Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01426

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01426

 

*.* ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2023/01411 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.*

Хариуцагч: * ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлс 7,923,324 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бэлгүүнзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр * ХХК-тай ажил үүргээр хангах ажиллуулах гэрээ байгуулж, 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг дуустал 78 удаагийн рейсээр тээвэрлэлт хийсэн. 2021 оны 01 дүгээр сарын 09, 11, 13, 15, 19, 23-ны өдрийн 6 удаагийн рейсээр тээвэрлэлтийн хөлсийг * ХХК нь төлөөгүй. Тус * ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчтой тооцоо нийлсэн ба тооцоогоор хариуцагч нь 7,923,324 төгрөгийг надад төлөх өглөгөтэй гарсан.

Иймд * ХХК-иас ажлын хөлсж 7,923,324 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэгчийн нийт ажлын хөлс 167,137,150 төгрөгөөс замын төлбөр 16,276,036 төгрөг, дизель түлш 34,088,889 төгрөг, урьдчилгаа цалин 7,797,500 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 484,000 төгрөг, компанийн суутгал 15,956,116 төгрөг, нийт 58,326,505 төгрөг суутгаж, үлдэх 92,547,493 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид шилжүүлсэн ба 2,070,797 төгрөгийг илүү төлсөн байна.

2.2 * ХХК-ийн тооцооны нягтлан бодогч Ц.Б ийн үйлдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь үнэн зөв, хүчин төгөлдөр баримт биш. Тооцооны нягтлан бодогч нь гадагш чиглэсэн үйл ажиллагаа явуулах, бусад хүн хуулийн этгээдтэй компанийн нэрийн өмнөөс тооцоо нийлэх, түүнийг баталгаажуулах, эрх зүйн үр дагавар бий болгох аливаа хэлцэл хийх эрхтэй этгээд биш бөгөөд түүнд тийм эрх олгогдоогүй. Тооцооны нягтлан бодогч Ц.Б нь ажлаас гарах үедээ *.* тай тооцоо нийлэх баримт үйлдсэн бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажилласан мэтээр тусгасан. *.* т 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 9,333,270 төгрөгийг шилжүүлэн, ажлын хөлсийг бүрэн төлсөн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч * ХХК-аас ажлын хөлс 7,923,324 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч *.* ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,723 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Нэхэмжлэгч *.* нь * ХХК-аас олгогдоогүй 2021 оны 01 дүгээр сарын ажлын хөлс 7,923,324 төгрөг нэхэмжилж байхад шүүхээс 2020 оны 01дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд 81 удаагийн тээвэрлэлт хийж 167,137,150 төгрөгийн хөлс бодогдож үүнээс 58,326,505.75 төгрөгийг гэрээнд заасан нөхцөлөөр суутгаж,үлдэх 92,547,493.25 төгрөгийг шилжүүлсэн нь * ХХК нь 7,923,324 төгрөгийн өртэй гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.2 Тээврийн тооцоо тулгалт гэсэн баримтад *.* ын 2021 оны 01 дүгээр сарын ажлын хөлсийг 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлснээр бичсэн байдаг. Үүгээр 2021 оны 01 дүгээр сард хийх ажлын хөлсийг ажлаа хийгээгүй байхад шилжүүлсэн гэдэг нь үндэслэлгүй. Мөн * ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа ...*.* т 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 9,333,270 төгрөгийг шилжүүлэн ажлын хөлсийг бүрэн төлсөн гэдэг. Гэтэл тээврийн тооцоо тулгалт гэсэн баримтад *.* ын 2021 оны 01 дүгээр сарын ажлын хөлс биш 2020 оны 11 дүгээр сарын ажлын хөлс 9,333,270 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн нь батлагдаж байгаа.

4.3 Тооцооны үлдэгдлийн баримтад нягтлан бологч Ц.Б болон нэхэмжлэгч гарын үсэг зурсан. Анхан шатны шүүх *.* ын 2021 оны 01 дүгээр сарын ажлын хөлс 7,923,324 төгрөгийг өгсөн баримт байхгүй байхад нэхэмжлээгүй өмнөх онд хийсэн бүх ажлын хөлсийг бөөгнүүлэн бодсон баримтыг ашиглан таамгаар дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Рейс тус бүрийг тооцон гаргахад төвөгтэй байдаг. Нийт хэдэн рейс явсан, түүнээс хасагдах зардлыг тооцон, үлдэх мөнгөө буцаан шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй. * ХХК *.* нар гэрээ байгуулан 81 удаа рейс хийсэн бөгөөд тооцоо нийлж, баримтыг шүүхэд гаргасан. Хамгийн сүүлд 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр рейс хийж, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 9,333,270 төгрөг төлсөн. Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтын эх хувь компанид байхгүй, тухайн баримтыг үйлдсэн нягтлан бодогчид баталгаа гаргах эрх олгоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч * ХХК-д холбогдуулан ажлын хөлс 7,923,324 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч шаардлагыг ...ажлын хөлсийг төлсөн, Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь үнэн зөв, хүчин төгөлдөр биш гэж маргасан.

 

3. Талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Ажил үүргээр ханган ажиллуулах гэрээ-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаар хангаж, үр дүнд тохирсон хөлс олгох, нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн хууль тогтоомж болон гэрээгээр хүлээсэн үүрэг биелүүлэхээр харилцан тохиролцсон. /хх 5-6/ Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Түүнчлэн, уг гэрээний дагуу 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч нь хариуцагчийн захиалгын дагуу тээвэрлэлт хийсэн, хариуцагч нь хөлс төлж байсан үйл баримт тогтоогдсон байна.

 

4. Анхан шатны шүүх тэдний хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн 2021 оны 01 дүгээр сарын 09, 11, 13, 15, 19, 23-ны өдрийн буюу нийт 6 удаагийн тээвэрлэлтийн хөлс 7,923,324 төгрөгийг хариуцагч төлсөн эсэх нь маргааны зүйл нь болжээ.

 

5.1 Анхан шатны шүүх ...хариуцагч нь 2021 оны 01 дүгээр сарын 6 удаагийн тээвэрлэлтийн хөлс 7,923,324 төгрөг төлөхөөс *.* т 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 9,333,270 төгрөгийг шилжүүлж, 2,070,797 төгрөгийг илүү төлсөн, ...* ХХК нь 7,923,324 төгрөгийн өртэй гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Гэрээний 4.3-т Гэрээний биелэлтийг захиалагч болон хөлсөөр ажиллагч нар харилцан дүгнэж гэрээ, протокол үйлдэнэ гэж заасан. Хариуцагч нь ажиллуулагчийн хувьд гэрээг дүгнэх үүрэгтэйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тохирсон хөлсийг төлсөн буюу нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй.

 

5.2 Хэргийн 60 дугаар талд авагдсан, хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гаргасан Тээврийн тооцоо тулгалт 2020-2021 он гэх баримтын 64-69 дэх хүснэгтэд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 9,333,270 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон талаар, мөн хэргийн 126 дугаар талд авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганд хариуцагчаас 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгчид дээрх 9,333,270 төгрөгийг 8209 өмэ т.х 10,11,12-р сар гэх утгаар шилжүүлсэн талаар тус тус тусгасан.

 

5.3 Мөн хэргийн 7 дугаар талд Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт авагдсан байх бөгөөд уг баримтад 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр талд хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд * ХХК нь 7,923,324 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав гэжээ. Баталгаанд нэхэмжлэгч *.* , хариуцагч байгууллагын нягтлан бодогч Ц.Б нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

5.4 Дээрх баримтуудыг харьцуулан дүгнэвэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар үгүйсгэж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн ...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 9,333,270 төгрөг нь 2021 оны 01 дүгээр сарын 09, 11, 13, 15, 19, 23-ны өдрийн буюу нийт 6 удаагийн тээвэрлэлтийн хөлс гэх тайлбар баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажлын хөлс 7,923,324 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 7,923,324 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2023/01411 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч * ХХК-аас 7,923,324 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *.* т олгосугай. гэж,

2 дахь заалтын үлдээсүгэй. гэснийг үлдээж хариуцагч * ХХК-аас 141,723 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *.* т олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 141,723 төгрөгийг буцааж олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН