Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01553

 

 

 

 

 

 

 

2023 08 07 210/МА2023/01553

 

Жарунтулга ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2023/01414 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Жарунтулга ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох,

Зуучлалын гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 4,650,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Жарунтулга ХХК-ийг төлөөлж захирал миний бие хариуцагч ******* ******* ХХК-тай холбогдож аялалд хамрагдахыг хүссэн. Энэхүү аялал нь ******* улсын ******* хотод байрлалтай гутал, цүнх, арьсан эдлэл, гоёл чимэглэл, гэр ахуйн бараа, хүнс, чихэр амттан зэрэг бөөний худалдааны болон үйлдвэрлэгч компаниудаар монгол хэлтэй хөтөчийн хамт явах, сонгомол, бизнес групп аялал, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаатай, нийт зардал 4,650,000 төгрөг байсан. Ингээд 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч байгууллагад уг мөнгийг шилжүүлсэн.

 

Тухайн үед гадаад паспорт гараагүй учраас албан ёсоор бичгээр гэрээ хийгээгүй, урьдчилан амаар тохиролцож мөнгийг шилжүүлсэн. Харин Улсын бүртгэлийн байгууллага ачаалал ихтэй шалтгаанаар гадаад паспорт хугацаандаа гараагүй, энэ тухай би 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагчид мэдэгдсэн, мөн ******* ХК-д мэдэгдэж билетээ буцаалгахаар болсон. ******* ХК-д билетийн буцаалт хийлгэх гэж хоёр удаа хандсан боловч Юнайтед ******* ХХК-иас билетийн үнэ төлөгдсөн, тухайн байгууллага буцаалт хийлгэх хүсэлтээ гаргаагүй байна гэж хэлсэн. Хариуцагчид 2022 оны 10 сард мөнгөө буцааж авахаар хоёр удаа хандсан боловч буцаан өгөх боломжгүй гэдэг хариуг амаар өгсөн. Иймд зуучлалын гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 4,650,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахыг хүсэж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компани 2009 оноос хойш аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ******* улсын аялалд Жарунтулга ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулан хамтран ажиллаагүй болно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Юнайтед ******* ХХК-иас 4,650,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жарунтулга ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Жарунтулга ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 89,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Юнайтед ******* ХХК-иас 89,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жарунтулга ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

Шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй хариуцагч талд мэдэгдээгүй атлаа түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч байгууллагын хаягаар илгээсэн байна. Уг мэдэгдэх хуудсыг мөн оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан хүний нэр нь ******* гэх этгээд хүлээн авч гарын үсэг зурсан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч талыг шүүх хуралдааны товыг хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Нэхэмжлэгч Жарунтулга ХХК нь хариуцагч Юнайтед ******* ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээнээс татгалзаж гэрээгээр шилжүүлсэн 4,650,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ...Жарунтулга ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулан хамтран ажиллаагүй... гэж тайлбарлан, маргажээ.

3. Юнайтед ******* ХХК нь ******* тур гэх нэртэй фэйсбүүк хаягт 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Жижиглэн худалдаа эрхлэгчдэд зориулсан бизнес аялал-ыг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл зохион байгуулах, аялалын үнэ 4,650,000 төгрөг байх талаар зарлал тавьсан байна. Жарунтулга ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Ү.******* уг аялалд оролцохоор Юнайтед ******* ХХК-ийн менежер н.*******тай 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр уулзаж амаар харилцан тохиролцоод, Жарунтулга ХХК 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр аялалын зардалд 4,650,000 төгрөгийг ******* ******* ХХК-ийн дансанд шилжүүлжээ. /хх 3/

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан ХААН банк ХХК-ийн мөнгө шилжүүлсэн баримт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Жарунтулга ХХК, Юнайтед ******* ХХК нарын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийн заасныг зөв хэрэглэжээ.

4. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ ... Жарунтулга ХХК-ийн гүйцэтгэх захирал Ү.*******ын гадаад паспорт аялалаас өмнө гараагүйн улмаас тэрээр аялалд оролцож чадаагүй, ... энэ талаар хариуцагч Юнайтед ******* ХХК-д 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдсэн, ... 2022 оны 10 дугаар сард мөнгөө буцааж авахаар хоёр ч удаа хандсан боловч буцаан өгөх боломжгүй гэж амаар мэдэгдсэн гэж тайлбарлажээ. Хариуцагч тал уг нэхэмжлэлийг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйн гадна ... манай компани *******ийн аялалд Жарунтулга ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулан, хамтран ажиллаагүй гэх тайлбар хэргийн 3 дахь талд авагдсан ХААН банк дахь шилжүүлгийн мэдээлэл баримтаар үгүйсгэгдэж байна. Иймээс нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 хэсэгт заасан журмын дагуу гэрээнээс татгалзсан тухайгаа хариуцагч талд мэдэгдсэн гэж үзэх тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буюу 4,650,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч Юнайтед ******* ХХК-аас 4,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Жарунтулга ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ.

5. Хариуцагч тал, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

5.1. Шүүх хариуцагч Юнайтед ******* ХХК-д холбогдох нэхэмжлэгч Жарунтулга ХХК-ийн нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн аваад мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, мөн өдрөө хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг тус компанийн оршин байгаа газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. /хх7/

 

Хариуцагч тал шүүхэд хүрэлцэн ирээгүйн улмаас 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШЗ2023/03226 дугаартай Хариуцагчийг албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамжаар хариуцагч компанийн захирал Б.г 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр албадан ирүүлж, нэхэмжлэлийг гардуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулжээ. /хх 6, 8-9, 12/

 

Хэргийг хянан хэлэлцэхээр товлосон 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тэрээр хариуцагчийг шүүх хуралдаан биечлэн оролцуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн захирамж гаргаж шүүх хуралдааныг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаагаар хойшуулжээ. /хх 21, 25-26/

 

6. Шүүх шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч компанийн оршин байгаа газрын хаягаар хүргүүлж, ажилтан н.******* гардан авсан, мөн шүүх хуралдааны товыг хариуцагч компанийн захирал Б.гийн 99990941 дугаартай утас руу зурвас илгээсэн байна. /хх-29, 30/

 

6.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагч тал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэн, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

7. Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтад тайлбар гаргах, нотлох баримт гаргах боломжоор хангаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2023/01414 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас урьдчилан 89,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ч.ЦЭНД