Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01005

 

 

 

 

 

 

 

2023 05 15 210/МА2023/01005

 

 

 

 

 

 

 

 

      2023         05          15                                         210/МА2023/01005

 

 

 

Д.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/00999 дугаар шийдвэртэй,

Д.С-ийн нэхэмжлэлтэй “Ай” ХХК-д холбогдох

Алданги 23,698,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Би А ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр орон сууц захиалах гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, /13330/, энхтайваны өргөн чөлөө гудамж, 103/1 байр, тоот, 46.25 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан.

1.2. Орон сууц захиалах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулна гэж заасан боловч 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн.

1.3. Хугацаа хожимдуулсан нь орон сууц захиалах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг ашиглалтад өгөх хугацаа 60 хоног, түүнээс дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,1 хувиар тооцон алданги захиалагч талд төлнө гэж заасан.

1.4. Би орон сууцны төлбөрт 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 54,000,000 төгрөг, нийт 55,000,000 төгрөгийг төлсөн.

1.5. Гэрээний дүн 55,000,000 төгрөгөөс 0,1 хувийн алданги хоног тутамд тооцвол 55,500 болох бөгөөд хугацаа хэтрүүлсэн 427 хоногт үржүүлбэл нийт 23,698,500 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлд гүйцэтгээгүй төлбөрт 23,698,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. А ХХК болон Д.С нар 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх апартмент Б блок орон сууцны 8 давхрын 46.25 м.кв талбайтай 68 тоот 2 өрөө орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан барьж захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

2.2. Уг орон сууцны барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комисс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажиллаж, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр орон сууц бүрэн ашиглалтад орсон. Учир нь орон сууцны барилгын ажил гүйцэтгэж байсан хугацаанд гүйцэтгэгч буюу хариуцагч компаниас шалтгаалахгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас барилгын ажлын хугацаа хойшилсон.

2.3. Дэлхий нийтээр тархаад буй ковид-19 цар тахлын улмаас улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улс болон бусад улс хоорондын авто зам, төмөр зам болон агаарын замаар нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 01 сараас 2021 оны 8 дугаар сар хүртэлх буюу нийт 13 сарын хугацаанд Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн онцгой нөхцөлд улс хооронд дамжуулан өнгөрүүлэх тир карней бүхий бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих түр журмын дагуу улсын хилээр нэвтрэн орж буй бараа, тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа хийгдэж, гаалийн хяналтын бүсэд хийгдэх хяналт шалгалтыг онцгой дэглэмээр зохион байгуулах болсон тул барилга барихад шаардлагатай импортын барилгын материалыг хүлээж авах хугацаа хойшлогдсоор барилга угсралтын ажил удааширч, орон сууцыг гэрээнд заасан хугацааны дагуу ашиглалтад оруулах боломжгүй болсон.

Мөн хөл хориотой үед Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолын хавсралт болох хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтаар баталсан хуулийн этгээд, төрийн байгууллага л ажиллаж байсан бөгөөд барилгын компанийн үйл ажиллагааг зогсоосон. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас баталсан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлыг гэрчлэх журмын 1.2.1.4 дүгээр зүйлд бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр... нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно хэмээн заасны дагуу гэрээний дагуу хүлээсэн орон сууцыг 2020 оны 1-р улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн болно.

2.4. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан бөгөөд гүйцэтгэгч нь гэрээний хугацаанд үүргийг огт гүйцэтгээгүй буюу барилгын ажлыг огт явуулаагүй гэж үзэхгүй. Учир нь гүйцэтгэгчийн зүгээс барилгын ажлыг хугацаанд нь явуулж байсан боловч цаг үеийн нөхцөл байдал, туслан гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэл зэрэг бодит нөхцөл байдлуудаас шалтгаалан ажлын хугацаа хойшилсноос бус ажлыг огт гүйцэтгээгүй гэсэн нөхцөл үүсээгүй.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр буюу орон сууцны захиалгын төлбөрийн нийт үнийн дүнгээр алданги шаардаж буй нь мөн үндэслэлгүй. Орон сууц захиалгын гэрээнд хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг 4.7-д захиалсан орон сууцын байрыг хүлээлгэн өгөх хугацаа болон ажлын гүйцэтгэл нь төсөл хэрэгжүүлэгчээс шалтгаалахгүй, урьдчилан мэдэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлогдох тохиолдолд захиалагчид урьдчилан мэдэгдэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь гээд импортын материалын нийлүүлэх хугацаа саатсан, мөн гэрээний 4.8-д дээрх шалтгаануудын улмаас үүссэн нөхцөл байдлыг хугацаа алдсан гэж үзэхгүй ба төсөл хэрэгжүүлэгч нь орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэн алданги төлөх үндэслэл болохгүй гэж заасны дагуу анзыг төлөх үндэслэлгүй байна. Иймд А ХХК нь алданги төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 222 дугаар зүйлийн 222.2232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч А ХХК-аас 16,775,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгож, нэхэмжлэлээс 6,923,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 241,825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагчийн зүгээс Цаг уур, орчны шинжилгээний газрын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ус, цаг уур, орчны мэдээг гаргаж өгсөн ба цаг агаарын хүйтэн нөхцөл байдал буюу БНбД 12-04-06 8.11-д “цас, бороотой үед угсралтын ажил гүйцэтгэхийг хориглоно. 15м/с ээс хэтрэх үед угсралтыг зогсоох хэрэгтэй БНбД 52-02-05 9.1-д "9.1 хоногийн дундаж температур 5С-ээс бага буюу өдөрт 0С-ээс илүү дулаарахгүй болсон үед энэхүү дүрмийн баримтална гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зүгээс цаг агаарын хүйтэн нөхцөл 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 123 хоног угсралтын ажил гүйцэтгэх боломжгүй байсан.

4.2. Хариуцагчийн зүгээс Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч иргэн н.Норьсүрэнгийн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд А ХХК-ийн барилгыг зогсоолгох буюу 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ГБМЗХ2019/02-062 дугаартай А даалгаврыг хүчингүй болгох талаар 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2019 оны 08 дугаар сарын 28-ны 128/ШЗ2019/6016 захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны 128/ШЗ2019/7023 захирамжаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, барилгын үйл ажиллагааг зогсоож, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамжуудыг нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлсэн боловч анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүй. Шүүгчийн захирамжаар 112 хоног барилгын ажил явуулах боломжгүй байсан. Уг хугацаа нь цаг уурын хүйтэн нөхцөлтэй давхардсан хоногийг хасвал 42 хоногийн хугацаанд барилга угсралтын ажлыг гүйцэтгэх боломжгүй байсан.

 4.3. Хариуцагч нь орон сууцыг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулснаар улсын комисс барилга дээр ажилласан. Нэхэмжлэгчид 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгч, акт үйлдсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн ашиглах боломжтой байсан. Мөн талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний 1.2-д төсөл хэрэгжүүлэгч нь орон сууцын барилгын 2020 оны 1-р улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулна гэж заасны дагуу хариуцагчийн зүгээс орон сууцыг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр улсын комисст хүлээлгэх өгөх үүргээ биелүүлсэн байхад анхан шатны шүүх хариуцагчийн орон сууцыг хүлээлгэн өгсөн хугацааг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэж тооцож, 57 хоногийн алдангийг илүү тооцож, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тооцооллын алдаа гаргаж, хариуцагчийг хохироож шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.

4.4. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой байсан хуулийг хэрэглээгүй. Учир нь шүүх хариуцагчийг давагдашгүй хүчин зүйлд өртсөн гэж дүгнэж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүн нь 23,698,500 төгрөг ба орон сууцны үнийн дүнгийн 40 хувиас их байхад уг хуулийг хэрэглээгүй шийдвэрлэсэн нь хариуцагчийг илтэд хохироож, хэрэглэх ёстой байсан хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гэрээний хугацаа хэтрүүлсний алданги 23,698,500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчид 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр орон сууц захиалах гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч А ХХК нь Баянзүрх дүүрэг, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны Б блок барилгын 8 давхрын тоот, 46.25 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2020 оны 01 дүгээр улиралд ашиглалтад оруулах, захиалагч Д.С нь хүлээн авах, гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр 55,500,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /34-38/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.С нь гэрээний үүргээ биелүүлж, өөрийн “Хаан банк” дахь 5095091515 тоот данснаас хариуцагч А ХХК-ийн “Хаан банк” дахь 5037117319 тоот дансанд 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 54,000,000 төгрөг, нийт 55,500,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх 14/

4.а. Талуудын байгуулсан гэрээний 1.2-т зааснаар хариуцагч орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн боловч орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн өгч, улмаар 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарч, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан болох нь хэрэгт авагдсан орон сууц хүлээлцэх акт, улсын бүртгэлийн гэрчилгээ, комиссын дүгнэлт зэргээр тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна. /хх 13, 241, 244-247/

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл хариуцагч гэрээнд заасан орон сууцыг ашиглалтад оруулаагүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6,  гэрээний 4.2-т зааснаар  хугацаа хэтрүүлсний алдангиийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

5. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул дараах байдлаар өөрчлөлт оруулна.

 

5.а. Гэрээний 4.2-т гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг ашиглалтад өгөх хугацааг 60 хоног, түүнээс дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.1 хувиар тооцон алданги захиалагч талд төлөх, мөн гэрээний 3.7-д төсөл хэрэгжүүлэгчээс шалтгаалаагүй, урьдчилан мэдэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаар захиалсан орон сууцны байрыг хүлээлгэн өгөх хугацаа болон ажлын гүйцэтгэл хойшлогдож болно, гэрээний 3.8-д дээрх шалтгаануудын улмаас үүссэн нөхцөл байдлыг хугацаа алдсан гэж үзэхгүй ба төсөл хэрэгжүүлэгч нь орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэн алданги төлөх үндэслэл болохгүй байхаар тус тус харилцан тохиролцжээ.

 

5.б. Анхан шатны шүүх  2020, 2021 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор нийт 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон нь ковид-19 цар тахлаас шалтгаалсан болохыг гэрчилж гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force Majeure/-ийн гэрчилгээ олгогдсон тул хариуцагчийг давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн хугацааны алдангийг төлөх үүргээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт, гэрээний 3.8-д зааснаар тус тус чөлөөлөгдөнө гэж  дүгнэсэн үндэслэлтэй байна. /хх242-243/

 

5.в. Шүүх тооцооллыг хийхдээ гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 133 хоногийг хамаарна гэж зөв тодорхойлсон боловч 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгсөн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх 172 хоног хугацаа хэтрүүлсэн гэж буруу тооцоолсон байна. Учир нь хэргийн 241 дүгээр талд авагдсан “орон сууц хүлээлцэх акт”-аас үзэхэд нэхэмжлэгч нь орон сууцыг өөрийн эзэмшилд 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлэн авсан тул 35 хоногийн алданги 1,942,500 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагчаас нийт 270 хоног /133+137=270/-ийн алданги буюу 14,832,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,866,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

6. Харин цаг агаарын нөхцөл байдал буюу 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 123 хоног, мөн шүүгчийн захирамжаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн тул 112 хоногоор тус тус барилгын үйл ажиллагааг явуулах боломжгүй байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/00999 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...16,775,000” гэснийг ...14,832,500” гэж,...6,923,500” гэснийг ...8,866,000” гэж

2 дахь заалтын “...241,825” гэснийг “...231,112” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 241,825 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.ЭНЭБИШ

 

                           ШҮҮГЧИД                                Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ