Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1214

 

 

 

 

 

 

 

 

 

“В” ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/01069 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “В” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Эд холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Түвшинзаяа,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Пүрэвхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э нь Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Эвергүүд байрны ____  байрлах “Ма” иог-ийн байнгын үйлчлүүлэгч бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 47 минутанд “В” ХХК-ийн үүдний хаалгаар орохдоо утсаар оролдон доошоо харж явж байгаад өөрийн хайхрамж болгоомжгүй үйлдлийн улмаас манай байгууллагын хувийн өмчийн үүдний шилэн гүйдэг хаалгыг духаараа мөргөж, өвдгөөрөө өшиглөж хагалж байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан.

Ц.Эгийн манай хаалгыг хагалсан нь камерийн бичлэгээр тодорхойлогдож байгаа. Иймд Ц.Эгаас байгууллагад учруулсан эд хөрөнгийн гэм хорын хохиролд 1 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 30 минутад Сүхбаатар дүүргийн 11-р хороололд байрлах Эвергүүд төвийн _____“В” ХХК-ийн дэргэд байрлах иог руу орохдоо голын шилэн хаалганд санамсаргүй духаараа хүрсэн.

Уг хаалга нь хэрэглэгчдэд үйлчлэх гол хаалга бөгөөд автомат мэдрэгчтэй, өөрөө онгойдог хаалга байсан. Гэвч миний бие шатаар өгсөн гарч, уг хаалгаар ороход хаалга нээгдээгүй. Уг хаалга энгийн хурдаар алхан очиж байгаа хэрэглэгчид автоматаар нээгдээгүйгээр барахгүй духаараа санамсаргүй хүрэх төдийд савлан, сууриараа, хүрээтэйгээ нуран шил нь бутарч унасан. Хаалганаас үсэрч холдсон тулдаа гарын 2 хурууг шилэнд зүсэн.

Уг хаалга иргэдэд үйлчлэх шаардлага хангаагүй, хуучирч элэгдсэн, хэрэглэгчийн эрүүл мэндэд осол учруулахаар байсан. 2011 оны 10 сард анх хийлгэсэн түүнээс хойш уг хаалганд засвар үйлчилгээ хийсэн эсэх нь тодорхойгүй. Хэрэгт авагдсан “Шилэн хийц” ХХК-д 1 500 000 төгрөг төлсөн гэх баримт яагаад 1 800 000 төгрөг болгож нэмэгдүүлсэн нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Эгаас 750 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “В” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1 050 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43 750 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Ц.Эгаас 22 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хаалга хагарсан шалтгаан нөхцөл байдал нь хариуцагчийн буруутай үйлдэлтэй бүрэн шалтгаант холбоотой, хаалга хагарсан нөхцөл байдалд нэхэмжлэгч хэрхэн нөлөөлсөн нь тодорхой бус байхад гэм буруугийн хэмжээг адил тэнцүү үзэж, эрсдэл хохирлыг тэнцүү хуваарилан харьцуулсан нь Иргэний хуульд заасан гэм буруутай этгээд хохирлыг хариуцах зарчимд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд хуульд нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, талуудын шүүх хуралд гаргасан тайлбар болон хэргийн үйл баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадсангүй ба хууль буруу тайлбарлан хэрэглэсэн.

Шүүхээс хохирлын хэмжээг тогтоож, арилгуулахдаа Иргэний хуульд заасан дараалал, журмыг хэрэглэж шийдвэрлэх байсан. Түүнчлэн нэхэмжлэгч хохирлын хэмжээг нотлох баримтаар нотолж чадахгүй байхад шүүхээс өөрийн үзэмжээр шийдвэрлэсэн байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

 

            Нэхэмжлэгч “В” ХХК нь хариуцагч Ц.Эд холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 1 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 Ц.Э 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд байрлах Эвергууд төвийн _____үйл ажиллагаа явуулдаг “В” ХХК-ийн үүдний шилэн хаалгаар орохдоо хаалгыг духаараа мөргөж, мөн баруун өвдгөөрөө цохисны улмаас шилэн хаалга хагарсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

Хаалганы өмчлөгч нь “В” ХХК болох талаар талууд маргаагүй.

 

Анхан шатны шүүхээс Ц.Эг гар утсаа ашиглаж явснаас шилэн хаалгыг онгойж амжаагүй байхад духаараа мөргөж, баруун өвдгөөрөө цохисон болгоомжгүй үйлдлээрээ хаалгыг хагалж нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирол шаардахад гэм хор учруулагчийн үйлдэл нь хууль бус байх, уг хууль бус үйлдэл санаатай эсхүл болгоомжгүй хэлбэрээр илэрч болох бөгөөд  учирсан хохиролтой шалтгаант холбоотой байх урьдчилсан нөхцөл хангагдах ёстойг шүүх шалгах учиртай.

 

Нэхэмжлэгч “В” ХХК нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэгт зааснаар өмчлөлийн зүйлээ зохих ёсоор арчлан хамгаалах үүрэгтэй. Нөгөөтэйгүүр хариуцагч Ц.Э нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар үйлчилгээ авч буй хэрэглэгчийн хувьд мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан чанар, аюулгүй байдлыг хангасан үйлчилгээгээр хангуулах эрхтэй юм.  

 

Иймд нэхэмжлэгч “В” ХХК нь өөрийн өмчлөлийн хаалгын ашиглалт нь хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан гэдгээ нотлох үүрэгтэй, уг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, мэдрэгчээр ажилладаг шилэн хаалга нь хэрэглэгчийг хаалгад ойртож очиход  дохио өгч анхааруулах, эсхүл тодорхой зайд өөрөө онгойх зэрэг үйлдэлтэй байх нь ердийн хэрэглээнд тавих ерөнхий шаардлагад нийцсэн байх ёстой. Түүнээс гадна 2011 оноос хойш ашиглагдаж байгаа хаалгад зохих үйлчилгээ хийгдсэн талаар баримтгүй байна.

 

Үйлчилгээний газрын хаалга нь үйлчлүүлэгчийг ердийн болгоомжгүй мөргөлтөд хагарах, бутрах хэмжээнд аюултай байх ёсгүй юм.

 

Хариуцагч Ц.Эгийн үйлдлийг бэхжүүлсэн бичлэгээс үзвэл түүнийг алхалтын хурдаас шалгаалж хаалга онгойхоос өмнө хаалгыг очиж мөргөсөн зөвхөн мөргөсний улмаас хаалга хагарсан гэх байдал тогтоогдсонгүй.

 

Иймд Ц.Э нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дэх хэсэгт зааснаар “В” ХХК-ийн өмчлөлийн шилэн хаалгыг хагалсан үйлдэлд гэм буруугүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Эд холбогдох гэм хорын хохиролд 1 800 000 төгрөг гаргуулах тухай “В” ХХК-ийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/01069 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Эд холбогдох гэм хорын хохиролд 1 800 000 төгрөг гаргуулах тухай “В” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

                                                          

                             ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА