Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01297

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 30 210/МА2023/01297

 

 

*.* ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/01306 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.*

Хариуцагч: *** ХК

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан *** ХК-ийн Барилга, дэд бүтцийн газрын даргын ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар хамтран гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Янжиндулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэцогт, О.Бадамжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие *** ХК-ийн Барилга, дэд бүтцийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй.

*** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1350 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг үндэслэн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр намайг ажлаас халсан.

Энэхүү тушаалд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч *.*** гарын үсэг зурж, компанийн тэмдэг дарж баталгаажуулж ажлаас халсан. Тушаалдаа БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дахь хэсгийг үндэслэл болгосон.

Дээрх зүйлд Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь БНМАУ-ын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, БНМАУ-ын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээгээр дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино гэж, үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох гэж тус тус заасан бөгөөд уг зохицуулалтаас үзэхэд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид *** ХК-ийн Гүйцэтгэх захирлын нэрийн өмнөөс хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан, албан тушаалтныг ажлаас халах, чөлөөлөх эрх хэмжээ уг хуулиар олгогдоогүй байна.

Иймд дээр дурдсан Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч *.***ын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн *.* ыг ажлаас чөлөөлөх тухай Б/1350 дугаартай тушаалыг хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр гэж үзэж байна.

1.2 Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч *.*** 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр *.* ыг ажлаас халахдаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг огт баримтлаагүй.

Иймд *.* ыг урьд эрхэлж байсан *** ХК-ийн Барилга, дэд бүтцийн газрын даргын ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогч *** ХК-д даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Монгол улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан 385 дугаар тогтоолоор *** ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон.

Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хуулиар тусгайлан эрх олгосон онцгой харилцаа бөгөөд онцгой дэглэм тогтоосон үед хийж хэрэгжүүлэх, авах арга хэмжээг шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байж болохоор зохицуулсан. Энэ хүрээнд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн хувьд компанийн ажил, нөхцөл байдалтай танилцан, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс хариуцлага сайжруулж ажиллах тухай 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/683 дугаар тушаалыг баталсан.

Мөн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, зөрчил дутагдал гаргасан ажилтан, түүнд хяналт тавих чиг үүрэг бүхий удирдах албан тушаалтнуудыг Засгийн газраас тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлагатай гэж үзсэн. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс *.* ыг Барилга, дэд бүтцийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа онцгой дэглэм тогтоосон энэ үед аливаа компани, байгууллагын үйл ажиллагааг зохицуулж буй нийтлэг баримталдаг хууль тогтоомжуудыг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх заалт болон Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай 385 тоот тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн тул ажлаас үндэслэлгүй халсан буюу хууль бус шийдвэр гэж үзэхгүй. Түүнчлэн компанийн хэмжээнд хэрэгжиж буй барилга, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүд Уурхайн захиргааны болон ажилчдын хотхоны барилга угсралтын төслийн ажлын явц удааширсан бөгөөд уг барилгын ажлыг цаг хугацаанд ашиглалтад оруулах, захиалагчийн хяналтыг эрчимжүүлж 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор зохион байгуулахыг удаа дараагийн Удирдах ажилтны шуурхай хурлаас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 01-ны өдөр үүрэг даалгавар өгч, Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 28 өдрийн А/390 тоот тушаалаар Барилга, дэд бүтцийн газарт хугацаат үүрэг даалгавар өгч байсан. Түүнчлэн Үндэсний аудитын газраас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн н/45 тоот албан бичгээр ирүүлсэн гүйцэтгэлийн аудитын тайланд компанийн хэмжээнд хэрэгжиж буй барилга, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүд Уурхайн захиргааны болон ажилчдын хотхоны барилга угсралтын төслийн ажлын явц удааширч захиалагчийн талаас тавих хяналтыг хангалтгүй хэрэгжүүлсэн талаар дурдсан байдаг.

Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын 2022 оны 385 тоот тогтоолд заасан үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд хуулийн хүрээнд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг шуурхай авч ажиллах үүрэгтэй бөгөөд компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй үйл ажиллагааг таслан зогсоох, албан тушаалтанд хариуцлага тооцох эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 БНМАУ-ын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 1-т заасныг баримтлан хариуцагч *** ХК-д холбогдох урьд эрхэлж байсан *** ХК-ийн Барилга, дэд бүтцийн газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 67,250,498 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч *.* ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг зөв тодорхойлж чадаагүй, энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Ажилтан *.* ыг ажлаас халсан тушаалд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 хэсгийг үндэслэл болгосон боловч уг хууль нь Монгол Улсын Засгийн газарт хамаарахгүй. Учир нь, Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хууль болох БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 3-т БНМАУ-ын Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас шинэ Засгийн газар байгуулах хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан. Тухайлбал, 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар эрх олгосон БНМАУ-ын Засгийн газрын бүрэн эрх нь Улсын Их Хурлаас 1993 онд шинэ Засгийн газар байгуулснаар дуусгавар болсон. Иймд бүрэн эрх нь дуусгавар болсон БНМАУ-ын Засгийн газарт бүрэн эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хууль нь 1992 оны Үндсэн хуулийн дагуу шинээр байгуулагдсан Засгийн газар болон түүнээс эрх олгосон этгээдэд хамаарахгүй. Улмаар ажилтан *.* ыг ажлаас халах тушаал болон шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл болохгүй.

4.2 Ажлаас халсан тушаалын үндэслэл болгосон БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйл нь БНМАУ-ын Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь зөвхөн үйлдвэрийн газар байгууллагын зохион байгуулалтын бүтэц үүргийг тогтоож, бүх шатных нь удирдах ажилтныг томилох асуудал-ын хүрээнд байхаар хуульчилсан. Иймд БНМАУ-ын Засгийн газраас онцгой журам тогтоосон үйлдвэрийн газар, байгууллагын ажилтныг ажлаас халах, чөлөөлөхдөө БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхээр байна.

Гэтэл анхан шатны шуух бух шатных нь удирдах ажилтныг томилох эрх олгосон хуулийн зохицуулалтыг ажилтныг ажлаас халах, эрх хэмжээ олгосон мэтээр буруу тайлбарлаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон..

4.3 Ажилтан *.* , ажил олгогч *** ХК-ийн хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, дуусгавар болгох /ажлаас халах, чөлөөлөх/ харилцааг Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль болон хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулах юм.

Иймд ажилтан *.* ыг ажлаас халах, чөлөөлөх асуудлыг нийтлэг баримталдаг хууль тогтоомж болох хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээг тогтоосон актуудыг хэрэглэж, шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх *.* ын хариуцагч *** ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн заалтыг баримтлан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэсэн хууль бус үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

4.4 Анхан шатны шүүхийн дээр дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг хэрэглэхгүй гэсэн хууль бус үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр үйлчилж буй хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр болсон. Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журмын дээр дурдсан холбогдох зохицуулалтаас үзэхэд ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээг тогтоосон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн цуцалж, дуусгавар болгохоор маш тодорхой зохицуулсан. Гэвч ажил олгогч *** ХК, түүнийг төлөөлж тушаал, шийдвэр гаргасан Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч *.*** нь ажилтан *.* ыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжуудыг буруу хэрэглэсэн үйлдлийг анхан шатны шүүх хуулийн дагуу таслан зогсоож чадаагүй, хэтэрхий нэг талыг барьж, хууль зүйн хувьд үндэслэлгүй шийдвэр гаргасанд гайхан эргэлзэж байна.

4.5 Анхан шатны шүүхийн шийдвэр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар хугацаанаас өмнө цуцалж, дуусгавар болгох тухай Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 78, 79, 80 дугаар зүйлүүдийг маш бүдүүлгээр ноцтой зөрчжээ. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч *.*** 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажилтан *.* ыг ажлаас халахдаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох тухай Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг огт баримтлаагүй.

Энэ тохиолдолд ажилтан *.* ыг ажлаас халсан тушаалд дурдсанчлан эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж буруутгах эрх хэмжээ анхан шатны шүүхэд хуулиар олгогдоогүй юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн хууль бус үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг ойлгохгүй байна. Мөн түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэр Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 тоот тогтоолын 15 дугаар зүйлд тайлбарласныг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.

4.6 Анхан шатны шүүх Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч *.***ад холбогдох хууль тогтоомжоор ажилтныг ажлаас халах эрх хэмжээ олгогдсон эсэхийг харгалзан үзээгүй байна. Компанийн тухай хуулийн 83.1, 83.3, 83.8, *** ХК-ийн Компанийн дүрэм-ийн 6.1.3, 9.1, 9.2, 9.5.3, 9.5.6, 9.6, 6.4. Хөдөлмөрийн дотоод журам-ын 2.3, 2.5, 2.16, 6.24-д тус тус заасан зохицуулалтаас үзэхэд ажилтныг ажлаас халах, чөлөөлөх шийдвэр, тушаалыг компанийн Гүйцэтгэх захирал гаргах юм. Харин ажилтан *.* ыг ажлаас халах үед *** ХК-ийн Гүйцэтгэх захирлаар **.** гэж хүн ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан *** ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хийгдсэн тэмдэглэгээнээс тодорхой харагдаж байна. *** ХК-ийн Гүйцэтгэх захирал **.** нь өөрийн эрх, үүргээ Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч *.***ад шилжүүлсэн тухай ямар нэгэн тушаал, шийдвэр, итгэмжлэл авагдаагүй байна. Иймд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч *.***ад Компанийн тухай хууль болон дүрэм, журамд зааснаар *** ХК-ийг төлөөлж, ажилтан *.* ыг ажлаас халах, чөлөөлөх тушаал шийдвэр гаргах эрх хэмжээ олгогдоогүй байхад анхан шатны шүүх ажлаас халах тушаал, шийдвэр гаргах эрхгүй этгээдийн хууль бус тушаалыг зөвтгөсөн шийдвэр гаргасныг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.7 Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч *.*** *** ХК-ийн Гүйцэтгэх захирлын нэрийн өмнөөс 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б/1350 дугаартай тушаал гаргаж, ажилтан *.* ыг ажлаас халахдаа эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсангэснээс өөр үндэслэл дурдаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч *.* ыг өөрийн санаачилгаар Удирдах ажилтны шуурхай хурал болон Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/390 тоот тушаалаар өгсөн үүрэг даалгавруудыг удаа дараа цаг хугацаанд нь биелүүлээгүй гэж буруутгасан. *.* нь Барилга, дэд бүтцийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа дээр дурдсан Удирдах ажилтын шуурхай хурал болон Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/390 тоот тушаалаар өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь бүрэн биелүүлж ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах төрлийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож, тогтоогдсон юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Удирдах ажилтны шуурхай хурал болон Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/390 тоот тушаал зэрэг нь нэхэмжлэгч *.* ын хариуцагч *** ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд огт хамааралгүй юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч *.* ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хальж, түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохын тулд ажлаас халсан тушаал шийдвэрт огт бичигдээгүй, дурдагдаагүй үндэслэлийг шийдвэрийнхээ үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4.8 Анхан шатны шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 123.7 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч *.*** *** ХК-ийн Гүйцэтгэх захирлын нэрийн өмнөөс 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б/1350 дугаартай Тушаал гаргаж, ажилтан *.* ыг ажлаас халахдаа эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэснээс өөр үндэслэл дурдаагүй байна. Гэтэл ажил олгогч *** ХК-ийн Гүйцэтгэх захирал **.**ийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн *.* т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/378 дугаартай тушаалаар ажлаас халсан ажилдаа хариуцлагагүй хандан удирдлагаас өгсөн үүрэг даалгавруудыг удаа дараа биелүүлээгүй гэсэн үндэслэлээр *.* т ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулж байсан. Өөрөөр хэлбэл, ажилтан *.* т өмнө сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээр түүнийг дахин ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 123 дугаар зүйлийн 123.7 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.

4.9 Үндэсний аудитын газрын акт, албан шаардлагыг үндэслэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бадамжаргал, Х.Эрдэнэцогт нарын 2023.4.18-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн Үндэсний аудитын газар-ын акт, албан шаардлага нь энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй юм. Энэ тухай ажлаас халсан тушаал, шийдвэрт огт дурдаагүй. Ийнхүү Үндэсний аудитын газар-ын акт, албан шаардлагыг ажилтан *.* ыг ажлаас халсан 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалын үндэслэл болгох боломжгүй юм. Уг акт, албан шаардлага ажилтныг ажлаас халсны дараа буюу 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гарсан. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд хамааралгүй байсан үүргийг буюу өмнөх үүрэг гүйцэтгэгчийн бурууг *.* т хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч *.* ыг анх тус албан тушаалд томилогдон ажиллахад Уурхайн ажилчдын барилгын ажил гүйцэтгэх гэрээтэй адил бүрэн гүйцэтгэгдээгүй томоохон таван төсөл зогсонги байдалтай байсан.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 1991 онд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай батлагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байна. Тус хуулиар онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр *.***ыг томилсон. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газар *** ХК-ийг шууд хяналтад авсан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн харилцаа үүссэн боловч онцгой дэглэм үйлчлэх нөхцөл байдалд бүтэц орон тоо болон удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх эрхтэй. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.7, 30.8 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын тогтоол гармагц хүчин төгөлдөр болно. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор тухайн өдрөөс дагаж мөрдөхөөр тусгайлан заасан. Тус 385 дугаар тогтоол хүчин төгөлдөр учраас онцгой бүрэн эрхт төлөөлөгч хууль болон тогтоолыг үндэслэн тушаал, шийдвэрийг гаргасан. Шүүх нийтлэг баримталдаг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийг баримтлан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж зөв дүгнэсэн. *.* ыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзээгүй, харин 2021 онд орон сууцны төсөл хөтөлбөр бүрэн хүлээлгэн өгөх ёстой байсан боловч 2022 онд хүлээлгэж өгөөгүй байсан буюу ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Үндэсний аудитын газрын дээрх албан шаардлагад барилгын ажлыг ашиглалтад оруулаагүй гэсэн шаардлага байгаагүй, захиалагчийн хяналтыг хангалттай тавьж хэрэгжүүлээгүйн улмаас компани болон улсад хохирол учруулсан гэсэн дүгнэлт гаргасан. Иймд онцгой бүрэн эрхт төлөөлөгч өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд тушаал, шийдвэрийг гаргасан тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй. Онцгой дэглэм тогтоосон тохиолдолд нийтлэг хуулийг хэрэглэхгүйгээр шаардлагатай асуудлыг шийдвэрлэхээр хуулиар эрх олгогдсон. Онцгой дэглэм тогтоосноор зөвхөн *.* ын эрх ашиг хөндөгдөөгүй, нийтлэг буюу Монгол Улс төлбөрийн чадваргүй болох нөхцөл байдал үүсэхээс сэргийлж онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэм тогтоосон нь зөв зүйтэй байсныг цаг хугацааны хувьд харуулсан. Монгол Улсын хэмжээнд *** ХК, Эрдэнэт үйлдвэр ХК-д тус тус онцгой дэглэм тогтоосон байдаг. Улсын Дээд шүүхийн тайлбарт онцгой дэглэм тогтоосон нөхцөлд аль хуулийг хэрэглэх талаар тодорхой тайлбарласан. *.* ыг хууль зөрчин ажлаас чөлөөлсөн үндэслэл тогтоогдохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч *** ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан *** ХК-ийн Барилга, дэд бүтцийн газрын даргын ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. *** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1350 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, *** ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг баримтлан эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр *.* ыг *** ХК-ийн Барилга, дэд бүтцийн газрын даргын ажил, албан тушаалын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон. /хх 15/

4. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дэх заалтад Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгохоор заасан.

5. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Төлбөрийн тэнцэл алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан *** ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, 3.1 дэх заалтаар компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч *.***ад авч хэрэгжүүлэхийг даалгажээ. /хх 38/

6. *** ХК дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3.1-д ...шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг гэж заасны дагуу *.* ыг *** ХК-ийн Барилга, дэд бүтцийн газрын даргын ажил, албан тушаалаас чөлөөлснийг дээрх хууль болон Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хүрээнд гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, тушаалын үндэслэлд нэхэмжлэгчийг ажилдаа хариуцлагагүй хандсан тухай заасан, үүнтэй холбоотой Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө нийтлэг баримталдаг буюу Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглээгүйг буруутгах боломжгүй, анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/01306 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

М.БАЯСГАЛАН