Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2023/00600

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2023       02         16                                          181/ШШ2023/00600

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, Гааль 4 дүгээр байр, 19 тоот хаягт оршин суух, Т овогт А О /РД:УЮ87091009/,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, Гааль 4 дүгээр байр, 19 тоот хаягт оршин суух, Х овогт У Т /РД:СФ82020110/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 28 дугаар байр, 60 тоот хаягт оршин суух, Т овогт Б Ц /РД:ТЗ79110109/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 28 дугаар байр, 60 тоот хаягт оршин суух, Х овогт Э Б /РД:ЧО78110376/ нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт болон хохиролд нийт 95,314,981.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.О,

Нэхэмжлэгч У.Т,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Н,

Хариуцагч Б.Ц /хариуцагч Э.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч/,

Хариуцагч нарын өмгөөлөгч П.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.О, У.Т нар нь хариуцагч Б.Ц, Э.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт болон хохиролд нийт 81,471,993.69 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 95,314,981.73 төгрөг болгон ихэсгэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  “... 2021 оны 8 дугаар сард миний нөхрийн үеэл эгч Б.Ц, түүний нөхөр Б нар "Ах эгч 2 нь бизнесээ өргөжүүлж байгаа, өөрсдийн 5 шард байрлах "Эрч" бөөний төвийн залгаа объектыг 1,400,000,000 төгрөгөөр банкны зээлээр авах гээд урьдчилгаа 400,000,000 төгрөгийг худалдах, худалдан авах 2 хүний дундын дансанд байршуулах гэтэл мөнгө дутаад байна, 100,000,000 төгрөгөө түр зээлээч, бид дансандаа байрлуулаад 7 хоногийн дараа банкнаас зээл гарахаар эргүүлээд өгье, хариуд нь 40,000,000 төгрөг хүүгүй зээлнэ гэх санал тавьсан. Ингээд 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр А.О миний бие өөрийн нөхрийн үеэл эгч болох Б.Ц болон түүний нөхөр Э.Б нарт байрны урьдчилгаа төлбөр болгон хурааж, цуглуулж байсан 100,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн мөнгийг Хаан банкин дахь Б.Ц 5028481903 тоот дансанд шилжүүлээд 7 хоног өнгөрсөн боловч банкны эдийн засагч нь Ковид туссан тул зээл хойшилсон гээд тохирсон хугацаандаа буцааж өгөөгүй. Энэ хугацаанд буюу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би худалдаж авах шинэ байрныхаа гэрээг хийхээр болж Б.Ц эгчийг шинэ байран дээрээ дуудаж уулзахад шинэ байрны өнгө үзэмж, сан, обой, тоглоомын талбай, машины зогсоол зэргийг голж, миний дүү нөхрийгөө ирэхээр өөр байр хайвал яасан юм, тэр хүртэл ах эгч хоёр нь зээлсэн 100 сая төгрөг дээр нэмж банкны хадгаламжийн хүү бодож тооцоод буцааж өгнөө гэсэн. Өмнө нь хэд хэдэн удаа миний хадгалж байгаа мөнгийг хадгаламжийнх нь хүүгээр зээлдэг, зээлээ хаахдаа тухайн үеийн Хаан банкны ханшаар бодоод хүүгээ авдаг байсан, сүүлд 2020 оны 11 дүгээр сард 9 сая төгрөг надаас зээлээд хүүтэй нь өгч дуусгасан болохоор энэ саналыг нь зөвшөөрч байр авах асуудлаа түр хойшлуулсан.

Миний нөхөр У.Т Өмнөд Судан улсад энхийг дэмжих ажиллагаа дуусгаад 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Монголдоо ирсэн, бид ипотекийн зээлд хамрагдах боломжтой өөр байр олж, банкны зээлийн шалгуураа хангаад бүх нөхцөлөө бүрдүүлээд, урьдчилгаа 115,000,000 төгрөг бэлдэх шаардлагатай болсон. Ингээд Б.Ц, Э.Б нарын 5 шард байрлах Эрч бөөний төв дэлгүүр дээр нь очиж, мөнгөө яаралтай авъя гэхэд худалдаж авах объектын эзэн урд хилийн цаана гацсан, дундын данснаасаа мөнгөө авч чадахгүй байна, хүлээхээс өөр аргагүй, мөнгө гаргах боломжгүй байна, та хэд өөрсдөө зохицуулчих, ах эгч нь ямар ч байсан бүх гарсан зардал, хохирол, хүүг нь төлнө гэсэн.

Банктай зээлийн гэрээ байгуулсан, хугацаандаа багтаж урьдчилгаа төлбөрөө хийхгүй бол байраа алдах, ипотекийн зээлд хамрагдах боломжгүй болох эрсдэлтэй байсан тул нөхөр бид 2 арга буюу танил тал, ах, найз нөхдөөсөө мөнгө зээлж урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж эхэлсэн. Банкны зээлийн эдийн засагчаас урьдчилгаа мөнгө Б.Ц гэж хүний данс руу орсон бол заавал тэр данснаасаа буцааж оруулж ирэх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан тул нөхөр бид 2 найз нөхдөөсөө зээлсэн мөнгөнүүдээ дахин Б.Ц дансаар оруулж гаргахаас өөр аргагүй болсон. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр банктай байгуулсан зээлийн гэрээний хугацаандаа багтааж, би найз нөхдөөсөө мөнгө цуглуулж, мөн өөрийн ээжийнхээ өндөр насны тэтгэврийг барьцаалж 3,908,000 төгрөгийн зээл авсан, 5 хүүхдийн хадгаламжаа барьцаалж 18,483,337.35 төгрөгийн зээл авч нийт 62,000,000 төгрөг болгож цуглуулан Б.Ц 5007771067 тоот данс руу нь хийж, Ц өөрөөсөө 28,000,000 төгрөг нэмж Хаан банкин дахь өөрийн 5028481903 тоот данснаас нийт 90,000,000 төгрөгийг буцааж миний данс руу шилжүүлснээр байрны урьдчилгаа 115,000,000 төгрөг бүрдэж банкны зээлд орсон.

Байрны урьдчилгаа төлбөр шилжүүлэх энэ үйл явдлаас хойш Ц, Б нар дахиж мөнгө өгөөгүй, нөхөр бид 2 бусдад өр төлбөртэй, арга буюу бидэнд тусалсан хүмүүсийг хохироохгүйн тулд өөрсдийн анхны гал голомт болсон байраа 30,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд банк бус санхүүгийн байгууллагад тавьсан, сүүлдээ 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 5 хүүхдийнхээ олон жил хадгалсан хадгаламжуудыг хаалгалаа. Энэ бүх асуудлыг авах бүртээ Ц, Б нарт хэлж, мэдэгдэж байсан бөгөөд өөрсдөөс нь шалтгаалан гарч байгаа бүх хохирол асуудлыг уучлаарай гээд тухайн үедээ бүгдийг зөвшөөрч хохиролгүй болгоно гэдэг байсан.

Зээлсэн мөнгөө авъя гэж очих бүрд эхэндээ элдэв зовлон ярьж, өөр бусдад өндөр хүү төлж байгаа, түр хүлээж бай гэж байгаад сүүлдээ бүүр утасны дуудлага авахгүй, хариу өгөхгүй, хаалгаа тайлж өгөхөө байгаад шүүх, цагдаадаа өг гэж дарамтлах болсон.

Ингээд тооцож үзэхэд Б.Ц, Э.Б нарт нийтдээ 162 сая төгрөг шилжүүлснээс, буцааж 90 сая төгрөг авсан, одоо үлдэгдэл 72 сая төгрөг, үүн дээр 2021.12.13-ны өдөр хүртэл ашигласны хадгаламжийн хүү 2,336,438.36, ББСБ-д орон сууц барьцаалсан зээлийн хүү 5,278,000 төгрөг, 5 хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлийн хүү 650,894.75 төгрөг, хугацаанаас нь өмнө хадгаламж цуцалсны буцаагдсан хүү 956,517.59 төгрөг, тэтгэврийн зээлийн хүү 250,142.99 төгрөг нийт 81,471,993.69 болсон байна. Иймд Б.Ц, Э.Б нараас зээлийн үлдэгдэл төлбөр 72,000,000 төгрөг, хохиролд 9,471,993.69 төгрөг, нийт 81,471,993.69 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч Э.Б хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч А.О нь манай эхнэр Б.Ц үеэл дүү болох У.Т гэр бүлийн хүн. Олон жил манайхаар орж гарч ахаа эгчээ гэж явсаар ирсэн. Нэхэмжлэлд гараад байгаа 2021 оны 8 дугаар сард эхнэр Б.Ц хамт байлцаж А.О уулзсан, түүнээс мөнгөний тусалцаа гуйсан мэт нэхэмжлэлд дурдсан нь үнэнд үл нийцэх тул тухайн нэхэмжлэлээс нэрээ татуулах хүсэлтэй байна. Иргэн А.О мөнгөний асуудлаар өнөөг хүртэл ямар нэгэн яриа хэлцэл хийж байгаагүй болно” гэжээ.

 

3. Хариуцагч Б.Ц хариу тайлбартаа: “... үеэл дүүгийн эхнэр А.О нөхрөө даган манайхаар орж гарч гэм зэмгүй явдаг байсан. 2013 оноос 2017 он хүртэл цуглуулсан мөнгөө банкны хүүгээс арай дээгүүр өсгөх боломж байна уу гэхэд нь найз нөхдөдөө зээлдүүлэн амьдрал ахуйд нь тусалсаар ирсэн. 2021 оны 8 сард байр авах мөнгөө нөхөр У.Т иртэл өсгөх хэрэгтэй байна гэхэд нь надад зээл авах гээд төлбөр байршуулах шаардлага байна гэхдээ чи надаа мөнгө зээлдүүлбэл эгч нь зээлээ гарсны дараа танайд хэрэгтэй байгаа мөнгийг хэрэглүүлээд харилцан бие биедээ тусалж болох санал дээр зөвшилцөн миний Хаан банкин дахь 5028481903 тоот дансанд 100 сая төгрөг шилжүүлж түүнийг нь хүлээн авсан нь үнэн. Тухайн мөнгийг авахдаа ямар нэгэн гэрээ хэлцэл хийлгүйгээр харилцан тохиролцож авсан болохоос биш нэхэмжлэлд гарсан шиг хүү алданги тооцох талаар ямар ч тохироо байгаагүй. 2021 оны 9 дүгээр сард бөөний төвийн байнгын харилцагч бусадтай үгсэн хуйвалдан манай байгууллагаас 200 сая төгрөгийн бараа залилан хэвийн явж байсан үйл ажиллагааг огцом доголдуулсан юм. Мөн худалдан авах гэж байшин барилгын үндсэн эзэд тухайн барилгын газрыг зээлийн барьцаанд тавьсан түүнийгээ төлөөгүй удсан зэргээс үүдэлтэйгээр одоог хүртэл наймаа эцсийн шатандаа ороогүй. 2021 оны 9 сард бүлэг хүмүүст залилуулан хохирох үедээ бие давхар болсон байсан ч өөрийн биеийн байдлыг хайхрах сөхөөгүй асар их мөнгөний асуудалд орсон. 2021 оны 11 сард үеэл дүү У.Т А.О хамтаар ирж байр авах гэж байна мөнгөө авмаар байна гэхэд нь үнэн бодит байдлаа хэлсэн ч миний аргаа барсан байдлыг огт ойлгохыг хүсээгүйгээр үл барам ажил дээр өдөр бүр сахин суух, эхнэр А.О нь орой үдэш найз нөхөдтэйгөө ажил дээр ирж согтууруулах зүйлс ууж хэрэглэж ажилчдын дунд “энэ байгууллагын захирал нь миний мөнгийг өгөхгүй байгаа юм” гэх зэргээр хэлж тэрнийхээ дараа 22 цагаас хойш гэрийн хаалга хүчтэй балбаж орцонд чанга дуугаар "мөнгө өгөхгүй бол үхлээ шүү” хэмээн хашхирч хүүхдүүд айлгах жирэмсэн намайг цочирдуулсан учраас ирэхэд нь хаалгаа тайлаагүй, мөн уулзмаар байвал танихгүй согтуу хүмүүстээ битгий орой үдэш ирээч ээ гэдгээ удаа дараа хэлж байсан. Миний үеэл дүү болон түүний эхнэр “Бүх үнэ хүрэх эд материал хөрөнгө үзүүл бүгдийг нь зарж үрээд барьцаанд тавиад, хүнээс хүүтэй мөнгө зээлээд манай мөнгийг өг” гэхэд нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 20 сая төгрөгийг өдрийн хүүтэй мөнгө зээлдэг хүнээс авч өгсөн.

Ингээд анх авсан 100 сая төгрөгөөс 28 сая төгрөгийг өгөөд үлдсэн мөнгийг нь зээл гарахаар өгье гэж учирлаж хэлсэн. Хүний мөнгийг аваад хүмүүсийг хамаатан саднаа хохироож байгаа буруугаа мэдэж байгаа болохоор 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай ажил дээрээ шинэ жил тэмдэглэх хэрэглээний 425,500 төгрөгийн үнэ бүхий зүйлсийг У.Т ирж авахдаа тооцоондоо оруулж тооцуулна гэсэн. Түүний дараагаар 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 466,100 төгрөгийн бараа, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1,563,770 төгрөгийн бараа, 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 639,600 төгрөгийн бараа, нийтдээ 4 удаагийн ирэлтээр 3,094,970 төгрөгийн бараа материалыг авч явсан, 2022 оны 04 дүгээр сарын 12-нд У.Т гэрт ирж мөнгө нэхэхэд нь үнэн учраа хэлээд зээл гартал боломжгүй байгаа илэрхийлсэн тэгээд У.Т Хаан банкны 5058080507 тоот дансанд 2022 оны 01            дүгээр сарын 29-ний өдөр 200,000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэлд гарсан шиг огт мөнгө өгөхгүй зугтсан зүйл байхгүй ээ. Аль болох зээл гаргуулах гэж Хаан банканд 2 удаа, Капитрон банканд 2 удаа хандаж зээл авах гэтэл барилга зарж байгаа талыг зарж байгаа барилгын эзэмших газрыг зээлээс чөлөөлсөн байх ёстой гэж үзсэн. Уг барилгын эзэд 2022 оны 6 дугаар сард зарах гэж байгаа барилгынхаа эзэмших газрыг зээлээсээ чөлөөлөөд манай байгууллага зээл хөөцөлдөх гэтэл томоохон банкнууд бүх төрлийн зээл судлахгүй зогсоосон цаг үе таарчхаад байгаа юм. Миний хувьд хамаатны дүү нараа нэн тэргүүнд хохиролгүй болгох, тэгэхдээ болж өгвөл мөнгийг нь бөөнөөр нь өгчих санаатай явсан. Үеэл дүү түүний эхнэрээс ирэх сэтгэлзүйн дайралт цахим орчны доромжлол болгонд нь болох хүлцэнгүй дуугай явсан ч 2022 оны 05 дугаар сарын 10-нд товлосон хугацаанаасаа өмнө хүүхдийн цусан хангамж муудсан учир яаралтай хагалгаанд орж 5 дахь хүүхдээ төрүүлсэн. Намайг болон нялх хүүхдийг нь минь тоолгүй дөнгөж гэртээ гарсан намайг “Төрөх болоогүй байсан биз дээ, яагаад гэнэт төрчихвөө, үнэ хүрэх зүйлээс чинь нөхрийн чинь хөөрөг хаана байна түүнийг чинь барьцаанд тавимаар байна” гэж У.Т ойр ойрхон ирж өдөржин сахиж өнждөг болсон... ” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч нар 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан ихэсгэсэн шаардлагадаа: “... Голомт банкны орон сууцны зээлээр худалдаж авсан байрны урьдчилгаанд 115 сая төгрөгийг бүрдүүлж өгөхдөө найз нөхдөөсөө зээлсэн мөнгийг буцааж өгөхөөр “Бид санхүүгийн нэгдэл ББСБ” ХХК-иас 30 сая төгрөгийг байраа барьцаалж зээлсэн бөгөөд энэ зээлийн гэрээний дагуу төлсөн 2022 оны 8, 9, 10 дугаар сарын хүү, үндсэн зээлийн төлбөрт 2,525,388.89 төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 2,525,388.89 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 83,997,328.58 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.

 

5. Нэхэмжлэгч нар 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан ихэсгэсэн шаардлагадаа: "... хариуцагч талаас нэхэмжлэгчид төлбөр төлж байсан баримтууд гэх Хаан банкны 750 гаруй хуудас дансны хуулгаа нотлох баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд энэхүү баримтуудаар зохигч талууд өмнө нь зээлийн гэрээний харилцаатай байсан болохыг нотолсон байна. Нэхэмжлэгч талаас 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчид зээлдүүлсэн 100,000,000 төгрөгөөс болон түүний үлдэгдэл төлбөр 72,000,000 төгрөгийг арилжааны банканд хадгалуулсан бол олох байсан орлогыг банкны хадгаламжийн хамгийн бага хүүгээр тооцоолоход 8,926,991.78 төгрөг болж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь "Бид санхүүгийн нэгдэл ББСБ" ХХК-иас 30 сая төгрөгийг байраа барьцаалж зээлсэн бөгөөд энэ зээлийн гэрээний дагуу төлсөн 2022 оны 11, 12 дугаар сарын хүү болон хувь хүмүүсээс зээлсэн мөнгөний хүүг хохиролд тооцуулахаар нэмж нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 11,317,599.15 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 95,314,981.73 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.

 

6. Хариуцагч нар ихэсгсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “... нэхэмжлэгч нар талуудын хооронд байгуулсан гэрээг “Зээлийн гэрээ” гэж тодорхойлсон байх ба зээлийн үлдэгдэл төлбөр, хохирол, олох ёстой байсан орлого гэж шаардлагаа тодорхойлж, үндсэн төлбөрөөс илүү хэмжээгээр төлбөр гаргуулахаар нэхэмжилснийг дор дурдсан үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:    Үүргийн харилцааг тодорхойлохын тулд талуудын хооронд байгуулсан бичгийн гэрээг, бичгээр гэрээ байгуулаагүй бол холбогдох бусад баримтуудыг үндэслэн хүсэл зоригийн илэрхийлэл нь чухам юу байсныг тогтоох шаардлагатай байна. Нэхэмжлэгч нь “Зээлийн гэрээ”-ний харилцаа үүссэн гэх боловч бичгээр байгуулсан гэрээ байхгүй боловч мөнгө шилжүүлсэн баримтын зорилго /гүйлгээний утга/ нь зээлийн гэрээ байгуулсан гэх нотолгоо болж чадахгүй байна.

 

Гэрээний үүрэг зөрчсөн буюу хугацаа хэтрүүлсний улмаас үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг шаардахад хэзээнээс хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчил бий болсныг тодорхойлох шаардлагатай ба бичгээр гэрээ байгуулсан тохиолдолд үүнийг тогтоож болохоор байна. Гэтэл нэхэмжлэгч нар болон хариуцагч нарын хооронд гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй тул үүргийг гүйцэтгэх хугацааг тогтоох боломжгүй байх ба үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэх үзэх үндэслэлгүй байна.

 

Олох ёстой байсан орлогыг шаардахдаа “Арилжааны банканд хадгалуулсан бол хамгийн бага хүүгээр тооцоолоход ...” гээд тооцооллын талаар шүүх хуралдаан дээр тайлбарлана гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийг тодорхой бүрдүүлбэрийн дагуу шүүхэд гаргаж шаардлагаа тодорхойлохыг хуулиар шаардсан. Түүнчлэн уг зүйлийн 62.1.4-т үндэслэл, шаардлага, түүний нотлох баримтыг бүрдүүлж тусгасан байх шаардлагатай. Гэтэл ямар нэг үнийн дүн бүхий шаардлага гаргачхаад шүүх хуралдаан дээр тооцооллыг тайлбарлана гэх нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй болохыг илэрхийлж байхын зэрэгцээ хариуцагч талыг шүүх хуралдаанд үндэслэл бүхий тайлбар хэлж оролцох, мэтгэлцэх боломжийг хязгаарлах гэсэн санаа зорилго гэж үзэхээр байна. Олох ёстой байсан орлогыг шаардахад тухайн үүргийг гүйцэтгэснээр үүргийн үр дүнг, тодруулбал мөнгөн хөрөнгийг цаашид юунд зарцуулах хэрэгцээ шаардлага байсан, тухайн зорилгоор ашигласнаар орлого олох эсэх, ямар хэмжээний орлого олох байсан нь тодорхой тогтоогдсон байх шаардлагатай. Тэгвэл нэхэмжлэгч нар анх нэхэмжлэл гаргахдаа орон сууц худалдан авахад зориулан хуримтлуулж байсан гэх атлаа арилжааны банкны хамгийн бага хүүгээр тооцон олох ёстой байсан орлого шаардах нь үндэслэлгүй байна.

 

Хэн нэгэн этгээдэд холбогдуулан шаардлага гаргахад тухайн үүргийн харилцаанд хэн оролцсон, гэрээ байгуулахад харилцан тохиролцоог хэн хийсэн, өөрөөр хэлбэл хүсэл зоригийн илэрхийллийг хэн гаргаж, хэн хүлээн авсан нь чухал ач холбогдолтой. Хангуулахыг шаардаад буй үүргийн хувьд Э.Б холбогдолгүй бөгөөд А.О, тэр тусмаа У.Т гэрээ байгуулаагүй билээ. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шүүхээс ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

7. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, Хаан банкны 100,000,000 төгрөгийн шилжүүлгийн мэдээлэл, 17,000,000 төгрөгийн орлогын баримт, Г.Б харилцах дансны хуулга, А.Б депозит дансны дэлгэрэнгүй хуулга, У.Т депозит дансны дэлгэрэнгүй хуулга, А.О депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Тэтгэврийн зээлийн гэрээ, Т.А, Т.М, Т.Э, Т.С, Т.Б нарын Хас банкны дансны хуулга, Ү-2205045246 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Ипотекийн болон орон сууцны зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, А.О төрсний гэрчилгээний хуулбар, 10,000,000 төгрөгийн шилжүүлгийн мэдээлэл, 115,000,000 төгрөгийн төлбөрийн баримт, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 000221612 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 

хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зарлагын баримт, Б.Ц Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Зээлээр авсан барааны үнэ төлөх тухай гэрээ, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтаар гарган өгч,

хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх Хаанбанк дахь Б.Ц 5028481903, 5000771067 тоот дансны хуулга, Tserendolgor Batkhuyag хаягаас Altangerel Otgontsetseg хаягт бичсэн фейсбүүк чат, 99178935 дугаараас 99943201 дугаарт бичсэн мессеж зэрэгт үзлэг хийж нотлох баримт бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлээс 78,470,416.4 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 16,844,565.29 төгрөг болон хариуцагч Э.Б холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Б.Ц болон түүний нөхөр Э.Б нарт байр авахаар цуглуулж байсан 100,000,000 төгрөгөө 7 хоногийн хугацаатай зээлсэн боловч 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 28,000,000 төгрөгийг буцаан төлж, үлдэх 72,000,000 төгрөгийг төлөөгүй. Зээлийн үлдэгдэл мөнгийг буцаан төлөөгүйгээс байрны урьдчилгаа 115,000,000 төгрөгийг бүрдүүлэхийн тулд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Г.Б 10,000,000 төгрөг зээлж, хүүнд 1,050,000 төгрөг, С.А 10,000,000 төгрөг зээлж, хүүнд 1,350,000 төгрөг, “Бизнес инвестмент девелопмент ББСБ” ХХК-иас 30 сая төгрөг зээлж, хүүнд 9,225,222.23 төгрөг, А.О нь ээж Б.У тэтгэвэрийн зээл авхуулж хүүнд 291,369.14 төгрөг, 5 хүүхдийн хадгаламжийг хугацаанаас өмнө цуцалснаас авч чадаагүй хүү 889,222.48 төгрөг, хадгаламж барьцаалсан зээлийн хүүнд 1,582,176.10 төгрөг тус тус төлж, нийт 14,387,989.95 төгрөгөөр хохирсон, мөн хариуцагчид зээлсэн 100,000,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хадгаламжид хадгалсан бол олох боломжтой байсан орлого гэж нэг жилийн 8,2 хувийн хүүгээр тооцож 100 хоногийн хадгаламжийн хүү 2,246,575.34 төгрөгийг, 72,000,000 төгрөгийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 413 хоногийн хадгаламжийн хүү 6,680,416.44 төгрөг, нийт 8,926,991.78 төгрөгийн орлого олох боломжтой байсан. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл болон хохирол, олох боломжтой байсан орлого нийт 95,314,981.73 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “... 100 сая төгрөг шилжүүлж, түүнийг нь хүлээн авсан нь үнэн. Тухайн мөнгийг авахдаа ямар нэгэн гэрээ хэлцэл хийлгүйгээр харилцан тохиролцож авсан болохоос биш нэхэмжлэлд дурдсан шиг хүү, алданги, хохирол тооцох талаар ямар ч тохироо байгаагүй. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 28,000,000 төгрөгийг төлсөн, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр У.Т 425,500 төгрөгийн,  2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 466,100 төгрөгийн, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1,563,770 төгрөгийн, 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 639,600 төгрөгийн, нийт 3,094,970 төгрөгийн бараа өгсөн. Мөн У.Т дансанд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 10,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Эдгээр мөнгө нэхэмжлэлээс хасагдаж тооцох ёстой гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж нэхэмжлэгч А.О хариуцагч Б.Ц Хаан банк дахь 5028481903 тоот дансанд 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

 

Зээлийн мөнгийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буцаан шаардсан талаар талууд тайлбарласан ба хариуцагч Б.Ц 28,000,000 төгрөгийг буцаан өгч, 72,000,000 төгрөг төлөөгүй үлджээ.

 

Нэхэмжлэгч нараас Э.Б хамтран хариуцагчаар тодорхойлсон боловч Э.Б нь А.О, У.Т нараас мөнгө зээлсэн буюу тэдгээрийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

 

5. Талуудын маргааны зүйл нь 100,000,000 төгрөгийг буцаан өгөх хугацаа тогтоосон эсэх, зээлийн мөнгийг хугацаандаа өгөөгүйгээс учирсан гэх хохирлыг хариуцагч төлөх үүрэгтэй эсэх байна. Хариуцагч 100,000,000 төгрөгийг хүлээн авч, 28,000,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримтад маргаагүй.

 

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ.

 

Хариуцагч Б.Ц 100,000,000 төгрөгөөр бараа захиалсан гэх боловч хэрэгт авагдсан баримтаар энэхүү үйл баримт тогтоогдоогүй.

 

7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч А.О, У.Т нар нь 100,000,000 төгрөгийг хариуцагч Б.Ц зээлдүүлэхээр амаар харилцан тохиролцож, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн байх тул зээлийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Зээлийн гэрээний хугацааг нэхэмжлэгч 7 хоног гэж тодорхойлсон боловч зээлийг буцааж төлөх хугацаа тогтоосон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул хугацаа тохиролцоогүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Талууд зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй байх тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчээс зээлийг буцаан шаардсан 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор хариуцагч зээлийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.

 

Иймд нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэгт 72,000,000 төгрөгийг хариуцагч Б.Ц шаардах эрхтэй байна.

 

8. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 221.1-д “Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ:” гээд 222.1.1-д “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол” гэж зааснаар хариуцагч нь зээлийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй байх тул хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй”, 227 дугаар зүйлийн 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно”, 227.4-д “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирол буюу олох боломжтой байсан орлогоо хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нар зээлийн гэрээний хугацаа хэтрүүлснээс учирсан хохирол буюу олох боломжтой байсан орлогод нийт 23,314,981.73 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Нэхэмжлэгч А.О “хариуцагч өмнө нь хэд хэдэн удаа миний хадгалж байгаа мөнгийг хадгаламжийнх нь хүүгээр зээлдэг, зээлээ хаахдаа тухайн үеийн Хаан банкны ханшаар бодоод хүүгээ авдаг байсан” гэж тайлбарласан тул нэхэмжлэлээс “хариуцагчид зээлсэн 72,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 413 хоног хадгаламжид хагдалсан бол олох боломжтой байсан хадгаламжийн хүүгийн орлого 6,680,416.44 төгрөгийг хохиролд тооцож гаргуулах” тухай шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Дээрх байдлаар хариуцагч үүргээ гүйцэтгэсэн бол нэхэмжлэгч нарын олох боломжтой байсан орлогоор хохирлыг тооцон гаргуулсан тул бусад үндэслэлээр шаардсан буюу бусдаас зээлсэн мөнгөний хүүд төлж хохирсон гэх нийт 14,387,989.95 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

9. Хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлээс У.Т өгсөн нийт 3,094,970 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн хасагдаж тооцох ёстой гэж тайлбарлан зарлагын баримт /1-р хх 35-39/-ыг нотлох баримтаар өгсөн боловч тухайн баримтууд нь “Болор цэн” ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий баримтууд байх тул Б.Ц дээрх бараа, бүтээгдэхүүнийг У.Т худалдсан гэж үзэж, барааны үнийг нэхэмжлэлээс хасаж тооцох үндэслэлгүй байна.

 

10. Хариуцагч Б.Ц У.Т 210,000 төгрөгийг шилжүүлсэн, энэхүү мөнгө 72,000,000 төгрөгөөс хасагдах учиртай гэснийг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлээс 210,000 төгрөгийг хасах нь зүйтэй.

 

11. Иймд хариуцагч Б.Ц зээлийн үлдэгдэл төлбөрт 71,790,000 төгрөг, хохирол 6,680,416.44 төгрөг, нийт 78,470,416.44 төгрөгийг гаргуулж, 16,844,565.29 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э.Б, нэхэмжлэгч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэх үндэслэлгүй байх тул Э.Б холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигч нарт хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3, 227.4-д заасныг баримтлан хариуцагч Б.Ц 78,470,416.44 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.О, У.Т нарт олгож, нэхэмжлэлээс 16,844,565.29 төгрөг, хариуцагч Э.Б холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 814,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц улсын тэмдэгтийн хураамжид 550,302 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БАТХУЯГ