Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2023/01149

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2023      04        13                                          181/ШШ2023/01149

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Архивчдын зам гудамж, Шинэ яармаг хороолол, 732 тоот хаягт байрлах, “Г” ХХК /РД:2019027/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Сити тауэр, 1501-01 тоот хаягт байрлах, “А д” ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 75,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, Тоног төхөөрөмжийн угсралт, туршилт, тохируулга хийхэд өөрийн мэргэжилтэн ажиллуулах, тоног төхөөрөмжийг ашиглах талаар худалдан авагчийн ажилтнуудад нэг удаа сургалт хийхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “А д” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 75,000,000 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: "Г" ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 21/03 дугаартай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг "А Д" ХХК-тай байгуулсан байдаг. Ингээд гэрээний дагуу тоног төхөөрөмжөө худалдан авагч хүлээн авсан боловч өнөөдрийн байдлаар гэрээ байгуулснаас хойш тус гэрээний 2.7 дахь хэсэгт заасан төлбөр шилжүүлэх хуваарийн дагуу төлбөрийг хийгээгүй байхаас гадна төлбөр төлөлтийн хувьд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш худалдан авагч нь гэрээнд заасан үлдэгдэл төлбөр болох 50,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.8 дахь хэсэгт төлбөрийн хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд худалдан авагчаас худалдагчийн шилжүүлэх ёстой үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцно гэж заасны дагуу нийт хугацаа хэтэрсэн хоног болох 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийн байдлаар нийт 242 хоногийн хугацаа хэтрэлттэй байх бөгөөд алдангийн хэмжээг /50 000 000*0.5%*242/=60 500 000 төгрөг гарч байгаа хэдий ч бид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг үндэслэн алдангийн хэмжээг 25,000,000 төгрөгөөр хязгаарлаж нэхэмжилж, нийт худалдан авагч "А д" ХХК-иас 75,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “... хариуцагч “А д” ХХК нь “Г” ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 21/03 дугаартай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Нийт 20,000,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчээс авсан тоног төхөөрөмж бүрэн бус байснаас болж бид ажиллуулж чадаагүй өдий хүрсэн бөгөөд энэ тухайгаа “Г” ХХК-д удаа дараа хүсэлт тавьж тоног төхөөрөмжийн бүрэн байдлыг хангаж угсарч өгөхийг хүссэн. Иймд бид үйлдвэрлэл явуулж төлбөрөө төлж барагдуулж чадахгүй өдийг хүрээд байна. Хариуцагч “А д” ХХК-ийн хувьд гэрээнд заасан үлдэгдэл төлбөр болох 50,000,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Харин үлдэгдэл 25,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгээс 25,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: “А д” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр "Г" ХХК-иас Tincoo брэндийн DHL-5L11 маркийн 5 литр хүртэлх багтаамжтай пластик сав үйлдвэрлэх бүрэн автомат машиныг худалдан авахаар Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Хариуцагчийн зүгээс гэрээнд заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Гэтэл "Г" ХХК-ийн зүгээс гэрээний 3.1-д заасны дагуу угсралт, тохируулга хийж мэргэжилтэн ажиллуулаагүй, тоног төхөөрөмжийг ажиллуулах сургалт ороогүйн улмаас тус тоног төхөөрөмжийг ажиллуулж, ашиглаж чадаагүй. Тус тоног төхөөрөмжийг ажиллуулж чадаагүйгээс санхүүгийн хүндрэлд орж үлдэгдэл төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулахгүй байх эрсдэл үүссэн.

"А д" ХХК-ийн зүгээс тус тоног төхөөрөмжийн тээврийн зардалд 8,000,000 төгрөг, тус тоног төхөөрөмжийг байрлуулах агуулахын байр барихад 30,000,000 төгрөг зарцуулсан байдаг.

Иймд хариуцагчийн зүгээс гэрээг үргэлжлүүлж гэрээнд заасан төлбөрөө төлөхийн тулд тус гэрээнд заасан “... угсралт, туршилт тохируулагч хийхэд өөрийн мэргэжилтэн ажиллуулах...”, “...тоног төхөөрөмжийг ашиглах талаар худалдан авагчийн ажилтнуудад нэг удаа сургалт хийх ...”-ийг "Г" ХХК-д даалгахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд бичгээр хариу тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.

 

5. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ, хариуцагчаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус нотлох баримтаар өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлээс 50,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 25,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч “А д” ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 21/03 дугаартай тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ /цаашид “Гэрээ” гэх/-г байгуулж 70,000,000 төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэсэн өгсөн боловч худалдан авагч 20,000,000 төгрөгийг төлж, үлдэх 50,000,000 төгрөгийг төлөөгүй, гэрээний 2.8 дахь хэсэгт алданги төлөхөөр тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг үндэслэн алданги 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: "Г" ХХК нь гэрээний 3.1, 3.2-т заасны дагуу угсралт, тохируулга хийж, мэргэжилтэн ажиллуулаагүй, тоног төхөөрөмжийг ажиллуулах сургалт ороогүйн улмаас тус тоног төхөөрөмжийг ажиллуулж, ашиглаж чадаагүй тул алданги 25,000,000 төгрөг шаардах эрхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 21/003 дугаартай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч нь БНХАУ-ын Zhejiang East Zhou Qiang & Mould Industry Co,Ltd-н 2011 онд үйлдвэрлэсэн TINCOO брэндийн DHL-5L11 маркийн 5 литр хүртэлх багтаамжтай пластик сав үйлдвэрлэх бүрэн автомат машин /цаашид “Тоног төхөөрөмж” гэх/-ыг нийлүүлэхээр, худалдан авагч 70,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

5. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй эсэх байна. Нэхэмжлэгч гэрээнд заасан эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн, хариуцагч 70,000,000 төгрөг төлөхөөс 20,000,000 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаагүй.

 

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

7. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

8. Талууд гэрээний 2.3-т “худалдан авагч нь гэрээний 2 дахь төлбөр буюу нийт 40,000,000 төгрөгийг төлснөөр барааг хүлээн авна” гэж тохиролцсон хэдий ч нэхэмжлэгч гэрээнд заасан тоног төхөөрөмжийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.

 

9. Иймд нэхэмжлэгч гэрээнд заасан тоног төхөөрөмжийг нийлүүлэх үүргээ биелүүлсэн, харин хариуцагч гэрээний 2.7-д зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 30,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөг төлөхөөс 20,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч 50,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

10. Гэрээний 2.2-т “Барааг хүлээлгэн өгөх газар Улаанбаатар хот, Өлзийт хороолол, “Гавжийн Шанд” малын ээмэгний үйлдвэр”, 3.1-д “Худалдагч нь гэрээнд заасан барааг бүрэн бүтэн хүлээлгэн өгөх, угсралт, туршилт тохируулга хийхэд өөрийн мэргэжилтэн ажиллуулах үүрэгтэй”, 3.2-т “Худалдагч нь тоног төхөөрөмжийг ашиглах талаар худалдан авагчийн ажилтнуудад нэг удаа сургалт хийнэ” гэж тус тус заажээ.

 

11. Нэхэмжлэгч “Г” ХХК нь дээрх тоног төхөөрөмжийн угсралт, туршилт тохируулга хийхэд өөрийн мэргэжилтэн ажиллуулах, тоног төхөөрөмжийг ашиглах талаар худалдан авагчийн ажилтнуудад нэг удаа сургалт хийх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд энэхүү үүргээ биелүүлэхийг шаардсан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, маргаагүй.

 

12. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 209 дүгээр зүйлийн 209.1-д “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж тус тус заасан.

 

13. Нэхэмжлэгч гэрээнд заасан тоног төхөөрөмжийг бүрэн бүтэн хүлээлгэн өгөх, угсралт, туршилт, тохируулга хийхэд өөрийн мэргэжилтэн ажиллуулах, тоног төхөөрөмжийг ашиглах талаар худалдан авагчийн ажилтнуудад нэг удаа сургалт хийх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хариуцагч тоног төхөөрөмжийг ашиглаж чадаагүй гэх татгалзал үндэслэлтэй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч энэхүү үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзах эрхтэй байна.

 

14. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж зааснаар нэхэмжлэгч гэрээний 3.1, 3.2-т заасан үүргээ биелүүлсэн болохоо баримтаар нотолж чадаагүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

15. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2-т “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараахь үүрэг, үр дагавар үүснэ:” гээд 224.2.3-д “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” гэж зааснаар нэхэмжлэгч хариуцагчаас алданги шаардах эрхгүй байна.

 

16. Иймд нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлээс 50,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, алданги 25,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Тоног төхөөрөмжийн угсралт, туршилт, тохируулагч хийхэд өөрийн мэргэжилтэн ажиллуулах, тоног төхөөрөмжийг ашиглах талаар худалдан авагчийн ажилтнуудад нэг удаа сургалт хийхийг “Г” ХХК-д даалгуулах сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 224 дүгээр зүйлийн 224.2.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч “А д” ХХК-иас 50,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 25,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “А д” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 21/03 дугаартай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийн угсралт, туршилт, тохируулга хийхэд өөрийн мэргэжилтэн ажиллуулах, тоног төхөөрөмжийг ашиглах талаар худалдан авагчийн ажилтнуудад нэг удаа сургалт хийхийг нэхэмжлэгч “Г” ХХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Д.БАТХУЯГ