Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2023/01551

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч, О.Г- ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хаягт байрлах Б ББСБ ХХК -нд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт төлсөн 4,542,038 төгрөгийг буцаан гаргуулах тухай

 

           Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.Г-,

Хариуцагч Г.Баярболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Г- нь хариуцагч Б ББСБ ХХК-д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт төлсөн 4,542,038 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч О.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б ББСБ ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ЗГ20/243 тоот гэрээ байгуулж, зээлдэгч нь зээлдүүлэгчид 30,100,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, 2,79 хувийн хүүтэй зээл авч сар бүр 1,497,656 төгрөг  төлөхөөр тохиролцож гэрээний дагуу мөнгөө бүрэн 1,500,000 төгрөг төлж байсан. Засгийн газраас хол хорио тогтоож банк, банк бус байгууллага зээлдэгчээс хүү тооцохгүй гэж орон даяар зарласан. Зээлдүүлэгч байгууллагатай холбогдоход  07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зөвхөн хүүгээ төл гэсний дагуу 745,000 төгрөгийг нийт 5 сар төлсөн. 7 дугаар сар хүрэлгүй мөнгөө бүрэн төлснөөр хугацаандаа дууссан. Мөн 5 сарын хугацаанд хүү нь төлөгдсөн 3,841,845 төгрөгийг бүрэн төлөхөөр гэрээгээ бичүүлж нийт 45,144,514 төгрөг төлсөн. Гэтэл 4,542,038 төгрөгийг төл гэж дарамталсан тул төлсөн. Б ББСБ ХХК нь 4,542,038 төгрөгийг хууль бусаар гэрээ зөрчиж төлүүлсэн гэж үзэж байгаа тул 4,542,038 төгрөгийг гаргуулна гэв.

Хариуцагч Б ББСБ ХХК шүүхэд болон төлөөлөгч Г.Баярболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Г-, О.Нямлхагва, Г.Баттогтох нартай 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ЗГ20/243 тоот зээлийн гэрээ байгуулж 30,100,000 төгрөгийг сарын 2.79 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч О.Г-тай байгуулсан зээлийн гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зээлийг төлүүлсэн. Түүнээс 4,542,038 төгрөгийг хууль бусаар гэрээ зөрчиж төлүүлээгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 20/243 дугаартай зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Төлбөрийн баримтыг,

Хариуцагчаас нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,  итгэмжлэл, Зээл, хүүгийн тооцоолол, Хаан банкны депозит дансны хуулга, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч О.Г- нь хариуцагч Б ББСБ ХХК-д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт төлсөн 4,542,038 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тул илүү үндэслэлгүй төлсөн зээлийн хүүгээ буцаан шаардах эрхтэй гэж тайлбарлав.  

 

5.Хариуцагч Б ББСБ ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: Зээлийн гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зээлийг төлүүлсэн тул буруугүй гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 20/243 дугаартай зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Төлбөрийн баримт, Зээл хүүгийн тооцоолол, Хаан банкны депозит дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Нэхэмжлэгч О.Г- нь хариуцагч Б ББСБ ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 20/243 дугаартай зээлийн гэрээ байгуулж 30,100,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, 2,79 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20 хувиар төлөх нөхцөлтэй зээл авсан нь талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байх ба зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

8.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

 

9.Зээлдэгч О.Г- нь зээлдүүлэгч Б ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл авсан 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл  үндсэн зээл 30,100,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 15,044,514 төгрөг, нийт 45,144,514 төгрөг төлөхөөр тохиролцсон байжээ. /хавтаст хэргийн 5 тал/

 

10.Нэхэмжлэгч О.Г- нь хариуцагч Б ББСБ ХХК-д  зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 45,144,514 төгрөг төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан энэ мөнгөө төлсөн байхад зээлийн гэрээний үүрэгт 4,542,038 төгрөг төлүүлж, үндэслэлгүй завшсан гэж мэтгэлцэж байгаа тайлбар нь дараах баримтаар үгүйсгэгдэж байна.

 

11.Нэхэмжлэгч О.Г- нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл үндсэн зээлээ төлөөгүй байх ба дээрх хугацааны хүүгийн төлбөрт 4,601,744 төгрөг төлсөн байжээ.

 

12.Зээлдүүлэгч  Б ББСБ ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 20/243 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дуусчээ.

 

13.Зээлдэгч нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээл 30,100,000 төгрөг буюу үлдэгдэл 4,659,950 төгрөгийг төлсөн байх ба зээлийн гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дууссан байх ба зээлдүүлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд  зээлийн гэрээнд заасан хэтэрсэн хугацааны хүү тооцсон. Үүнээс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн хүүгийн төлбөрт төлсөн 4,601,744 төгрөгийг хасч, зээлийн гэрээний үүрэгт 4,542,038 төгрөгийг төлүүлсэн болох нь Зээл төлөлтийн тооцоолол дансны хуулга зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 15 тал/  

 

14.Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл 30,100,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр, хэтэрсэн хугацааны хүүний төлбөрт 19,346,622 төгрөг, гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүү 254,760 төгрөг нийт 49,701,382 төгрөг шаардаж үүнээс зээлдэгчийн төлсөн 45,144,514 төгрөгийг хасч тооцож, үлдэх 4,542,038 төгрөгийг төлүүлсэн байдлыг буруутгах, зээлийн хүүгийн төлбөрийг завшсан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй.

 

15.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

16.Шүүх хуралдааны үед нэхэмжлэгч нь “Ковид-19 цар тахал гарч Б ББСБ ХХК-тай утсаар холбогдож зээлийн хүүгээ төлөхгүй байж болно гэсний дагуу зээлээ төлөөгүй, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт бичгээр гаргаагүй тийм боломж байгаагүй” гэж мэтгэлцэв.  

 

17.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн  21.2 дахь хэсэгт “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж зохицуулсан.

 

18.Иймд хариуцагч Б ББСБ ХХК-иас зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 4,542,038 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэгч О.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

19.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,623 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул  хариуцагч Б ББСБ ХХК-иас зээлийн хүүгийн төлбөрт 4,542,038 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэгч О.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай  

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,623   төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.НАРАНГЭРЭЛ