Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2023/01104

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2023      04        10                                           181/ШШ2023/01104

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны төв байранд байрлах, “Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 хороолол, 100 айл гудамж, 45-51 тоот хаягт оршин суух, Ж У /РД:ХН60121661/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 19 дзгээр хороо, Шарга морьт гудамж, 2-262 тоот хаягт оршин суух, Ж А /РД:ХН68022975/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 хороолол, 100 айл гудамж, 45-51 тоот хаягт оршин суух, У Х /РД:ХН84031777/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 42,061,217 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Х.Т, Д.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

/Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х б” ХХК нь хариуцагч Ж.У, Ж.А, У.Х нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,061,217 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Ж.У, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.А нар нь Хас банктай 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1080035541 дугаартай зээлийн гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийг жилийн буюу 365 хоногт 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар холимог зориулалтаар авсан.

Банк нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1080035541 дугаартай зээлийн гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг зээлдэгч Ж.У Хас банк дахь 5001207173 тоот дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

1080035541 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 1080035541-01 дугаартай Барьцааны гэрээгээр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 45 дугаар байр 51 тоот хаягт байрлах 324 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203003086 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрт 66,309,412 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 39,959,262 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 292,691 төгрөг, нийт 106,561,365 төгрөгийг төлсөн.

Зээлдэгч нь банктай байгуулсан 1080035541 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 357 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас банк нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж уулзаж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Хас банкны зүгээс тус зээлтэй холбоотойгоор 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, Ковид-19 цар тахлаас үүссэн зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирсан тул харилцагчийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг сунган сард төлөх төлбөрийг бууруулж, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг хэсэгчлэн төлөх хуваарь гарган 2 удаа нөхцөл өөрчлөн зээлийн дансны дугаарыг өөрчилсөн.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дахь заалт болон 1080035541 дугаартай зээлийн гэрээний дагуу 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөр 33,690,588 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 7,755,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 614,963 төгрөг, нийт 42,061,217 төгрөгийг Ж.У, Ж.А нараас гаргуулах, хариуцагч нар сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд 1080035541-01 дугаартай барьцааны гэрээний дагуу Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо 7 дугаар хороолол 45 дугаар байр 51 тоот хаягт байрлах 324 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203003086 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ж.У, Ж.А нар хариу тайлбартаа: “... 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №1080036641 тоот гэрээгээр 100,000,000 төгрөгийн зээлийг Сүхбаатар дүүргийн 10-р хороо 45 байр, үл хөдлөх хөрөнгийн Ү-2203003036 гэрчилгээтэй барьцаалбарыг тавьж зээл авсан болно. Тухайн үед зээлийг хоолны газрын тоног төхөөрөмжийг сайжруулж засвар хийхээр зээл авсан болно.

Зээлийг 2018 оноос жигд графикийн дагуу 2020 оны 3 дугаар сар хүртэл жигд төлж байгаад орон даяар гарсан коронавирус эхэлснээс зээлийн төлөлт удааширч төлөх боломж хаагдаж бүх хоолны газрын үйл ажиллагааг хаасан билээ. Үүнээс хойш Монгол Улсын Засгийн газраас зээлийн хүүгийн талаар удаа дараа арга хэмжээ авч үүнд хамрагдаж явж байгаад тухай үед банкны зээлийн алданги хүүг Хас банк тооцож, удаа дараа шаардах хуудас өгч байсан Засгийн газрын шийдвэрийг зөрчиж байсан гэж үзэж байна. Тухай үед ямар ч орлого байхгүй мөн үйл ажиллагаа зогсонги байдалтай байсан.

Бид зээлийг графикийн дагуу төлөх боломж бололцоо бага байсан тул тухай үед нь банкны зээлийн эдийн засагч нартай уулзаж тодорхой шийдэлд хүрч байсан ч хэлснээр бага хэмжээгээр мөнгөн төгрөг зээлд өгч байсан ч зээлийн эдийн засагч зарим үеийн орлогыг хийгээгүй нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойших төлөлт нь бүрэн гүйцэт орж байгаагүйд гомдолтой байна. Нөгөө талаар үлдэгдэл зээлийн хүүд өөрчлөлт оруулж аль болох төлөх боломжтой бүх хувилбарыг Хас банкны удирдлагуудад удаа дараа шаардаж байсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй болно.

Хас банкны захирал болон албаны хүмүүст өргөдөл өгч асуудлыг шийдвэрлүүлэх тал дээр бид их хүчин чармайлт гаргаж байсан болно. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, Монгол банканд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, УИХ-ын дарга Занданшатарт 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, Хас банкны захирал Г.Ц 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, мөн Хас банкны захирал Г.Ц 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, Сүхбаатар дүүргийн Хасбанкны салбарт 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, Хас банкны захирал Г.Ц 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, мөн Хас банканд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тус тус зээлийн хүүг хэрхэн зохицуулах талаар удаа тараа хүсэлт гаргаж байсан боловч ямар ч нааштай хариу авч чадаагүй билээ энэ хооронд боломжийн хэмжээгээрээ зээлээ төлж байсан боловч зээлийн төлөлтийн зарим орлого нь хийгдсэн байгаа учир бид гомдолтой байна. Нөгөө талаар зээлийг хоорондоо зохицоод төлөх боломж байсан боловч Хас банкны эдийн засагч нар тулгаж байсан ба хэт их мөнгө төгрөг нөхөн шаардах хуудсыг өөрсдөө дур мэдэн бичиж байсан зохисгүй үйлдэл гаргаж байсанд бид эгдүүцэж байна. Цаашлаад зээлийн илүү төлсөн мөнгө нь хаашаа орж байсан ч тодорхойгүй байна.

Монгол банкнаас ирүүлсэн бичигт "... Зээлийн гэрээний харилцаа нь талуудын сайн дурын үндсэн дээр гэрээний чөлөөт байдлын зарчимд суурилан Иргэний хуулийн 24 бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр бүлэг, Банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн дагуу зохицуулагддаг иргэний эрх зүйн харилцаа билээ” гэжээ гэтэл банк өөрийн дураар аашилж зээлд өөрчлөлт оруулах боломжгүй мэтээр дарамталж байгааг бид ойлгохгүй байгаа учир хариу тайлбараар дараах зүйлийг шаардсан болно. Банканд гомдолтой байгаа гол шалтгаан нь зээлийн хүү болон зээлийг буруу бодож, үүнээс болж бид удаа дараа удирдлага болон эдийн засагчдад зээлийг шалгуулах хүсэлтээ гаргасан боловч эдийн засагч нь бодож чадаагүй, тэгээд биднийг зээлээ төлөхийг шаардаад байсан. Бид хас банканд зээл зээлийг хүүг зогсоох хүсэлт гаргасан.

Зээлийн хүүг бууруулах учир нь банкнаас олон удаа зээл авсан, зээлийн графикийг өөрчлөх, илүү ү төлсөн байж болзошгүй мөнгөн хөрөнгийг гаргуулж зээлд тусгах, сэтгэл санааны хохиролд 3,000,000,000 төгрөг шаардаж байгаа, учир нь тухайн үед Ж 90, Б 80 настай хүмүүс байсан. Коронавирус гарсан үед Хас банкнаас удаа дараа ирж гарын үсэг авна гэж гэрт ирж, өндөр настай хүмүүсийг дарамталж байсан ба энэ байдал нь сэтгэл санааны их дарамт болсон гэж үзэж байгаа тул үр хүүхдүүд нь сэтгэл санааны хохирол болон аав, ээжийг маань сэтгэл санааны дарамтад оруулж байсан гэж үзэж байна” гэжээ.

 

3. Хариуцагч Ж.А хариу тайлбартаа: “... 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хас банк нь хариуцагч Ж.У, түүний аав Н.Ж, ээж Л.Б, түүний хүү У.Х нартай барьцааны гэрээ байгуулж барьцаагаар хангагдах хөрөнгийг барьцаалсан. Гэтэл уг барьцааны үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс өмчлөгчид болох У.Х, Л.Б нар 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хасагдсан болох нь тайлбарт хавсаргасан бичгийн нотлох баримтаар нотлогдоно. Нөгөө талаар тухайн байрны өмчлөгчид болох Н.Ж 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр, Л.Б 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус нас барж, өнөөдрийг хүртэл өв залгамжлал нээгдээгүй байна. Хариуцагч нар нь Монгол Улсын Их хурлын байнгын хороонд тухайн асуудлаар гомдол гаргаж, тухайн асуудлыг Хас банк руу шилжүүлэхэд хариу өгөөгүй нь зээлийн хүүг 1,5 хувь болгохыг хүлээн зөвшөөрсөн болно. Мөн хариуцагч Ж.У нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хас банканд зээлийн гэрээг цуцалж, хүү, алдангийг зогсоож өгнө үү хэмээн хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээн авсан мөртлөө хариу өгөөгүй тул мөн л хүлээн зөвшөөрсөн болно. Энэ хугацаанд нийт 233 сая төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно” гэжээ.

 

4. Хариуцагч У.Х тайлбартаа: 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хас банктай байгуулсан 1080035541 дугаартай Зээлийн гэрээний барьцаалбарт 2203003086 тоот үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн дугаар бүхий Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 45-р байр 51 тоот байрыг У.Хосбаяр миний бие өөрийн өмчлөлийн хувийг барьцаалуулахыг зөвшөөрсөн боловч дээрх зээлээс ямар нэгэн байдлаар хувь болон төлбөр мөнгө аваагүй болно.

Дээрх зээлийн барьцаалбарыг зөвшөөрсөн хэдий ч Хас банкнаас авсан зээлийг иргэн Ж.А захиран зарцуулах, хариуцан төлөх нөхцөлтэй байсан. Мөн шүүх хурлын асуудлаас үүссэн аливаа шүүхийн маргаанд намайг итгэмжлэн төлөөлөх өмгөөлөгч авахгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд шүүх хуралд очиход бэлэн байна. Иймд дээрх Хас банктай холбоотой маргааныг хуульд заасны дагуу хянан шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн барьцааны гэрээ, Хавсралт-1, 2, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,  2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээний нэмэлт, өөрчлөлт, эргэн төлөлтийн хуваарь, Хуримтлагдсан үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Зээлийн болон барьцааны гэрээний нэмэлт, өөрчлөлт, эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Зээлийн нөхцөл өөрчлүүлэх хүсэлт, Ж.У дансны хуулга, Зээлийн тооцоолол, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Ж.У хүсэлт, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Шаардах хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Ж.А хүсэлт.

 

6. Хариуцагч нараас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Ж.У хүсэлт, 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмлөгч хасуулах хэлцэл, Н.Ж, Л.Б нарын нас барсны гэрчилгээний хуулбар, Ж.У дансны хуулга, 8,000,000 төгрөг, 415,138.91 төгрөг, 471,249.50 төгрөгийн орлогын баримт, Ж.А дансны хуулга.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлээс 4,458,708.4 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ж.У, Ж.А, У.Х нартай 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1080035541 дугаартай зээлийн, 1080035541-01 дугаартай барьцааны гэрээ тус тус байгуулж, 100,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар нь зээлийг эргүүлэн төлөх үүргээ зөрчсөн тул 42,061,217 төгрөгийг Ж.У, Ж.А нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэжээ.

 

3. Хариуцагч Ж.У, Ж.А нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Коронавирус эхэлснээс хойш зээлийн төлөлт удааширч, төлөх боломж хаагдсан. Боломжийн хэмжээгээрээ зээлээ төлж байсан боловч зээлийн төлөлтийн зарим орлого нь хийгдсэн. Барьцаа хөрөнгийн өмчлөгчөөс У.Х, Л.Б нар 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хасагдсан. Тухайн байрны өмчлөгчид болох Н.Ж 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр, Л.Б 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нас барсан, өнөөдрийг хүртэл өв залгамжлал нээгдээгүй. Зээлийн хүүг багасгах, зээлийн гэрээг цуцалж, хүү, алдангийг зогсоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээн авсан мөртлөө хариу өгөөгүй тул хүлээн зөвшөөрсөн болно. Энэ хугацаанд нийт 233 сая төгрөгийг төлсөн гэжээ.

 

4. Хариуцагч У.Х нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: У.Х миний бие өөрийн өмчлөлийн хувийг барьцаалуулахыг зөвшөөрсөн боловч дээрх зээлээс ямар нэгэн байдлаар хувь болон төлбөр мөнгө аваагүй болно гэжээ.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1. Нэхэмжлэгч “Хас банк” ХХК, хариуцагч Ж.У, Ж.А нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 26ы өдөр №1080035541 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч нарт 100,000,000 төгрөгийг 365 хоногт 21,60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Н.Ж, Л.Б, Ж.У, У.Х нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 45 дугаар байрны 51 тоот, үйлчилгээний зориулалттай 324 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003086 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, №1080035541-01 дугаартай барьцааны гэрээг байгуулсан байна.

 

5.2. Талууд 1080035541 дугаартай зээлийн гэрээнд 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “үндсэн гэрээний дагуу олгосон 100,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 39,182,667.62 төгрөг болно”, “Үндсэн гэрээний 2.2 дахь хэсэгт заасан ерөнхий хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 14 сарын хугацаа болгон сунгав” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Үндсэн гэрээний 1.1 дэх хэсэгт заасан ерөнхий хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12 сарын хугацаагаар сунгахаар тохиролцов”, “Үндсэн гэрээний дагуу олгосон 100,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч цахим хүсэлт гаргах өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 38,182,666.62 төгрөг болно” гэсэн нэмэлт өөрчлөлтийг тус тус оруулжээ.

 

5.3. Мөн №1080035541-01 дугаартай барьцааны гэрээнд 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Барьцааны гэрээний 1.1 дэх хэсэгт “... 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 1080035541 дугаартай зээлийн гэрээ...” гэсний ард “... 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр оруулсан 1080035541 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт ...” гэж, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Барьцааны гэрээний 1.1 дэх хэсэгт “Банк болон зээлдэгч Ж У нарын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 1080035541 дугаартай зээлийн гэрээ .., 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу холимог зориулалтаар, нийт 36 сарын хугацаатайгаар ...” гэснийг “Банк болон зээлдэгч Ж У нарын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 1080035541 дугаартай зээлийн гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу холимог зориулалтаар, нийт 48 сарын хугацаатайгаар өөрчлөв” гэсэн нэмэлт өөрчлөлт тус тус оруулсан байна.

 

6. Талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, зээлийн мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй. Харин зээлийн тооцоолол буюу үлдэгдэл төлбөрийн хэмжээ маргааны зүйл болжээ.

 

7. Зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх зохицуулалтад заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны (ипотек) гэрээний шинжийг агуулсан, эдгээр гэрээ бичгээр байгуулагдсан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагыг хангасан байна.

 

8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

9. Зохигчийн хооронд байгуулагдсан 1080035541 дугаартай зээлийн гэрээгээр нэхэмжлэгч 100,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүүг эргүүлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

10. Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2018 оны 1080035541 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн 1.2-т “Үндсэн гэрээний дагуу олгосон 100,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч цахим хүсэлт гаргах өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 38,182,666.62 төгрөг болно” гэж зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээг тодорхойлжээ.

 

11. Дээрх зээлийн үлдэгдэл 38,182,666.62 төгрөгийн хүүг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл /618 хоног/ хугацаагаар тооцвол /38,182,666.62*0,216/365*618/ 13,964,185 төгрөг байх бөгөөд зээлдэгч Ж.У, Ж.А нар нь зээлийн гэрээний үүрэгт нийт 52,146,851.62 төгрөгийг төлөх байна.

 

12. Хэргийн баримтаас үзвэл хариуцагч нараас дээрх хугацаанаас хойш буюу 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд нийт 14,544,343.02 төгрөг төлсөн болох нь Ж.У, Ж.А нарын дансны хуулгаар тогтоогдож байх тул 52,146,851.62 төгрөгөөс 14,544,343.02 төгрөгийг хасаж, үлдэх 37,602,508.6 төгрөгийг хариуцагч Ж.У, Ж.А нараас гаргуулах үндэслэлтэй.

 

13. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №183 тоот “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 8-д “банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Л), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Б)-д тус тус зөвлөсүгэй” гэж заасан байх бөгөөд хариуцагч цар тахалтай холбоотой зээлийг төлөх боломжгүй байсан гэж тайлбарласан нь үндэслэлтэй, үүнтэй холбоотой хүсэлтийг нэхэмжлэгчид гаргаж байсан байх ба улс орон даяар үүссэн цар тахлаас шалтгаалсан хөл хорионоос иргэдийн санхүүгийн байдалд хүндрэл учирсан гэдэг нь нийтэд илэрхий үйл баримт юм.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан.

 

Иймд дээрх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт шаардсан нэмэгдүүлсэн хүү 614,963 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

14. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг  хангах баталгаа болгож Н.Ж, Л.Б, Ж.У, У.Х нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 45 дугаар байрны 51 тоот, үйлчилгээний зориулалттай 324 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003086 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, №1080035541-01 дугаартай барьцааны гэрээг байгуулсан байх бөгөөд барьцаа хөрөнгийн өмчлөгч нар нь зээлдэгч 1080035541 дугаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагыг дээрх хөрөнгөөр хангахыг зөвшөөрсөн болох нь барьцааны гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.

 

15. Барьцаа хөрөнгийн өмчлөгч болох Н.Ж 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр, Л.Б  2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нас барсан тухай гэрчилгээг хариуцагчаас нотлох баримтаар гарган өгч, өв залгамжлал гүйцэтгэгдээгүй талаар тайлбарласан ч энэ нь нэхэмжлэгчийн барьцааны эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

16. Тодруулбал, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.3-д “... үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Ж.У, У.Х нарт холбогдуулан барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй.

 

17. Иймд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.У, У.Х нар нь 37,602,508.6 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 45 дугаар байрны 51 тоот, үйлчилгээний зориулалттай 324 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003086 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хуульд нийцнэ.

 

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 438,456.08 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.У, Ж.А нараас 345,962.54 төгрөгийг, Ж.У, У.Х нараас 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

19. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б гаргасан хэргийн материалтай танилцах, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Ж.А гаргасан өмгөөлөгч буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б өвчний улмаас хүрэлцэн ирж чадаагүй тул өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байна гэснийг шүүх тус тус хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан.

 

Хариуцагч Ж.У тус өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлж, үндэслэлээ “тус хурлыг хийхэд өмгөөлөгч тодорхойгүй хугацаагаар ажилтай байгаа ба өмгөөлөгчийг иртэл хуралд оролцох боломжгүй болно” гэсэн байх боловч үүнтэй холбоотой буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдааны товыг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хянан хэлэлцэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийн удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.У, Ж.А нараас 37,602,508.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4,458,708.4 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.У, Ж.А нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 45 дугаар байрны 51 тоот, үйлчилгээний зориулалттай 324 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003086 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 438,456.08 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.У, Ж.А нараас 345,962.54 төгрөгийг, Ж.У, У.Х нараас 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                      

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БАТХУЯГ