Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2019/01069

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүгч Ч.Батчимэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Вк ХХК ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Э холбогдох

Гэм хор учруулсны хохирол 1 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн даргаар Ч.Т, иргэдийн төлөөлөгч Ц.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, хариуцагч Ц.Э, түүний өмгөөлөгч Б.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Иргэн Ц.Э нь УБ хот Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны байрлах Himalava иог-ийн байнгын үйлчлүүлэгч бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 47 минутанд В К ХХК-ийн үүдний хаалгаар орохдоо утсаар оролдон доошоо харж явж байгаад өөрийн хайхрамж болгоомжгүй үйлдлийн улмаас манай байгууллагын хувийн өмчийн үүдний шилэн гүйдэг хаалгыг духаараа мөргөж, өвдгөөрөө өшиглөж хагалж байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан.

Ц.Э манай хаалгыг хагалсан үйлдэл хэрэгт манайхаас гаргаж өгсөн Сидинд бичигдсэн 2 хэсэг камерийн бичлэгээр тодорхойлогдож байгаа. Тухайлбал, уг бичлэгт үзлэг хийхэд, Ц.Э нь эхлээд духаараа мөргөсөн ба мөн өвдгөөрөө цохиж хагалсан нь маш тодорхой харагдаж байгаа.

Иймээс Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл \эс үйлдэхүй\-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэсэн, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хорыг учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх \адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр\ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэсэн заалтуудыг тус тус үндэслэн Ц.Э байгууллагад учруулсан эд хөрөнгийн гэм хорын хохиролд 1 800 000 \нэг сая найман зуун мянга\ төгрөгийг гаргуулан өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Э болон түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Ц.Э нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 30 минутанд Сүхбаатар дүүргийн 11-р хороололд байрлах  W K Gхэмээх Солонгос эзэнтэй компаний дэргэд байрлах Ёга студи руу орохдоо голын шилэн хаалганд санамсаргүй духаараа хүрсэн. Уг хаалга нь хэрэглэгчдэд үйлчлэх гол хаалга бөгөөд автомат мэдрэгчтэй, өөрөө онгойдог хаалга байсан. Гэвч миний бие шатаар өгсөн гарч, уг хаалгаар ороход хаалга нээгдээгүй. Уг хаалга энгийн хурдаар алхан очиж байгаа хэрэглэгчид автоматаар нээгдээгүйгээр барахгүй духаараа санамсаргүй хүрэх төдийд савлан, сууриараа, хүрээтэйгээ нуран шил нь бутарч унасан. Хаалганаас үсэрч холдсон тулдаа гарын 2 хурууг шилэнд зүсэн цус гарч хохирсон. Хэрэв үсэрч холдож чадаагүй бол эрүүл мэндэд ноцтой хохирол учирч улмаар амь насанд ч хүрэх эрсдэлтэй байдал үүссэн.

Гэтэл тус компаний захирал эмэгтэй хаалга төл хэмээн дарамталж, хэрэглэгч эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирчихоод байхад үл тоомсорлон хэл амаар доромжилж Үхсэн ч байсан ар гэрээр чинь хаалгаа төлүүлнэ хэмээн дайрч давшилж улмаар цагдаагийн эргүүл дуудан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн. Гэтэл цагдаагийн газар хэрэг үүсгэх, бүртгэх боломжгүй хэмээн буцаасан. Тус компани нь хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангасан, иргэдэд найдвартай үйлчлэх стандартын чанарын шаардлага хангаагүй хаалгатай байсны төлөө хохирогч болоод байна. Миний бие уг хаалгыг иргэдэд үйлчлэх шаардлага хангаагүй, хуучирч элэгдсэн, хэрэглэгчийн эрүүл мэндэд осол учруулсан хаалга байсан хэмээн үзэж байна. Би ямар ч буруугүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Уг үйл явдал тус компаний видео камерт хадгалагдан үлдсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэдийгээр хариуцагч Ц.Э нь нэхэмжлэгч компаний гүйдэг шилэн хаалгыг хагалсан гэдэг боловч тухайн хаалгыг нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар 2011 оны 10 сард анх хийлгэсэн түүнээс хойш уг хаалганд засвар үйлчилгээ хийсэн эсэх нь тодорхойгүй байна. Энэ талаархи холбогдох баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргааж өгөөгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 1 800 000 төгрөг гэж тодорхойлон шаардсан боловч үүнийгээ ямар баримтыг үндэслэн тодорхойлсон болох нь тодорхойгүй. Хэрэгт авагдсан Ш х ХХК-д 1 500 000 төгрөг төлсөн гэсэн баримт байхад яагаад 1 800 000 төгрөг болгож нэмэгдүүлсэн нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх бүрэлдэхүүн зохигч талуудын тайлбар, мэтгэлцээн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Вк ХХК нь хариуцагч Ц.Э холбогдуулан, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 1 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх, хэргийг хянан хэлэлцэхэд доорх үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрийгөө В к ХХК гэж тодорхойлон бичсэн байх боловч хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн гэрчилгээнд Вк Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж бичигдсэн байх тул шүүх Улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн Вк ХХК гэсэн нэршлээр нь тодорхойлов.

Хариуцагч Ц.Э нь нэхэмжлэгч компаний үүдний шилэн хаалгыг хуучирч элэгдсэн, иргэдэд найдвартай үйлчлэх стандартын чанарын шаардлага хангаагүй, хэрэглэгчийн эрүүл мэндэд осол учруулсан, өөрийгөө гэм буруугүй гэж тайлбарлан маргасан.

2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд хариуцагч Ц.Э нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд байрлах Еvergood төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг Вк ХХК-ийн үүдний шилэн хаалгаар орохоор шатаар өгсөж явахдаа гар утсаараа оролдон явж байгаад тухайн хаалгыг нь онгойж амжаагүй байхад духаараа мөргөж, мөн баруун өвдгөөрөө цохисноос уг шилэн хаалга хагарч Вк ХХК-д эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт зохигч талуудын тайлбар, мэтгэлцээн, хэрэгт авагдсан гэрэл зургууд болон тухайн үеийн камерийн бичлэг, түүнд үзлэг хийж бэхжүүлсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч компаний гадаах гүйдэг шилэн хаалгыг онгойж амжаагүй байхад хариуцагч Ц.Э нь гар утсаараа оролдож явснаас шилэн хаалгыг духаараа мөргөсөн ба мөн баруун өвдгөөрөө цохисноос уг шилэн хаалгыг хагалсан болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан гэж үзнэ.

Хариуцагч нь нэхэмжлэгч компаний хаалгыг хуучирч элэгдсэн, стандартын шаардлага хангаагүй, хэрэглэгчийн эрүүл мэндэд осол учруулсан, өөрийгөө гэм буруугүй гэж маргаж байгаа боловч энэхүү маргаж буй үндэслэл нь тухайн үеийн камерийн бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэгчийн гүйдэг шилэн хаалгыг Ц.Э болгоомжгүйгээр мөргөж, баруун өвдгөөрөө цохисон үйлдэл нь хариуцагч Ц.Э гэм буруугаас болсон ба тухайн шилэн хаалгыг хагалж эд хөрөнгөд хохирол учруулсан нь гэм хортой шууд шалтгаант холбоотой тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар уг гэм хорыг Ц.Э хариуцан арилгах үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар тус компани нь Ш х ХХК-д гадаах гүйдэг шилэн хаалга шинээр хийсэн төлбөрт 1 500 000 төгрөг төлсөн болохыг нотолсон баримт /хх-24/-ыг, мөн Ш х ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Төлбөрийн нэхэмжлэл-д автомат хаалга 1 ш 3 250 000 төгрөг гэж бичигдсэн баримт /хх-43/-ыг тус тус шүүхэд гарган өгсөн ба эдгээр баримтыг үндэслэн хохирлыг тооцож 1 800 000 төгрөг гаргуулахаар хариуцагчаас шаардсан бол хариуцагч тал Т ХХК-ийн 2019.05.07-ны өдрийн Үнийн санал хүргүүлэх тухай баримт /хх-44/-ыг шүүхэд гарган өгч тухайн компаниар нэхэмжлэгчийн хагарсан гүйдэг шилэн хаалгыг нь өмнө байсан байдалд нь сэргээж өгөх саналыг гаргахад нэхэмжлэгч тал сэргээн засварлуулахгүй, манай компани өөр газар руу нүүж орох тул учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлнэ гэж шаардсан нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т заасантай нийцэж байна.

Шүүх, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлээд дээр дурдсан хэргийн 24-р хуудсанд авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримтыг үндэслэн хариуцагч Ц.Э учруулсан хохирлыг 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1 500 000 төгрөгөөр уг гүйдэг шилэн хаалгыг хийлгэсэн ба түүнээс хойш 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тухайн хаалгыг ашигласан байдал, гэм хор учруулагчийн болгоомжгүй үйлдэл зэргийг тус тус харгалзан үзээд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцах гэм хорын хэмжээг 50 хувиар багасгаж 750 000 төгрөгийг Ц.Э нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Учир нь хэдийгээр өмнө дурдсанчлан хариуцагч Ц.Э нь өөрийн болгоомжгүй, санамсаргүй үйлдлийн улмаас нэхэмжлэгч Вк ХХК-ийн эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулсан болох нь тогтоогдож байх боловч ердийн хурдаар алхаж очин биеийн дух болон өвдгөөр мөргөх төдийд тусгаарлалтын зориулалттай гүйдэг шилэн хаалга хагарах учиргүй юм.

Түүнчлэн үзлэг хийн бэхжүүлсэн дүрс бичлэгт шилэн хаалга хагарахдаа дух болон өвдгөөр мөргөсөн хэсгээр бус харин гүйдэг хаалганы гүйлтийн дээд зам бага зэрэг савлаж, шилэн хаалга дээрээсээ эхлэн хагарсан болох нь харагддаг.

Иймд нэхэмжлэгч Вк ХХК-ийн эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан явдлын хариуцлагыг дан ганц хариуцагч Ц.Э хариуцуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Нэхэмжлэгч талаас гаргасан Төлбөрийн нэхэмжлэл гэх баримтанд хэдийг харьцах хэд хэмжээтэй шилэн хийц болох нь, гүйдэг хаалганы зам, бэхэлгээ, гүйдэг хаалгыг хөдөлгөх мотор, хөдөлгөөн мэдрэгч зэрэг нь уг үнэнд багтсан эсэх нь тодорхойгүй байх тул уг баримтыг үндэслэн хохирол тооцох боломжгүй байна.

Мөн хариуцагч талаас гаргасан Үнийн санал хүргүүлэх тухай гэх баримтанд дурдагдсан БНХАУ болон ОХУ-д үйлдвэрлэсэн гэх шилэн хийц нь Вк ХХК-ийн хагарсан шилэн хийц мөн эсэх нь тодорхойгүй, дурдагдсан үнийг зах зээлийн үнэ гэж үзэх боломжгүй, зохигч талууд хагарсан шилэн хийцний хэмжээг хэн аль нь баттай сайн мэдэхгүй, үүнийг нотолсон баримтыг нэхэмжлэгч гаргаж шүүхэд өгөөгүй байх тул мөн уг баримтыг үндэслэн хохирол тооцох боломжгүй гэж тус тус дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тухайн хаалгыг 2011 оны 10 сарын 13-ны өдөр Ш х ХХК-иар 1 500 000 төгрөгөөр хийлгүүлсэн түүнээс хойш материалын өртөг зардал өссөн байдлыг тооцоолон 300 000 төгрөгийг нэмж 1 800 000 төгрөгөөр тодорхойлсон гэж тайлбарласан боловч үүнийгээ нотолсон холбогдох бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хариуцагчаас 750 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1 050 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Э 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Вк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1 050 000 /нэг сая тавин мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43 750 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Ц.Э 22 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Вк ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ

Д.НЯМБАЗАР