Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00858

 

 

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00858

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2023/00101 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-т холбогдох,

49,370,000 төгрөг гаргуулах, орон сууцыг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А- нь Б-тай 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр А- нь Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 байр ** тоот, 2 өрөө орон сууцыг Б-т 79,000,000 төгрөгөөр худалдан тохиролцож, гэрээг үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газар бүртгүүлж, урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн даруйд урьдчилгаа 24,000,000 төгрөгийг худалдан авагч нь худалдагчид төлж, үлдэгдэл 55,000,000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тус тус харилцан тохиролцсон.

Гэрээ байгуулсан өдрөөс хойш худалдан авагч тал нь урьдчилгаа төлбөр төлсөн боловч үлдэгдэл 55,000,000 төгрөгийг төлөөгүй. Худалдагч талаас худалдан авагчид удаа дараа гэрээний үүргээ биелүүлж, төлбөрөө төлж барагдуулахыг шаардсан боловч үүргээ биелүүлээгүй. Иймд гэрээнээс татгалзаж байгаа талаар 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б-т бичгээр мэдэгдсэн. Мөн Б-т 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрээнээс татгалзсан тул орон сууцыг 7 хоногийн дотор чөлөөлж, түлхүүр хүлээлгэж өгөхийг мэдэгдсэн боловч тэрээр хугацаанд орон сууцыг чөлөөлөхгүй байх тул тус орон сууцыг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч Б-т даалгаж өгнө үү.

1.2. Худалдан авагч нь үлдэгдэл төлбөр 55,000,000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүрэгтэй гэрээ байгуулсан. Хэрэв тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээний 3.5-т "Худалдан авагч тал нь гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,4 хувиар алданги төлнө" гэж заасан. Б- нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 741 хоног хугацаа хэтрүүлсэн. Иймд хариуцагчаас хуульд нийцүүлж алданги 27,500,000 төгрөг нэхэмжилж байна.

1.3. Худалдан авагч тал нь тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул худалдагч тал гэрээг цуцалсан. Гэрээ цуцлагдсан тул талууд авсан, өгсөн зүйлийг харилцан буцаах үүрэгтэй. Гэвч худалдан авагч тал 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд орон сууцыг үндэслэлгүйгээр үнэ төлбөргүй ашиглаж байна.

Тухайн орон сууцыг хариуцагч талд худалдан борлуулахаас өмнө бусдад 2017-2018 онд 1 сар бүр 800,000 төгрөгөөр, 2019-2020 онд 1 сар бүр 1,000,000 төгрөгөөр тус тус түрээсэлдэг байсан тул тухайн жилүүдийн түрээсийн дундаж зардлаар буюу 1 сард 900,000 төгрөгөөр тооцож, 2020 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 24,3 сарын түрээсийн төлбөрт 21,870,000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Гэрээний дагуу тогтоосон хугацаанд худалдан авагч тал нь төлбөрийг төлөх ёстой байсан ч өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас хугацаандаа төлбөрийг төлөх боломжгүй байдал үүссэн бөгөөд энэ тухайгаа тухай бүр мэдэгдэж байсан. Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээний 3.5 дахь хэсэгт заасны дагуу алданги 27,500,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй бөгөөд үлдэгдэл төлбөр 55,000,000 төгрөг дээр хугацаа тогтоон төлөх, эсхүл орон сууцны зээлд хамрагдан төлөхөд бэлэн байна.

2.2. Нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрхгүй бөгөөд гэрээний 5.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан. Уг орон сууцанд орсны дараа Б- нь нэлээдгүй хөрөнгөөр засварласан бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл түүний өндөр настай эцэг оршин сууж байгаа.

Б- нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр оршин сууж байгаа бөгөөд бусдын хөрөнгийг үнэ төлбөргүйгээр ашигласан зүйл байхгүй болно. Иймд ашигласан хугацааны төлбөр гэх 21,870,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас тус дүнг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1, 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байр, ** тоот хаягт байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч А-ын эзэмшилд буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч Б-т даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 32,313,333.3 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, гэрээнээс татгалзсаны үр дагаварт нэхэмжлэгч А-оос 6,943,333.3 төгрөгийг гаргуулан хариуцагч Б-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 313,433.33 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгчийн орон сууцыг үндэслэлгүйгээр эзэмшиж ашигласны төлбөрт 27,000,000 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч нь тухайн орон сууцыг худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа буюу нэхэмжлэгч өөрөө уг орон сууцыг хариуцагчид шилжүүлэн, эзэмшил ашиглалтад өөрийн хүсэл зоригийн дагуу шилжүүлсэн байх тул энэ үндэслэлээр аливаа шаардлага гаргах, аливаа төлбөр шаардах эрхгүй юм.

4.2. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх учиртай байтал нэхэмжлэлийн шаардлагыг шүүх өөрөө тодорхойлж, нэхэмжлэгчээс хохирол гэж шаардаагүй байхад хохирлын төлбөрийг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох эрх нь зөвхөн нэхэмжлэгчид хамаарах учиртай.

Шүүхээс нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан шаардлагыг анхаараагүй бөгөөд нэхэмжлэгчээс хохирол шаардаагүй байхад "хохирсон гэж үзнэ" гэж дүгнэн, хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй түрээсийн гэрээ болон тухайн маргаан бүхий орон сууцны түрээсийн төлбөрийн баримт мөн эсэхийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүйгээр хохирол тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэлд тодорхойлж буй харилцаа нь өөр харилцаа болох нь тогтоогдсон тохиолдолд шүүх залруулан хуулийг зөв тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Мөн тухайн шаардах эрхэд холбогдох хуулийг зөвтгөж хэрэглэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэнд тооцогдохгүй.

Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдахаас тухайн орон сууцыг 600,000-1,000,000 төгрөгөөр түрээсэлж байсан нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаарх үндэслэлийг тодорхой дурдсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-т холбогдуулан алданги 27,500,000 төгрөг, хохирол 21,870,000 төгрөг, нийт 49,370,000 төгрөг гаргуулах, орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчдын хооронд 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр А- нь Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны ** тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 79,000,000 төгрөгөөр худалдах, Б- нь улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийгдсэн даруйд 24,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 55,000,000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

3.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, Б- нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 24,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа боловч орон сууцны үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ гүйцэтгээгүй үйл баримтыг зөв тогтоосон.

 

3.2. Б- нь худалдах, худалдан авах гэрээний 3.2-т заасны дагуу үлдэгдэл төлбөр 55,000,000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүргээ анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд биелүүлээгүй, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж байгаа талаар 2022 оны 04 дүгээр сарын 06, 16-ны өдрүүдэд хариуцагчид мэдэгдсэн байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагч үүргийн зөрчил гаргасны улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэх зохицуулалтад нийцжээ.

 

4. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны ** тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг А-ын эзэмшилд буцаан шилжүүлж өгөхийг Б-т даалгаж, А-оос урьдчилгаа төлбөрт хүлээн авсан 24,000,000 төгрөгийг буцааж гаргуулан Б-т олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

4.1. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбоотой 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийт 24 сар 11 хоног хариуцагчид орон сууц эзэмшүүлж, ашиглуулж байсны төлбөрийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Учир нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1, 205.5, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээнээс татгалзахад гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй гүйцэтгэлийг мөнгөөр нөхөн төлөх, гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зохицуулсан.

Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаварт орон сууцыг эзэмшиж, ашигласан хугацаанд ногдох төлбөрийг мөнгөн хэлбэрээр хариуцагч хариуцах үүрэгтэй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тус орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд бусдад хөлслүүлж байсныг нотолсон гэрээ, банкны дансны хуулга зэрэгт үндэслэн нэхэмжлэгчид учирсан нэг сарын хохирлыг 700,000 төгрөгөөр тооцож хариуцагчаас 17,056,666 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4.2. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас 17,056,666 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн болон гэрээнээс татгалзсаны үр дагаварт нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгож буй 24,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар хооронд нь харилцан тооцож заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй тул зөвтгөж өөрчилнө.

 

5. Алданги 27,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт уг шаардлагыг шийдвэрлэхдээ холбогдох Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримтлаагүйг залруулна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2023/00101 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дугаар байр, ** тоот хаягт байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч А-ын эзэмшилд буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч Б-т даалгаж,

нэхэмжлэгч А-оос 24,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Б-т олгож, хариуцагч Б-аас 17,056,666 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-од олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32,313,333 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Т.БАДРАХ