Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01436

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 21 210/МА2023/01436

 

 

О.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 24-ний өдрийн 182/ШШ2023/01551 дугаар шийдвэртэй

О.Г-ын нэхэмжлэлтэй,

Б Д-ББСБ ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт төлсөн 4,542,038 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б Д-ББСБ ХХК-тай 2020 оны 06 сарын 19-ний өдөр ЗГ20/243 тоот гэрээ байгуулж, зээлдэгч нь зээлдүүлэгчээс 30,100,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, 2,79 хувийн хүүтэй зээлсэн. Сар бүр 1,497,656 төгрөг төлөхөөр тохиролцсон ба гэрээний дагуу 1,500,000 төгрөг төлж байсан. Засгийн газраас хөл хорио тогтоож банк, банк бус байгууллага зээлдэгчээс хүү тооцохгүй гэж орон даяар зарласан. Зээлдүүлэгчтэй холбогдоход 07 сарын 01-ний өдрийг хүртэл зөвхөн хүүгээ төл гэснээр 745,000 төгрөгийг 5 сар төлсөн. 7 дугаар сар хүрэлгүй мөнгөө бүрэн төлснөөр хугацаандаа зээл дууссан. Мөн 5 сарын хугацаанд хүү нь төлөгдсөн 3,841,845 төгрөгийг бүрэн төлөхөөр гэрээгээ бичүүлж нийт 45,144,514 төгрөг төлсөн. Гэтэл 4,542,038 төгрөгийг төл гэж дарамталсан тул төлсөн. Б Д-ББСБ ХХК нь хууль бусаар гэрээ зөрчиж төлүүлсэн 4,542,038 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: О.Г-, О.Нямлхагва, Г.Баттогтох нартай 2020 оны 06 сарын 19-ний өдөр ЗГ20/243 тоот зээлийн гэрээ байгуулж 30,100,000 төгрөгийг сарын 2.79 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч О.Г-тай байгуулсан зээлийн гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зээлийг төлүүлсэн. Түүнээс 4,542,038 төгрөгийг хууль бусаар гэрээ зөрчиж төлүүлээгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Б Д-ББСБ ХХК-аас 4,542,038 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,623 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас зээлийн гэрээгээр 30,100,000 төгрөг зээлж хүүнд 15,000,000 орчим төгрөг нийт 45,146,000 төгрөг төлөхөөр гэрээнд тусгаж төлсөн байтал гэрээгээ зөрчиж нэмж үлдэгдэл нэртэй 4,542,038 төгрөгийг төл гэж дарамталснаар төлүүлсөн. Гэвч шүүх энэ мөнгөн дээр ямарч ажиллагаа явуулаагүй. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хөл хорио тогтоож, банк, банк бус санхүүгийн байгууллагад хамаарах заалтыг ямарч хүндэтгэх шалтгаан гэж үзэхгүйгээр банк бустай утсаар ярьж 5 сарын хугацаанд хүү төлсөн гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч О.Г-, хариуцагч Б Д-ББСБ ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт төлсөн 4,542,038 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг бодитой тогтоогоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

4. Талуудын хооронд 2020 оны 06 сарын 19-ний өдөр 20/243 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Б Д-ББСБ ХХК нь 30,100,000 төгрөгийг хэрэглээний зээлийн зориулалтаар, сарын 2,79 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай О.Г-т зээлдүүлж, О.Г- гэрээнд заасан хуваарийн дагуу буюу 2020 оны 06 сарын 19-ний өдрөөс 2022 оны 12 сарын 19-ний өдрийн хугацаанд үндсэн зээл 30,100,000 төгрөг, зээлийн хүүд 15,044,514 төгрөг, нийт 45,144,514 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

5. Хариуцагч зээлийн гэрээний үүргийг 2020 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл зохих ёсоор гүйцэтгэж, харин талууд тохиролцсоноор 2020 оны 11 сарын 19-ний өдрөөс 2021 оны 03 сарын 19-ний өдөр хүртэлх 5 сарын үндсэн зээл 3,841,845 төгрөгийг төлөлтийг хойшлуулж, зээлийн хүүгээ хариуцагч зохих хуваарийн дагуу төлсөн нь хэрэгт авагдсан Зээл төлөлтийн дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Улмаар зээлийн гэрээний хугацаа 2022 оны 12 сарын 19-ний өдөр дуусгавар болсноос хойш буюу 2023 оны 02 сарын 17-ны өдөр хариуцагч О.Г- нь үндсэн зээлийн үлдэгдэл 3,329,145 төгрөг, хүү 427,260 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,440, нийт 3,841,845 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна.

6. Мөн хариуцагч нь 2023 оны 04 сарын 03-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 4,327,678 төгрөг, хүү 178,632 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,726 төгрөг, нийт 4,542,037 төгрөгийг нэхэмжлэгчид төлснийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа үндэслэл бүхий байдлаар шүүхийн өмнө нотлоогүй байна.

Тодруулбал, хариуцагч тал нь шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбартаа дээрх 4,542,037 төгрөг нь нэхэмжлэгч 2020 оны 11 сарын 19-ний өдрөөс 2021 оны 03 сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлийг хойшлуулсан хугацааны зээлийн төлбөр болохыг, уг төлбөрийн тооцооллын задаргаа, мөн 2023 оны 02 сарын 17-ны өдөр нэхэмжлэгчээр төлүүлсэн 3,841,845 төгрөгийн төлбөртэй хэрхэн уялдах, хоорондоо хамааралтай эсэхийг шүүхэд тайлбарлаж чадаагүй байна.

Түүнчлэн хариуцагч талаас шүүхэд гаргасан хоёр удаагийн Зээл төлөлтийн дансны хуулга гэх баримт нь тооцооллын хувьд хоорондоо зөрүүтэй, хариуцагч 4,542,037 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлсэн үндэслэлээ шүүхэд тайлбарлаж чадаагүйг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

7. Иймээс нэхэмжлэгч О.Г-ыг хариуцагч Б Д-ББСБ ХХК-д 2023 оны 02 сарын 17-ны өдөр 3,841,845 төгрөгийг төлснөөр зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх бөгөөд хариуцагч нь 4,542,038 төгрөгийг нэхэмжлэгчээс илүү тооцон авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байвал уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар хуульчилсан. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн 4,542,038 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй, хариуцагч 4,542,038 төгрөгийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 24-ний өдрийн 182/ШШ2023/01551 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б Д-ББСБ ХХК-аас 4,542,038 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Г-т олгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Б Д-ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 87,623 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Г-т буцаан олгосугай гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,623 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ