Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2017/0412

 

М.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч М.Эрдэнэбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, гуравдагч этгээд О.Баттөмөр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 199 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Эрдэнэбатын  нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 199 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.2.1, 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Эрдэнэбатын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “М.Эрдэнэбатыг шинэчлэн батлагдсан Нийслэлийн улсын бүртгэлийн газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоонд нийцүүлэн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохыг даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,

нэхэмжлэгч М.Эрдэнэбатыг Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 7,340,060 төгрөгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын төсвөөс гаргуулан олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбилэг давж заалдах гомдолдоо: “...шүүхийн шийдвэрээр “нэхэмжлэгч М.Эрдэнэбатын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “М.Эрдэнэбатыг шинэчлэн батлагдсан Нийслэлийн улсын бүртгэлийн газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоонд нийцүүлэн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай” гэж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

М.Эрдэнэбат нь 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоноор тус байгууллагад ажиллаж эхэлсэн.

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь 2015-2016 онд 2 удаа бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон бөгөөд 2016 оны 08 дугаар сард Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон өөрчлөн зохион байгуулагдсан.

Энэ бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн хүрээнд тус байгууллагын нийслэл дэх салбар нэгж Нийслэлийн улсын бүртгэлийн газар болон зохион байгуулагдаж, Статистикийн хэлтэс хасагдаж, бусад хэлтсийг өөрчлөн зохион байгуулсан.

Гэтэл шүүхийн шийдвэрт “...Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Нийслэлийн улсын бүртгэл, статистикийн газрын Захиргааны хэлтсийн даргын албан тушаалын нэр нь өөрчлөгдсөн, шинэ бүтцийн дагуу Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга гэж өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, зарим чиг үүрэг нэмэгдсэн ч агуулгын хувьд бүхэлдээ өөрчлөгдөөгүй хэвээр хадгалагдаж байгаа гэдэг нь ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан дүгнэхэд тоатоогдож байна” гэж үндэслэлгүй дүгнэсэн.

М.Эрдэнэбат нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Нийслэлийн улсын бүртгэл, статистикийн газрын Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байсан. Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Нийслэлийн бүртгэлийн газарт Захиргааны хэлтэс байхгүй, Захиргаа, удирдлагын хэлтэс нэртэйгээр шинээр зохион байгуулагдсан.

Төрийн байгууллагын дунд шатны удирдах албан тушаалтнууд тухайн нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах нийтлэг чиг үүрэг хүлээдэг бөгөөд энэ нь ажлын байрны тодорхойлолтод нь тусгагдсан байдаг. Энэ нийтлэг чиг үүргийг бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөн зохион байгуулагдсан байгууллагын 2 өөр ажлын байран дээр “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн” гэж дүгнэж, байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг бодитоор, хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Эрдэнэбатыг ажлаас чөлөөлж, хуулийн дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгосон.

Орон тоо хасагдсан асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд сонсох ажиллагаа явуулж, утсаар холбогдож, саналыг сонссон.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалыг шинээр бий болсон сул орон тоо гэж үзэж, бүртгэлийн байгууллагад 2011 оноос хойш ажилласан, өмнө нь Нийслэлийн улсын бүртгэлийн газрын дарга, Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байсан О.Баттөмөрийг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Уг орон тоон дээр Төрийн албаны салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалтыг нийтэд зарлан явуулж, сонгон шалгаруулалтад тэнцсэн О.Баттөмөрийг томилсон нь хуулийн хүрээнд явагдсан гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/304 дүгээр тушаалын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болгон өөрчилсөнтэй холбогдуулан Нийслэлийн улсын бүртгэлийн газрын албан хаагчдыг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс нийтэд нь ажлаас чөлөөлсөн байх бөгөөд энэ үед М.Эрдэнэбат нь Нийслэлийн улсын бүртгэлийн газарт Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байжээ.

Дээрх байдлаар байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан М.Эрдэнэбатыг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн улсын бүртгэл, статистикийн газрын Захиргааны хэлтсийн даргаар томилсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах,...” гэж заасан.

Энэхүү хуулийн зохицуулалтаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан боловч албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол төрийн жинхэнэ албан хаагчийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/16 дугаар тушаалаар Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсан байх бөгөөд дээрх зохион байгуулалтаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болж, оюуны өмчийн чиг үүрэг шинээр нэмэгдэж, статистикийн чиг үүрэг хасагдсан байдлаар тус хэрэгжүүлэгч агентлагийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн байна.

Улмаар “Аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх салбар, нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар Нийслэлийн улсын бүртгэлийн газарт “Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга”-ын албан тушаал хэвээр хадгалагдан үлдсэн болох нь нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан боловч чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол төрийн албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулах зохицуулалт байсаар атал Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/35 дугаар  тушаалаар “Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдсантай нийцүүлэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй.

Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын “Ажлын байрны тодорхойлолт”-ыг өмнөх Нийслэлийн улсын бүртгэл, статистикийн газрын Захиргааны хэлтсийн даргын “Ажлын байрны тодорхойлолт”-той харьцуулан үзэхэд Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга гэж нэршлийн хувьд өөрчлөгдсөн хэдий ч агуулга болон хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдөөгүй байх тул хариуцагч нь М.Эрдэнэбатыг Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй.

Гэтэл захиргааны байгууллага нь хуульд заасны дагуу М,Эрдэнэбатыг Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ хэрэгжүүлэлгүй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Ажилд томилох тухай” Б/38 дугаар тушаалаар Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Баттөмөрийг томилсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Түүнчлэн хариуцагчаас “Захиргааны хэлтэс нь Захиргаа, удирдлагын хэлтэс болж өөрчлөгдсөн” гэх боловч тус ажлын байрны тодорхойлолтод удирдлагын чиглэлээр хэрэгжүүлэх чиг үүрэг нэмэгдээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Тэтгэлэг олгох тухай” Б/111 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг үндэслэсэн байна.

Төрийн  албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд ... 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч М.Эрдэнэбатын албан тушаалын орон тоо хасагдаагүй байхад орон тоо хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгчид 4676028 төгрөгийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч М.Эрдэнэбат нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, шүүх хуралдаанд “М.Эрдэнэбатыг шинэчлэн батлагдсан Нийслэлийн улсын бүртгэлийн газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоонд нийцүүлэн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаа дэмжжээ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан нэхэмжлэгчийн эрх бөгөөд шүүх нэхэмжлэлийн багасгасан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 199 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН