Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01270

 

2023 06 26 210/МА2023/01270

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/01149 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А ХХК-д холбогдох,

худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

тоног төхөөрөмжийн угсралт, туршилт, тохируулга хийхэд өөрийн мэргэжилтнийг ажиллуулах, тоног төхөөрөмжийг ашиглах талаар нэг удаа сургалт хийхийг нэхэмжлэгч Г ХХК-д даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.     Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Г " ХХК 2021 оны 11 сарын 01-ний өдөр *** дугаартай тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээг "А " ХХК-тай байгуулсан. Гэрээний дагуу тоног төхөөрөмжөө худалдан авагч хүлээн авсан боловч тус гэрээний 2.7-д заасан төлбөр шилжүүлэх хуваарийн дагуу төлбөрийг хийгээгүйгээс гадна 2021 оны 11 сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 02 сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээний 2.8-д ...0,5 хувийн алданги тооцно... гэж заасан. 2022 оны 02 сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийн байдлаар нийт 242 хоногийн хугацаа хэтрэлттэй, /50,000,000 * 0.5% * 242/ = 60,500,000 төгрөг гарч байгаа ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн алдангийн хэмжээг 25,000,000 төгрөгөөр хязгаарлаж, нийт 75,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2.     Хариуцагч хариу тайлбартаа: 2021 оны 11 сарын 01-ний өдрийн *** дугаартай тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээний дагуу нийт 20,000,000 төгрөгийг Г ХХК-д төлсөн. Нэхэмжлэгчээс авсан тоног төхөөрөмж бүрэн бус байснаас болж ажиллуулж чадалгүй өдийг хүрсэн бөгөөд энэ тухай Г ХХК-д удаа дараа хүсэлт гаргаж, тоног төхөөрөмжийн бүрэн байдлыг хангаж угсарч өгөхийг хүссэн. Бид үйлдвэрлэл явуулж төлбөрөө төлж барагдуулж чадахгүй өдийг хүрээд байна. Хариуцагч А ХХК-ийн хувьд гэрээнд заасан үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Харин үлдэгдэл 25,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгээс 25,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.     Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: 2021 оны 11 сарын 01-ний өдөр "Г " ХХК-аас Tincoo брэндийн *** маркийн 5 литр хүртэлх багтаамжтай пластик сав үйлдвэрлэх бүрэн автомат машиныг худалдан авахаар тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл "Г " ХХК-ийн зүгээс гэрээний 3.1-д заасны дагуу угсралт, тохируулга хийж, мэргэжилтэн ажиллуулаагүй, тоног төхөөрөмжийг ажиллуулах сургалт ороогүйн улмаас тус тоног төхөөрөмжийг ажиллуулж, ашиглаж чадаагүй. Тус тоног төхөөрөмжийг ажиллуулж чадаагүйгээс санхүүгийн хүндрэлд орж үлдэгдэл төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулахгүй байх эрсдэл үүссэн. "А " ХХК-ийн зүгээс тус тоног төхөөрөмжийн тээврийн зардалд 8,000,000 төгрөг, тус тоног төхөөрөмжийг байрлуулах агуулахын байр барихад 30,000,000 төгрөг зарцуулсан байдаг. Иймд гэрээг үргэлжлүүлж, гэрээнд заасан төлбөрөө төлөхийн тулд тус гэрээнд заасан угсралт, туршилт тохируулагч хийхэд өөрийн мэргэжилтэн ажиллуулах, тоног төхөөрөмжийг ашиглах талаар худалдан авагчийн ажилтнуудад нэг удаа сургалт хийхийг "Г " ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

4.     Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Ашиглалт, угсралт, тохируулга дээр мэргэжилтэн ажиллуулах үүргийн хүрээнд бидэнд хэзээ шаардлага тавина тухайн үед туслаад өгч болно. Албан ёсоор мэдэгдэл ирээгүй гэжээ.

 

5.     Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 224 дүгээр зүйлийн 224.2.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч А ХХК-аас 50,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 25,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, 2021 оны 11 сарын 01-ний өдрийн *** дугаартай тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийн угсралт, туршилт, тохируулга, хийхэд өөрийн мэргэжилтэн ажиллуулах, тоног төхөөрөмжийг ашиглах талаар худалдан авагчийн ажилтнуудад нэг удаа сургалт хийхийг нэхэмжлэгч Г ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

6.     Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.а.Манай компаниас томилсон төлөөлөгч Н.М нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа манай компанид учирсан хохирлыг нэхэмжлээгүй, ажиллуулах боломжгүй техникийг буцаан төлсөн төлбөрөө буцаан шаардаагүй. Гэрээ байгуулсан цагаас 2 жилийн хугацаанд нэхэмжлэгч тал бүрэн бүтэн тоног төхөөрөмж хүлээлгэж өгөөгүйн улмаас тус тоног төхөөрөмжийг ажиллуулах боломжгүй байсан.

6.б.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал манай талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн атлаа өнөөдрийг хүртэл тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, сургалт ороогүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.     Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2.     Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх 1-2/

Хариуцагч А ХХК дээрх шаардлагаас 50,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 25,000,000 төгрөгийг эс зөвшөөрч, тоног төхөөрөмжийн угсралт, туршилт, тохируулга хийхэд өөрийн мэргэжилтнийг ажиллуулах, тоног төхөөрөмжийг ашиглах талаар нэг удаа сургалт хийхийг нэхэмжлэгч Г ХХК-д даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх 19-20, 48-49/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байна. /хх 71/

 

3.     Талууд 2021 оны 11 сарын 01-ний өдөр *** тоот Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Г ХХК нь БНХАУ-д үйлдвэрлэсэн TINCOO брэндийн *** маркийн 5 литр хүртэлх багтаамжтай пластик сав үйлдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэх, А ХХК түүний үнэ 70,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 11-12/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

 

4.     Худалдагч Г ХХК тоног төхөөрөмжийг 2021 оны 11 сарын 03-ны өдөр А ХХК-ийн өмчлөлд хүлээлгэн өгсөн, худалдан авагч А ХХК тоног төхөөрөмжийн үнэд 2021 оны 11 сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 02 сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг төлж, үлдэх 50,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх 70-73/

 

5.   Иймд хариуцагч А ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

6.   Анхан шатны шүүх хариуцагч А ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж, алданги 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

7.   Хариуцагчийн гаргасан ...компаниас томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл гаргахдаа компанид учирсан хохирол, төлбөр зэргийг шаардаагүй, нэхэмжлэгч тал бүрэн бүтэн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөөгүй... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Тодруулбал:

7.а.Хариуцагч А ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Э оос 2022 оны 11 сарын 30-ны өдөр Н.М д итгэмжлэл олгож, уг итгэмжлэлээр ...хариу тайлбар гаргах, сөрөг нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд оролцох, хүсэлт гаргах, нотлох баримт бүрдүүлэн гаргаж өгөх, нэхэмжлэгчтэй эвлэрэх... зэрэг бүрэн эрхийг олгосон байна. /хх 47/

Үүний дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М 2022 оны 12 сарын 15-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж, шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байна. /хх 48-49/

7.б.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д хэргийн оролцогч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй гэж, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт нь зохигч, ... тэдгээрийн төлөөлөгч ...-ийн тайлбар ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж тус тус зохицуулжээ.

Иймд анхан шатны шүүх зохигчдын гаргасан тайлбарыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

8.     Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.     Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/01149 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР