Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01424

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 21 210/МА2023/01424

 

 

*** банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2023/01341 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *** банк ХХК

Хариуцагч: ***** ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Галбадрах, Б.Хулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00653 дугаар захирамжаар улсын бүртгэлийн Y-***** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 40, 50 мянгат /*****/, Төмөрчний гудамж гудамж 12 байр, үйлчилгээний зориулалттай, 6144 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгчид шилжиж, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хууль ёсны өмчлөх эрхтэй болсон.

Уг үл хөдлөх эд хөрөнгийг ХИД ХХК нь ***** ХХК-д 2011 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс хойш түрээслүүлж байсан. Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг суллаж өгөхийг хариуцагчид удаа дараа мэдэгдэж, мэдэгдэх хуудас хүргүүлж байсан боловч үр дүнд хүрээгүй.

Иймд тус үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ***** ХХК нь ХИД ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч. ХИД ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *** банкнаас 22,800,000,000 төгрөгийн зээлийг авахдаа 50 хувийн хувьцаа эзэмшигч ***** ХХК-д мэдэгдээгүй. Энэ нь Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн асуудал дээр маргаантай байгаа бөгөөд зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Компанид мэдэгдэхгүй зээл авч, шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг шийдвэрлэсэн болохыг 2018 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хөрөнгийг битүүмжлэх үед мэдсэн.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу ***** ХХК нь хувьцаа эзэмшигчийн хувьд тус үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшдэг. Гэтэл *** банк ХХК нь хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40, 50 мянгатын /*****/ Төмөрчний гудамж 12 байр хаягт байршилтай, Үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, 6144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч ***** ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч *** банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** банк ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 ***** ХХК нь ХИД ХХК-ийн нийт энгийн хувьцааны 50 хувийг, Х.Б 46 хувийг, Д.А 4 хувийг тус тус эзэмшдэг. ХИД ХХК-ийн өмчлөлд тухайн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байсан. Уг үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх нь ХИД ХХК-ийн 3 хувьцаа эзэмшигчид байдаг.

4.2 ХИД ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *** банктай зээлийн гэрээ байгуулж, 22,800,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн. Үүргийн гүйцэтгэлд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт барьцаалсан байна.

ХИД ХХК нь Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасныг зөрчиж зээл авахдаа 50 хувийн хувьцаа эзэмшигч ***** ХХК-д мэдэгдээгүй.

4.3 *** банк ХХК болон ХИД ХХК-ийн хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээний 2.1.3-т зээлийн зориулалт: М ХХК, УБТТС ХХК, М ХХК болон М.Б ын *** банкнаас авсан зээлүүдийн төлбөрийг гүйцэтгэж, өрийг шилжүүлэх, 2.1.4-т зээлийн авах хэлбэр: Бэлэн бус гэж тус тус тусгасан. *** банк ХХК нь дээрх зээлийг олгохдоо бэлнээр олгоогүй, зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн.

4.4 Хариуцагч нь хувьцаа эзэмшигчийн хувьд хөнгөлөлттэй нөхцөлөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсийн гэрээний дагуу эзэмшдэг.

4.5 ХИД ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б , хувьцаа эзэмшигч Х.Б нь нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлын урвуулан ашиглаж ***** ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул уг үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 728 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Уг прокурорын тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокуроруудад гомдлыг гаргасан ба Улсын ерөнхий прокурорын газарт гомдол хянан хэлэлцэгдэж байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө *** банк ХХК-д шилжсэнээр банкны нэр дээр гэрчилгээ гарсан. Хариуцагч байгууллага хувьцаа эзэмшигч нартай холбоотой асуудлыг хянан шийдвэрлүүлэх боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч *** банк ХХК нь хариуцагч ***** ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

3.1 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00653 дугаар захирамжаар нэхэмжлэгч *** банк ХХК-д 24,828,887,671 төгрөг төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрсөн хариуцагч ХИД ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 6/

3.2 Төлбөр төлөгч ХИД ХХК эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул төлбөр авагч *** банк ХХК-ийн хүсэлтийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2018/04177 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан. /хх7/

3.3 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 40, 50 мянгатын /*****/ Төмөрчний гудамж 12 байр хаягт байршилтай, 6144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөл *** банк ХХК-д шилжсэн.

3.4 Хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа талаар маргаагүй.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс дээрх үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн үндсэн дээр маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хариуцагчаас нэхэмжлэгчид шилжсэнээр хариуцагчийн хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч ХИД ХХК-тай байгуулсан 2011 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 11/02 дугаартай түрээсийн гэрээний дагуу эзэмших, ашиглах эрх дуусгавар болно. Энэ тохиолдолд хариуцагчийг шударга эзэмшигч гэж үзэхгүй.

5. Түүнчлэн, ***** ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хоорондын зээлийн болон барьцааны гэрээтэй холбоотой маргаан нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардах эрхийг хэрэгжүүлэхэд саад болохгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Компанийн хувьцаа эзэмшигч нарт мэдэгдээгүй, зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор аваагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2023/01341 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

М.БАЯСГАЛАН