Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2023/01411

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суугч, Ч.У-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: тоот хаягт байрлах Н ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлс 7,923,324 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Алтанцэцэг,

Хариуцагчийн төлөөлөгч О.Бэлгүүнзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ёндон хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.У- хариуцагч Н ХХК-д холбогдуулан ажлын хөлс 7,923,324 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Ч.У- шүүхэд болон төлөөлөгч Д.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тус компанитай ажил үүргээр хангах ажиллуулах гэрээ байгуулсан. Гэрээний үүргээ биелүүлж нийт 15,000,000 төгрөг авахаас ашиг татвар хассаар 7,923,324 төгрөгийн цалин авахаар тус компанийн ерөнхий нягтлан бодогчтой тооцоо нийлсэн. 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг дуустал 78 удаагийн рейсээр тээвэрлэлт хийсэн бөгөөд энэ хугацааны хөлсийг авсан. Харин  2021 оны 01 дүгээр сарын 09, 11, 13, 15, 19, 23-ны өдрийн 6 удаагийн рейсээр тээвэрлэлт хийсэн 7,923,324 төгрөгийг аваагүй тул гаргуулна гэв.

 

2.Хариуцагч Н ХХК шүүхэд болон төлөөлөгч О.Бэлгүүнзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.У- нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрүүдэд Таван толгой Цагаан хад Таван толгой чиглэлд 89-91 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 3 удаагийн  тээвэрлэлт гүйцэтгэж 214.75тн ачааны тээврийн хөлс болох 12,500 юанийг өөрийн төрсөн дүү Ч.Ууганбаярын нэрийн Хаанбанкны 5019** тоот дансаар 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлэн авсан. Мөн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд 8-91 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 12 рейс, 82-09 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 66 удаагийн тээвэрлэлт хийсэн байна. Дээрх гүйцэтгэсэн ажлын хөлс болох нийт 167,137,150 төгрөгөөс замын төлбөрт 16,276,036 төгрөг, дизель түлш 34,088,889 төгрөг, урьдчилгаа цалин 7,797,500 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 484,000 төгрөг, компанийн суутгал 15,956,116 төгрөг нийт 58,326,505 төгрөгийг суутгаж, үлдэх  92,547,493 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Ч.Ууганбаярын нэрийн Хаан банкны 5019** тоот дансруу 58,678,337 төгрөг, 30,535 юань, Наранцацралт Хаан банкны 5450** тоот дансанд 23,770,054 төгрөгийг шилжүүлж, 2,070,797 төгрөгийг илүү төлсөн байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Н ХХК-д тооцооны нягтлан бодогч Ц.Буяннэмэхтэй хийгдсэн "Тооцооны үлдэгдлийн баталгаа" нэртэй баримтыг тусгасан боловч уг баримт нь үнэн зөв, хүчин төгөлдөр баримт биш юм. Тооцооны нягтлан бодогч нь "нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтлөх, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хэвийн жигд тасралтгүй явуулах, хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ахлах ня-бо санхүүгийн үнэн зөв мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх” үндсэн чиг үүрэгтэй, компанийн дотоодод ажилладаг албан тушаалтан  бөгөөд тооцооны нягтлан бодогч нь гадагш чиглэсэн үйл ажиллагаа явуулах, бусад хүн хуулийн этгээдтэй компанийн нэрийн өмнөөс тооцоо нийлэх, түүнийг баталгаажуулах, эрх зүйн үр дагавар бий болгох аливаа хэлцэл хийх эрхтэй этгээд биш бөгөөд тооцооны нягтлан бодогч Ц.Буяннэмэхэд тийм эрх олгогдоогүй, Тооцооны нягтлан бодогч Ц.Буяннэмэх нь ажлаас гарах үедээ Ч.У-тай тооцоо нийлэх, баримт үйлдсэн бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажилласан мэтээр тусгасан. Гэтэл Ч.У- 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажлаас гарч, өөрийн өмчлөлийн 82-09 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөр хуулийн этгээдэд шилжүүлүүлсэн байдаг. Ч.У-т 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 9,333,270 төгрөгийг шилжүүлэн ажлын хөлсийг бүрэн төлсөн гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Ажил үүргээр ханган ажиллуулах 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн гэрээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа, пүүний баримт болон нүүрсний падаан зэрэг баримтыг,

Хариуцагчаас нотлох баримтаар тээврийн тооцоо тулгалт гэх санхүүгийн баримтуудыг  баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр Ч.Ууганбаярын 5019** тоот дансны 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх, М.Наранцацралын 5450** тоот дансны 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дансны хуулга зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

        4.Нэхэмжлэгч Ч.У- нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан ажлын хөлс 7,923,324 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: тус компанийн ерөнхий нягтлан бодогчтой тохиролцож, тооцоо нийлж 7,923,324 төгрөг авахаар болсон тул шаардах эрхтэй гэж тайлбарлав.

         5.Хариуцагч Н ХХК нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Тооцооны нягтлан бодогч Ц.Буяннэмэхэд Ч.У-тай тооцоо нийлэх, баримт үйлдэх талаар компанийн удирдлагаас эрх олгоогүй. Ажлын хөлсийг бүрэн төлсөн гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ажил үүргээр ханган ажиллуулах 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн гэрээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа, пүүний баримт болон нүүрсний падаан зэрэг баримт, тээврийн тооцоо тулгалт гэх санхүүгийн баримтууд, Ч.Ууганбаярын 5019** тоот дансны 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх, М.Наранцацралын 5450** тоот дансны 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

7.Талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ажил үүргээр ханган ажиллуулах гэрээ байгуулжээ. Уг гэрээнд Иргэний хуулийн 359-368 дугаар зүйлд заасан үндэслэл, журмыг баримтлан дор дурдсан нөхцлөөр буюу гэрээний 2.1.Ажилтныг хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс нь гэрээнд заагдсан ажлаар нь хангах, ажлын талаар зайлшгүй шаардлагатай зааварчилгаа өгнө, 2.5.Хөдөлмөрийн үр дүнд тохирсон хөлс олгоно, 4.2.Манай компани үйл ажиллагааны зардалд 60¥ доош ханштай бол 60,000 төгрөг, 60¥-с дээш 90¥ хүртэл 5¥,  90¥-с дээш үнэлгээтэй бол 10¥ шимтгэлтэй болгон суутган авна, 5.1.Энэхүү 2271 УНА улсын дугаартай SINOTRUCK маркийн тээврийн хэрэгсэл, CSQ маркийн 5414 чиргүүл 1 ширхэг эдгээр тээврийн хэрэгслүүдийг зарж борлуулах болон ямар нэгэн байдлаар гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй гэдгээ баталж байна” гэж харилцан тохиролцсоноор ажиллуулагч хөлс төлөх үүрэг хүлээсэн энэхүү гэрээг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэг заасан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. /хавтаст хэргийн 4-5 тал/

 

8.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч байгууллагын нягтлан бодогч Ц.Буяннэмэх нь “2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр талд хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Н ХХК 7,923,324 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав” гэж гарын үсэг зурж тамга тэмдэгээр баталгаажуулсан байна. /хавтаст хэргийн 6 тал/

 

9.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Нягтлан бодогч нь мэргэжлийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллах ерөнхий үүрэгтэй гэж, мөн хуулийн 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно гэж, 3.1.9."нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг" гэж бүртгэлийн суурь, санхүүгийн тайлан гаргахад баримтлах зарчмыг тодорхойлсон журам, заавар, аргачлалыг багтаасан баримт бичгийг гэж, 13.1.Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно, 13.5.Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна” гэж зохицуулсан байна.

 

10.Хариуцагч Н ХХК нь ажлын хөлсийг Ч.У-ын дүү Ч.Ууганбаярын 5019** тоот данс, эхнэр М.Наранцацралын 5450** тоот данснаар шилжүүлсэн гэх тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгч энэ тухайд маргаагүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ.

 

11.Иргэний хуулийн 362 дугаар зүйлийн 362.1 дэх хэсэгт зааснаар “Ажиллуулагч нь ажил, үйлчилгээг хүлээн авах хугацааг хойшлуулсан, хүлээн авахаас татгалзсан тохиолдолд ажиллагч нь цаашид хийх ажлаа гүйцэтгэхээс татгалзаж тохиролцсон хөлсийг шаардах эрхтэй” байна

 

12.Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагчийн гүйцэтгэх ажилд ажилуулагч нь  хөдөлмөрийн үр дүнд тохирсон хөлс олгоно, компани үйл ажиллагааны зардалд 60 юань доош ханштай бол 60,000 төгрөг, 60 юань дээш 90 юань хүртэл 5 юань,  90 юань дээш үнэлгээтэй бол 10 юань шимтгэлтэй болгон суутган авч, ажлын хөлс олгохоор тохиролцсон байх ба нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн үзэхэд Н ХХК нь 7,923,324 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталж, тооцоо нийлсэн акт үйлдсэн боловч  Н ХХК-ийн “Тээврийн тооцооны тулгалт” гэх /хавтаст хэргийн 55-56, 60-61 тал/  баримтаар 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийг дуустал хугацаанд Ч.У- нь 81 удаагийн тээвэрлэлт хийж 167,137,150 төгрөгийн хөлс бодогдож үүнээс 58,326,505.75 төгрөгийг суутгаж, үлдэх 92,547,493.25 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байх ба үүнийг нэхэмжлэгчийн төлөөлөгч үгүйсгээгүй зөвшөөрсөн тайлбар гаргаж мэтгэлцэв.

 

13.Харин нэхэмжлэгч тал шүүх хуралдааны үед 2021 оны 01 дүгээр сарын 09, 11, 13, 15, 19, 23-ны өдрийн 6 удаагийн рейсээр тээвэрлэлт хийсэн 7,923,324 төгрөгийг аваагүй тул хариуцагчаас шаардаж байна гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлж байна.

 

14.Хариуцагч Н ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 6 удаагийн рейсээр тээвэрлэлтийн хөлс 7,923,324 төгрөг төлөхөөс Ч.У-т 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 9,333,270 төгрөгийг шилжүүлэн 2,070,797 төгрөгийг илүү төлсөн гэх тайлбар нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 126 тал/-аар тогтоогдож байна.

 

15.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.У- нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд 81 удаагийн тээвэрлэлт хийж 167,137,150 төгрөгийн хөлс бодогдож үүнээс 58,326,505.75 төгрөгийг гэрээнд заасан нөхцөлөөр суутгаж, үлдэх 92,547,493.25 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны депозит дансны хуулга, Тээврийн тооцооны тулгалтын баримт зэргийг нягтлан тооцож үзэхэд хариуцагч Н ХХК нь 7,923,324 төгрөгийн өртэй гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

 

 16.Иймд хариуцагч Н ХХК-иас ажлын хөлс 7,923,324 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Ч.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

17.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,723 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н ХХК-иас ажлын хөлс 7,923,324 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Ч.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,723 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ