зохигчид дахин шалгах явцдаа пластик буюу улны төмрийг хугалсан үйл баримтыг зохигчийн хэн аль нь зөвшөөрч байх боловч энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор гэрээнээс татгалзах эрх нэхэмжлэгчид үүсээгүй гэж үзэхээр байна.

 

4.г.Тодруулбал, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан буюу нэхэмжлэгч Н.М-гийн хувьд дээрх хуульд зааснаар доголдлын талаар мэдэх боломжтой байхдаа эд хөрөнгийг хүлээн авсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, оёдлын машиныг худалдан авах үедээ нэхэмжлэгч нь ажиллуулж үзэх, тухайн догодол байсан эсэхийг мэдэх боломжтой байжээ. Иймд үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж үзэв.

 

4.д.Харин нэхэмжлэгч Н.М- нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар доголдлыг арилгуулахаар шаардах эрхтэй тул оёдлын машины пластик буюу улны төмрийн үнэ 200,000 төгрөгийг хариуцагч Г.Г-гаас гаргуулж нэхэмжлэгч Н.М-д олгож, нэхэмжлэлээс 910,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

5.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Н.М-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр түүний шүүхэд мэдүүлсэн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй тул нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2023/00476 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 1,110,000 ... гэснийг 200,000 гэж, ... олгосугай. ... гэснийг олгож, нэхэмжлэлээс 910,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын ... хариуцагч Г.Г-гаас 31,690 төгрөгийг ... гэснийг хариуцагч Г.Г-гаас 6,650 төгрөгийг гэж, тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.Г-гаас төлсөн 31,190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Г.ДАВААДОРЖ