Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2023/01306

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд  хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар.

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч, Ж.А-ын нэхэмжлэлтэй.

 

Хариуцагч: хаягт байрлах, Э ХК -д холбогдох

 

          Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан Э ХК-ийн Барилга, дэд бүтцийн газрын даргын ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Янжиндулам,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан,

Хариуцагчийн төлөөлөгч Х.Эрдэнэцогт, О.Бадамжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.А- хариуцагч Э ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан Э ХК-ийн Барилга, дэд бүтцийн газрын даргын ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

           1.Нэхэмжлэгч Ж.А- шүүхэд болон төлөөлөгч З.Янжиндулам шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Э ХК-д 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Худалдан авах газрын мэргэжилтэн, албаны дарга, Барилга, дэд бүтцийн газрын даргаар ажилласан. Э ХК-ийн Барилга, дэд бүтцийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, Э ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан. Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Ж.А-ыг ажлаас чөлөөлөх тухай Б/1350 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Э ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 385 дугаар Тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг үндэслэн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн хууль бус үндэслэлээр ажлаас халсан. Энэхүү тушаалд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат гарын үсэг зурж, компанийн тэмдэг дарж баталгаажуулж ажлаас халсан тушаалын үндэслэл болсон БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь БНМАУ-ын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, БНМАУ-ын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээгээр дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино гэж, үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох" гэж тус тус заажээ. Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын нэрийн өмнөөс хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан, албан тушаалтныг ажлаас халах, чөлөөлөх эрх хэмжээ уг хуулиар олгогдоогүй байна. Иймд дээр дурдсан Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Ж.А-ыг ажлаас чөлөөлөх тухай Б/1350 дугаартай тушаалыг хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр гэж үзэж байна. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажилтан Ж.А- намайг ажлаас халахдаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг огт баримтлаагүй байна. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын нэрийн өмнөөс 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б/1350 дугаар тушаал гаргаж, ажилтан Ж.А- намайг ажлаас халахдаа "эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан" гэснээс өөр үндэслэл дурдаагүй байна. Ажилтанг ажлаас халах болсон үндэслэлээ дээр дурдсан тушаалдаа огт тодорхой бичээгүй. Иймд урьд эрхэлж байсан Э ХК-ийн Барилга, дэд бүтцийн газрын даргын ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогч Э ХК-д даалгуулна гэв.  

 

          2.Хариуцагч Э ХК шүүхэд болон төлөөлөгч Х.Эрдэнэцогт, О.Бадамжаргал нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан 385 дугаар тогтоолоор Э ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон. Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хуулиар тусгайлан эрх олгосон онцгой харилцаа бөгөөд онцгой дэглэм тогтоосон үед хийж хэрэгжүүлэх, авах арга хэмжээг шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байж болохоор зохицуулсан. Энэ хүрээнд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн хувьд компанийн ажил, нөхцөл байдалтай танилцан, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс хариуцлага сайжруулж ажиллах тухай 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/683 дугаар тушаалыг баталсан. Мөн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, зөрчил дутагдал гаргасан ажилтан, түүнд хяналт тавих чиг үүрэг бүхий удирдах албан тушаалтнуудыг Засгийн газраас тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлагатай гэж үзсэн. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс Ж.А-ыг Барилга, дэд бүтцийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа онцгой дэглэм тогтоосон энэ үед аливаа компани, байгууллагын үйл ажиллагааг зохицуулж буй нийтлэг баримталдаг хууль тогтоомжуудыг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох" болон Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Э" ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай 385 тоот тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх” гэснийг үндэслэн ажлаас чөлөөлсөн тул ажлаас үндэслэлгүй халсан буюу хууль бус шийдвэр гэж үзэхгүй. Түүнчлэн компанийн хэмжээнд хэрэгжиж буй барилга, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүд Уурхайн захиргааны болон ажилчдын хотхоны барилга угсралтын төслийн ажлын явц удааширсан бөгөөд уг барилгын ажлыг цаг хугацаанд ашиглалтад оруулах, захиалагчийн хяналтыг эрчимжүүлж 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор зохион байгуулахыг удаа дараагийн Удирдах ажилтны шуурхай хурлаас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 01-ны өдөр үүрэг даалгавар өгч, Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 28 өдрийн А/390 тоот тушаалаар Барилга, дэд бүтцийн газарт хугацаат үүрэг даалгавар өгч байсан. Түүнчлэн Үндэсний аудитын газраас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн н/45 тоот албан бичгээр ирүүлсэн гүйцэтгэлийн аудитын тайланд компанийн хэмжээнд хэрэгжиж буй барилга, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүд Уурхайн захиргааны болон ажилчдын хотхоны барилга угсралтын төслийн ажлын явц удааширч захиалагчийн талаас тавих хяналтыг хангалтгүй хэрэгжүүлсэн талаар дурдсан байдаг. Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Э ХК-ийн Уурхай ажилчдын хотхон барихаар Лаки Лайф ХХК-тай ЭТТ-2020/188 дугаартай Уурхайн ажилчдын хотхоны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан. Тус гэрээгээр анх 8,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хотхоны барилгын ажлыг, батлагдсан зураг төсвийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. Үүнээс хойш уг үндсэн гэрээнд долоон удаа нэмэлт өөрчлөлт орж, төсөвт өртөг нь даруй 3 тэрбум төгрөгөөр өсч 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ЭТТ-2020/188-07 дугаартай нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр 11,5 тэрбум төгрөг болж өссөн бөгөөд өнөөдрийг хүртэл барилгын ажил дуусаагүй 96 хувийн гүйцэтгэлтэй байна. Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын 2022 оны 385 тоот тогтоолд заасан үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд хуулийн хүрээнд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг шуурхай авч ажиллах үүрэгтэй бөгөөд компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй үйл ажиллагааг таслан зогсоох, албан тушаалтанд хариуцлага тооцох эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлсэн. Иймд Ж.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хөдөлмөрийн гэрээнүүд, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/1350 дугаар тушаал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Э ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, тогтоол зэргийг,

Хариуцагчаас хариу тайлбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоол, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/1350 дугаар тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, Уурхайн ажилчдын хотхоны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2020 оны 03 сарын 17-ны өдрийн гэрээ, ЭТТ-2020/188 дугаартай Уурхайн ажилчдын хотхоны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлтүүд,  Компанийн удирдах ажилтны шуурхай хурлаас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн үүрэг даалгаврууд,  Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Ажил эрчимжүүлэх тухай А/390 дугаар тушаал, Ажилчдын хотхоны барилга угсралтын ажлын үйл явц /хавтаст хэргийн 70-71 тал/-ын зураг, мэдээлэл, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/737 дугаар “Төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” тушаал, хавсралт, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/677 дугаар тушаал, хавсралт, Үндэсний аудитын газрын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11/45 албан бичиг, Үндэсний аудитын газрын акт, Албан шаардлага, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/378 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал зэрэг баримтыг шүүхэд өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Э ХК-ийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар Э ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/683 дугаар тушаал зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч Ж.А- хариуцагч Э ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан Э ХК-ийн Барилга, дэд бүтцийн газрын даргын ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1 дэх хэсэгт энэ хуулиар дараах хөдөлмөрийн харилцааг зохицуулна гэж заасан тул Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/1350 дугаар тушаал үндэслэлгүй. Тус компанийн дүрмийн 9.1 дэх заалтад компанийн гүйцэтгэх удирдлагыг гүйцэтгэх захирал хэрэгжүүлэхээр зохицуулсан гэж тайлбарлав.

5.Хариуцагч Э ХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ажилтан Ж.А- нь эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан нь Үндэсний аудитын газрын акт, Албан шаардлагаар тогтоогдож байгаа бөгөөд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/1350 дугаар тушаал үндэслэлтэй. Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын 2022 оны 385 тоот тогтоолд заасан үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд хуулийн хүрээнд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг шуурхай авч ажиллах үүрэгтэй гэж маргажээ.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/1350 дугаар тушаал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Э ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоол, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, Уурхайн ажилчдын хотхоны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2020 оны 03 сарын 17-ны өдрийн гэрээ, ЭТТ-2020/188 дугаартай Уурхайн ажилчдын хотхоны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлт /хавтаст хэргийн 46-58 тал/-үүд,  Компанийн удирдах ажилтны шуурхай хурлаас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн үүрэг даалгаврууд,  Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Ажил эрчимжүүлэх тухай А/390 дугаар тушаал, Ажилчдын хотхоны барилга угсралтын ажлын үйл явцын зураг, мэдээлэл, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/737 дугаар “Төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” тушаал, хавсралт, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/677 дугаар тушаал, хавсралт, Үндэсний аудитын газрын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11/45 албан бичиг, Үндэсний аудитын газрын акт, Албан шаардлага, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/378 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Х/256, Х/258 тоот албан бичиг, Э ХК-ийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар Э ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/683 дугаар тушаал, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Ажил олгогч нь ажилтан Ж.А-ыг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлын Б/395 тоот тушаалаар Барилга, дэд бүтцийн газрын даргын албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байжээ.

8.Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1350 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Э ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг  үндэслэн  эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан ажилтан Ж.А-ыг Э ХК-ийн Барилга, дэд бүтцийн газрын даргын ажил, албан тушаалын  үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 39 тал/

 

9.Ажил олгогчоос ажилтан Ж.А-т Удирдах ажилтны Компанийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шуурхай хурлаас ”Барилга бүтээн байгуулалтын ажлын талаар Салбарын хотхоны барилгыг 9 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд хүлээн авах ба гадна тохижилтыг өөрсдөө хийх талаар гэрээг өөрчлөх, Салбарын захиргааны барилгын гүйцэтгэлд магадлал хийх ажлыг эхлүүлэх” үүрэг даалгавар,

Удирдах ажилтны Компанийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шуурхай хурлаас “Ордын лицензийн талбайд хийгдэж буй газар олголтын талаар арга хэмжээ авч ажиллах, координат, байршлын талаар мэдээлэл өгөх, бодлого боловсруулах, Уурхайн шинэ оффис, кемпийн гадна тохижилт, цэцэрлэгжүүлэлт, хөрс дэвсэх зэрэг ажлыг яаралтай эхлүүлэх эрчимжүүлэх ажлыг 9 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд дууссан байх, Загийн усны хоолой, явц гүйцэтгэл мэдээлэл 6 дугаар сарын 03-ны дотор хийх” үүрэг даалгавар,

 Удирдах ажилтны Компанийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шуурхай хурлаас “Дотоодын цэргийн 810 дугаар ангийн барилгын ажлын шав тавих ажлыг зохион байгуулах, Загийн усны хоолой төслийн барилгын  ажилд хяналт тавих, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр томилолтоор ажиллах, Салбарт байгуулагдаж байгаа 5 төсөл арга хэмжээг 8 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар бэлэн болгох ажлын хүрээнд хяналт тавьж салбарт томилолтоор ажиллах” үүрэг даалгаврыг тус тус өгсөн байна.

 

10.Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Ажил эрчимжүүлэх тухай А/390 дугаар тушаалаар “2021 оны 01 дүгээр сарын 24ий өдөр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан. Уурхайн захиргааны  барилгын барилга угсралтын ажил, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан Уурхайн ажилчдын хотхоны барилгын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, 2022 оны 08 дугаар сарын 31ий өдөр гэхэд ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах хугацаат үүрэг даалгаврыг Барилга, дэд бүтцийн газрын дарга Ж.А-, Төлөвлөлт, зураг төслийн хэлтсийн дарга Б.Мөнхзул, Мэргэжилтэн Г.Энхмөнх, цахилгааны инженер Г.Мөнгөндуулга, Барилга, дэд бүтцийн хэлтсийн дарга Ц.Төгсжаргал, ахлах архитектор Г.Сэрчиндоо, мэргэжилтэн Г.Дэжидмаа нарт даалгаж шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 69 тал/

 

11.Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/378 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар “Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандан удирдлагаас өгсөн үүрэг даалгавруудыг удаа дараа цаг хугацаанд нь биелүүлээгүй тул Барилга, дэд бүтцийн газрын дарга Ж.А-т ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсугай” гэх тушаал болон дээрх бичгийн нотлох баримтаар ажилтан Ж.А- эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

 

12.Нэхэмжлэгч талаас “Ж.А- нь сахилгын шийтгэл ногдуулах тухай 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/378 дугаар тушаалыг удирдлагын хорооноос өгсөн үүрэг даалгавруудыг  удаа дараа цаг хугацаанд нь биелүүлээгүй  гэж арга хэмжээ авагдсан гэж хэлсэн, нэг зөрчилд сахилгын шийтгэл давхардуулан ногдуулж, ажлаас халсан” гэж тайлбарлан мэтгэлцэв.

 

13.1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дэх заалтад “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай” гэж заажээ.

 

14.Дээрх зохицуулалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолыг эрх бүхий этгээд буюу Монгол Улсын Засгийн газар гаргасан байна. 

 

15.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1, 2 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн 1.Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан Э ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосугай; 2.Э ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилон ажиллуулсугай; 3.Онцгой дэглэмийн хугацаанд Э ХК-ийн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг бүрэн хангаж, дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дараахь албан тушаалтанд даалгасугай; 3.1.компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад; 3.2.Компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай асгийн тоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллахыг онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад даалгасан байна. /хавтаст хэргийн 38 тал/

 

16.Ийнхүү Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат онцгой дэглэмийн хугацаанд компанийн статусыг өөрчлөн зохион байгуулах хүртэл компанийн дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг тогтоож, бүх шатны удирдах ажилтныг томилох, чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ нийтлэг баримталдаг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн заалтыг баримтлан нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 

17.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын бичилтээр сарын дунджаар сард 12,750,612 төгрөг:21,5=өдөрт 593,051,720 төгрөг х 113 өдөр/ нийт 67,014,844 төгрөг шаардах эрхтэй байсан бөгөөд 235,654 төгрөгийг илүү тооцсон байна.

 

18.Ажилтан Ж.А-ыг Э ХК-ийн Барилга, дэд бүтцийн газрын даргын ажил, албан тушаалын үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1350 дугаар тушаал үндэслэлтэй байх тул хариуцагч Э ХК-д холбогдох урьд эрхэлж байсан Э ХК-ийн Барилга, дэд бүтцийн газрын даргын ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 67,250,498 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Ж.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

19.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.БНМАУ-ын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 1заасныг баримтлан хариуцагч Э ХК-д холбогдох урьд эрхэлж байсан Э ХК-ийн Барилга, дэд бүтцийн газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 67,250,498 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Ж.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НАРАНГЭРЭЛ