Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2023/00101

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2023      01        02                                          181/ШШ2023/00101

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 9А байрны 41 тоот хаягт оршин суух, Д овогт Х Г /РД:ЖЮ74080710/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатар гудамж, 11/2 дугаар байрны 11 тоот хаягт оршин суух, Ш овогт Д А /РД:ОЭ76110811/-т холбогдох,

Нэхэмжлэгчийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт алданги 27,500,000 төгрөг, орон сууцыг үндэслэлгүйгээр эзэмшиж, ашигласны төлбөрт 27,000,000 төгрөг тус тус гаргуулж, гэрээнээс татгалзсаны үр дагаварт орон сууцыг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,

Хариуцагч Д.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Г нь Д.А холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээнээс татгалзсаны үр дагаварт орон сууцыг буцаан шилжүүлж өгөхийг даалгах гэж шаардлагаа тодруулан, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт алданги 27,500,000 төгрөг, орон сууцыг үндэслэлгүйгээр эзэмшиж, ашигласны төлбөрт 27,000,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Талууд хооронд 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн  14-р хороо, 3-р хороолол, 11 байр 15 тоот, 2 өрөө орон сууцыг 79,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож орон сууцны төлбөрийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж гэрээг үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газар бүртгүүлж, урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн даруйд урьдчилгаа 24,000,000 төгрөгийг худалдан авагч талаас худалдагч талд төлж, үлдэгдэл 55,000,000 төгрөгийг худалдан авагч тал 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор худалдагч талд бүрэн төлж барагдуулахаар тус тус харилцан тохиролцож №0483 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан өдрөөс хойш худалдан авагч тал нь урьдчилгаа төлбөр төлж үлдэгдэл 55,000,000 төгрөгөөс нэг ч төгрөгийг гэрээний 3.2-т заасан төлбөр төлөх хугацаандаа төлөөгүй өнөөдрийг хүрлээ. Мөн гэрээний 4.2-т заасны дагуу хугацаандаа төлбөрөө төлж барагдуулах үүрэгтэй, гэвч 2 жил гаран хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж гэрээний үүргээ биелүүлсэнгүй. Нэхэмжлэгч талаас хариуцагч талд маш олон удаа гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлж барагдуулахыг шаардсан, гэтэл шаардлагын хүрээнд зөрчлөө арилгаагүй гэрээний 3.2.2-т заасан үүргийн дийлэнх хэсгийг биелүүлээгүй. Энэ үйлдэл нь худалдан авагч талыг гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлээгүй гэдгийг нотлон харуулж байх тул нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах болсноо 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр худалдан авагч А бичгээр мэдэгдсэн. Мөн худалдан авагч Д.А 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрээнээс татгалзаж байгаа мэдэгдэл хэвээрээ тул орон сууцыг 7 хоногийн дотор чөлөөлж түлхүүр хүлээлгэж өгөхийг мэдэгдсэн гэвч худалдан авагч буюу хариуцагч тал нь тогтоосон хугацаанд орон сууцыг сайн дураар чөлөөлөхгүй байх тул Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3-р хороолол, 11-15 тоот Ү-2205005389 улсын бүртгэлийн дугаартай 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч Д.А даалгаж өгнө үү.

Худалдан авагч тал нь гэрээний 3.2-т заасны дагуу үлдэгдэл 55,000,000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүрэгтэй гэрээ байгуулсан. Хэрэв тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээний 3.5-т "Худалдан авагч тал нь гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,4 хувиар алданги төлнө" гэж гэрээ байгуулах үед талууд тохиролцож гэрээ байгуулсан учраас худалдагч тал нь гэрээний дагуу гэрээ цуцлах өдрийг хүртэл хугацааны алданги төлөх үүрэгтэй. 2020 оны 08 дугаар сарын 01-2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 741 хоног хугацаа хэтрүүлсэн. 55,000,000 төгрөгийн өдрийн 0,4 хувийн алданги нь 220,000 төгрөг, 220,000*741=163,020,000 төгрөгийн алданги гаргуулахаар байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д "Анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж хуульд заасан тул хариуцагч талаас алданги 27,500,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Худалдан авагч тал нь тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул худалдагч тал гэрээг цуцалсан. Гэрээ цуцлагдсан тул талууд авсан, өгсөн зүйлийг харилцан буцаах асуудал үүсэж байна. Гэвч худалдан авагч тал 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд орон сууцыг үндэслэлгүйгээр үнэ төлбөргүй ашигласан, амьдарсан. Үүний дагуу төлбөр гаргуулахгүй бол худалдан авагч тал нь үндэслэлгүйгээр үнэ төлбөргүй бусдын эд хөрөнгийг ашигласан давуу байдал үүсэх учраас орон сууцыг үндэслэлгүйгээр үнэ төлбөргүй ашигласан хугацааны төлбөрийг гаргуулах шаардлагатай байна. Учир нь бидний хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаж дуусгавар болсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу тухайн орон сууцыг үнэ төлбөргүй ашиглах үүрэг үүсэхгүй тул үнэ төлбөргүй ашигласан хугацааны төлбөрийг хуульд заасан зохицуулалтын дагуу гаргуулах боломжтой гэж үзэж байна.

Тухайн орон сууцыг хариуцагч талд худалдан борлуулахаас өмнө бусдад 2017-2018 онд 1 сар бүр 800,000 төгрөгөөр, 2019-2020 онд 1 сар бүр 1,000,000 төгрөгөөр тус тус түрээсэлдэг байсан тул тухайн жилүүдийн түрээсийн дундаж зардлаар буюу 1 сард 900,000 төгрөгөөр тооцож ашиглалтын зардлыг адилтгаж тооцон гаргуулах боломжтой гэж үзэж байна. Ашигласан хугацааны төлбөрийг 1 сар тутмын ашиглалтын төлбөр 900,000 төгрөгөөр тооцож 2020 оны 08 дугаар сарын 01-2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 24,3 сар ашигласан 24,3*900,000=21,870,000 төгрөг, нийт 49,370,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “Талууд 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 0483 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээгээр Баянгол дүүргийн 14-р хороо, 3-р хороолол, 11 дүгээр байрны 15 тоот дахь Ү-2205005389, 000510530 дугаартай үл хөдлөхийн гэрчилгээтэй, 29 м.кв хоёр өрөө орон сууцыг 79,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаанд 24,000,000 төгрөгийг бэлэн өгч, үлдэгдэл 55,000,000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар тохиролцсон болно. Гэрээний дагуу тогтоосон хугацаанд худалдан авагч тал нь төлбөрийг төлөх ёстой байсан ч өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас хугацаандаа төлбөрийг төлөх боломжгүй байдал үүссэн бөгөөд энэ тухайгаа тухай бүр мэдэгдэж байсан. Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээний 3.5 дахь хэсэгт заасны дагуу Худалдан авагч тал нь гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,4 хувиар алданги төлнө гэж заасны дагуу алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу ... Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу 27,500,000 төгрөгийг төлөхөд бэлэн байгаа бөгөөд үлдэгдэл 55,000,000 төгрөг дээр хугацаа тогтоон төлөх, эсхүл орон сууцны зээлд хамрагдан төлөхөд бэлэн байгаагаа илэрхийлж эвлэрэхэд бэлэн байгаагаа өмнөх тайлбар дээрээ ч мөн дурдсан. Гэрээг цуцлах асуудал дээр нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрхгүй бөгөөд гэрээний 5        дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй гэжээ. Уг орон сууцыг гэрээ байгуулж орсны дараа манайх нэлээдгүй хөрөнгөөр засварласан бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл өндөр настай аав маань оршин сууж байгаа. Бид орон сууцны төлбөрийг цаг хугацаанд төлж байгаа учраас бидний хувьд үндэслэлгүйгээр орон сууцыг ашигласан зүйл байхгүй бөгөөд Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр оршин сууж байгаа бөгөөд бусдын хөрөнгийг үнэ төлбөргүйгээр ашигласан зүйл байхгүй болно. Иймд ашигласан хугацааны төлбөр гэх 21,870,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас тус дүнг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80,000,000 төгрөг болон 21,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт, дансны хуулга, хариуцагчаас “Цаст импекс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 09 дүгээр шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ, Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланг нотлох баримтаар шүүхэд тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Х.Г нэхэмжлэлээс гэрээнээс татгалзсаны үр дагаварт орон сууцыг буцаан шилжүүлж өгөхийг даалгах, орон сууцыг ашигласны төлбөрт 17,056,666.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 32,313,333.3 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээ дуусгавар болсон боловч хариуцагч орон сууцыг буцааж өгөөгүй, гэрээнд заасны дагуу алдангид 27,500,000 төгрөг, орон сууц үндэслэлгүйгээр ашигласан хугацааны төлбөрт 21,870,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй тул алданги 27,500,000 төгрөг болон орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлж байраа авах хүсэлтэй байна. Үндэслэлгүйгээр орон сууцыг ашигласан зүйл байхгүй бөгөөд Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр оршин сууж байгаа. Иймд ашигласан хугацааны төлбөр гэх 21,870,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Зохигчийн хооронд байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Х.Гэрэлт-Од нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-205005389 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 14-р хороо, 3-р хороолол 11-р байрны 15 тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 79,000,000 төгрөгөөр Д.А худалдах, худалдан авагч нь улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийгдсэн даруйд 24,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 55,000,000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, төлбөрийг бүрэн төлж дууссан даруйд гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр тохиролцсон байна.

 

4.2. Худалдагч Х.Г орон сууцыг худалдан авагч Д.А эзэмшилд шилжүүлсэн боловч орон сууцны үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээнээс татгалзаж, энэ тухай мэдэгдлийг хариуцагчид 2022 оны 04 дүгээр сарын 06, 16-ны өдөр тус тус хүргүүлжээ.

 

5. Зохигчийн хооронд хүчин төгөлдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний урьдчилгаа төлбөрт 24,000,00 төгрөг төлж, үлдэгдэл 55,000,000 төгрөгийг төлөөгүй, хариуцагч 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, алданги болон орон сууцыг ашигласан хугацааны төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй эсэх нь талуудын маргааны зүйл болсон байна.

 

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд тус гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

7. Нэхэмжлэгч Х.Г гэрээнд заасан орон сууцыг хариуцагч Д.А эзэмшилд шилжүүлэн өгсөн боловч гэрээний үлдэгдэл төлбөр болох 55,000,000 төгрөгийг хариуцагч 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх үүргээ зөрчсөн нь талуудын тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлд гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг зохицуулсан бөгөөд 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд хариуцагчаас төлсөн 24,000,000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй.

 

8. Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч Д.А холбогдуулан орон сууцыг үндэслэлгүйгээр үнэ төлбөргүй ашигласан хугацааны төлбөрт 21,870,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх агуулгаар шаардах эрхээ тодорхойлсон нь оновчгүй боловч шүүх хуульд нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагч Д.А нь орон сууцыг 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ашигласан, гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй талаар маргаагүй ба Х.Г нь гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр буюу хариуцагчийн буруугаас гэрээнээс татгалзсан болох нь тогтоогдож байх тул татгалзсантай холбогдон учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

 Тодруулбал, нэхэмжлэгч уг орон сууцыг бусдад хөлслүүлэн орлого олдог байсан болох нь хэрэгт авагдсан орон сууц түрээсийн гэрээнүүд болон депозит дансны хуулга /хх 28-49/-аар тус тус тогтоогдож байх тул олох боломжтой байсан орлогын хэмжээгээр нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг нэг сарын 600,000 төгрөг, 800,000 төгрөг, 1,000,000 төгрөгөөр бусдад хөлслүүлж байсан тухай гэрээг баримтаар гаргаж өгснийг шүүх харьцуулан үзсэний үндсэн дээр нэг сарын төлбөрийг 700,000 төгрөгөөр тооцож, хохирлыг гаргуулахаар шийдсэн болно.

 

 Иймд хариуцагчийн орон сууц ашигласан хугацаа болох 2020 оны 08 дугаар сарын 01ий өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийт 24 сар 11 хоногийн төлбөрт 17,056,666.7 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

9. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн зүйлсээ харилцан буцааж буй тохиолдолд цуцлагдсан гэрээний заалтыг үндэслэн алданги хариуцагчаас гаргуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээнээс бүхэлд нь татгалзсан тохиолдолд талууд өгсөн авсан зүйлээ буцаах, хохирлоо арилгуулах, үр дагавар үүсэхээс, гэрээний заалтын дагуу үндсэн болон нэмэлт үүрэг /алданги төлөх зэрэг/-ийг шаардах эрхгүй.

 

Иймд талуудын байгуулсан гэрээний 3.5-д заасныг үндэслэн алданги 27,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан үндэслэл бүрдээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас уг хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

 

10. Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д “Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно” гэж заасны дагуу хариуцагчаас гаргуулах 17,056,666.7 төгрөгийг түүний төлсөн 24,000,000 төгрөгөөс хасаж, үлдэх 6,943,333.3 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгохоор тогтоов.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 313,433.33 төгрөгийг хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1, 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дугаар байр, 15 тоот хаягт байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Х.Г эзэмшилд буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч Д.А даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 32,313,333.3 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, гэрээнээс татгалзсаны үр дагаварт нэхэмжлэгч Х.Г 6,943,333.3 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.А олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 313,433.33 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БАТХУЯГ