| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2022/00358/И |
| Дугаар | 181/ШШ2023/00521 |
| Огноо | 2023-02-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2023/00521
| 2023 02 08 | 181/ШШ2023/00521 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 4-р хороо Арцат 1 гудамж 11 тоотод оршин суух Подгор овогт Эрдэнэжавын Сарантуяа /РД:03/,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 18-р хороо 4-р хороолол, 476-31 тоотод оршин суух Подгор овогт Эрдэнэжавын******* /РД:03/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтайн 2-р гудамж өөрийн байр 104 тоотод байрлах Хорол цамхаг ХХК /РД:
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг 17-р хороо Сурагчийн 40-р гудамж 470 тоотод оршин суух Торгууд овогт Раднаагийн Оюунцэцэг /РД:201/
Орон сууц захиалан бариулах гэрээний үүргийн дагуу захиалсан орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хорол Цамхаг ХХК болон Э.Золзодмаа нарын хооронд байгуулсан 2018 оны №ХЦ-ЗГ-19/37 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,
Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Алтай 2-р гудамжинд байрлах 419-р байрны 8-н давхрын 802 тоот 32.41 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Р.Оюунцэцэгийн нэр дээр гаргуулахыг хариуцагч******* ХХК-д даалгах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай, өмгөөлөгч Б.Зулбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэтулга, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Ган-Эрдэнэ, гэрч Ө.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эрдэнэжавын Сарантуяа нь 2018 оны 10 сарын 13-ны өдөр******* ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр болох 11,430,000 төгрөгийг Хорол Цамхаг" ХХК-ний 427006019 тоот данс руу шилжүүлсэн. Ингээд уг гэрээгээр******* ХХК нь Сүхбаатар дүүрэг 9-хороонд байрлах өөрийн барьж байгаа хотхоны А блок 1-р орцны 8 давхарт 802 тоот хаягт 33,12 мкв орон сууцыг захиалагч талд хүлээлгэж өгөхөөр болсон.
Ингээд миний буюу захиалагч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж нийт 38,088,000 төгрөгийг******* ХХК-ний 427006019 тоот данс руу шилжүүлж дуусгасан боловч******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлж уг орон сууцыг бидний өмчлөлд шилжүүлэхгүй өдийг хүрээд байна.
Иймд******* ХХК-д Сүхбаатар дүүрэг 9-р хороонд байрлах өөрийн барьж байгаа хотхоны А блок 1-р орцны 8 давхарт 802 тоот хаягт 33,12 метр.кв орон сууцыг Э. Сарантуяа, Э.******* нарын өмчлөлд шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч******* ХХК-ний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.Золзодмаа, Э.Сарантуяа нар нь Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-г хийсэн боловч гэрээний 7.2-т заасан графикт хугацаанд төлбөрөө төлөөгүй тул манай зүгээс удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан төлбөрөө төлөөгүй тул 2020.02.16 ны өдөр 20/03 дугаартай мэдэгдэл хүргүүлсэн.
Мэдэгдэлд 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн дотор хүү, алданги, төлбөрийг төлнө үү. Дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлах болно гэдийг маш тодорхой мэдэгдсэн
Нэхэмжлэгч талаас Э.Сарантуяа нь мэдэгдэл хүлээн авч танилцаад хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Мэдэгдэлд дурьдсан нэмэлт хугацаанд төлбөрөө гүйцэтгэгч тал нь төлөөгүй гул мэдэгдэлд дурьдсан дагуу гэрээ цуцлагдаж байр өөр айлд худалдан борлуулагдсан болно.
Иймд гэрээ цуцлагдаж байр бусдад худалдан борлуулагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Хариуцагч Хорол Цамхаг ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Хорол Цамхаг" ХХК болон Э.Золзодмаа нар нь 2018 онд №ХЦ-ЗГ-19/37 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Э.Сарантуяа, Э.Золзодмаа нар нь нэхэмжлэлдээ дурдсан орон сууцыг өөрсдийн өмчлөлд шилжүүлэхийг шаардаж нэхэмжлэл гаргасан.
Хэрэв талууд хооронд байгуулсан гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэхийг шаардаж байгаа бол тухайн гэрээ иь Монгол улсын иргэний хуулийн 109 дүгээр зүйл 109.2-т заасны дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлагатай байдаг.
Гэтэл******* ХХК болон Э.Сарантуяа, Э.Золзодмаа нарын хооронд байгуулагдсан гэрээ нь нотариатаар батлуулаагүй гэрээ байх тул хуульд заасан шаардлага хангаагүй энэхүү гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь хуулийн шаардлагад нийцэж байх тул №ХЦ-ЗГ-19/37 дугаартай "Орон сууц захиалан бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.
4. Э.Золзодмаа, Э.Сарантуяа нар нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Хорол Цамхаг ХХК-ны гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь дээрхи орон сууцыг манай эмнэлгээс ажилчдыг орон сууцжуулах зорилгоор хариуцагч компанитай гэрээ байгуулсаны дагуу нэхэмжлэгч нар Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Раднаагийн Оюунцэцэг нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч******* ХХК-тай Сүхбаатар дүүргийн 9-р хороо Алтайн 2-р гудамжинд баригдах А блокийн 1-р орц 8-н давхрын 802 тоот, 32.41 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 м2 талбайг 18,850,000 төгрөгөөр нийт 59,958,500 төгрөгөөр тооцон харилцан тохиролцож орон сууц захиалгын гэрээ байгуулсан.
Захиалагч Р.Оюунцэцэгийн зүгээс гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ гэрээ байгуулсан өдөр биелүүлсэн.******* ХХК-иас захилгын орон сууцны эзэмших, ашиглах эрхийг 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Р.Оюунцэцэгт шилжүүлж өгсөн бөгөөд Р.Оюунцэцэг нь өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байна.
Улмаар Р.Оюунцэцэг нь******* ХХК-иас 2022 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах хүсэлтийг гаргуулан авч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар хандахад тус газраас Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдлээр шүүхийн 2022-06-10-ны өдрийн 181/Ш32022/08086 тоот дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 9-р хороонд байрлах 419-р байрны 802 тоот 33.12 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг даалгасан гэдэг үндэслэлээр татгалзсанаар түүний өмчлөх эрх зөрчигдөж байна.
Гэрээний дагуу захиалагч Р.Оюунцэцэг нь маргаан бүхий орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар өмчлөх эрхтэй болсон бөгөөд мөн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших, ашиглах эрхийг хуульд зааснаар тэргүүн ээлжинд өмчлөлдөө шилжүүлэн авсан тул тус орон сууцны өмчлөгч юм.
Иймд хариуцагч******* ХХК-нд Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Алтай 2-р гудамжинд байрлах 419-р байрны 8-н давхрын 802 тоот, 32.41 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Р.Оюунцэцэгийн нэр дээр гаргуулж өгөхийг даалгаж түүний өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэв.
6. Хариуцагч******* ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Манай компаний зүгээс нэхэмжлэгч Э.Сарантуяа, Э.Золзодмаа нартай байгуулсан Орон суун захиалан бариулах гэрээ-г цуцалсан учраас тухайн тоот хаяг дээр Р.Оюунцэцэгтэй Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан.
Улмаар захиалагч нь гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тул бидний зүгээс 802 тоот хаягтай орон сууцьн Р.Оюунцэцэгт хүлээлгэж өгсөн нь үнэн.
Манай байгууллагын зүгээс захиалагч Р.Оюунцэцэгийн захиалсан орон сууцны гэрчилгээ гаргуулах албан бичгийг гаргаж өгсөн боловч Үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газар тухайн тоот хаяг дээр гэрчилгээ гаргахаас татгалзсан байсан.
Бидний зүгээс захиалагч Р.Оюунцэцэгийн гаргасан бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг захиалагч Р.Оюунцэцэгийн нэр дээр гаргахад татгалзах зүйлгүй гэв.
7. Шүүх хуралдаанд гэрч Ө.Батжаргал өгсөн мэдүүлэгтээ:
Би Э.Сарантуяаг танина, 1998 оноос Баянгол дүүргийн эмнэлэгт ажиллаж, шат дараалан дэвшээд 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдсон. Ажиллаж байх хугацаанд буюу 2015 оноос эхлэн Э.Сарантуяа нь манайд үйлчлэгчээр ажиллаж байсан.
Би Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа нийт ажилчдаа орон сууцаар хангая гэж шийдэж, энэ үйл ажиллагаатай холбоотойгоор******* ХХК-ний залуучууд ирж санал тавьсан.
Анх 2018 оны 2 сарын дундуур ирж санал тавихдаа 1 мкв нь 1,350,000 төгрөг гэж байсан. Бид яагаад 1,350,000 төгрөг гэж байгаа юм бэ? 2,3 байр авбал яах вэ? Барилгын талыг юм уу бүрэн барилгыг авбал яах вэ? ямар боломжтой вэ? гэж асуусан. Бид төсвийн ажилчдын үнэд тохирсон хямд, хоёрт баригдаж байгаа байранд нь тухайн баригдаж хугацаанд орох хүртэл хүү нэмүүлэхгүй байх, гуравт зарим хүмүүст уян хатан байгаач гэх хүсэлт тавьж байсан.
Тухайн үед манай байгууллагаас 90 гаруй хүн байр авъя гэж байснаа яг захиалга өгөх үед 70 орчим хүн захиалга өгч байсан. Тухайн үед гэрээг нь харахад хатуу нөхцөлтэй байхаар нь би******* ХХК-ийн захирал н.Энхтүвшин, н.Даваажав хоёрт манай Сарантуяа, Тунгалаг, Гантулга, Энхээ гээд нийт 5 хүн байгаа, эд нар илүү цагаар ажилласан ч гэсэн цалин багатай учраас энэ хүмүүс битгий тулгаарай, ямартай ч танай байрыг ашиглалтад ортол төлбөрөө төлөх байх эдгээр хүмүүсийн асуудлыг шийдээд өгөөч гэж гуйхад захирлууд нь байр ашиглалтад ортол гэрээний дагуу энэ хүмүүс дээр чинь уян хатан байя гэж зөвшөөрч байсан. Сүүлд сонсоод байхад манай үйлчлэгч Сараа байраа авч чадаагүй гэж байсан. Гэрээнийх нь заалт яг юу байсан юм бол хэрвээ чи мөнгөө төлж л байсан юм бол яагаад гэрээгээ цуцалсан юм бол гэрээгээ сайн хараарай гэж хэлж байсан.
Гэхдээ нэг зүйлийг хэлж чадна. Байр ашиглалтад ортол гэрээ цуцлана гэж хэлээгүй санагдаж байна. Үүнийг албан ёсоор баталгаажуулсан зүйл байхгүй, ёс зүй ч гэдэг юм уу? олон хүн байгаа учраас буулт хийдэг шүү дээ. Манайхаас олон хүн авч байхад миний захисан 5 хүн л байгаа. Энэ хугацаанд бидэнд гэрээгээр хүлээсэн үүрэг байх ёстой байсан. Надад тухайн үед байр захиалсан хүмүүст улирал тутамд 2 сарын цалингийн урамшуулал өгөх ч юм уу дэмжих боломж байсан. Эхлээд өгч байгаад харамсалтайгаар 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би хууль бусаар ажлаас халагдаж байсан. Ажлаас халагдах нь их төвөгтэй юм байна лээ. Намайг халагдахаар миний бүх үйл ажиллагааг хууль бус гэж ойлгоод энд тэнд шалгадаг юм байна лээ.
Хорол цамхаг ХХК-ний бүх юмыг надаас болоод зогсоогоод эдний ч мөн адил төвөгтэй байсан байх. Хангалттай шалгагдсаны эцэст хуульд зөрчсөн гэж нотлогдоогүй. Иргэн байгууллага хоёрын хооронд гэрээ хийгддэгээрээ л хийгдсэн юм байна гэсэн. Би өөрөө байж байх хугацаандаа яаж ийж байгаад байгууллагаас 40-50 хувийг нь төлье гэж бодож байсан. Дараа нь бид нарыг хууль бус гэж хараад би эд нарт үнэндээ дэмжлэг үзүүлж чадаагүй. Өөрсдөө боломжоороо төлөөд яваарай л гэж хэлж байсан. Ажилчдаа дэмжих боломж бол манайд байдаг. Тэрний хүчинд манайхаас 60 гаруй хүмүүс байранд орсноос манай үйлчлэгч Сараа харамсалтайгаар байрандаа орж чадаагүй юм байна лээ гэв.
8. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, мөнгө төлсөн тооцоолол, 2018 оны №37 дугаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны №ХЦ-ЗГ-19/37 дугаар Орон сууц захиалан бариулах тухай гэрээ, Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн орлогын ордер, 2018 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн орлогын ордер, 2018 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн орлогын ордер, 2018 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн орлогын ордер, 2019 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн орлогын ордер, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн орлогын ордер, 2019 оны 07 дугаар сарын 30 өдрийн орлогын ордер, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн орлогын ордер, 2019 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн орлогын ордер, 2019 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн орлогын ордер, 2020 оны 11 дүгээр сарын 04 өдрийн орлогын ордер, 2020 оны 12 сарын 09-ний өдрийн орлогын ордер, 2020 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн орлогын ордер, 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн орлогын ордер, 2020 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн орлогын ордер, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн орлогын ордер, 2020 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн орлогын ордер, 2020 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн орлогын ордер, 2020 оны 05 дугаар сарын 10 өдрийн орлогын ордер, 2020 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн орлогын ордер, 2020 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн орлогын ордер, 2020 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн орлогын ордер, 2020 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн орлогын ордер, 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн орлогын ордер, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн орлогын ордер, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн орлогын ордер, 2020 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн орлогын ордер, 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн орлогын ордер, 2021 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн орлогын ордер, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн орлогын ордер, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн орлогын ордер, 2021 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн орлогын ордер, 2021 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн орлогын ордер, 2021 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн орлогын ордер, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн орлогын ордер, 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн орлогын ордер, 2021 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн орлогын ордер, 2021 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн орлогын ордер, 2021 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн орлогын ордер, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн орлогын ордер, 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн орлогын ордерууд, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0099 дугаартай итгэмжлэл,
9. Хариуцагчаас нотлох баримтаар: 2022 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 20/03 дугаар мэдэгдэл, 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн №ХЦ-БМ-20/16 дугаар Бараа материал нийлүүлэх, угсрах ажил гүйцэтгэх гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны №ХЦ-ЗГ-19/37 дугаар Орон сууц захиалан бариулах тухай гэрээ, хавсралтын хамт, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэл,
10. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс нотлох баримтаар: 2022 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №ХЦ-ЗГ-020/802 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ,******* ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 22/09/14-002 дугаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн хүсэлт, улсын бүртгэл бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл, Хаан банк ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №5121/499 дугаар албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Орон сууц хүлээлцэх акт, Төрийн банкны төлбөрийн баримт, Хаан банкны шилжүүлгийн баримтууд,******* ХХК-ний 2022.10.21-11.20 хүртэлх цахилгааны төлбөр /11-р сар/ гэх баримтууд,
11. Шүүх талуудын хүсэлтээр: Ө.Батжаргалыг гэрчээр асууж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж зэрэг баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Золзодмаа, Э.Сарантуяа нар нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан Орон сууц захиалах гэрээний үүргийн дагуу захиалсан орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
2. Хариуцагч Хорол Цамхаг ХХК нь нэхэмжлэгч Э.Золзодмаад нарын хооронд байгуулсан 2018 оны №ХЦ-ЗГ-19/37 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,
3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Оюунцэцэг нь хариуцагч Хорол цамхан ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Аптай 2-р гудамжинд байрлах 419-р байрны 8-н давхрын 802 тоот 32.41 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Р.Оюунцэцэгийн нэр дээр гаргуулахыг хариуцагч******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.
4. Хариуцагч******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээ цуцлагдсан гэж маргасан.
5. Э.Сарантуяа, Э.Золзодмаа нар нь хариуцагч******* ХХК-ний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, дээрхи орон сууцыг манай эмнэлгээс ажилчдыг орон сууцжуулах зорилгоор баригдсан гэж маргасан.
6. Хариуцагч******* ХХК нь гуравдагч этгээд Р.Оюунцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн тайлбар гаргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Э.Сарантуяа нь 2018 онд******* ХХК-тай Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж,******* ХХК-ний барих Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтай 2-р гудамжинд байршилтай шинээр ашиглалтанд орох 8 давхар 802 тоот 1 өрөө 32.12 мкв орон сууцыг 1 мкв-ийн үнэ 1,150,000 төгрөгөөр тооцож нийт 38,088,000 төгрөгөөр авахаар тохиролцон талууд гарын үсэг зурсан. /х.х-ийн 5-7 хуу/
7.1 Э.Золзодмаа нь 2018 онд Хоролцамхаг ХХК-тай ХЦ-ЗГ-1937 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээг Сүхбаатар дүүрэг 9-р хороонд байрлах******* ХХК-ний орон сууцны хотхон А блок 1-р орц 8 давхар 802 тоот 1 өрөө орон сууц 1мкв үнэ 1,150,000 төгрөг, 30% буюу 11,426,400 төгрөг, нийт захиалгын үлдэгдэд үнийн дүн 26,661,600 төгрөг байхаар тохиролцон гэрээ байгуулж гарын үсэг зурсан байна. /х.х-ийн 8,9 хуу/
7.2 Нэхэмжлэгч Э.Золзодмаа, Э.Сарантуяа нарын хариуцагч******* ХХК-тай хийсэн дээрхи 2 гэрээний зүйл нь хариуцагчийн Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтайн 2-р гудамжинд байршилтай шинээр ашиглалтанд орох орон сууцны захиалгын гэрээ болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.
7.3 Гэрээний 2.6-д зааснаар гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан ажлыг 2019 оны 4-р улиралд хийж гүйцэтгэнэ гэж тохирсон боловч талуудын хооронд байгуулсан гэрээнд сар, өдөр тодорхой бичигдээгүй бөгөөд байрны урьдчилгааны эхний төлбөр 1,000,000 төгрөгийг Э.Сарантуяа нь 2018 оны 5 сарын 22-ний өдөр төлсөн нь Худалдаа хөгжлийн банкны орлогын ордероор нотлогдож байна. /х.х-ийн 11 хуу/
Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Орон сууц худалдах худалдан авах гэрээ, Орон сууц захиалан бариулах тухай гэрээ нэртэй байх боловч урьдчилан батлагдсан зураг төслийн дагуу баригдаж буй орон сууцны барилгын тодорхой хэсгийг худалдах худалдан авах агуулгатай байх тул худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан гэж үзэн дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа гэж үзлээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж хуульчилсан.
8. Нэхэмжлэгч Э.Сарантуяа, Э.Золзодмаа нар нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөрт 2018 оны 05 сарын 22-ний өдрөөс 2022 оны 01 сарын 09-ний өдрийн хугацаанд нийт 38,088,000 төгрөг төлсөн, хариуцагч нь нэхэмжлэгч нийт 37,708,000 төгрөг төлсөн гэж маргасан боловч хавтас хэрэгт авагдсан Худалдаа Хөгжлийн банкны орлогын ордерууд болон нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна. /х.х-ийн 10-30 хуу/
9. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3,4.1-д төлбөр тооцооны хэмжээ, хугацаа, төлөлт-ийг, 1.6, 2.6-д ...2019 оны 4-р улиралд хийж гүйцэтгэнэ гэж худалдагч болон худалдан авагчийн үүргийг тодорхойлсон боловч уг орон сууцны барилгыг 2022 оны 01 сард улсын комисст хүлээлгэн өгсөн, худалдан авагч төлбөрийн үлдэгдэлийг 2022 оны 01 сарын 09-ний өдөр төлсөн, хариуцагч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтанд оруулаагүй байна.
Хариуцагч нь******* ХХК нь 2020 оны 02 сарын 16-ний өдөр Э.Сарантуяад ...2020.03.04-ний дотор хүү, алдангийн төлбөрийг төлнө үү. Дээрхи заасан хугацаанд хүү, алданги төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлах болно. Гэрээг цуцалсан тохиолдолд орон сууц ашиглалтанд орсноос хойш ажлын 30 хоногийн дотор таны төлсөн төлбөрийг буцаан олгохыг мэдэгдье гэсэн мэдэгдэл хүргүүлж гэрээ цуцлагдсан гэж тайлбарласан боловч төлбөрийг буцаан төлөөгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэгтэй болно. байхаар хуульчилсан атал хариуцагч******* ХХК нь нэхэмжлэгч нарын төлбөрийг буцаан төлөөгүй.
2018 оны 04 сарын 24-ний өдөр Тэнүүн эрхэт ХХК нь******* ХХК нарын хооронд Бараа материал нийлүүлэх, угсрах ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 802 тоот 32,41 мкв 1 өрөө орон сууцыг 59,958,500 төгрөгөөр бартерт тооцуулан төлбөрт өгсөн, 2020 оны 04 сарын 24-ний өдөр******* ХХК болон Р.Оюунцэцэг нарын хооронд Орон сууц захилан бариулах тухай гэрээ байгуулан 802 тоот 32,41 мкв 1 өрөө орон сууцыг 59,958,500 төгрөгт тооцон худалдахаар гэрээ байгуулан бичгийн хоёр гэрээг шүүхэд ирүүлсэн зэргээс үзэхэд хариуцагч гэрээний үүргээ зөрчиж гэрээний зүйлийг дахин бусдад худалдсан гэж үзэхээр байна.
Хариуцагч нэхэмжлэгчийг гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул бид Мэдэгдэл хүргүүлж Э.Золзодмаатай хийсэн гэрээ цуцлагдсан гэж тайлбарлаж байгаа боловч уг орон сууцны барилгыг улсын комиссод 2022 оны 01 сард хүлээлгэн өгсөн гэх хариуцагчийн тайлбар, гэрч Ө.Батжаргалын мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэнэ.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэгтэй болно. байхаар хуульчилсан атал хариуцагч******* ХХК нь нэхэмжлэгч нарын төлбөрийг буцаан төлөөгүй байна.
Хорол цамхаг ХХК нь Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтай 2-р гудамжинд байршилтай орон сууцыг барихдаа Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажилчдыг орон сууцжуулах зорилготойгоор тус төвийн дарга Ө.Батжаргалтай уулзалт зохион байгуулсан нь түүний гэрчээр өгсөн ...Тухайн үед манай байгууллагаас 90 гаруй хүн байр авъя гэж байснаа яг захиалга өгөх үед 70 орчим хүн захиалга өгсөн, гэрээг нь харахад хатуу нөхцөлтэй байхаар нь би******* ХХК-ийн захирал н.Энхтүвшин, н.Даваажав хоёрт манай Сарантуяа, Тунгалаг, Гантулга, Энхээ гээд нийт 5 хүн байгаа, эд нар илүү цагаар ажилласан ч цалин багатай учраас энэ хүмүүс ямартай ч танай байрыг ашиглалтад ортол төлбөрөө төлөх тул эдгээр хүмүүсийн асуудлыг шийдээд өгөөч гэж гуйхад захирлууд нь байр ашиглалтад ортол гэрээний дагуу энэ хүмүүс дээр чинь уян хатан байна гэж зөвшөөрч байсан. гэх мэдүүлгээр тус эмнэлэгт үйлчлэгч асрагчаар ажилладаг Э.Сарантуяагийн хувьд төлбөр төлөх нөхцөл дээр уян хатан байхаар тохиролцсон гэж үзэхээр байна.
9. Иймд хариуцагч******* ХХК-д Сүхбаатар дүүрэг 9-р хороо А блок 1-р орц 8 давхар 802 тоот 1 өрөө 32.12 мкв орон сууцыг Э.Золзодмаа, Э.Сарантуяа нарын өмчлөлд шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэв.
10. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд
1.Хариуцагч Хорол Цамхаг ХХК нь нэхэмжлэгч Э.Золзодмаад нарын хооронд байгуулсан 2018 оны №ХЦ-ЗГ-19/37 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Э.Золзодмаа нар нь хариуцагч******* ХХК-ний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, уг орон сууцыг эмнэлгийн ажилчдыг орон сууцжуулах зорилгоор баригдсан гэж маргасан.
Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэв.
3.******* ХХК болон Э.Сарантуяа Э.Золзодмаа нарын хооронд байгуулагдсан №ХЦ-ЗГ-19/37 дугаартай "Орон сууц захиалан бариулах тухай гэрээ нь нотариатаар батлуулаагүй гэрээ тул хуульд заасан шаардлага хангаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байхаар хуульчилсан.
Талуудын хооронд №ХЦ-ЗГ-19/37 дугаартай "Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-г бичгээр байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх үзэв.
4. Дээрхи гэрээний үүргийн төлбөрийг худалдан авагч Э.Сарантуяа, Э.Золзодмаа нар төлж байсан нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
Талуудын хооронд байгуулсан №ХЦ-ЗГ-19/37 дугаартай "Орон сууц захиалан бариулах тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасан хэлцэлийн хэлбэрийг хангасан гэж шүүх үзэв.
5. Иймд хариуцагч Хорол Цамхаг ХХК нь нэхэмжлэгч Э.Золзодмаад нарын хооронд байгуулсан 2018 оны №ХЦ-ЗГ-19/37 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэв.
11. Гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлийн тухайд
1. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Оюунцэцэг нь хариуцагч Хорол цамхан ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Аптай 2-р гудамжинд байрлах 419-р байрны 8-н давхрын 802 тоот 32.41 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Р.Оюунцэцэгийн нэр дээр гаргуулахыг хариуцагч******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч******* ХХК нь гуравдагч этгээд Р.Оюунцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн тайлбар гаргасан.
Шүүх гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэв.
3. Р.Оюунцэцэг******* ХХК-ний хооронд 2020 оны 04 сарын 24-ний өдөр ХЦ-ЗГ020/802 дугаартай Орон сууц захилан бариулах тухай гэрээ-гээр Сүхбаатар дүүрэг 9-р хороо А блок 1-р орц 8 давхар 802 тоот 1 өрөө 32.41 мкв орон сууцыг 1мкв-ийг 1,850,000 төгрөг, нийт 59,958,500 төгрөг төлөхөөр тохиролцсон гэрээ, 2018 оны 04 сарын 24-ний өдөр Тэнүүн эрхэт ХХК нь******* ХХК нарын хооронд Бараа материал нийлүүлэх, угсрах ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 802 тоот 32,41 мкв 1 өрөө орон сууцыг 59,958,500 төгрөгөөр бартерт тооцуулахаар гэрээ байгуулсан байгаа нь хариуцагч******* ХХК нь Э.Золзодмаа, Э.Сарантуяа нартай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэн Р.Оюунцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэв.
Харин Р.Оюунцэцэг нь худалдах худалдан авах гэрээнээс учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
12. Нэхэмжлэгч Э.Сарантуяа, Э.Золзодмаа нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч******* ХХК-иас 70,200 гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн төлсөн 349,000 төгрөг, гуравдагч этгээдийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 56 дугаар зүйлийн 56.1.8, 243 дугаар зйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Сарантуяа, Э.Золзодмаа нарын Сүхбаатар дүүрэг 9-р хороо, А блок 1 орц 8 давхар 802 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч******* ХХК-д даалгаж,
Хорол цамхаг ХХК нь Э.Золзодмаа, Э.Сарантуяа нарын хооронд байгуулагдсан 2018 оны ХЦ-ЗГ-19/37 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай,
Гуравдагч этгээд Р.Оюунцэцэгийн Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтайн 2-р гудамж 8 давхар 802 тоот 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч******* ХХК-иар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Сарантуяа, Э.Золзодмаа нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч******* ХХК-иас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, хариуцагч******* ХХК-ний төлсөн 349,000 төгрөг гуравдагч этгээдийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 сарын 10-ний өдрийн 8086 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ