Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2023/00999

 

 

 

 

 

 

 

 

 

    2023     04         03                                           181/ШШ2023/00999

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 103/1-р байр, 68 тоот хаягт оршин суух, К овогт Д С /РД:ПБ82040668/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнион бюлдинг С блок 5 давхар, 501 тоотод байрлах “А э ж и” ХХК /РД:6071686/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Алданги 23,698,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С нь “А э ж и” ХХКхолбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт алданги 23,698,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “... миний бие “А Э Ж И” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Орон сууц захиалах №19041943/6 дугаартай гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хорооны нутагт баригдаж буй орон сууцны Б блок /103 -угаар байр/ барилгын 8 давхрын 46,25 м.кв бүхий 68 тоот орон сууцыг захиалсан.

Орон сууц захиалах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Орон сууцыг 1020 оны 1 дүгээр улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулна” гэж заасан боловч 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн. Ийнхүү хугацаа хожимдуулсан нь орон с ууц захиалах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг "гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг ашиглалтад өгөх хугацаа 60 хоног, түүнээс дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хонгоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,1 хувиар тооцон алданги Захиалагч талд төлнө" гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Тодруулбал, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 54,000,000 төгрөг, нийт миний бие 55,000,000 төгрөгийг төлсөн. Гэрээний 55,000,000 төгрөгөөс 0,1 хувийн алданги хоног тутамд тооцвол 55,500 болох бөгөөд хугацаа хэтрүүлсэн 427 хоногт үржүүлбэл нийт 23,698,500 төгрөг болж байна.

Иймд хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлд гүйцэтгээгүй төлбөр 23,698,500 төгрөгийг аргуулж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “... А э Ж И ХХК болон Д.С нар нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 19041943/6 тоот “Орон сууц захиалгын гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх апартмент Б блок орон сууцны 8 давхрын 46.25 м2 талбайтай 68 тоот 2 өрөө орон сууцыг барьж 2020 оны 1-р улиралд багтаан барьж захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Тус орон сууцны барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комисс 2021 оны 08 дугаар сарын 30-нд ажиллаж, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр орон сууц бүрэн ашиглалтад орсон болно. Учир нь орон сууцны барилгын ажил гүйцэтгэж байсан хугацаанд гүйцэтгэгч буюу хариуцагч компаниас шалтгаалахгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас барилгын ажлын хугацаа хойшилсон.

Талуудын байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 4.7-д “Захиалсан орон сууцын байрыг хүлээлгэн өгөх хугацаа болон ажлын гүйцэтгэл нь төсөл хэрэгжүүлэгчээс шалтгаалахгүй, урьдчилан мэдэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлогдох тохиолдолд Захиалагчид урьдчилан мэдэгдэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт импортын материалын нийлүүлэх хугацаа саатсан, чанарын холбогдолтой туслан гүйцэтгэгч болон гэрээт компанийн давтан гүйцэтгэж байгаа ажиллагааны хугацааг ойлгохоор гэрээнд харилцан тохиролцож талууд гарын үсгээ зурсан. Мөн тус гэрээний 4.8-д “Дээрх шалтгаануудын улмаас үүссэн нөхцөл байдлыг хугацаа алдсан гэж үзэхгүй ба Төсөл хэрэгжүүлэгч нь орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэн алданги төлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасны дагуу анзыг төлөх үндэслэлгүй байна хэмээн заасан байдаг.

Дэлхий нийтээр тархаад буй “Ковид-19” цар тахлын улмаас улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улс болон бусад улс хоорондын авто зам, төмөр зам болон агаарын замаар нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 01 сараас 2021 оны 8 дугаар сар хүртэлх буюу нийт 13 сарын хугацаанд Улсын Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Онцгой нөхцөлд улс хооронд дамжуулан өнгөрүүлэх тир карней бүхий бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих түр журам”-ын дагуу улсын хилээр нэвтрэн орж буй бараа, тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа хийгдэж, гаалийн хяналтын бүсэд хийгдэх хяналт шалгалтыг онцгой дэглэмээр зохион байгуулах болсон тул барилга барихад шаардлагатай импортын барилгын материалыг хүлээж авах хугацаа хойшлогдсоор барилга угсралтын ажил удааширч, орон сууцыг гэрээнд заасан хугацааны дагуу ашиглалтад оруулах боломжгүй болсон.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.3-т зааснаас гадна тухайн нөхцөл байдалд нийцүүлэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4.4 дүгээр зүйлд “хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах”, 10.4.7 дугаар зүйлд “харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газар, боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар түр зогсоох, хилийн боомтыг түр хаах, эсхүл түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах”, мөн 10.4.16 дугаар зүйлд “химийн хорт болон аюултай бодис, ачаа тээвэрлэлтийг хязгаарлах, шаардлагатай тохиолдолд түр хугацаагаар зогсоох” хэмээн заасны дагуу эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан бөгөөд хилийн боомтыг түр хааснаас шалтгаалан бараа материалын нийлүүлэлт зогссон. Засгийн газрын тогтоолын дагуу Монгол Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хилийн боомтыг түр хаан, түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласнаас шалтгаан бараа материал хилээр орж ирэх, нийлүүлэгдэх боломжгүй болсон.

Мөн хөл хориотой үед Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолын хавсралт болох “Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалт”-аар баталсан хуулийн этгээд, төрийн байгууллага л ажиллаж байсан бөгөөд барилгын компанийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд ажиллах хориотой байсан.

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас баталсан “Fоrce majeure /гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/ болон hardship /хүнд нөхцөл байдал/-ыг гэрчлэх журам”-ийн 1.2.1.4 дүгээр зүйлд “бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр...” нь “Force majeure" буюу гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно.” хэмээн заасны дагуу гэрээний дагуу хүлээсэн орон сууцыг 2020 оны 1-р улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн болно.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэнэ гэж заасан бөгөөд гүйцэтгэгч нь гэрээний хугацаанд үүргийг огт гүйцэтгээгүй буюу барилгын ажлыг огт явуулаагүй гэж үзэхгүй юм. Учир нь гүйцэтгэгчийн зүгээс барилгын ажлыг хугацаанд нь явуулж байсан боловч цаг үеийн нөхцөл байдал, туслан гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэл зэрэг бодит нөхцөл байдлуудаас шалтгаалан ажлын хугацаа хойшилсноос бус ажлыг огт гүйцэтгээгүй гэсэн нөхцөл үүсээгүй юм. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр буюу орон сууцны захиалгын төлбөрийн нийт үнийн дүнгээр алданги шаардаж буй нь мөн үндэслэлгүй юм. Орон сууц захиалгын гэрээнд хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг 4.7-д “Захиалсан орон сууцын байрыг хүлээлгэн өгөх хугацаа болон ажлын гүйцэтгэл нь төсөл хэрэгжүүлэгчээс шалтгаалахгүй, урьдчилан мэдэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлогдох тохиолдолд Захиалагчид урьдчилан мэдэгдэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь:” гээд “импортын материалын нийлүүлэх хугацаа саатсан”, 4.8-д “Дээрх шалтгаануудын улмаас үүссэн нөхцөл байдлыг хугацаа алдсан гэж үзэхгүй ба Төсөл хэрэгжүүлэгч нь орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэн алданги төлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасны дагуу анзыг төлөх үндэслэлгүй байна.

Иймд “А э ж и” ХХК нь алданги төлөх үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс оршин суугаа хаягийн лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, депозит дансны дэлгэрнгүй хуулга,

 

4. Хариуцагчаас 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ, Цаг уурын, орчны шинжилгээний газрын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 06/299 тоот албан бичиг, Барилга угсралтын ил, далд ажлын акт, гэрэл зураг /170 хуудас/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШЗ2019/6016, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШЗ2019/7023, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0045 дугаар захирамж, Орон сууц хүлээлцэх акт, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02/774 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force maeure/-ийн гэрчилгээ, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 02/123 дугаар тодорхойлолт, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 281 дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, кадастрын зураг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/661 дугаар захирамж, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг нотлох баримтаар шүүхэд тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.С нэхэмжлэлээс 16,775,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 6,923,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нь орон сууцыг хугацаандаа ашиглалтад хүлээлгэн өгөөгүй учир гэрээнд заасны дагуу алданги шаардах эрхтэй гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “... барилгын ажил гүйцэтгэж байсан хугацаанд гүйцэтгэгч буюу хариуцагч компаниас шалтгаалахгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу “Ковид-19” цар тахлын улмаас барилгын ажлын хугацаа хойшилсон тул гэрээний 3.7, 3.8-д зааснаар алданги төлөх үндэслэлгүй” гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “Орон сууц захиалгын гэрээ” /цаашид “гэрээ” гэх/ байгуулагдаж, хариуцагч нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны Б блок, 8 давхрын 805 тоот 46,25 м.кв 2 өрөө орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулах, нэхэмжлэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу 55,500,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

5. Гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүйгээс нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй буюу хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдалд хариуцагч гэм буруутай эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

6. Талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, гэрээнд заасан төлбөрийг нэхэмжлэгч бүрэн төлж, орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгсөн үйл баримтад маргаагүй.

 

7. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.

 

8. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

9. “Орон сууц захиалгын гэрээ”-ээр хариуцагч нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны Б блок, 8 давхрын 805 тоот 46,25 м.кв 2 өрөө орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах, нэхэмжлэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу 55,500,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

10. Нэхэмжлэгчээс 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 54,000,000 төгрөгийг тус тус хариуцагчид төлж гэрээгээр тохирсон хөлс төлөх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан депозит дансны хуулгаар тогтоогдсон. /1-р хх 14/

 

11. Хариуцагч гэрээнд заасан орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн боловч 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгсөн нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын БА-215/2021 дугаар дүгнэлтээр тогтоогдож байх тул хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлтэй байна.

 

12. Нэхэмжлэгч гэрээний 4.2-т “Гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг ашиглалтад өгөх хугацааг 60 хоног, түүнээс дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,1 хувиар тооцон алданги Захиалагч талд төлнө” гэж заасныг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны алдангид 23,698,500 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний 3.7, 3.8-д зааснаар гүйцэтгэгчээс шалтгаалахгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас барилгын ажлын хугацаа хойшилсон, давагдашгүй хүчин зүйл 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл үргэлжилсэн гэсэн тайлбар гарган мэтгэлцсэн.

 

13. Гэрээний 3.7-д “Төсөл хэрэгжүүлэгчээс шалтгаалаагүй, урьдчилан мэдэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаар Захиалсан орон сууцны байрыг хүлээлгэн өгөх хугацаа болон ажлын гүйцэтгэл хойшлогдож болно...”, 3.8-д “Дээрх шалтгаануудын улмаас үүссэн нөхцөл байдлыг хугацаа алдсан гэж үзэхгүй ба Төсөл хэрэгжүүлэгч нь орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэн алданги төлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заажээ.

 

14. Талууд гэрээгээр хүндэтгэн үзэх шалтгаан буюу гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд нөгөө тал нь алданги шаардахгүй байхаар тохирсон байх бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл гэрээнд заасан хүнд нөхцөл байдал бий болсон нь Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим НҮТББ-ын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02/774 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force Majeure/-ийн гэрчилгээр нотлогдож байна.

 

Тодруулбал, “Баянзүрх апартмент хотхоны Б блокын ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд буюу 2020, 2021 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор нийт 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон нь Ковид-19 цар тахлаас шалтгаалсан” болохыг гэрчилж Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force Majeure/-ийн гэрчилгээ олгогджээ.

 

15. Иймд “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэсэн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэг болон гэрээний 3.8-д зааснаар хариуцагч давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн хугацааны алдангийг төлөх үүргээс чөлөөлөгдөхөөр байна.

 

16. Харин Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force Majeure/-ийн үйлчлэлд хамаарахгүй буюу 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл /133 хоног/, 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгсөн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх /172 хоног/ хугацааны алдангийг гэрээний 4.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцнэ.

 

Хариуцагчаас нийт 305 хоног /133+172=305 хоног/-ийн алданги 16,775,000 төгрөг /55,500,000*0,1% *305=16,775,000/-ийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 6,923,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 241,825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 222 дугаар зүйлийн 222.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “А э ж и” ХХК-иас 16,775,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.С олгож, нэхэмжлэлээс 6,923,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 241,825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.БАТХУЯГ