Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2023/00934

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2023      03        27                                           181/ШШ2023/00934

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамж, 21-р байр 801 тоот хаягт оршин суух, Б овогт Д Д /РД:ЧК83051419/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5-р хороолол, нарны зам гудамж, 13/1 байр 12 тоот хаягт оршин суух Д овогт Б М /РД:УК91043015/-д холбогдох,

 

Нэхэмжлэгчийн шаардлага: Орон сууц албадан чөлөөлүүлж, олох ёстой байсан орлого 41,798,123 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүйгээр илүү шилжүүлсэн 58,000,000 төгрөг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлж өгөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Б.М холбогдуулан Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж олох ёстой байсан орлого 41,798,123 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны явцад 35,984,398 төгрөг болгож багасгасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Д миний бие нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Б.М Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5 хороолол, Нарны Зам гудамж 13/1 байрны 12 тоот хаяг дахь 84,28 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг авахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байдаг. М нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр орон сууцыг суллаж өгөхөөр тохиролцсон.

Гэтэл М нь надад худалдан борлуулж, миний өмчлөлийн болсон орон сууцыг өдий хүртэл чөлөөлж өгөхгүй, хууль бусаар эзэмшсээр байна.

Тиймээс миний Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5 хороолол, Нарны Зам гудамж 13/1 байрны 12 тоот хаяг дахь 84,28 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг М албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

1.2. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэхдээ:

1.2.а. Д.Д, Д.Ч, Б.М нарын хооронд дараах тохиролцоо явагдсан байдаг. Үүнд:

1/Д.Д нь 40,000,000 төгрөгийн үнэлгээтэй 2011 оны Mercedes benz ЕЗОО маркийн машин болон 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрийн 5598142404 тоот данснаас 67,170,000 төгрөгийг бэлнээр авч, өөрт байсан 32,830,000 төгрөгийг нэмж, нийт 100,000,000 төгрөгийг Б.Ч өгсөн.

2/Д.Ч эзэмшлийн XV-021143 тоот, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Эрдэнэ-4 нэртэй 3124.13 га талбай бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг Б.М компани болох “Канаси ватерХХК-д 150,000,000 төгрөгөөр үнэлэн шилжүүлэн, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус компанийн нэр дээр тусгай зөвшөөрөл нь гарсан.

3/Б.М нь тус тусгай зөвшөөрлийг гарсан өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0644 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу Ү-2203013806 улсын бүртгэлийн дугаартай УБ, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, нарны зам гудамж 13/1 байр 12 тоот 84.28 м.кв орон сууцыг Д.Д өмчлөлд шилжүүлсэн.

Мөн Д.Д нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлж авахын тулд хариуцагч Б.М Д.Б зээлж авсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл болох 32,000,000 төгрөгийг төлж, тус 32,000,000 төлөхдөө Д.Д өөрийнхөө Хаан банкны 5598142404 тоот данснаас Д.Б Хаан банкны 5131001747 тоот данс руу шилжүүлсэн байдаг. Ийнхүү байраа суллах талаар удаа дараа шаардахад Б.М аав н.Б нь “... байраа зарах бол хэлээрэй. 170,000.000 саяд авъя...” гэж мессеж бичин, утсаар 200,000,000 төгрөгөөр байраа буцаан худалдан авахаар тохиролцсон бөгөөд Б.М нь Д.Д рүү 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 85,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Б.М нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл 110,000,000 /200,000,000-90,000,000/ төгрөгөө шилжүүлэхгүй байх тул тус нэхэмжлэлийг гаргаж байна. Д.Д зүгээс 58,000,000 /90,000,000-32,000,000/ төгрөгийг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй байгаа болно.

 

1.2.б. Б.М нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0644 дугаар "Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу Ү-2203013806 улсын бүртгэлийн дугаартай УБ, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, нарны зам гудамж 13/1 байр 12 тоот 84.28 м.кв орон сууцны өмчлөх эрхийг Д.Д шилжүүлсэн. Дээрх гэрээний 3.5-д “Үүргийн гүйцэтгэлийг хангах арга: Байхгүй. 2021 оны 08 дугаар сарын 12-нд орон сууцыг хүлээлгэн өгнө” гэж тохиролцож, өмчлөх эрхээ шилжүүлчхээд өнөөдрийг хүртэл байраа суллаж өгөхгүй байна. Иргэний хуулийн 229 дугаар зүйлийн 229.1 -т “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу Д.Д нь бусдад тус үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлсэн бол 2021.11 сараас 2022.11 сар хүртэлх түрээсийн төлбөрт 35,984,398 төгрөг олох боломжтой байсан. Иймд 35,984,398 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Д зүгээс гаргасан нэхэмжлэлд өөрийн өмчлөлийн орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай гэжээ. Гэтэл нэхэмжлэгч Д.Д байраа чөлөөлөх шаардлага тавьж байгаа боловч, 2021 оны 06 дугаар сарын 28-ний өдөр байгуулсан 0644 дугаартай гэрээнд зааснаар, энэхүү гэрээний үндсэн гол нөхцөл болгон заасан УБ, СБД, З-р хороо, 5-р хороолол, нарны зам, 13/1 байрны 12 тоот дахь 84.28 м2 талбайтай орон сууцны үнэ 150,000,000 сая төгрөгийг төлж барагдуулаагүй байдаг. Зөвхөн 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 0643 дугаартай гэрээний дагуу барьцаанд байсан орон сууцны төлбөр болох 32 сая төгрөгийн төлбөрийг төлсөн байдаг. Үүнээс хойш нэхэмжлэгч талаас надад гэрээний 3.1, 4.2-д заасны дагуу үүргээ биелүүлээгүй бөгөөд орон сууцны үнийн зөрүү болох 118 сая төгрөгийг огт төлөөгүй, гэрээний үүргээ зөрчиж ирсэн. Нэхэмжлэгч талаас үл хөдлөх хөрөнгийн төлбөр төлөгдөхгүй болохоор миний хувьд 2021 оны 06 дугаар сарын 28-ний өдөр байгуулсан 0644 дугаартай гэрээний 4,5-д заасны дагуу удаа дараа төлбөрөө төлөхийг нэхэмжлэгч талаас удаа дараа шаардсан боловч одоог хүртэл надад огт өгөөгүй байдаг. Иймд миний зүгээс гэрээг цуцалж, Д.Д орон сууц барьцаанаас чөлөөлсөн 32 сая төгрөгийг буцаан олгох зорилгоор 2021 оны 08 дугаар сарын 25-ний өдөр 5 сая төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 85 сая төгрөг, нийт 90 сая төгрөгийг Д Д Хаанбанкны 5598142404 тоот дансанд шилжүүлэн өгсөн билээ. Миний тухайн үед буруу тооцсоноос болж, нэхэмжлэгч талд илүү шилжүүлсэн 58,000,000 төгрөгийг Д Д удаа дараа шаардсан боловч одоо хүртэл надад буцаан өгөхгүй байгаа юм. Иймд миний Д Д буруу тооцож шилжүүлсэн 58,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулах, шилжүүлэн авсан байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.М миний нэр дээр гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байгаа болно. Ийм нөхцөл байдал үүссэн байтал, нэхэмжлэгч талаас өөрөө гэрээний үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчин надаас илүү мөнгө гаргуулсан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөр дээрээ шилжүүлэн авч намайг хохироосон байтал, байр чөлөөлөх шаардлага тавьж байгаа нь огт үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, миний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэн шийдвэрлэж, Д Д надаас хууль бусаар авсан 58 сая төгрөгийг гаргуулж өгнө гэдэгт найдаж байна. Шүүхээс Нэхэмжлэгч талын гаргасаннэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, миний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хангаж өгнө үү.

Түүнчлэн Д овогтой Д гэгч нь миний итгэлийг эвдэх замаар надад орон сууцны үнийн төлбөр огт төлөөгүй байж худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн нэр дээр болгож, шилжүүлэн авсан УБ, Сүхбаатар дүүрэг 3-р хороо, 5-р хороолол, нарны зам 13/1 байр 12 тоотод байрлах 84.28 м2 талбайтай, орон сууцны Ү-2203013806 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Б овогтой М миний нэр дээр шилжүүлэн бүртгүүлэх нь шударга ёсонд нийцэх болов уу. Энэ талаар тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд тодорхой дурдсан болно гэжээ.

 

3. Хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Д.Д холбогдуулан үндэслэлгүйгээр илүү шилжүүлсэн 58,000,000 төгрөгийг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлж өгөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “... Д.Д нь 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бидний хооронд байгуулсан 0644 дугаартай гэрээнд зааснаар, энэхүү гэрээний үндсэн гол нөхцөл болгон 3.1-д заасан УБ, СБД 3-р хороо, 5-р хороолол, нарны зам, 13/1 байрны 12 тоот дахь 84.28 м2 талбайтай орон сууцны үнэ 150,000,000 сая төгрөгийг огт төлж барагдуулаагүй намайг хохироосон байдаг. Үүнээс хойш одоог хүртэл Д.Д нь бидний хооронд байгуулсан 0644 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.1, 4.2-д заасан ...төлбөр төлөх гэрээний гол үүргээ биелүүлээгүй бөгөөд орон сууцны үнэ болох 150 сая төгрөгийг надад төлөхгүй, гэрээний үүргээ зөрчиж ирсэн.

Д.Д нь зөвхөн 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 0643 дугаартай гэрээний дагуу барьцаанд байсан орон сууцны төлбөр болох 32 сая төгрөгийн барьцаа төлбөрийг төлсөн боловч үүнийгээ надаас эргүүлэн буцааж авсан. Би тухайн үед энэ мөнгийг шилжүүлэхдээ буруу ойлголцсоноос болж 58 сая төгрөгийг илүү шилжүүлж 2 удаагийн гүйлгээгээр Д.Д нийт 90 сая төгрөг шилжүүлсэн байдаг. Төлбөр огт төлөгдөхгүй байсан болохоор миний хувьд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 0644 дугаартай гэрээний 4.5-д заасны дагуу удаа дараа төлбөрөө төлөхийг Д.Д шаардсан боловч надад өгөхгүй байгаа. Миний зүгээс гэрээгээ цуцлах санаачилга гаргаж, орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн үнэ болох 32 сая төгрөгийг буцаан олгох зорилгоор 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 5 сая төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 85 сая төгрөг, нийт 90 сая төгрөгийг Д Д Хаанбанкны 5598142404 тоот дансанд шилжүүлэн өгсөн билээ. Би тухайн үед буруу ойлгосноос болж, илүү шилжүүлсэн 58,000,000 төгрөгийг Д.Д удаа дараа буцааж өгөхийг шаардсан боловч өгөөгүй юм.

Д.Д гэгч нь миний өмчилдөг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг миний итгэлийг эвдэх замаар, худалдах, худалдан авах гэрээг ашиглан өөрийн нэр дээр шилжүүлэх зорилготой байжээ.

Миний одоо амьдардаг УБ, СБД, 3-р хороо, 5-р хороолол нарны зам, 13/1 байрны 12 тоот дахь 84.28 м2 талбайтай орон сууцны байрыг худалдаж авахаар тохиролцсон боловч гэрээнд заасан төлбөрөө огт төлөлгүйгээр, миний өмчилж байгаа Ү-2203013806 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр болгон авсан юм байна.

Миний зүгээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна.

Б.М миний Д.Д буруу тооцож, үндэслэлгүйгээр илүү нэмж шилжүүлсэн 58 сая төгрөгийг Д.Д гаргуулж нэхэмжлэгч Б.М надад олгож өгнө үү.

Б.М миний нэр дээр өмчилж байсан УБ, Сүхбаатар дүүрэг 3-р хороо, 5-р хороолол, нарны зам 13/1 байр 12 тоотод байрлах 84.28 м2 талбайтай, орон сууцны зориулалттай Ү-2203013806 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Д.Д өөрийн нэр дээр болгон шилжүүлж авсан байгаа бөгөөд үүнийг Б.М миний нэр дээр буцааж бүртгэж өгөхийг холбогдох хуулийн этгээдэд даалгаж өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “... Тус сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийнхөө оронд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг өөрийн компани руугаа шилжүүлж авсан. Гэтэл сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд энэхүү залилангийн шинж чанартай үйлдлийн дагуу Б.М цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа болно. Иймд тус сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн болон барьцааны гэрээ, Д.Д Хаанбанк дахь депозит дансны хуулга, татвар төлсөн баримт, 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Д.Ч, Д.Д нарын хооронд хийсэн “Тохиролцоо” гэх хэлцэл, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын 8/2523 тоот албан бичиг, XV-021143 дугаар тусгай зөвшөөрөл, 2022 оны 01 дүгээр сарын 13, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022 оны 03 дугаар сарын 15, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Прокурорын мэдэгдэх хуудас, “Тэнхлэг зууч” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 22/44 тоот албан бичиг, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Бэлэн мөнгөний баримт, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ, “Алтайн хар азарга групп” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн АХА2211-09/1 тоот албан бичгийг,

 

6. Хариуцагчаас 2021 оны 08 дугаар сарын 25, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хаанбанкны банк хоорондын шилжүүлгийн баримт, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн үүрэг дуусгавар болсон тухай гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №21/02 тоот “Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ”-г нотлох баримтаар шүүхэд тус тус гаргаж өгсөн.

 

7. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гар утсанд үзлэг хийж, Д.Ч, П.Н нарыг гэрчээр асууж, “Канаси ватер” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Б.М үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үнэ буюу 150,000,000 төгрөгт тооцож ашигт малтмалын тусгай зөвшөөрөл Б.М “Канаси ватер” ХХК-д шилжүүлэн өгснөөр орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Б.М нь орон сууцыг 200,000,000 төгрөгөөр буцаан худалдаж авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт 58,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул гэрээнээс татгалзаж орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр, мөн Б.М нь өнөөдрийг хүртэл орон сууцыг ашиглаж байгаа тул 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэл бусдад хөлслүүлэн олох боломжтой байсан орлогод 35,984,398 төгрөгийг гаргуулахаар тус тус шаардах эрхтэй гэжээ.

 

3. Хариуцагч үндсэн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Д.Д нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээний 150,000,000 сая төгрөгөөс 32,000,000 төгрөгийн төлбөрийг төлж, үлдэгдэл 118,000,000 төгрөгийг огт төлөөгүй. Иймд миний зүгээс гэрээг цуцалж, Д.Д 32 сая төгрөгийг буцаан олгох зорилгоор 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 85,000,000 төгрөг, нийт 90,000,000 төгрөгийг Д.Д Хаанбанкны 5598142404 тоот дансанд шилжүүлэн өгсөн. Тухайн үед буруу тооцоолсноос болж нэхэмжлэгчид 58,000,000 төгрөгийг илүү шилжүүлсэн гэжээ.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Д.Д нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 32,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 118,000,000 төгрөгийг төлөөгүй. Гэрээг цуцалж, 32,000,000 төгрөгийг нь буцаан шилжүүлэхдээ буруу тооцоолж 58,000,000 төгрөгийг илүү төлсөн. Төлбөрөө төлөөгүй тул орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэн авч, илүү төлсөн 58,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэжээ.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Үл хөдлөх эд хөрөнгийнхөө оронд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг өөрийн компани руугаа шилжүүлж авсан. Гэтэл сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1. Зохигчийн хооронд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, Б.М нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 3-р хороо, 5-р хороолол, нарны зам гудамж 13/1 байр 12 тоотод байрлах 84.28 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай Ү-2203013806 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр Д.Д өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-13//

 

6.2. Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Д.Д өмчлөлд шилжсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-4/

 

6.3. Дээрх орон сууцыг хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Д.Д буцаан худалдаж авахаар 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр харилцан тохиролцож, тухайн өдрөө урьдчилгаа 5,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 53,000,000 төгрөгийг тус тус Д.Д шилжүүлжээ. /хх-11,12/

 

7. Хариуцагч Б.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын талаар: “2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үнэ 150,000,000 төгрөгөөс Д.Д 32,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, улмаар гэрээг цуцалж 32,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхдээ 58,000,000 төгрөгийг илүү шилжүүлсэн” гэсэн тайлбар гаргасан боловч шүүх хуралдааны явцад “Алтайн хар азарга” ХХК-иас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Эрдэнэ-4 нэртэй 3124.13 гектар талбай бүхий XV-021143 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдах, худалдах авах гэрээний үнэ болох 150,000,000 төгрөгт тооцон шилжүүлж авсан, гэрээ байгуулагдах үед Д.Д 32,000,000 төгрөгийг түүний иргэн Д.Б байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт шилжүүлж, зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байсан маргаан бүхий орон сууцыг чөлөөлсөн, энэхүү 32,000,000 төгрөгийг Д.Д 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр буцаан шилжүүлж өгсөн талаар тайлбарласан ба талууд эдгээр үйл баримттай маргаагүй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан хариуцагчийн тайлбарыг хэрэгт цугларсан нотлох баримттай харьцуулан үзвэл хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

9. Зохигчийн хооронд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотойгоор буюу хариуцагч орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч орон сууцыг буцаан гаргуулж, олох боломжтой байсан орлогод 35,984,398 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

10. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлтэй байна

 

11. 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний тухай.

 

11.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

11.2. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Б.М нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 3-р хороо, 5-р хороолол, нарны зам гудамж 13/1 байр 12 тоотод байрлах 84.28 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай Ү-2203013806 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр Д.Д өмчлөлд шилжүүлэх, Д.Д 150,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээний 3.3-т “төлбөрийг бүрэн төлж дууссан”, 3.5-д “2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгнө” гэж тус тус тусгажээ.

 

11.3. Хариуцагч Б.М нь худалдах, худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Д.Д шилжүүлэн өгч, нэхэмжлэгчээс төлөх 150,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийн оронд хариуцагч Б.М нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэн авснаар гэрээгээр хүлээх талуудын үүрэг дуусгавар болсон тухай зохигч талууд шүүх хуралдааны явцад тайлбарлаж, тухайн үйл баримттай харилцан маргаагүй тул шүүх дээрх гэрээний үүргийг дэлгэрүүлэн дүгнэх шаардлагагүй гэж үзэв.

 

12. Үндсэн нэхэмжлэлийн тухай.

 

12.1. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Д.Д худалдсан орон сууцаа буцаан худалдан авахаар харилцан тохиролцож, тухайн өдрөө урьдчилгаа 5,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 53,000,000 төгрөгийг тус тус Д.Д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

 

12.2. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний үлдэгдэл төлбөр болох 142,000,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй гэх үндэслэлээр орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх, олох ёстой байсан орлогод 35,984,398 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

12.3. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж заасан.

 

12.4. Зохигчид 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

 

12.5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагчаас төлсөн 58,000,000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан өгөх, хариуцагч орон сууцыг нэхэмжлэгчид буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

12.6. Нэхэмжлэгчээс хариуцагч орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж орон сууцыг буцаан гаргуулж, хохирол буюу олох боломжтой байсан орлогод 35,984,398 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч гэрээнээс татгалзах, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрх хүчин төгөлдөр гэрээнээс үүсэх үүрэг дагавар тул нэхэмжлэгч гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор шаардах эрхгүй.

 

12.7. Харин талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдлөр бус хэлцэл байх тул хэлцлээр шилжүүлсэн Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, нарын зам гудамж, 13\1 байр 12 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2203013806 дугаарт бүртгэлтэй орон сууцыг хариуцагч Б.М эзэмшлээс буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Д олгуулах тухай шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

12.8. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан бөгөөд дээрх хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэнд зохигчийн хэн аль нь буруутай тул түүний улмаас учирсан гэх хохирлыг хариуцагчид мөн хариуцуулах үндэслэлгүй.

 

12.9 Иймд олох ёстой байсан орлогод 35,984,398 төгрөгийг хариуцагч Б.М гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13. Сөрөг нэхэмжлэлийн тухай.

 

13.1. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ талуудын хэн аль нь биелүүлж, гэрээний үүрэг дуусгавар болсон үйл баримт хэрэгт авагдсан баримт болон зохигчдоос гаргасан тайлбараар тогтоогдсон тул “Д.Д нь худалдах, худалдах авах гэрээний үнэ 118,000,000 төгрөг төлөөгүй” гэх үндэслэлээр хариуцагчийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

13.2. Зохигчийн хооронд байгуулагдсан 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул хэлцлээр шилжүүлсэн 58,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Д гаргуулж хариуцагч Б.М олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ.

 

14. Иймд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, үндсэн нэхэмжлэлээс Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, нарын зам гудамж, 13\1 байр 12 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2203013806 дугаарт бүртгэлтэй орон сууцыг хариуцагч Б.М эзэмшлээс буцаан гаргуулах шаардлагыг хангаж, 35,984,398 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 58,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, нарын зам гудамж, 13\1 байр 12 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2203013806 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.М нэр дээр буцааж бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 366,941 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 447,950 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 56.6-д зааснаар Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, нарын зам гудамж, 13\1 байр 12 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2203013806 дугаарт бүртгэлтэй орон сууцыг хариуцагч Б.М эзэмшлээс буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Д олгож, 35,984,398 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Д 58,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.М олгож, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, нарын зам гудамж, 13\1 байр 12 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2203013806 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.М нэр дээр буцааж бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 366,941 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 447,950 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.М олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАТХУЯГ