Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2023/01443

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч Г.О- гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоот хаягт оршин суугч Н.А-  /регистрийн дугаар ХБ81111925/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 27,000,000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.О-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнсувд нарыг оролцуулан, хариуцагчийн төлөөлөгч Г.Хатанбүүвэй хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.О- нь хариуцагч Н.А- д холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 27,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Г.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Н.А- тай 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Н.А- тай тохиролцсоны үндсэн дээр 2 сарын төлөгдөөгүй хүү болох 3,000,000 төгрөгийг үндсэн зээлийн дүнд  шилжүүлэн тооцож 1 жилийн хугацаатай сар бүр 5 хувийн хүү төлөх, гэрээний хугацаа хэтрүүлсэн нөхцөлд төлөгдөөгүй зээлийн дүнгээс 0,5 хувиар тооцон алданги төлөх нөхцөлтэй 18,000,000 төгрөг зээлдүүлэх гэрээг байгуулж энэ гэрээний үүрэгт үүрэг гүйцэтгэгч Н.А-  нь өөрийн нэр дээр бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 7 дугаар  хороо, Хувьсгалчдийн А-8 дугаар гудамж, 156 тоотод байршилтай Улсын бүртгэлийн Ү-2202022840, Г-2202005115 дугаарт бүртгэлтэй өмчлөгдсөн газар, хувийн орон сууцыг барьцаалсан. Н.А-  нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, ямарч хүү болон зээлээ төлөөгүй. Гэтэл 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Н.А-  төлбөл зохих төлбөрийн дүнд тооцон барьцаалсан газар, үл хөдлөх хөрөнгөө Худалдах, худалдан авах гарээгээр шилжүүлж 3,000,000 төгрөг өгөөч гэсэн хүсэлт гаргахад нь зөвшөөрч харилцан тохиролцож 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Барьцаат зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл хийж улсын бүртгэлд бүртгүүлж барьцааны бүртгэлийг цуцлуулж 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Н.А-  нь зээлийн гэрээгээр хүлээсэн өр төлбөртөө тооцож барьцаанаас чөлөөлөгдсөн, өмчлөгдсөн газар үл хөдлөх хөрөнгөө Худалдах, худалдан авах гэрээгээр Г.О- миний нэр дээр шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.А- д хандан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдийн А-8 гудамж 156 тоотод байршилтай Улсын бүртгэлийн Ү-2202022840, Г-2202005115 дугаарт бүртгэлтэй өмчлөгдсөн газар, хувийн орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан боловч Н.А- гийн сөрөг нэхэмжлэл гаргасныг хангаж, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдийн А-8 гудамж 156 тоотод байршилтай Улсын бүртгэлийн Ү-2202022840, Г-2202005115 дугаарт бүртгэлтэй өмчлөгдсөн газар, хувийн орон сууцыг чөлөөлүүлэхээр 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/03391 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн. Иймд 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл нь хууль мэдэхгүй намайг төөрөгдөлд оруулсан хэлцэл байх тул энэхүү хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний үндсэн зээл 18,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг нийт 27,000,000 төгрөгийг  Н.А- гаас гаргуулна гэв.

 

2.Хариуцагч Н.А-  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.О- нь 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлдээ хууль төөрөгдөлд оруулж хийсэн гэж дурдсан байна. Гэвч дээрх хэлцэл хийх саналыг би гаргаагүй, Г.О- өөрөө гаргасан бөгөөд би зөвхөн гарын үсэг л зурсан. Нэхэмжлэлд дурдагдсан шиг Г.О-г би төөрөгдөлд оруулсан зүйл огт байхгүй. Г.О- ямар учраас өөрийн гаргасан санаандаа төөрөгдсөн талаар би огт мэдэхгүй, бас ойлгохгүй байна. 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээний дагуу надаас 27,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жилгэж заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн  182/ШШ2022/03391 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн  210/МА2023/00232 дугаар магадлал, Зээлийн гэрээнүүд, Барьцааны гэрээ, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид а-8 гудамж, 156 тоот хаягт байршилтай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ, Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, Нотариатчдын бүртгэлийн дэвтэр зэрэг,

Хариуцагчаас нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Г.О- нь хариуцагч Н.А- д холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 27,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Мөнгөө төлж чадаагүй тул 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн тул шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч Н.А-  нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Г.О-г би төөрөгдөлд оруулсан зүйл огт байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн  182/ШШ2022/03391 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн  210/МА2023/00232 дугаар магадлал, Зээлийн гэрээнүүд Барьцааны гэрээ, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид а-8 гудамж, 156 тоот хаягт байршилтай газрын гэрчилгээнүүд, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ, Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, Нотариатчдын бүртгэлийн дэвтэр, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Зээлдүүлэгч Г.О- нь зээлдэгч Н.А- тай 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

8.Талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар зээлдэгч Н.А- д 15,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн тухайд хариуцагч маргаагүй.

9.Харин хариуцагч Н.А-  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жилгэж заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан байна.

 

10.Нэхэмжлэгч Г.О- нь Н.А- тай 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж мөнгийг өгсөн боловч 2 сарын хүүгийн төлбөр 3,000,000 төгрөгийг төлөөгүй тул үндсэн үээл 15,000,000 төгрөг дээрээ 3,000,000 төгрөгийн хүүг нэмж 18,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлдүүлэх зээлийн гэрээг 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дахин байгуулсан гэж тайлбарлав.

 

11.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/03391 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т “Талууд 2015.10.19-ний өдөр хэлцэл гэх баримтыг үйлдсэн байх бөгөөд тус баримтад ...Б тал миний бие А талаас 2015.05.29-нд 15,000,000 төгрөг 10 хувийн хүүтэй авсан. 2015.07.29-нд хүүтэйгээ нийлээд 18 сая төгрөг болсон. Үүнийг харилцан тохирсоны үндсэн дээр хүүг бууруулж 5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ дуусгавар болоогүй байхад А талд өгөх 19 сая 800 мянган төгрөгийн үлдэгдэл үлдсэн байхад А талтай харилцан тохирсоны үндсэн дээр 2015.09.25-ны өдөр өөрийн эзэмшлийн хашаа байшин үл хөдлөх хөрөнгөө худалдах, худалдан авах гэрээ хийж А талын үйл ажиллагаан дээр зээл авахын тулд шилжүүлсэн болно... А тал О-, Б тал А-  гэжээ”, мөн 11-т “Талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар газар, хувийн сууц болох үл хөдлөх эд хөрөнгийг тус бүрийг нь 2,500,000 төгрөгөөр худалдах худалдах, худалдан авах гэрээ хийх хүсэл зоригийг илэрхийлээгүй, нэхэмжлэгч О- нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч зээл авах зорилгоор талууд тохиролцож, дүр үзүүлэн худалдах, худалдан авах гэрээг хийсэн болох нь зохигчийн тайлбар, дээрх үйл баримтаар тогтоогдож байна”, мөн 19-т “Нэхэмжлэгч нь хариуцагчтай холбогдох зээлийн гэрээний үүргийн талаар шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй” гэж дүгнэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчид а-8 гудамж, 156 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Г-2202005115 дугаартай, 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2202022840 дугаартай, 62 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Н.А- гийн өмчлөлд шилжүүлэн өгөхийг нэхэмжлэгч Г.О-д даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлж, гарахыг даалгах тухай нэхэмжлэгч Г.О-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 6-9 тал/

 

12.Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн  210/МА2023/00232 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/03391 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыгИргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт тус тус зааснаар талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн газар худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А 8 дугаар гудамжны 156 тоот хаягтай, улсын бүртгэлийн Ү-2202022840 дугаарт бүртгэлтэй 62 м.кв талбай бүхий 2 өрөө хувийн сууц, мөн хаягт байрлалтай улсын бүртгэлийн Г-2202005115 дугаарт бүртгэлтэй 421 м.кв өмчлөгдсөн газрыг хариуцагч Н.А- гийн нэр дээр бүртгүүлэхийг нэхэмжлэгч Г.О-д даалгасугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хавтаст хэргийн 31-35 тал/

13.Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

 

14.Талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Үүрэг дуусгавар болох тухай хэлцэл гэх баримтыг үйлдэж, тус хэлцэлд талуудын 2015 оны 07 дугар сарын 24-ний өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тул уг гэрээг дуусгавар болсонд тооцов, мөн үүрэг гүйцэтгүүлэгч Г.О- барьцааны зүйл болох газар, хувийн сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг зөвшөөрч байна гэжээ.

 

15.Нэхэмжлэгч Г.О- нь хариуцагч Н.А- тай 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж мөнгийг өгсөн боловч 2 сарын хүүгийн төлбөр 3,000,000 төгрөгийг төлөөгүй тул үндсэн зээл 15,000,000 төгрөг дээрээ 3,000,000 төгрөгийг хүүг нэмж 18,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлийн гэрээг 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дахин байгуулж гарын үсэг зурж баталгаажуулжээ.

 

16.Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд бичгээр байгуулсан зээлийн гэрээний 2.7-д зээлдэгч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд биелүүлээгүй үүргээс хоног тутам 0,5 хувийн алданги тооцно гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Нөгөө талаар зохигчид хүү, алдангийг бичгийн гэрээ байгуулсан үеэс тооцохоор тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан хүү, анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагад нийцжээ.

 

17.Талуудын байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Үүрэг дуусгавар болох тухай хэлцэлд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн  15,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн зээлийн гэрээний талаар огт дурдаагүй байна.

 

18.Иймээс нэхэмжлэгч нь 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 1,500,000 төгрөг, алдангид гүйцэтгээгүй үүрэг болох 16,500,000 төгрөгийн 50 хувиар тооцож 8,250,000 төгрөг нийт 24,750,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

19.Учир нь талууд бичгээр гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн үндсэн дээр хийгдсэн болохыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд мөн хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт “төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасан тул дээрх гэрээг талууд гэрээний эрх чөлөөний зарчимд нийцүүлэн байгуулсан гэж үзнэ. Өмнө нь бичгээр хийсэн гэрээнд талууд алданги тооцох нөхцөлтэй гэрээ байгуулаагүй тул дээрх хуулийн заалтуудыг зөрчихгүй.

 

20.Иймд хариуцагч Н.А- гаас 24,750,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

21.Талуудын үйлдсэн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч Г.О- нь хариуцагч Н.А- д холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 27,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлсон.

 

23.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн  182/ШШ2022/03391 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-т “Улмаар 2015.09.23-ны өдөр Үүрэг дуусгавар болох тухай хэлцэл гэх баримтыг үйлдсэн байх бөгөөд тус хэлцэлд талуудын 2015.07.24-ний өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тул уг гэрээг дуусгавар болсонд тооцов гээд үүрэг гүйцэтгүүлэгч Г.О- барьцааны зүйл болох газар, хувийн сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг зөвшөөрч байна” гэж, мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн  210/МА2023/00232 дугаар магадлалийн хянавал хэсгийн 3.б. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн үүрэг дуусгавар болох тухай хэлцэлд талуудын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тул уг гэрээг дуусгавар болсонд тооцов гээд үүрэг гүйцэтгүүлэгч Г.О- барьцааны зүйл болох газар, хувийн сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг зөвшөөрч байна гэх агуулгаар тусгагджээ” гэж дүгнэсэн болох нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед тогтоогдож байх тул Г.О-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.А- д холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

 

24.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн хүчин төгөлдөр байдалтай холбоотой шаардлагад тоолох тусгай хугацааг хуулиар тодорхойлоогүй тул хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа буюу арван жилийн хөөн хэлэлцэх хугацаа үйлчилнэ. Хэлцэл хийсэн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс хойш тооцвол хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

25.Хариуцагчийн төлөөлөгч Г.Хатанбүүвэй шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд бөгөөд нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэв.

 

26.Нэхэмжлэгч Г.О- нь 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А- гаас улсын тэмдэгтийн хураамжид 281,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.О-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.А- гаас 24,750,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн  дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байх тул Г.О-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.А- д холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШЗ2023/04455 дугаар шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А- гаас  улсын тэмдэгтийн хураамжид 281,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.О-д олгосугай.

 

5.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ