Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2023/01341

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: байр хаягт байрлах Г ХХК -ийн нэхэмжлэлтэй                                 

                                          

Хариуцагч: хаягт байрлах Р ХХК холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Хулан,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Галбадрах, өмгөөлөгч Г.Билэгдэмбэрэл, хариуцагчийн төлөөлөгч Н.Лхагвадулам нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Р ХХК-д холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.Хулан шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00653 тоот шүүгчийн захирамжийн дагуу Y-2202 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40, 50 мянгат /15171/, Төмөрчний гудамж гудамж 12 байр Үйлчилгээний зориулалттай, 6144 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө шилжин ирсэн. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээг Г ХХК-д олгосон. Дээрх хөрөнгийг Х ХХК нь Р ХХК-д 2011 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс хойш түрээсийн гэрээ байгуулан түрээсэлж байсан. Гны зүгээс тухайн үл хөдлөх хөрөнгийг суллаж өгөхийг удаа дараа биечлэн уулзаж мэдэгдэж, мэдэгдэх хуудас хүргүүлж байсан боловч ямар нэгэн үр дүнд хүрэхгүй байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40, 50 мянгат /15171/, Төмөрчний гудамж гудамж 12 байр тоот 6144 м.кв талбайтай, Y-2202 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Р ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Р ХХК шүүхэд болон өмгөөлөгч Д.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Р ХХК нь Х ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд Х ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Гнаас 22,800,000,000 төгрөгийн зээлийг авахдаа 50 хувийн хувьцаа эзэмшигч Р ХХК-д огт мэдэгдээгүй. Энэ нь Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-т "их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал санал нэгтэйгээр гаргана" гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн. Гны өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн асуудал дээр маргаантай байгаа, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Компанид мэдэгдэхгүй зээл авч, шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг шийдвэрлэсэн болохыг 2018 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хөрөнгийг битүүмжлэх үед мэдсэн. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй" гэж заасны дагуу Р ХХК нь хувьцаа эзэмшигчийн хувьд тус үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшдэг. Гэтэл Г ХХК нь хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000696422 дугаар гэрчилгээ, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000009693 дугаар гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00653 дугаар шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2018/04177 дугаар шүүгчийн захирамж, 182/ГХ2018/00400 дугаар гүйцэтгэх хуудас, 2011 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Түрээсийн гэрээ, мэдэгдэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл зэргийг,

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 728 дугаар тогтоолын хуулбар, хүсэлт, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Р  ХХК-д холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Төмөрчний гудамж 12 байр хаягт байршилтай, Үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004904 дугаартай, 6144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Р ХХК-ийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч Р ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Х ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Гнаас 22,800,000,000 төгрөгийн зээлийг авахдаа 50 хувийн хувьцаа эзэмшигч Р ХХК-д огт мэдэгдээгүй. Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх заалтыг зөрчсөн гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000696422 дугаар гэрчилгээ, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000009693 дугаар гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00653 дугаар шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2018/04177 дугаар шүүгчийн захирамж, 182/ГХ2018/00400 дугаар гүйцэтгэх хуудас, 2011 оны 05 дугаар сарын 14-ний  өдрийн Түрээсийн гэрээ, мэдэгдэл, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00653 дугаар шүүгчийн захирамжаар Г ХХК нь Х ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/8115100955 тоот зээлийн гэрээг байгуулж 22,800,000,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ЗБ/8115100955 тоот ипотекийн гэрээгээр Х ХХК-ийн өмчлөлийн Ү-2202004904 дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Төмөрчний гудамж, 12 тоот хаягт байрлах 6444 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дээрх үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа Х ХХК-ийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн нэгж талбарын 2/0031 дугаар бүхий 5336 м.кв талбайтай газар эзэмших эрхийн хамт барьцаалсан тухай иргэний хэргийг “Нэхэмжлэгч Г ХХК-д 24,828,887,671.23 төгрөг төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрсөн хариуцагч Х ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байх ба шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хавтаст хэргийн 6 тал/

 

8.Нэхэмжлэгч Г ХХК-ийн гаргасан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай хүсэлтийг хангаж, тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2018/04177 дугаар шүүгчийн захирамж, 182/ГХ2018/00400 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Төмөрчний гудамж 12 байр хаягт байршилтай 6144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004904 дугаарт бүртгэж Г ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 000696422 дугаар гэрчилгээ, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000009693 дугаар гэрчилгээ тус тус олгогдсон байна. /хавтаст хэргийн 3, 4 тал/

 

9.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

10.Харин хариуцагч Р ХХК нь Х ХХК-ийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Гнаас 22,800,000,000 төгрөгийн зээлийг авахдаа 50 хувийн хувьцаа эзэмшигч Р ХХК-д огт мэдэгдээгүй нь Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх заалтыг зөрчсөн гэж маргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00653 дугаар шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хянуулахаар хүсэлт гаргасан гэж мэтгэлцсэн.

 

11.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШЗ2023/04406 дугаар шүүгчийн захирамжаар тус шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00653 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна.

 

12.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00653 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

 

13.Иймд хариуцагч Р ХХКхолбогдох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Төмөрчний гудамж 12 байр хаягт байршилтай, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004904 дугаартай, 6144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлж, нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

14.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Галбадрах, өмгөөлөгч Г.Билэгдэмбэрэл, хариуцагчийн төлөөлөгч Н.Лхагвадулам нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцогчдын хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна” гэж заасан. Хариуцагч Р ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Вон фей мун нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Н.Лхагвадуламд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхтэй итгэмжлэл олгосон бөгөөд итгэмжлэлийн гадаад хэлээр бичигдсэн хувийн хариуцагчаас шаардсан боловч итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Вон фей мун нь гадаадад байгаа гэх тайлбарыг хариуцагчаас гаргасан. Дээрх итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

16.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн  хураамжид 70,200 төгрөгийг  Улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Р ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Төмөрчний гудамж 12 байр хаягт байршилтай, Үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004904 дугаартай, 6144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Р ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.НАРАНГЭРЭЛ