Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01260

 

 

АС ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/01104 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч АС ХХК-ийн хариуцагч А.Л, У.Р, Х.О- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 42,061,217 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мишээл, Х.Тэмүүжин, хариуцагч А.Л , түүний өмгөөлөгч Л.Ононбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

АС ХХК нь У.Р , А.Л нартай 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдүүлэгч 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр тус банк дахь У.Р гийн эзэмшлийн 5001207173 тоот дансанд 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 66,309,412 төгрөг, зээлийн хүүд 39,959,262 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 292,691 төгрөг, нийт 106,561,365 төгрөг төлсөн.

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс зөрчиж эргэн төлөлтийн хугацааг 357 хоногоор хэтрүүлсэн. АС ХХК-ийн зүгээс 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, Ковид-19 цар тахлаас үүссэн зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирсан тул харилцагчийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг сунган сард төлөх төлбөрийг бууруулж, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг хэсэгчлэн төлөх хуваарийг 2 удаа өөрчилсөн. Иймд хариуцагч А.Л , У.Р нараас зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн 33,690,588 төгрөг, зээлийн хүү 7,755,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 614,963 төгрөг, нийт 42,061,217 төгрөгийг гаргуулна.

АС ХХК нь У.Р тай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр барьцааны гэрээ байгуулж Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 45 дугаар байр 000 тоот хаягт байрлах 324 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан. Зээлдэгч нар зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А.Л , У.Р нарын тайлбар, татгалзлын агуулга:

АС ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөг зээлсэн. Зээлийн төлбөрийг 2020 оны 04 дүгээр сарыг хүртэл хуваарийн дагуу төлж байсан боловч Коронавируст цар тахлын улмаас хоолны газрын үйл ажиллагаа хаагдаж зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон. Зээлдэгчийн зүгээс зээлийн төлбөрийн асуудлаар банкны эдийн засагч нартай уулзсан ч тодорхой шийдэлд хүрээгүй. Гэвч зээлийн төлбөрийг боломжоороо төлж байсан. Банкны удирдлагад 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, Монгол банканд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, УИХ-ын даргад 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, АС ХХК-ийн захирал Г.Цэвэгжавт 2021 оны 12 дугаар сарын 01, 03,17-ны өдөр, Сүхбаатар дүүргийн АС ХХК-ийн салбарт 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлийн хүүг хэрхэн зохицуулах талаар хүсэлт гаргасан боловч зээлдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж өгөөгүй. Мөн зээлийн төлбөрийг боломжоороо төлсөн байхад банкнаас хэт өндөр төлбөр төлөхийг шаардсан. Монгол банкнаас ирүүлсэн албан бичигт зээлийн гэрээний харилцаа нь талуудын сайн дурын үндсэн үүсдэг талаар дурдсан. Гэтэл АС ХХК зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж хүүг бууруулах боломжгүй гэх хариу өгсөнд гомдолтой байна. Зээлдэгч нар зээл зээлийг хүүг зогсоох хүсэлт гаргасан. Зээлийн төлбөрийн хуваарийг өөрчлөх, илүү төлсөн байж болзошгүй тул уг төлбөрийг гаргуулж зээлд тусгана. АС ХХК-аас зээлийн төлбөрийг шаардаж гэрт ирсний улмаас өндөр настай Ж.А (90 настай), Б.У (80 настай) нарыг дарамталсан нь сэтгэл санааны дарамт болсон хохиролд 3,000,000,000 төгрөг гаргуулна.

АС ХХК нь У.Р , түүний эцэг Ж.А , эх Б.У , түүний хүү Х.О нартай 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан.

Гэтэл уг барьцааны үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс Х.О , Б.У нар 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хасагдсан болох нь нотлох баримтаар нотлогдоно. Мөн өмчлөгч Ж.А 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр, Б.У 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нас барсан. Өв залгамжлал нээгдээгүй байна. Зээлдэгч нар зээлийн төлбөрт 233,000,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

4. Хариуцагч Х.О ын тайлбар, татгалзлын агуулга:

АС ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан боловч зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг аваагүй. А.Л мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 4000 дүгээр зүйлийн 4000.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Р , А.Л нараас 37,602,508.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч АС ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4,458,708.4 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

5.2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Р , А.Л нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 45 дугаар байрны 000 тоот, үйлчилгээний зориулалттай 324 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 438,456.08 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Р , А.Л нараас 345,962.54 төгрөгийг, У.Р , Х.О нараас 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч А.Л , У.Р нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх У.Р , А.Л нарын гаргасан тайлбарт ач холбогдол өгөөгүй, шүүхийн шийдвэрийг хэт нэг талд /нэхэмжлэгч/ талд ашигтай байдлаар гаргасанд гомдолтой байна. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралд оролцох боломжгүй талаар шүүхэд мэдэгдсэн боловч шүүгч илтээр АС ХХК-д давуу байдал үүсгэж, нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Өмгөөлөгч шүүх хуралд зээлийн төлбөрийн талаар дэлгэрэнгүй тайлбар гаргах байсан. Өмгөөлөгч хоригдож байсны улмаас шүүх хуралд оролцож чадаагүй. Энэ талаарх баримтыг хариуцагч олж авах боломжгүй байсан.

У.Р , А.Л нар тайлбартаа зээл, зээлийн хүүгийн бодолт тооцоолол алдаатай хийсэн, гэрээний эхлэх ба дуусах, шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааны талаар төөрөгдүүлсэн, зээлийн хүүг 21,6-18-21,6 хувь болгосон гэрээний нэмэлтийг зөв ашиглаагүй. Үндсэн зээлийг 33,690,588.20 төгрөгийг 38,182,666.62 төгрөг гэж өсгөж бичсэн. Бид зээлийг төлөхгүй гэж хэлээгүй, зээлийн хүүг хуулгаар маш их газар давхардуулж авсан зэрэгт гомдолтой байна. Ж/нь: 2020-09-22-нд төлөх нь 4,975,746,41 төгрөг байхад 5,433,164.06 төгрөг төлсөн байх жишээтэй. Энэ талаар тодорхой баримтуудыг Хас банкны хуулгаас харж болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дүн шинжилгээ хийгээгүй, шинжээчээр дүгнэлт гаргуулаагүй зөрчил гаргасан.

У.Р , А.Л нар 100,000,000 төгрөгийн зээл авч 132,600,000 төгрөгийг төлсөн байхад АС ХХК гэрээний талаар уян хатан хандаагүй.

Шүүх Монгол Улсын Засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолыг харгалзан үзээгүй. АС ХХК 2020-03-05-наас 2021-11-30-ны хооронд хуримтлагдсан хугацаа хэтэрсэн гэх 21,157,409.2 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 38,888,888,84 төгрөгөөс хасч үлдэх 17,731,479.64 төгрөгийг тусгай төлөвлөгөөний дагуу төлөхийг санаачлаагүй, шүүхийн шийдвэрт тусгаагүй талаар гомдолтой байна. У.Р АС ХХК-аас 2014 онд 75,000,000 төгрөгийн зээл авч үлдэгдэл 7,120,000 төгрөг байсан. 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж өмнөх 75,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 7,120,000 төгрөгийг хаасан. АС ХХК 100,000,000 төгрөгийн зээл олгохдоо 1,000,000 төгрөг суутгасан. Иймд зээлээр зээл хааж дахин зээл олгосон нь буруу. Мөн Коронавируст халдварын үед торгууль, алданги хүү тооцсон.

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасныг шүүх харгалзан үзээгүй. Барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөд зээлдэгч нар олуулаа амьдардаг. Коронавируст халдварын үед ч зээлийн төлбөрийг төлж байсан тул зээлийн төлбөр 41,731,479.04 төгрөгөөс 21,157,409.027 төгрөгийг хасаж өгнө үү. Барьцааны гэрээнд Б.У гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл. Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, АС ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Батмөнх оролцож байсан. Хариуцагч нар итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнхөөс татгалзаагүй учир шүүх хуралдааны товыг түүнд мэдэгдэж гарын үсэг зуруулсан. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүндэтгэн үзэх шалтгаантай талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй. Мөн хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй. Шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Түүнчлэн, өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч өмгөөлөгч авсан баримтыг шүүхэд ирүүлээгүй. Анхан шатны шүүх нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй. Мөн шүүх хурал олон удаа хойшилсон. Шинжээч томилох шаардлагагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянахад анхан шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх нь зүйтэй.

 

1. Нэхэмжлэгч АС ХХК хариуцагч А.Л, У.Р, Х.О- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 33,690,588 төгрөг, зээлийн хүү 7,755,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 614,963 төгрөг, нийт 42,061,217 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. АС ХХК болон А.Л , У.Р нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч АС ХХК нь 100,000,000 төгрөгийг зээлдэгч А.Л , У.Р нарт зээлдүүлэх, зээлдэгч нар уг мөнгөн хөрөнгийг 36 сарын хугацаанд жилийн 21,6 хувийн хүүгийн хамт эргэн төлөх хуваарийн дагуу буцаан төлөхөөр тохиролцжээ. Иймд талууд хүсэл зоригоо илэрхийлж, зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 4000 дүгээр зүйлийн 4000.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцсэн, мөн хуулийн 4000 дүгээр зүйлийн 4000.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

1.2. Зээлдүүлэгч АС ХХК дээрх гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг зээлдэгч У.Р гийн эзэмшлийн АС ХХК дахь 5001207173 тоот дансанд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шилжүүлж, мөн өдөр зээл олголтын шимтгэлд 1,000,000 төгрөг, зээлийн эргэн төлөлт гэж 7,269,821.86 төгрөг, орон сууцны даатгалд 165,000 төгрөг, зээлийн дансны тодорхойлолт 3000 төгрөг тус тус суутгасан гүйлгээ хийгдсэн талаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл болон анхан шатны шүүхэд маргаж байгаагүй болох нь тогтоогджээ. (хх-ийн 26)

Иймд зээлээр зээл хааж дахин зээл олгосон нь буруу гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байхаас гадна зээл олголтын шимтгэлд 1,000,000 төгрөг суутгасан талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, талууд энэ талаар анхан шатны шүүхэд маргаагүй тул анхан шатны шүүхэд гаргаагүй тайлбар, үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт нийцэхгүй болно.

 

1.3. Дээрх зээлийн гэрээний хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дуусах боловч талууд уг гэрээнд 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэмэлт өөрчлөлтийг оруулж үндсэн зээлийн 100,000,000 төгрөгийн үлдэгдэл 39,182,667.62 төгрөг болохыг тодорхойлж, үндсэн гэрээний 2.2 дахь хэсэгт заасан ерөнхий хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 14 сарын хугацаагаар, мөн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийг дахин оруулж зээлийн гэрээний хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12 сарын хугацаагаар сунгаж, үндсэн зээлийн үлдэгдлийг 38,182,666.62 төгрөг болохыг тодорхойлж, эргэн төлөх хуваарийг баталж, хуримтлагдсан хүү 4,712,489.60 төгрөг болохыг харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан байна. (хх-ийн 18, 23)

 

1.4. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2.1-т Зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, зээл, хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй гэж зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцсон байх боловч зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байна.

Түүнчлэн, гэрээний 3.2.8-т зааснаар зээлдэгч нар зээлийг ашигласны төлбөр болох хүү болон нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхийг үл харгалзан зээлийн төлбөрийг барагдуулж дуусах хүртэл хугацаанд төлөх үүргийг хүлээсэн байх бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч АС ХХК нь гэрээгээр тохиролцсон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

1.5. Анхан шатны шүүх Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолын 8-д заасныг тухайн маргаанд хамааруулж хэрэглэх нь хууль хэрэглэх зарчмын хувьд буруу боловч хариуцагч нарын санхүүгийн байдалд Ковид-19 цар тахлын улмаас тогтоосон хөл хорио нөлөөлсөн нь нийтэд илэрхий үйл баримт гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Зээлдэгч У.Р гийн Зээлийн нөхцөл өөрчлүүлэх хүсэлт /Ковид-19/-ээр зээлийн гэрээний хугацааг сунгаж өөрчлөлт оруулж байсан, харин Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрүүдээр өмчийн хэлбэр үл харгалзан зарим хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоосон хэдий ч зээлдэгчийг зээлийн хүү төлөх үүргээс чөлөөлөх талаар уг хуулиар зохицуулаагүй байх тул банк зээлийн хүүг зогсоолгох хүсэлтийг шийдвэрлээгүй гэсэн хариуцагчийн тайлбар, гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

1.6. Талууд гэрээний хугацааг сунгасан 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдлийг 38,182,666.62 төгрөгөөр тодорхойлсон баримт үйлдсэн тул анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаагаар тооцож, үндсэн зээл 38,182,666.62 төгрөг, зээлийн хүү 13,964,185 төгрөг, нийт 52,146,8000 төгрөгөөс зээлдэгч нарын энэ хугацаанд зээлийн төлбөрт төлсөн 14,544,343 төгрөгийг хасаж хариуцагч нарыг хүлээх үүргийн хэмжээг 37,602,508.6 төгрөг тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь шүүх хуримтлагдсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус хасаж тооцсон талаар давж заалдах гомдол гаргаагүй.

 

2.1. Хариуцагч нар нь ...зээлийн хүү болон зээлийг буруу тооцсон, илүү төлсөн байж болзошгүй тул уг төлбөрийг гаргуулж зээлд тусгана.... гэсэн тайлбар гаргасан байх боловч зээл, зээлийн хүүгийн тооцооллыг үгүйсгэсэн үндэслэл тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй, нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаж байгаагүй тул ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дүн шинжилгээ хийгээгүй, шинжээчээр дүгнэлт гаргуулаагүй зөрчил гаргасан гэсэн хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

2.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хамтран өмчлөгч Ж.А , Б.У , Х.О нарын зөвшөөрлийн үндсэн дээр 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Барьцааны гэрээгээр Ж.А , Б.У , У.Р , Х.О нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 45 дугаар байрны 000 тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай 324 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ.

Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн тул хариуцагч нар зээлийн төлбөрийг гүйцэтгээгүйгээс уг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч тал барьцааны гэрээний 2020-12-24-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөд Б.У гарын үсэг зураагүй гэж гомдол гаргаж байх боловч хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, барьцааны гэрээний нөхцөл зэрэг хавсралтуудад болон барьцааны гэрээний 2020-09-15-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөд түүний гарын үсэг зурагдсан байна.

 

2.3. Хариуцагч А.Л, У.Р, Х.О- нараас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр Д.Батмөнхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Дараагийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба хэдийгээр Д.Батмөнхөд итгэмжлэл олгосон боловч хариуцагч А.Л хүрэлцэн ирж өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан тул хэргийн оролцогчийн өмгөөлүүлэх эрхээр хангаж, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 1 сар гаруй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэж, шүүх хуралдааны товыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байна. (хх-ийн 66,100-106,108-112)

Дээрх байдлаар шүүх хуралдаан хариуцагч талын хүсэлтээр хойшлогдож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг иргэний хэрэг үүсгэснээс хойш 7 сарын хугацаа өнгөрсөн, хариуцагч тал дээрх хугацаанд тайлбар, татгалзлаа нотлох боломжтой байсан ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн. Хариуцагч У.Р нь Д.Батмөнхөд олгосон итгэмжлэлээс татгалзаагүй, шүүх хуралдааны товыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн байх тул түүний хүсэлтээр шүүх хуралдааныг дахин хойшлуулах боломжгүй.

 

Тийм учраас ....шүүх өмгөөлөгч оролцуулаагүй, өмгөөлөгч шүүх хуралд оролцох боломжгүй талаар шүүхэд мэдэгдсэн боловч шүүгч илтээр АС ХХК-д давуу байдал үүсгэж, нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн... гэх гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/01104 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 342,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Н.БАТЗОРИГ