Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2023/01414

 

 

 

 

 

 

 

 

 2023        05         09                                           182/ШШ2023/01414

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Ж  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЮЭ ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Зуучлалын гэрээнээс татгалзаж 4,650,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал Ү.Ш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Б.Г-н шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ж  ХХК-ийг төлөөлж захирал миний бие хариуцагч ЮЭ ХХК-ийн Фэйсбүүк хаяг болох ЮТ хаягаар зочилж жижиглэн худалдаа эрхлэгчдэд зориулсан бизнес аялалд зуучлах зартай танилцсан. Манай байгууллага хүнсний бөөний худалдаа, хүнсний дэлгүүр, газар тариалан, мал аж ахуй эрхлэх зэргээр үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэрлэгч компани юм. Би тухайн үедээ хувьцаа эзэмшигч нартай ярьж тохиролцоод бизнесээ өргөжүүлэх санаа олох зорилготой ЮЭ ХХК-тай холбогдож аялалд хамрагдахыг хүссэн. Энэхүү аялал нь Турк улсын Истанбул хотод байрлалтай гутал, цүнх, арьсан эдлэл, гоёл чимэглэл, гэр ахуйн бараа, хүнс, чихэр амттан зэрэг бөөний худалдааны болон үйлдвэрлэгч компаниудаар монгол хэлтэй хөтчийн хамт явах, сонгомол, бизнес групп аялал байсан бөгөөд нийт зардал нь 4,650,000 төгрөг, 2022.09.15-ны өдрөөс 2022.09.22-ны өдрийг хүртэл хугацаатай байна. Ингээд би өөрийн байгууллагыг төлөөлж хариуцагч байгууллагатай уулзаж, гадаад паспортын хугацаа дууссан байгаа, ямар боломж байгааг тодруулахад таны гадаад паспорт аяллаас өмнө гарчих байх гээд амаар тохиролцоод байгууллагын нэрээр аялалын зардал болох нийт 4,650,000 төгрөгийг 2022.09.06-ны өдөр хариуцагч байгууллагад шилжүүлсэн. 4,650,000 төгрөгийн 3,068,700 төгрөг нь ирж очих билетийн мөнгө, 1,581,300 төгрөг нь буудлын болон бусад зардлаас бүрдэж байгаа.

Тухайн үед гадаад паспорт гараагүй учраас албан ёсоор бичгээр гэрээ хийгээгүй, урьдчилан амаар тохиролцож мөнгийг шилжүүлсэн байдаг юм. Харин Улсын бүртгэлийн байгууллага ачаалал ихтэй шалтгаанаар гадаад паспорт хугацаандаа гараагүй, энэ тухай би 2022.09.14-ний өдөр хариуцагчид мэдэгдсэн, мөн МИАТ ХК-нд мэдэгдэж билетээ буцаалгахаар болсон. Яагаад гэвэл МИАТ ХК-ийн онгоцоор нисэх байсан, тэгээд МИАТ ХК-нд билетийн буцаалт хийлгэх гэж 2 ч удаа хандсан боловч ЮЭ ХХК-иас билетийн үнэ төлөгдсөн, тухайн байгууллага буцаалт хийлгэх хүсэлтээ гаргаагүй байна гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, манай байгууллага аялалд оролцох боломжгүй болсон, тийм учраас бид гэрээнээс татгалзаж байгаа юм. Түүнчлэн хариуцагчид 2022 оны 10 сард мөнгөө буцааж авахаар 2 ч удаа хандсан боловч буцаан өгөх боломжгүй гэдэг хариуг амаар өгсөн. Компанийг хэн нэгэн иргэн төлөөлөх учраас миний бие Ж  ХХК-ийн удирдлагын зүгээс хариуцагч ЮЭ ХХК-тай харилцаж байсан, манай байгууллагатай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй гэдэг хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм. Аялалд огт оролцоогүй байхад бусдын мөнгийг авчхаад буцаан өгөхгүй байх ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд зуучлалын гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 4,650,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахыг хүсэж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани 2009 оноос хойш аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2022.09.15-нд гарсан Туркийн аялалд Ж  ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулан хамтран ажиллаагүй болно гэжээ.

 

3.Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.09.06-ны өдрийн ХААН банк ХХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, Юнайтед тур гэсэн Фэйсбүүк хуудасны аяллын мэдээлэл, гадаад паспортны хуулбар, МИАТ ХК-ийн билетийн хуулбар гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

4.Хариуцагч тал шүүхэд ямар нэгэн бичгийн баримт ирүүлээгүй болно. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж  ХХК нь хариуцагч ЮЭ ХХК-нд холбогдуулж зуучлалын гэрээнээс татгалзаж, 4,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талаас гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч байгууллагаар зуучлуулан Турк улсад бизнес аялалд хамрагдах зорилгоор 4,650,000 төгрөгийг төлсөн боловч гүйцэтгэх захирал миний гадаад паспорт аяллаас өмнө гарч амжаагүйн улмаас аялалд оролцох боломжгүй болсон, тухайн үед хариуцагч байгууллагад энэ тухайгаа хэлж, мөнгөө буцаан авахыг хүссэн боловч буцаан өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн, иймд гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч тал “...манай байгууллагаас зохион байгуулсан Турк улсын аялалд бид Ж  ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулан хамтран ажиллаагүй...” гэсэн утга бүхий тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

3.Хариуцагч ЮЭ ХХК нь “ЮТ” нэртэй фэйсбүүк хаягт 2022.08.29-ний өдөр аяллын үнэ 4,650,000 төгрөг, “Жижиглэн худалдаа эрхлэгчдэд зориулсан бизнес аялал”-ыг 2022.09.15-ны өдрөөс 2022.09.22-ны өдрийг хүртэл зохион байгуулах зарлал тавьсантай нэхэмжлэгч Ж  ХХК танилцаад гүйцэтгэх захирал Ү.Шинэбаяр аялалд оролцохоор болж 2022.09.06-ны өдөр хариуцагч ЮЭ ХХК-тай уулзсан байна.  

 

Зохигчид 2022.09.06-ны өдөр амаар тохиролцож, Ж  ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Ү.Шинэбаяр нь дурдсан бизнес аялалд оролцох, хөлс төлөх үүргийг, хариуцагч ЮЭ ХХК нь аяллыг зохион байгуулах үүргийг тус тус хүлээсэн байна. Энэ нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар зуучлалын гэрээний харилцаа байх бөгөөд уг гэрээнд хэлбэрийн шаардлага тавигддаггүй тул зохигчдын амаар тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан нийцсэн гэж үзнэ.

 

4.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Ж  ХХК нь хариуцагч ЮЭ ХХК-нд аяллын үнэ болох 4,650,000 төгрөгийг 2022.09.06-ны өдөр “J ХХК /5321816/ Shinebayar tulbur” гэсэн утгаар шилжүүлж, гэрээний үүргийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар зохих ёсоор, шударгаар биелүүлжээ.

 

Гэвч нэхэмжлэгч Ж  ХХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Ш-н захиалсан гадаад паспорт аяллаас өмнө амжиж гараагүй шалтгаанаар тэрээр аялалд оролцож чадаагүй байна. Улмаар нэхэмжлэгч Ж  ХХК нь энэ үндэслэлээр хариуцагч ЮЭ ХХК-иас аяллын үнэ болох 4,650,000 төгрөгийг буцаан авахаар 2022 оны 10 сард хоёр удаа хандсан, харин хариуцагч ЮЭ ХХК нь төлбөрийг буцаан өгөх боломжгүй гэсэн хариуг нэхэмжлэгч Ж  ХХК-нд өгчээ.

 

5.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрх нь гэрээний аль нэг тал хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тохиолдолд нөгөө талдаа мэдэгдсэний үндсэн дээр хэрэгжих учиртай.

 

Гэрээнээс татгалзах нь нэг талын, субъектив шинжтэй эрх бөгөөд гэрээний харилцаа нэг талын хүсэл зоригоор хэдийд ч буцаагдаж болдог, татгалзах тухай нөгөө талдаа мэдэгдэхэд хэлбэрийн шаардлага тавигддаггүй, аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэг хүлээдэг онцлогтой.

 

6.Хуулийн дээрх шаардлагын дагуу нэхэмжлэгч Ж  ХХК нь аялалд оролцож чадаагүй нь захирал Ү.Ш-н захиалсан гадаад паспорт хугацаандаа гарч чадаагүйтэй холбоотой, тэрээр энэ шалтгаан нөхцөлийг тухайн үед хариуцагч ЮЭ ХХК-нд мэдэгдэж, мөнгөө буцаан авахыг шаардаж байсан. Тиймээс нэхэмжлэгч Ж  ХХК-нд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар зуучлалын гэрээнээс татгалзаж, аяллын хөлсөнд төлсөн 4,650,000 төгрөгийг хариуцагч ЮЭ ХХК-иас буцаан шаардах эрхтэй, нөгөө талаар хариуцагч ЮЭ ХХК нь 4,650,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж  ХХК-нд буцааж өгөх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч ЮЭ ХХК-ийн “...манай байгууллагаас зохион байгуулсан Турк улсын аялалд бид Ж  ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулан хамтран ажиллаагүй...” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй, энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлоогүй тул хариуцагч ЮЭ ХХК-иас 4,650,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж  ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

7.Нэхэмжлэгч Ж  ХХК-ийн 2023.01.13-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 89,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ЮЭ ХХК-иас 89,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж  ХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1., 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар хариуцагч ЮЭ ХХК-иас 4,650,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж  ХХК-нд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ж  ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 89,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ЮЭ ХХК-иас 89,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж  ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА