Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2023/01473

 

 

 

 

 

 

 

 

  2023      05         11                                              182/ШШ2023/01473

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ТП ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн ** дугаар  хороо, Нисэхийн *****  цогцолборын хажууд байрлах, Т хотхон, 2 дугаар байрны 1* дугаар давхар, 5* тоотод байрлах, 88,4  м.кв, 4 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 36,213,500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: С.Б би ТП ХХК-тай 2020.04.19-ний өдөр 04/29 дугаартай, Хан-Уул дүүргийн ** дугаар  хороонд баригдах Т орон сууцны хотхонд орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээгээр талууд Хан-Уул дүүргийн ** дугаар  хороо, Нисэхийн ***** цогцолборын хажууд байрлах, Т хотхоны 2 дугаар байрны 1* давхар, 5* тоотод байрлах 88,4 мкв, 4 өрөө орон сууцны 1 мкв-ийн үнийг 1,1*0,000 төгрөгөөр тооцож, нийт үнийг 101,660,000 төгрөгөөр тохиролцож, гэрээ байгуулсан өдөр 50,830,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 50,830,000 төгрөгийг банкны зээлд хамрагдан төлөхөөр харилцан тохиролцсон. Энэ нь Газрын албаны ажилчдын орон сууц байсан учраас хөнгөлттэй нөхцөлтэй байсан. Манай хадам эгч байр захиалах эрхтэй байсан. Энэ эрхээ надад шилжүүлэхийг хариуцагч зөвшөөрсөн учир бидний хооронд дурдсан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан юм. Ингээд би гэрээний дагуу гараашийн төлбөр 21,597,000 төгрөг, урьдчилгаа 50,830,000 төгрөг, нийт 72,427,000 төгрөгийг төлсөн. Одоо бид гарааш авахгүй, гараашийн төлбөрт төлсөн мөнгийг орон сууцны төлбөртөө тооцож байгаа, зөвхөн орон сууцаа авах хүсэл зоригтой. Бид гэрээний дагуу эхний хоёр төлөлтийг хийчихсэн. Гагцхүү хариуцагч байрыг бидэнд хүлээлгэн өгч, өмчлөлд шилжүүлсний дараа 3 дахь төлөлтийг хийх ёстой. Өөрөөр хэлбэл хариуцагч нь орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан зохих стандартын дагуу барьж хүлээлгэн өгөх ёстой байтал энэхүү үүргээ зөрчиж орон сууцыг хүлээлгэн өгөлгүй 2,5 жилийн хугацааг өнгөрөөсөн. Бид орон сууцыг ашиглалтад орохыг хангалттай хүлээсэн. Гэтэл гүйцэтгэгч ТП ХХК-аас 2022.04.25-ны өдөр орон сууцны үнийг м.кв тус бүрт 300 000 төгрөгөөр нэмснийг мэдэгдсэн. Мөн гэрээний 1.1-д заасан орон сууцны м.кв-ыг үндэслэлгүйгээр нэмж 95 м.кв-аар тооцоо хийхийг тулгасан. Миний бие орон сууцны м.кв-ын үнийн нэмэгдэл болон 88,4 мкв-ыг 95 м.кв болгон нэмэгдүүлсэн м.кв-ыг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээний 1.1-д заасан үнэ болох 1,1*0,000 төгрөгөөр 88,4 мкв талбай тооцож үлдэгдэл төлбөрийг төлөх хүсэлтээ удаа дараа илэрхийлсээр байсан. Улмаар бидний хооронд маргаан үүссэн, гэрээнд заасан гэрээ цуцлах үндэслэл бүрдээгүй, миний хувьд төлбөр төлөх үүргээ биелүүлсэн. Тийм учраас бидний хооронд байгуулагдсан гэрээний үнэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, энэ талаар бичгээр тохиролцсон зүйл байхгүй. Тэгээд ч гэрээнд зааснаар гэрээний үнэд ямар нэгэн өөрчлөлт оруулж болохгүй юм.

Түүнчлэн гэрээний 7.3-т зааснаар хариуцагч ТП ХХК нь барилгыг ашиглалтад оруулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөх ёстой. Өөрөөр хэлбэл орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах байтал 2022.06.1*-ны өдөр буюу 2,5 жилийн дараа улсын комисс барилгыг хүлээн авч байнгын ашиглалтад оруулсан байна. Уг гэрээний заалтын дагуу хугацаа хэтэрсэн хоногийн тооцоолол 2021.01.01-ний өдрөөс 2022.12.21-ний өдрийг хүртэл нийт 719 хоног байна. Хоног тутамд 72 427 000 төгрөгийн 0,1% болох 72 427 төгрөг нийт 719 хон * 72,427 төг = 52,075,013 төгрөгийн алданги тооцогдсон болно. Иймд бид Хан-Уул дүүргийн ** дугаар  хороо, 2 дугаар байрны 5* тоотод байрлах, 88.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар орон сууцны м.кв-ын үнийг 1,1*0,000 төгрөгийг тооцож, үлдэгдэл төлбөр 50,830,000 төгрөгийг хүлээн авч төлбөр тооцоо дуусгахыг даалгах, гэрээний дагуу төлбөр төлөгдсөний дараа орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, алданги 36,213,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Харин байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар орон сууцны м.кв-ын үнийг 1,1*0,000 төгрөгийг тооцож, үлдэгдэл төлбөр 50,830,000 төгрөгийг хүлээн авч төлбөр тооцоо дуусгахыг даалгах, гэрээний дагуу төлбөр төлөгдсөний дараа орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах гэдгийг шаардлага бус үндэслэл гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний 1.1, 2.1-д зааснаар Хан-Уул дүүргийн ** дугаар  хороо, Нисэхийн спрот  цогцолборын хажууд байрлах, Т хотхон, 2 дугаар байрны 1* дугаар давхар, 5* тоотод байрлах, 88,4  м.кв, 4 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 36,213,500 төгрөг гаргуулах гэж тодруулж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар шаардаж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь 2019.03.04-ны өдөр 19/01 тоот Нийслэлийн газрын албатай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээний 1.2 дахь хэсэгт “ТП” ХХК буюу “гүйцэтгэгч нь захиалагчийн эзэмшлийн газар дээр ... орон сууцыг барилгын дотор болон гадна талын тохижилтын хамтаар түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хүлээлгэн өгөх” үүрэг хүлээсэн. 5.1 дэх хэсэгт Нийслэлийн газрын алба буюу “захиалагч нь барилга барихтай холбогдох эрх бүхий байгууллагаас олгох зөвшөөрөл, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дулаан, техникийн нөхцөл, барилгын зураг төслийг батлуулах ажлыг хариуцна” гэж, 2.2 дахь хэсэгт “...орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,1*0,000 төгрөгөөр тооцож ... нийслэлийн газрын албаны албан хаагчидтай гэрээ байгуулах замаар шийдвэрлэнэ...” гэсний дагуу нэхэмжлэгч С.Бтай Орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа юм. Гэвч Нийслэлийн газрын алба нь гэрээний 5.1 дахь хэсэгт заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Тодруулбал, Дулааны шугам сүлжээний угсралтын ажлыг дулааны техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгэхэд Иргэний нисэхийн ерөнхий газрын эзэмшлийн шугамаас огтолгоо авах шаардлагатай болсон. Гэтэл ийнхүү огтолгоо авах зөвшөөрлийг Нийслэлийн газрын алба нь Иргэний нисэхийн ерөнхий газраас аваагүй. Үүнээс гадна барилгын зураг төслийг батлуулах үүргээ биелүүлээгүй болно.

Улмаар бид барилгыг ашиглалтад оруулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Иргэний нисэхийн ерөнхий газрын “Буян ухаа” ОУНБ-тай 2020.08.11-ны өдөр “Барилгын цэвэр бохир, дулааны шугамын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх талаар хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Тус хамтран ажиллах гэрээний 2 дугаар бүлэгт заасан ажлыг хийж гүйцэтгэхийн тулд манай байгууллага 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгийн зардал гаргасан. Ийнхүү Нийслэлийн газрын албаны үүргийг бид биелүүлж их хэмжээний зардал гаргасан, Ковид-19 цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автсан. Барилга угсралтын ажилд шаардлагатай гол түүхий эд, бараа материал, ажиллах хүчний үнэ огцом өссөн зэрэг шалтгаануудын улмаас орон сууцны 1 м.кв талбайн ашиг шингээгүй өртөг үнэ нь 932,000 төгрөгөөр нэмэгдэж, гэрээний үнэ болох 1,1*0,000 төгрөг нь 2,082,000 төгрөг болсон юм. Ингэж гэрээ байгуулсан нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг Нийслэлийн газрын албаны ажилтан С.Бд удаа дараа мэдэгдэж байсан. Улмаар орон сууцны 1 м.кв талбайн үнийг 300,000 төгрөгөөр нэмж гэрээг шинэчлэн байгуулах талаар саналыг хүргүүлж, саналын талаар нэгдээгүй тохиолдолд гэрээ цуцлах талаар мэдэгдэж байсан. Иймд бид гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас иргэний үнэмлэхний хуулбар, 2020.04.29-ний өдрийн орон сууцны хотхонд орон сууц захиалгын гэрээ, 2019.04.22-ны өдрийн ХААН банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2020.04.29-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2022.04.25, 2022.05.12, 2022.07.07-ны өдрүүдийн ТП ХХК-иас С.Бд хүргүүлж байсан албан бичгүүд /хуулбар/, С.Бгаас өгч байсан хариунууд, Ягшуур ХХК, Уран-Асар ХХК-иудын хэмжилтийн тайлан, Уран-Асар ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.25-ны өдрийн 1*193 дугаар нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн ** дугаар  хороонд төлөвлөж байгаа Нийслэлийн Газрын албаны Үйлчилгээтэй орон сууцны барилгын загвар зураг, Т хотхоны танилцуулга зураг, маргааны зүйл болсон 5* тоот орон сууцны гэрэл зураг, 2020.11.29-ний өдрийн 194 тоот Монгол улсын Засгын газрын тогтоолууд /хуулбар/ гэсэн баримтуудыг,

 

4.Хариуцагч талаас 2022.05.12-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тайлан, Барилга угсралтын ажлын гол нэр төрлийн материалын үнийн өсөлтийн баримт /хуулбар/-ууд, Барилгын хөгжлийн төв ХХК-ийн 2022.06.23-ны өдрийн албан бичиг, хавсралт, Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын 2020.08.14-ний өдрийн албан бичиг, 2020.08.11-ний өдрийн Барилгын цэвэр, бохир, дулааны шугамын өргөтгөлийн ажил гүйцэтгэх талаар хамтран ажиллах гэрээ, 2021.03.01-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

5.Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.25-ны өдрийн 1*193 дугаар нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамжтай хэргээс Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2022.11.25-ны өдрийн албан бичиг, маргааны зүйл буюу 286б тоот орон сууцны хувийн хэргийн баримт /130 хууд/-ууд Үндэсний төв архиваас ирүүлсэн 2022.11.22-ны өдрийн албан бичиг, хавсралт болох улсын комиссын дүгнэлт, комиссын үүрэг даалгаврын биелэлтийн хуудас гэсэн баримт /38 хууд/-уудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч ТП ХХК-нд холбогдуулж Хан-Уул дүүргийн ** дугаар  хороо, Нисэхийн ***** цогцолборын хажууд, Т хотхон, 2 дугаар байрны 1* дугаар давхар, 5* тоотод байрлах, 88,4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар орон сууцны м.кв талбайн үнийг 1,1*0,000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөр 50,830,000 төгрөгийг хүлээн авч төлбөр тооцоо дуусгахыг даалгах, гэрээний дагуу төлбөр төлөгдсөний дараа орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, алданги 36,213,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.  

 

Нэхэмжлэгч С.Б нь шүүх хуралдааны явцад “байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар орон сууцны м.кв талбайн үнийг 1,1*0,000 төгрөгийг тооцож, үлдэгдэл төлбөр 50,830,000 төгрөгийг хүлээн авч төлбөр тооцоо дуусгахыг даалгах, гэрээний дагуу төлбөр төлөгдсөний дараа орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах” гэсэн шаардлагаа нэхэмжлэлийн үндэслэл гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагаа Хан-Уул дүүргийн ** дугаар  хороо, Нисэхийн спрот цогцолборын хажууд байрлах, Т хотхон, 2 дугаар байрны 1* дугаар давхар, 5* тоотод байрлах, 88,4 м.кв, 4 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 36,213,500 төгрөг гаргуулах гэж тодруулсан болно.  

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

                                               

2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг миний бие гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу захиалсан Т хотхоны 2 дугаар байрны 5* тоот, 88,4 м.кв, 4 өрөө орон сууцны эхний хоёр удаагийн төлбөр буюу нийт 60%-ийн төлөлтийг төлсөн, үүний дараа хариуцагч тал байрыг 2020 оны 04 дүгээр улиралд ашиглалтад оруулж надад түлхүүр гардуулан өгсний дараа би үлдэгдэл 40%-ийн төлбөрөө төлөх байсан, харин хариуцагч тал байрыг ашиглалтад оруулах үүргээ биелүүлэхгүй, бүтэн 2 жил гаруй хугацаа өнгөрсөн, ингээд байрыг улсын комисс хүлээн авсны дараа байрны м.кв тутмын төлбөрийг 300,000 төгрөгөөр, 88,4 м.кв талбайг 95 м.кв талбайгаар тооцож төлбөр төлөхийг шаардсан, төлбөр төлөхгүй бол гэрээ цуцална гэж дарамталсан, үүнийг би зөвшөөрөөгүй, харин ч 1 м.кв талбайн хэмжээг 1,1*0,000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөрөө төлөх хүсэл зоригоо илэрхийлсээр байсан, хариуцагч талд гэрээ цуцлах үндэслэл байхгүй, бид анхнаасаа орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,1*0,000 төгрөг тохирсон, тэгээд ч гэрээний үнэд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн зохицуулалттай, иймд хариуцагчаас байрыг хүлээлгэн өгөхийг даалгах, байрыг ашиглалтад оруулаагүй, хугацаа алдсан гэм буруутай гэж үзэн алданги шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа манай компани Нийслэлийн Газрын албатай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх хамтран ажиллах гэрээг байгуулж, уг гэрээг үндэслэн ажилчдад хөнгөлттэй нөхцлөөр орон сууцыг худалдсан, харин Нийслэлийн Газрын алба нь гэрээгээр хүлээсэн холбогдох эрх бүхий байгууллагаас олгох зөвшөөрөл, холбогдох хууль тогтоомжийн дагуу дулаан, техникийн нөхцөл, барилгын нөхцөл, барилгын зураг төслийг батлуулах ажлыг хариуцах үүргээ биелүүлээгүйн улмаас манай компани өөрөөсөө зардал гаргаж, энэ бүх ажлыг хийсэн, тийм учраас байр хугацаандаа ашиглалтад ороогүй, энэ нь биднээс огт хамааралгүй юм, удалгүй ковид өвчин гарч, улсын хилээр бараа бүтээгдэхүүн орж ирэхгүй болсон, бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн зэргээр хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон, энэ бүгдээс шалтгаалж орон сууцны үнийг нэмэхээс өөр аргагүй байдалд орсон, энэ талаар бид нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн боловч бидний саналыг хүлээн аваагүй, тийм учраас гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа, нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

3.Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн баримтаас үзвэл ТП ХХК, Нийслэлийн Газрын албаны хооронд 2019.03.04-ний өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх бөгөөд захиалагч буюу Нийслэлийн Газрын алба нь газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн Э-2206000244 дугаар, нэгж талбарын 1781301047 дугаар бүхий Хан-Уул дүүргийн ** дугаар  хорооны нутаг дэвсгэрт Иргэний нисэхийн ерөнхий газрын хойд талд байрлах 4060 м.кв талбай бүхий газарт баригдах барилгын зураг төсөл, бусад зөвшөөрлийг батлуулан 180 айлын орон сууцны барилгыг барих боломжийг гүйцэтгэгч буюу ТП ХХК-нд олгох,

Гүйцэтгэгч буюу ТП ХХК нь захиалагч буюу Нийслэлийн Газрын албаны эзэмшлийн газар дээр баригдах барилгын 1, 2 блокоос бусад барилгын хөрөнгө оруулалтыг бүрэн хариуцаж, А талд тус бүр нь 60 айлын барилга бүхий 3 блок барилгын 1, 2 блокийн 2-16 давхрын нийт 9060 м.кв талбай бүхий орон сууцыг барилгын дотор болон гадна талбайн тохижилтын хамтаар түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр 2020 оны 3 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх үүргийг харилцан хүлээсэн байна.

 

Түүнчлэн дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар захиалагч буюу Газрын алба нь 3 блок орон сууцны 1, 2 блокийн 2-16 давхрын нийт 9060 м.кв талбайтай 3-4 өрөөний сонголттой 120 айлын орон сууцыг 1 м.кв-ыг 1,1*0,000 төгрөгөөр тооцон өөрийн эзэмшилд шилжүүлэн авах, захиалсан 9060 м.кв талбайн нийт үнэ 10,419,000,000 төгрөг болох бөгөөд орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,1*0,000 төгрөгөөр тооцож, 1, 2 блокийн нийт талбайтай 120 айлын төлбөрийг гүйцэтгэгч буюу ТП ХХК нь Нийслэлийн Газрын албаны албан хаагчидтай гэрээ байгуулах замаар шийдвэрлэхээр тохиролцжээ.

 

4.Ийнхүү дээрх гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн Газрын алба нь өөрийн эзэмшилд байгаа Хан-Уул дүүргийн ** дугаар  хороонд байрлах 4060 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар газрын гэрчилгээ, бусад баримтыг үндэслэн 2020.03.19-ний өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, 2019.03.29-ний өдөр техникийн нөхцлүүд, 2019.03.04-ний өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар зэргийг өөрийн нэр дээр гаргуулан авч, барилга баригдах талбайг барилга угсралтын ажилд бэлэн болгосон байх ба, гэрээний 6 дугаар зүйлд зааснаар ТП ХХК нь батлагдсан зураг төслийн дагуу барилгын ажлыг эхлүүлсэн байна. Тэрээр энэ ажлын хүрээнд Нийслэлийн Газрын албаны ажилчидтай гэрээ байгуулсан байх ба, нэхэмжлэгч С.Б нь Нийслэлийн Газрын албанд ажилладаг бэр эгчийнхээ квотыг шилжүүлэн авснаар зохигчдын хооронд 2020.04.29-ний өдөр “Хан-Уул дүүргийн ** дугаар  хороонд байрлах Т орон сууцны хотхонд орон сууц захиалгын гэрээ” нэртэй гэрээ байгуулагдсан, зохигчид энэ талаар маргаагүй.

 

Энэхүү гэрээгээр хариуцагч ТП ХХК нь Хан-Уул дүүргийн ** дугаар  хороо, Нисэхийн ***** цогцолборын хажууд, 2 дугаар байрны 1* давхарт 5* тоот 88,4 м.кв, 4 өрөө орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан барьж, ашиглалтад оруулан нэхэмжлэгч С.Бд хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч С.Б нь орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,1*0,000 төгрөгөөр тооцон нийт 101,660,000  төгрөгийг хариуцагч ТП ХХК-д төлөх, орон сууцыг хүлээн авах үүргийг тус тус хүлээж, гэрээнд “... гражын үнэ 1 /100%/ төлсөн, ...гэрэгээ, квотоо шилжүүлэв, ...50% банкинд хамарна...” гэж гараар бичсэн байгаа нь хариуцагч ТП ХХК тухайн үедээ Нийслэлийн Газрын албаны ажилтан нэхэмжлэгч С.Бд байрны квотоо шилжүүлснийг зөвшөөрсний илрэл гэж үзнэ.

 

5.Зохигчид дурдсан гэрээний харилцааг ажил гүйцэтгэх гэрээ, худалдах, худалдан авах гэрээ гэж хоёр өөр байдлаар тайлбарлаж байна. Ажил гүйцэтгэх, худалдах, худалдан авах гэрээний зүйл нь тодорхой үнэ цэнэ бүхий хөрөнгө байх шинж, эд зүйлийг бий болгоход чиглэсэн гэрээний хэрэгжилтээр захиалагчид өмчлөх эрх үүсдэгээрээ өөр хоорондоо зарим талаар төстэй. Гэвч ажил гүйцэтгэх гэрээ нь тодорхой эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээс гадна тухайн хөрөнгийг бий болгох үйл явц буюу ажилд хяналт тавих, ажил гүйцэтгэгчид зохих дэмжлэг үзүүлэх зэрэг дагалдах эрх, үүргүүдийг захиалагчид үүсгэдэг. Харин худалдах, худалдан авах гэрээнд гэрээний зүйл болох хөрөнгийг бий болгох, өөрчлөх зэрэг үйл явц хамааралгүй, талуудын харилцан дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг хэрэгждэггүй онцлогтой.

 

Дээр дурдсан хоёр гэрээний ижил болон ялгаатай шинжүүд, гэрээний тохиролцоо, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцсэн худалдах, худалдан авах гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Б нь хариуцагч ТП ХХК-ийн барьж, ашиглалтад оруулах Т хотхоны 2 дугаар байрны 5* тоот орон сууцыг урьдчилгаа төлбөр төлж, байр бэлэн болж, хүлээн авсны дараа үлдэгдэл төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр худалдан авч байгаа хэлбэр бөгөөд тэрээр барилгын ажлын явцад хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээгээгүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

6.Нэхэмжлэгч С.Б нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар гэрээний нийт үнэ болох 101,660,000 төгрөгөөс гэрээ байгуулсан даруйд 30% буюу 30,498,000 төгрөг, карказ, дүүргэлт хийгдсэнээр удаах 30% буюу 30,498,000 төгрөг, байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар үлдэгдэл 40% болох 40,664,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байснаас эхний хоёр удаагийн төлбөрт 2019.04.22-ны өдөр 21,597,000 төгрөгийг дансаар, 2020.04.29-ний өдөр 50,830,000 төгрөгийг бэлнээр, нийт 72,427,000 төгрөгийг хариуцагч ТП ХХК-нд тус тус төлсөн, тус баримтуудад тухайлсан утга бичигдээгүй байх ба, нэхэмжлэгч С.Б нь гарааш авахаа больсон гэж тайлбарлан, зөвхөн орон сууцаа хүлээн авахыг шаардаж байх тул энэхүү шаардлагын хүрээнд дүгнэлт хийх нь зүйтэй.

 

Хариуцагч ТП ХХК нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар орон сууцыг 2020 оны 04 дүгээр улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах үүрэгтэй байхад уг үүргээ биелүүлээгүй, тэрээр маргааны зүйл болсон Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/ Наадамчдын зам гудамж, 286б тоотод байрлах үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2020.04.10-ны өдөр 30%-ийн гүйцэтгэлтэй, 2020.05.11-ний өдөр 60%-ийн гүйцэтгэлтэй, 2020.06.26-ны өдөр 70%-ийн гүйцэтгэлтэй, 2020.09.30-ны өдөр 90%-ийн гүйцэтгэлтэйгээр тус тус өөрийн байгууллагын нэр дээр гаргуулан авсан, тэрээр 2020.08.11-ний өдөр Буянт-Ухаа ОУНБ-тай барилгын цэвэр бохир, дулааны шугамын өргөтгөлийн ажил гүйцэтгэх талаар хамтран ажиллах гэрээг байгуулж, орон сууцыг цэвэр, бохир, дулааны шугамд холбосон, 2020.12.17-ны өдрийн Бичил глобус финанс ББСБ ХХК-тай байгуулсан 500,000,000 төгрөгийн, сарын 2,9%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу тус үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж байжээ.

 

Улмаар хариуцагч ТП ХХК нь 2021.03.01-ний өдөр Нийслэлийн Газрын албанаас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо /газрын гэрчилгээнд бичигдсэнээр ** дугаар  хороо/-нд байрлах газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан байх бөгөөд 2022.06.1*-ны өдөр барилга, байгууламжийг ашиглалтад оруулж, холбогдох үүрэг даалгаврыг биелүүлж, 2022.10.21-ний өдөр дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна.  

 

7.Ийнхүү хариуцагч ТП ХХК нь 2022.04.25-ны өдөр, 2022.05.12, 2022.07.07-ны өдрүүдэд “..байрыг байнгын ашиглалтад хүлээн авахаар тогтсон, ...орон сууцны түлхүүр гардуулах нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан, ...үлдэгдэл 40%-ийн төлбөрийг, байрны м.кв талбайн нэмэгдсэн өртөг болох 300,000 төгрөгийг төлж, байраа хүлээж авах, биечлэн уулзаж, тохиролцох шаардлагатай, ...ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй тохиолдолд төлбөрийн чадваргүйд тооцож гэрээ цуцлах болох...”-ыг нэхэмжлэгч С.Бд мэдэгдэж байжээ.

 

Харин нэхэмжлэгч С.Б нь 2022.04.25, 2022.05.12, 2022.07.07-ны өдрүүдэд “...бид байрыг 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орно гэж тэвчээртэйгээр хүлээж байсан, гэвч байр тогтсон хугацаандаа ашиглалтад ороогүй, гэтэл байрны м.кв тутамд мөнгө нэмнэ гэж дарамталж байгааг зөвшөөрөхгүй, та бүхэн гэрээний 6.7 дахь заалтыг зөрчиж байна, гэрээнд заасны дагуу би үлдэгдэл төлбөрийг байрны гэрчилгээ гарсны дараа ипотекийн зээлд хамрагдан төлөх хүсэлтэй...” гэсэн агуулга бүхий хариуг хариуцагч ТП ХХК-нд өгч байсан ба, зохигчид энэ талаар маргаагүй.

 

Өөрөөр хэлбэл, гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд ийнхүү санал гаргасан тал нь нөгөө талдаа 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдсэний үндсэн дээр талууд харилцан тохиролцож, нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг шийдвэрлэх ба гэрээний хавсралт, нэмэлт өөрчлөлтүүд нь гэрээний салшгүй хэсэг болохоор байна.

 

Хариуцагч ТП ХХК нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар орон сууцны 1 м.кв талбайн үнэ болох 1,1*0,000 төгрөгийг, 1 м.кв талбайн хэмжээ тутамд 300,000 төгрөгөөр нэмэгдүүлж, өөрчлөлт оруулах саналыг нэхэмжлэгч С.Бд хүргүүлсэн байх боловч нэхэмжлэгч С.Б тухайн саналыг хүлээн авах боломжгүй байдлаа илэрхийлсэн учраас зохигчид тохиролцоонд хүрч чадаагүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан нөхцөл буюу 1 м.кв талбайн үнэ 1,1*0,000 төгрөг байх тохиролцоо хэвээр үлджээ.

 

8.Түүнчлэн зохигчид гэрээний 6 дугаар зүйлийн 6.7-д зааснаар гүйцэтгэгч буюу хариуцагч ТП ХХК нь гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байхаар тохиролцсон, гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг цуцлахаар зохицуулсан байх бөгөөд гэрээний үнэд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зохигчид харилцан тохиролцоонд хүрээгүй явдал нь гэрээ цуцлах үндэслэл болохгүй юм.

 

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.4-т зааснаар гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээ байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй бөгөөд гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзэхээр байна.

 

9.Монгол улсад 2020 оны 03 сард Ковид-19 өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн байх бөгөөд Монгол улсын Засгийн газар 2020.11.11-ний өдөр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоолыг гаргаж, уг тогтоолын дагуу эрх бүхий байгууллагууд холбогдох арга хэмжээ авсан болох нь нийтэд илэрхий үйл баримт юм.

 

Тодруулбал, 2022.05.12-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн орон сууцны барилгын нэгж талбайн үнийн өсөлт тодорхойлсон тайлангаар 2019 оноос 2021 оны хооронд нэгж талбайн үнийн өсөлтийг 2021 оны эцсийн байдлаар 932,000 төгрөг болохыг тодорхойлсон байх боловч хариуцагч тал нь Ковид-19 өвчний нөхцөл байдал болон бусад шалтгааны улмаас орон сууцны 1 м.кв тутамд үнэ нэмэхээс аргагүй нөхцөл байдалд орсон шалтгаанаа нэхэмжлэгч талтай ярилцаж, гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар харилцан зөвшилцөж шийдвэрлэх учиртай, зөвшилцөх талаар харилцан ярилцсан, албан бичиг бие биедээ хүргүүлсэн байх боловч тохиролцоонд хүрч чадаагүй, гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэж чадаагүй, гэрээний хуучин нөхцөл хэвээр үлдсэн болох нь нэгэнт тогтоогдсон тул энэ талаарх хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ТП ХХК нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар байрыг 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулсан байсан бол зохигчдын маргааны зүйл болсон дээр дурдсан нөхцөл байдал үүсэхгүй байсан гэж үзэхээс гадна Иргэний хуулийн 220, 221 дүгээр зүйлд зааснаар цаг хугацааны хувьд Ковид-19 өвчний улмаас улсын хилээр бараа бүтээгдэхүүн орж ирэхгүй болсон явдал нь байрны 1 м.кв талбайн үнийг өсгөхөөс аргагүй байдалд хүргэсэн, үүний улмаас хариуцагч ТП ХХК нь байраа нэхэмжлэгч С.Бд хүлээлгэн өгөх боломжгүй болсон нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй, гэрээний суурь үндэс болсон харилцаа бүрэн өөрчлөгдөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэхгүй, хариуцагч ТП ХХК гэрээнээс татгалзах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

 

10.Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгч С.Б нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.1-д заасан эхний 2 шатны төлбөр төлөх үүргийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар хугацаанд, зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч ТП ХХК нь байрыг 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж, түлхүүр гардуулан өгөх үүргээ хугацаанд нь, зохих ёоор, шударгаар биелүүлж чадаагүй болох нь тогтоогдсон, тэрээр “...тус орон сууцыг гуравдагч этгээдэд бартерын төлбөрт өгсөн...” гэж тайлбарлах боловч энэ талаар хэрэгт авагдсан ямар нэгэн бичгийн баримт байхгүй, хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй болно.

 

Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д зааснаар хоёр талын гэрээнд үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно. Харин гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар хариуцагч ТП ХХК нь байрыг ашиглалтад оруулж, түлхүүр гардуулан өгөх үүргээ эхлээд биелүүлсний дараа нэхэмжлэгч С.Б нь үлдэгдэл төлбөр болох 29,233,000 /101,660,000 төг - 72,427,000 төг/ төгрөгийг төлөх үүргээ биелүүлэх учир хариуцагч ТП ХХК-нд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч С.Бд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар маргааны зүйл болсон Хан-Уул дүүргийн ** дугаар  хороо, Нисэхийн ***** цогцолборын хажууд байрлах, Т хотхон, 2 дугаар байрны 1* дугаар давхар, 5* тоотод байрлах, 88,4 м.кв, 4 өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтын хамт хүлээн авахыг шаардах, нөгөө талаар хариуцагч ТП ХХК нь дурдсан шаардлагын дагуу орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй болно.

 

11.Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч ТП ХХК-ийг гэрээний хугацааг хэтрүүлж байрыг 2020 оны 04 дүгээр улиралд ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй гэж үзэн түүнээс 2021.01.01-ний өдрөөс 2022.12.21-ний өдрийг хүртэл нийт 719 хоногийн алданги болох 36,213,500 /төлсөн 72,427,000 төг * 0,1% = 72,427 төг * 719 хон/ төгрөгийг гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг үндэслэн шаардаж байна.

 

Хариуцагч ТП ХХК нь барилга, байгууламжийг 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах үүрэгтэй байтал 2022.06.1*-ны өдөр ашиглалтад оруулсан, тэрээр хугацаа хэтрүүлсэн байдал тогтоогдож байх боловч энэ нөхцөл байдал өөрөөс нь бус харин Нийслэлийн Газрын албанаас шалтгаалсан гэх хариуцагч талын тайлбар, татгалзлыг түүний үндэслэл болгосон Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын 2020.08.14-ний өдрийн 10-8/160 тоот “...гурвалсан гэрээгээр манай харьяа салбар шугамыг өргөтгөж хамтран ажиллах болсон бөгөөд манай харьяа салбар шугамаас огтолгоо авахад татгалзах зүйлгүй...” гэсэн утга бүхий албан бичиг, 2020.08.11-ний өдрийн ТП ХХК, Буянт-Ухаа ОУНБ-ын хооронд байгуулсан “барилгын цэвэр бохир, дулааны шугамын өргөтгөлийн ажил гүйцэтгэх талаар хамтран ажиллах гэрээ” гэсэн баримтууд нотолсонгүй. Учир нь эдгээр баримтаас Нийслэлийн Газрын алба үүргээ биелүүлээгүйгээс ТП ХХК түүний үүргийг өмнөөс нь гүйцэтгэсэн гэх байдал харагдсангүй.

 

Харин гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т заасан “гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд нь барилгыг ашиглалтад оруулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1%-тай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө” гэсэн тохиролцоонд гүйцэтгэгчийн буюу хариуцагч ТП ХХК-ийн гүйцэтгээгүй үүрэгт юуг ойлгох, ямар үнийн дүнгээс тооцох нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч тал уг заалтыг үндэслэн өөрийн төлсөн 72,427,000 төгрөгөөс алданги тооцон 36,213,500 төгрөгийг хариуцагч талаас шаардах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

12.Иймд гэрээнд заасны дагуу Хан-Уул дүүргийн ** дугаар  хороо, Нисэхийн ***** цогцолборын хажууд байрлах, Т хотхон, 2 дугаар байрны 1* дугаар давхар, 5* тоотод байрлах, 88,4 м.кв, 4 өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтын хамт нэхэмжлэгч С.Бд хүлээлгэн өгөхийг хариуцагч ТП ХХК-нд даалгаж, нэхэмжлэлээс үлдэх алданги 36,213,500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч С.Бгийн 2022.12.21-ний өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 479,418 /70,200+70,200+339,018/ төгрөг, 2023.05.11-ний өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 525,850 төгрөг, нийт 1,005,268 /479,418+525,850/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ТП ХХК-иас 666,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бд олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасантай нийцнэ.

 

13.Нэхэмжлэгч С.Бгийн гарган өгсөн Ягшуур ХХК, Уран-Асар ХХК-иудын талбайн хэмжээ тооцсон тайлангуудаар маргааны зүйл болсон 88,4 м.кв талбай нь 87,90 м.кв талбай болохыг тогтоосон байх боловч энэ нь маргааны зүйлд хамааралгүй тул хэмжилтийн тайлангуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* дугаар зүйлийн 11*.2., 11*.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Хан-Уул дүүргийн ** дугаар  хороо, Нисэхийн ***** цогцолборын хажууд байрлах, Т хотхон, 2 дугаар байрны 1* дугаар давхар, 5* тоотод байрлах, 88,4 м.кв, 4 өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтын хамт нэхэмжлэгч С.Бд хүлээлгэн өгөхийг хариуцагч ТП ХХК-нд даалгаж, нэхэмжлэлээс үлдэх алданги 36,213,500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Бгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,005,268 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ТП ХХК-иас 666,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бд олгосугай.

 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.ЭНХТУЯА